Б.Отгонбат: Залуус бидэнд арагш суух эрх байхгүй
Олон мянган залуусыг гадаадын улс орнуудад тэтгэлгээр сурахад замч нь болж байсан Б.Отгонбат Харвардад магистраа амжилттай хамгаалаад иржээ. “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Харвардад сурсан өнгөрсөн нэг жил өөрийгөө таньж,
өөрийгөө тодорхойлсон он цаг байлаа-
өөрийгөө тодорхойлсон он цаг байлаа-
Олон мянган залуусыг гадаадын улс орнуудад тэтгэлгээр сурахад замч нь болж байсан Б.Отгонбат Харвардад магистраа амжилттай хамгаалаад иржээ. “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга Б.Отгонбаттай ярилцсанаа хүргэж байна.
-Жилийн өмнө таныг Харвард руу хүлгийн жолоо залахын өмнө манай сонин ярилцлага авч байсан. Харин одоо та төгсөөд иржээ. Яг ямар чиглэлээр суралцаад ирэв ээ?
-Би Харвардын их сургуулийн Кеннедигийн нэрэмжит сургуульд төрийн удирдлагын магистр хамгаалаад ирлээ. Би өнгөрсөн зургадугаар сард явсан юм. Энэ хөтөлбөр маань нийтдээ 11 сар үргэлжилдэг, төрийн хариуцлагатай алба хашиж байсан, mid career буюу карьерийнхаа ид дундаа яваа хүмүүст зориулсан сургалт л даа. Манай ангид дэлхийн 60 гаруй орны 90 гаруй оюутан сурч төгслөө. Бүгд л улс улсдаа томоохон алба хашиж байсан, парламентын гишүүн эсвэл өрсөлдөж байсан, сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэг бол дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа гээд олон салбарын хүмүүс байсан.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн суралцаж байсан хөтөлбөр мөн үү. Тэдний ангиас гэхэд л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар төрсөн гээд олон жилийн дараа ангиараа уулзалт хийсэн талаар дуулж байсан юм байна?
-Тийм ээ. Дэлхийн шилдэг хүмүүсийг бэлддэг хөтөлбөр гэж онцолдог. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энд сурч төгссөн. Ер нь Монголоос арав хүрэхгүй хүн төгссөн байдаг юм билээ. Өнөө жил Сүхбаатарын Эрдэнэболд бид хоёр төгсч байна. Удахгүй очиж дипломоо гардаж авна. Гэхдээ ирэх жилээс илүү олон хүн энэ хөтөлбөрт хамрагдаж төгсөх байх аа. Анзаараад байхад насны хувьд дөчөөс дээш, тавь орчим, тавь гарсан хүмүүс их суралцдаг. Монголын суралцагчдын хувьд залуудаа ороод явж байсан.
-Дэлхийд чансаагаараа дээгүүр ордог сургуульд нэлээд шахуу суралцах хэрэгтэй байдаг байх. Нөгөө талаас удирдах түвшинд ажиллаж байгаад гэнэт эгэл нэгэн оюутан болчихоор өөртэйгөө ойр байж, өөрийгөө илүүтэй таньж мэддэг байх гэж санагддаг...
-Миний хувьд өнгөрсөн нэг жил шаргуу суралцахаас гадна өөрийнхөө алдаа, оноог бодож дэнслэх цаг хугацаа байлаа гэж бодож байна. Би АНУ-д бакалавр, дараа нь Австралид магистр хамгаалж ирснээсээ хойш 11 жилийн дараа дахиад оюутан болохоор Харвард явсан хэрэг шүү дээ. Би анх 2005 онд Харвардад очих үедээ “Энэ сургуульд заавал тэнцэж, оюутан болж ирэх сургууль юм байна” гэж өөртөө хатуу хэлсэн. Өөртөө сануулах үүднээс сургуулийн логотой футболик авч байлаа. Гэхдээ яваад очих нэг хэрэг. Сайн сурна гэдэг өөр шүү дээ. Өнгөрсөн нэг жил надад цэргийн албанд байсан ч юм шиг, өнгөрүүлсэн цаг хугацаа, алдаа оноогоо эргүүлэн бодож ойлгох чухал он цаг байлаа. Би яг юун дээр алдаж байсан, миний сул тал юу байгаад байна гэдгээ ойлгож өөрийгөө танин мэдэх чинь манлайллын нэг том шалгуур юм билээ. Угаасаа хичээл маань ч тэгж явагддаг. Жишээлбэл чиглүүлэн манлайлах гэдэг хичээл бол тэр чигтээ өөрөө өөрийгөө таних тал дээр явагддаг. Хичээл нь ч тэр, бусад үедээ ч тэр их эргэцүүлж, олон юмыг бодсон. Би хичээл, байрныхаа хооронд дандаа дугуй унаж, бодлоо үргэлжлүүлж өөртэйгөө хамт байдаг байлаа. Үнэндээ заримдаа энэ завгүй амьдралд бид чинь өөртэйгөө ч хамт байж чадахаа байдаг юм билээ. Сонирхуулахад, дугуй унаж, завгүй хичээлдээ гүйсэн нэг жилийн хугацаанд би арван кг хаясан байна лээ.
Харвардын хамгийн анхны лекц дээр манай сургууль бол ийм, ийм онцлогтой. Манай төгсөгчдөөс тэдэн Ерөнхийлөгч, тэдэн ерөнхий сайд, ийм хариуцлагатай алба хашдаг хүн байна. Таны оронд өөр хэн нэгэн хүн энд сууж ч магадгүй байсан учраас та бүхэн азтай гэж хэлдэг юм. Тэгэхээр би азтай юм даа гэж бодож байтал араас нь манай сургууль хэзээ ч алдаа гаргаж байгаагүй гэж онцолдог. Өөрөөр хэлбэл Харвард алдаа гаргадаггүй учраас та тэнд байна, тиймээс сурах хичээх ёстой гэж ойлгуулж байгаа хэрэг шүү дээ. Тийм үг сонссон хүмүүс хичээх л хэрэгтэй болдог. Тэгээд л цагийн зүү эргээд эхэлнэ, амжиж л хийх хэрэгтэй болдог. Тэнд суралцаж байхдаа манлайллын хөтөлбөрт шалгарч, бас Монголын хөгжлийн форумыг зохион байгуулсандаа сэтгэл өндөр байгаа. Нийт 120 гаруй хүн цугларч, Монгол улс цаашид яаж хөгжвөл дээр юм гэдгийг ярилцсан.
-Уучлаарай ийм асуулт тавьж байгаад. Гэхдээ шулуухан асуучихья. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сайн боловсрол, сайн сургалтыг олж авахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ улстөрчид Харвард гээд байдаг нь эргээд энд ирээд улс төрийн карьер хийж, нэр төрөө өсгөхөд хэрэг болдог тал байна уу үгүй юу?
-Би ч бас шулуухан өөрийнхөө үнэнийг хэлье. Би улс төрийн карьер гэхээсээ өөрийгөө голж байсан учраас тийшээ явсан. Хүн, хүн өөр өөрийн зорилготой явдаг байх. Харин миний хувьд, улс төрд орж, өөрийнхөө мэдэж чаддагаа улс орныхоо хөгжлийн төлөө зарцуулна гэхээр өөртөө чамлалттай санагдаад байсан. Тэр агуулгаараа тэнд очиж сурахыг хүссэн. Бас өөрийгөө ольё, алдаагаа засья бас илүү эрч хүчтэй болж өөрийгөө асааж бадраахыг хүссэн учраас тэнд сурахаар шийдсэн. Бас тэнцдэг л юм бол энд ирж суралцана гэж 2005 онд өөртөө амласан амлалтаа биелүүлэхийг хүссэн. Өөрийнхөө төлөвлөснөө, өөртөө амласнаа биелүүлж чадахгүй байгаа хүн дараа нь хүнд амласнаа биелүүлж чадах уу. Одоо би төрийн албанд өөрөөр хэлбэл нийтийн албанд зүтгэхэд бэлэн байна. Бусдын төлөө зүтгэхэд бэлэн боллоо. Би тэнд сурч мэдсэнээ энд нутагтаа ашиглах бусдад түгээх үүрэгтэй ирж байна. Харвард яагаад бусдаас онцлог байдаг гэж та бодож байна вэ. Харвардыг юу бий болгодог юм бэ. Байшин сав нь лав биш. 1636 онд байгуулагдсан цагаасаа хөрөнгө оруулалтын сандаа 36 тэрбум ам.доллар цуглуулж, түүгээрээ аливаа судалгаа, шинжилгээгээ ямар ч асуудалгүй хийж ирсэн нь энэ сургуулийн онцлог. Энэ боломжийг нь оюутнууд ашиглах ёстой. Тэр их нөөц, судалгаа шинжилгээний бааз, сайн багш нар, судалгаа хийх нөхцөл. Үүнийг ашиглаж чадвал бүх боломжууд нь нээлттэй. Үүнийг ашиглуулж, ашиглаж чаддагаараа төгсөгчид нь сайн байдаг. Харвардын үнэ цэн багш нартаа хамгийн гол нь төгсөгчдөдөө байдаг гэж болно. Төгсөгчид нь үүнийгээ хамгаалж, сурч мэдсэнээ бусдад түгээх үүрэг хүлээдэг юм.
-Өнгөрсөн жил төгсөөд ирсэн Л.Оюун-Эрдэнэ улс орон бүр өөрийн үндэсний онцлог, даган дуурайх зүйлтэй байх ёстой гээд “Азийн хүлэг улс” болно гэж томьёолж байна л даа. Харин та тэндээс яг ямар бодол тээж ирсэн бэ?
-Дэлхий дээр иргэд нь сайхан амьдраад байгаа АНУ, Сингапур, Норвег ч юм уу улс орнууд яг юуг хийсэн, хийгээд байгаа учраас тэгж сайхан амьдраад байгаа юм. Бид юуг хийж чадахгүй байгаа учраас ийм байгаа юм бэ. Миний судалгааны зорилго энэ байсан. Газрын баялагтай Монгол гэдэг улсын иргэд яагаад ядуу амьдарч байгаа юм гэдгийн учир шалтгааныг шинжлэх ухаанч байдлаас нь тайлж, дэлхийд жишээ болж яригдаад байгаа тэр газраас нь олж мэдье гэж шийдсэн. Ерөнхийдөө Монголын хөгжлийн гарц юу болохыг хайсан.
-Тэгээд тэр нь юу байна?
-Судалгаагаараа манай хөгжлийн гарц бол боловсрол гэж тодорхойлсон. Боловсролоор дамжуулж бид эдийн засгаа аврах ёстой юм байна гэсэн хариу гарсан даа. Ер нь хүмүүс хөгжлийн гарцыг өөр өөрийнхөөрөө янз бүрээр томьёолж байгаа. Зарим нь хөгжлийн гарцыг уул уурхай гэдэг. Уул уурхайгаас орж ирж байгаа ашгаа яаж зөв зүйтэй зарцуулах, баялаг дуусах үед хэрхэх вэ.
Тэнд хөгжлийн эдийн засгийн хичээл дээрээ хийсэн судалгааныхаа талаар сонирхуулья л даа. Монгол Улсын 2014 оны экспорт 5.6 тэрбум ам.доллар байгаа. Түүний 83 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байх жишээтэй. Тэгэхээр уул уурхайгаас 83 хувь маань хамааралтай байна гэдэг эдийн засгийн шахалтад орох магадлал маш өндөр гэсэн үг. Дээрээс нь худалдан авагч нь ганц орон. Энэ нэг талаасаа аюултай. Бид олон орон руу гарцтай байх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ гадаад зах зээлд савлахад л манай эдийн засаг, төгрөгийн ханш савалж байна. Гэтэл Япон 36 тэрбум ам.доллараа төрөл бүрийн мэдлэгт суурилсан нарийн технологиосоо олж байна. Энэ нь Японы эдийн засаг илүү тогтвортой, илүү хүчтэй байна гэсэн үг. Тэгэхээр бид 84 хувь уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжүүлэх ёстой. Тэгж байж л бид эдийн засгийг солонгоруулж цаашдаа тогтвортой хөгжинө. Одоо эдийн засаг савалж байна, монголчууд мөнгөгүй байна. Энэ бүх зүйл уул уурхайн баялаг дээр хэт их суурилсантай холбоотой. Одоо ч бид уул уурхайгаа ярьсаар, тэндээс олсон баялгаараа яаж өөр салбар руу орох вэ, эрчим хүч, аялал жуулчлал, бусад өндөр технологийн салбар руу яаж орох вэ гэдгээ огт ярихгүй байна. Энд төрийн бодлого хэрэгтэй байгааг би судалгаагаараа гаргаж ирсэн.
-Манайхан энэ талаа ярьдаггүй биш ярьдаг. Гэвч хийхгүй байна л даа. Гадны орнуудын жишээг ч дурдаж яриад л байдаг...
-Африкийн Нигер, Конго зэрэг уул уурхайтай, газрын тостой олон улсууд байна. Гэвч тэд уул уурхайгаар хөгжихгүй гэдэг тодорхой болчихлоо. Гэтэл нөгөө талд Норвеги, Чили зэрэг улсууд өөр байгаад байна. Чили бол манайхтай адил зэс гаргадаг орон. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогынхоо гурван хувийг хөгжлийн сан руу оруулж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад төсвийнхөө цоорхойг нөхөх жишээтэй, мөн тэр сангийнхаа мөнгөө бусад салбар руугаа оруулж эдийн засгаа солонгоруулж байна. Уул уурхайн салбар уналаа гэхэд бусад салбарууд нь нөхөөд явах боломжтой болгож байгаа юм. Гэтэл манайх шиг уул уурхайгаас олсон бүх орлогоо идээд уугаад дуусчихаар юу болох вэ. Манайх ДНБ-ий 50-иас дээш хувьдаа гадны зээл авчихсан байна. Одоо бид мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, эдийн засгаа солонгоруулж байж л хөгжинө. Өөр арга байхгүй. Тэгэхийн тулд бид боловсрох хэрэгтэй. Мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой. Үнэндээ нүүрс маш хямдхан бүтээгдэхүүн. Нүүрс ухаад зарахыг конгочууд, австраличууд бүгд чадна. Ухаад л гаргадаг ажилд толгой ажиллахгүй. Тэгэхээр өөр орны хүмүүс чаддаггүй, бид л чадах тийм бүтээгдэхүүнийг гаргадаг болох хэрэгтэй. Японы нарийн технологийг бусад нь дуурайж хуулбарлаж чадахгүй байна шүү дээ. Бид нэг тонн нүүрсээ 50 ам.доллараар гаргаж байхад япончуудын MRI машин гэхэд 100 мянган ам.доллар байх жишээтэй. Ийм зөрүүтэй байхад бид яах юм бэ. Тэгэхээр япончууд, германчууд хийж чадахгүй өөрийн ялгаатай секторыг бий болгох хэрэгтэй байна. Манай МУИС гэхэд дэлхийн шилдэг сургуулиудын эхний 1000-д ч багтахгүй байна. Тэгэхээр бид яаж инноваци хийж, тэд нартай өрсөлдөх вэ. Бидний үндэсний тэмүүлэл гээд байгаа, өрсөлдөх чадварын стратеги гэдэг зүйл маань арай өөр байх ёстой.
Юутай ч инженерүүдээ бэлдэж, судалгаа шинжилгээ рүү мөнгө хийж, уул уурхайгаас олсон мөнгөө мэдлэгт суурилсан боловсрол руу хийх хэрэгтэй байна. Би “Монголын хөгжлийн гарц” нэртэй номыг англи хэл дээр бичиж байна л даа. Миний судалгааны ажил юм. Дараа нь монгол хэл рүү буулгана. Түүн дээр энэ болгоныг гаргаж байгаа.
-Монголын бусдаас онцлогтой, бусдын хийж чадахгүй байх мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн юу байх вэ?
-Судалгаа хийгээд үзэхэд бидэнд хамгийн их боломжтой, хол үсрэхгүйгээр очих буух зүйл бол хөдөө аж ахуй, хувцас үйлдвэрлэл байж болно. Манайх 1995 оноос хувцас үйлдвэрлэлд нэлээд эрчимтэй ороод хэсэгтээ суларсан харагддаг. Мөн эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи гээд дөрөв таван салбараас нарийн судалгаа хийгээд гаргах хэрэгтэй. Судалгаа шинжилгээгээ сайн хийхийн тулд гадаадад суралцаж өндөр боловсрол олсон залуусаа төр бодлогоороо авчирч нарийн судалгаа хийх даалгаврыг өгч болно шүү дээ. Хятад, Америкийн зах зээлд ямар бараа бүтээгдэхүүн гаргавал амжилт олж, баялаг бүтээж болох вэ гэдэг нь судалгаагаар гараад л ирнэ.
-Нэг хэсэг залуусаа дуудна гэсэн. Үүнийг яриагүй биш ярьсан. Төрөөс гадаадад байгаа залуусаа урихад Монголдоо очиж зүтгэе гээд ирсэн залуус аргаа бараад буцсан тухай сонсч байсан. Одоо ирэх хүн байх юм болов уу даа?
-Би ч бас энэ талаар сонсч байсан. Үнэхээр харамсалтай. Гадаадад суралцаж төгссөн залуус нутагтаа ирэхэд Монголын нийгэм нь хүлээн авахгүй байна гэдэг нь төрийн бодлого дутаад байгааг хэлж байгаа юм. Ийм мундаг мэргэжлээр төгсчээ. Тэдэн төгрөгийн цалин өгнө, Самсунгийн утастай өрсөлдөх утас гаргаад ир. Багаа гаргаад судалгаагаа хий, тэр бүтээгдэхүүнийг зарахыг бид хариуцана гээд л явчих асуудал шүү дээ. Нэгэнт мэдлэг боловсролыг нь олоод авсан тэр иргэдээ буцаан авчирч, судалгаа бол судалгаа, бизнес эрхлэх бол тэр боломжийг нь гаргаад төр бодлогоороо, хууль эрх зүй, татварын орчноороо дэмжээд ажиллах учиртай юм. Хэрэв надад эрх мэдэл нь байвал би ийм зүйлээс эхэлнэ.
-Уул уурхайн хөрөнгө оруулалт сайн байх үед бид дараагийн зүйлдээ гэж ухаарч сэхээрч чадсангүй. Одоо бол юун хуримтлал гэх, хоногийн хоолноосоо илүү гарахгүй байна. Энэ үед бид яах ёстой юм бэ?
-Хүмүүсийг аль болох улстөрчдөөс хамааралтай байлгах бодлого явж иржээ. Хүмүүст 20 мянган төгрөг өгөөд ходоодоор нь татахыг улстөрчид хүсч байх шиг байна. Ийм бодлого явах тусам монгол хүн улам залхуу, хөгжихөө болино. Хэн ч гадагшаа явж сурья, ирээд ийм зүйл хийе гэж мөрөөдөж сэтгэхээ болино. Тэгэхээр манай шинэ үеийнхэн, улс төрд орж байгаа залуучууд, нам хүчнийхэн бүгд нэг зүйл дээр тохирмоор байгаа юм. Улс орны эрх ашгийг нэн түрүүнд тавьж, 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10 мянган ам.долларт хүргэнэ, ийм ийм секторыг дэлхийд өрсөлддөг болгоё. Ингэхийн тулд ийм мөнгө хэрэгтэй болно. Үүнийг эндээсээ бүсээ чангалаад ч хамаагүй хадгалж, судалгаа шинжилгээндээ зарцуулна гэдэг ч юм уу. Одоо Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт ороод ирлээ. Тэгэхээр хэцүү байсан ч хадгалаад л эхлэх хэрэгтэй байна. Алсын хараа бидэнд хэрэгтэй байна. Одоо намууд үүн дээр хамтарч, намын эрх ашгаас өмнө улсын эрх ашгаа өмнөө тавьж сурмаар байна. Би үеийнхэндээ, шинэ залуу үеийнхэнд итгэж байна. Х.Тэмүүжин гишүүн “Үе солигдоосой” гэж хэлсэн нь оргүй зүйл биш. Залуучууд дэлхий ямар дүрмээр явж байгааг ойлгож байгаа гэж би бодож байна. Тиймээс яаж ажиллахаа ч мэднэ. Би бүүр тодорхой зорилт тавиад ажиллах ёстой гэж боддог. Яг монгол мөрөөдөл гэж юу байх юм. Байртай байх уу, машинтай байх уу, дундаж цалин нь хэд байх юм, үндэсний тэмүүлэл нь юу юм, 20 жилийн дараа ДНБ хэд байх юм, хүн бүр бизнес эрхэлж, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах боломжийг хангана гээд нарийн болгоод түүнийхээ төлөө ажиллах ёстой юм. 25 жилийн өмнөөс бид хэвлэн нийтлэх эрх чөлөө, хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм гээд олон зүйлийг бий болгож өгсөн ч ганц зүйлийг л өгч чадаагүй. Энэ бол хувь хүний эдийн засгийн эрх чөлөө. Өнөөдөр бизнесээ эрхлээд баялгаа бүтээгээд сайхан амьдрах орчин алга. Төрийн бодлого нь алга. Тэгэхээр эхлээд хувьд хүнд эдийн засгийн эрх чөлөөг олгох цаг болжээ. Монгол хүн бүр баялаг бүтээж, баян байж, дундаж давхарга нь хүн амынхаа 60-80 хувийг бүрдүүлдэг байж энэ ардчилал маань тогтвортой явна. Тэгэхгүй одоогийнхоороо уул уурхай, баялгийн тэгш бус хуваарилалт байгаад л байвал нийгэм тогтворгүй болж, бидний 25 жилийн турш бий болгосон ардчилал гэдэг зүйл маань байхгүй болох гээд байна. Тэгэхээр ардчиллыг тогтвортой байлгаж, хөгжинө гэвэл боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, залуучуудаа сургах хэрэгтэй байна.
-Та олон залууст гадаадад мөнгөтэй айлын хүүхдүүд гэхээсээ мөрөөдөж, сурахыг эрмэлзэж чадсан нь сурч чаддаг гэдгийг харуулж чадсан гавьяатай. Өөрийнхөө гадагшаа сурах болсон түүхийг сонирхуулахгүй юу?
-Харвардад түүхийг нь их яриулдаг л даа. Хичээл бүр дээр. Энэ нь нэг талаасаа өөрийгөө олж, танихад хэрэг болдог шиг байгаа юм. Миний түүх гэвэл би Улаанбаатарын гэр хороололд төрж өссөн хүүхэд. Аав маань барилгын инженер, ээж маань татварын байцаагч. Тухайн үед манай гэр бүлийн орлого 80 мянган төгрөг байлаа. Олуулаа, картын барааны хомсхон хүнсээ ширээн дээр дэлгэхэд л дуусдаг тийм л бага насыг өнгөрүүлсэн. Тэр үедээ би англи хэл сурч гадагшаа сургуульд явж сурахгүй л юм бол болохгүй юм байна гэж бодож эхэлсэн. Тэр үед англи хэл сурна гэдэг амаргүй зүйл байлаа. Гадаад хэлний сургалттай 38 дугаар сургууль руу шилжиж, зундаа гадныханд орчуулга хийж ажил хийж бас хэлээ сайжруулдаг байлаа. 1997 онд би сургуулиа төгсдөг жилээ англи хэлний улсын олимпиадад түрүүлсэн юм.
-Тэгээд гадагшаа сургуульд явах тэтгэлэг авсан хэрэг үү?
-Үгүй ээ, тэгэхэд АНУ, Английн ЭСЯ-наас түрүүлсэн хүүхдэд нь хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн л дээ. 1999 онд оюутны дунд зарласан англи хэлний зуны олимпиадын шагнал нь тэтгэлэг байлаа. Гэхдээ би тэр олимпиадад сүүлийн аравт шалгарч чадаагүй. Тэнд түрүүлж тэтгэлэг авна гэсэн мөрөөдөл маань нурахад би шарандаа уйлж байлаа. Тэгээд сургуульд сурна гээд АНУ-ын ЭСЯ-нд визийн хүсэлт гаргасаар, эдийн засгийн боломжгүй гээд дөрвөн ч хар тамга даруулсан нөхөр тав дахь дээрээ виза авч байлаа. Надаас залхсан уу, тэр удаа сайн дурын олон улсын байгууллагын шугамаар гурван сараар АНУ явах болсон. Тэр үедээ энд тэндхийн сургуулиуд руу байнга захдал бичдэг байсан. Нэг сургуулиас захидал ирлээ. Тэгэхэд Монголд багшилдаг байсан хоёр америк багш маань миний хүсэл мөрөөдлийг ойлгосон уу, намайг хэлний шалгалтаа бэлдээд өгчих, бид нар энд тэтгэлэг босгоё гэсэн. Тэд надад “Бид чамд итгэж байна. Хэзээ нэгэн цагт Монголынхоо хөгжлийн төлөө хүчээ зориулах хүн болно гэдэгт итгэж байгаа учраас бид хичээж мөнгө босгоё” гэсэн”. Ингээд тэд маань монгол оюутанд зориулсан сургалтын тэтгэлгийн эхлэл болгож 5000 ам.доллар босгосноор, би АНУ-д оюутнаар очиж байлаа.
Би АНУ-д халаасандаа 25 ам.доллартай, цүнхээ бариад, гитараа үүрээд бууж байснаа мартдаггүй. Тэгэхдээ найзуудынхаа авч өгсөн хот хоорондын зорчигч тээврийн “Грейхаунд” автобусанд сууж сургууль дээрээ очиж байсан юм. Тэгээд хичээлдээ шамдаж, сайн дурын үйл ажиллагаанд оролцож дараа дараагийн тэтгэлгүүдээ авсаар АНУ-д сурах мөрөөдлөө биелүүлсэн. Дараа нь Австралийн “Квинслэндийн их сургууль”-д “Ротари”-гоос 25 000 ам.долларын тэтгэлэг авснаар, магистраа хийж ирж байлаа.
-Ирээд номоо бичиж, сургуулиа байгуулж бас залуусыг сургуульд явуулж эхэлсэн байх шүү. Ингэхэд хүмүүс гадаадад сураад тэндээ ажиллаж амьдраад байхад та наашаагаа л гээд байдаг. Үүний шалтгаан юу вэ?
-Монголд ирэнгүүтээ “Глобал удирдагч сан” байгуулаад, “Америкт суралцах боломж” гэдэг номоо бичиж бүх аймаг дүүргүүдийн арван жилийн сургуулиар явж хүүдүүдэд түүхээ ярьсан. Манай сангийн шугамаар 3000 оюутан АНУ-руу явсан байдаг юм. Бид нар нийтдээ тав орчим сая ам.долларын сургалтын тэтгэлгийг монгол залуустаа олгосон. Тэр залуус өнөөдөр өөр, өөрийнхөөрөө Монголын нийгэмд нөлөөгөө үзүүлээд явж байгаа. Тэдний нэг гэхэд Rokit Bay гээд жишээлж болно. “Глобал удирдагч сан” маань “Глобал удирдагч” дээд сургууль, “Шинэ зууны удирдагч” ахлах сургууль болж өргөжсөн. Харвардын хичээлийн нэг даалгавар дээр амьдралынхаа зорилгыг тодорхойл гэхэд “Би бусдын алхаж болох гүүр болж, тэр гүүрийг барья” гэж тодорхойлсон. Одоо бол над шиг даваа гүвээг давж, зовж шаналж байж сургууль сурч, амжилтад хүрэх шаардлагагүй. Би нэгэнт биеэрээ туулаад даваад гарсан хүний хувьд Монголын залуустаа дэлхийд гарах, боломжинд хүрэх гүүр нь болох юм. Би бол яах аргагүй боловсролын салбарын хүн. Бас боловсрол бол Монголын хөгжлийн гарц гэж боддог хүн. Бид гадны улс оронд хэн ч биш. Харийн л хүн. Би улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн хүсэл мөрөөдлийг байнга тээж явдаг хүний хувьд, Монголынхоо төлөө сэтгэлтэй, Монголдоо хайртай, Монгол улсаа хөгжүүлнэ гэж зорьж бодож явдаг учраас би сургуулиа дүүргэхээрээ нутгаадаа яардаг. Ийм л хүн. Энэ таны яагаад гадна үлддэггүй наашаагаа ирээд байдаг юм бэ гэсэн асуултын тань хариулт.
-Ерөнхийдөө улс төрийн хүрээд байгаа нийтлэг дүр төрхөөс та их өөр хүн л дээ. Дандаа ном эрдэм гэж хөөж, бас залуусыг сур гэж “уруу татаад” л. Тэгсэн мөртлөө УИХ-ын сонгуульд гуч ч хүрээгүй байхад чинь АН-аас итгэл хүлээлгээд “алаан” болдог нэр дэвшигчийн мандатыг олгож байх жишээтэй. Ном эрдмийн мөр хөөлгүй улс төр гэсэн тогоонд орох болсон шалтгаан тань юу юм бэ?
-Би улс төрд яагаад орох гээд байгаа юм бэ гэдэг асуултыг өөртөө их тавьдаг байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөртөө бүр ч илүү их тавьсан. Өөрийнхөө төлөө юм уу, бусдын төлөө юм уу. Яг яах гээд энэ улс төрд орох гээд байгаа юм бэ гэж. Магадгүй яагаад орох ёстой юм, ороод юуг өөрчлөх юм гэдгээ таньж мэдэхийн тулд ч Харвард явсан байж болох юм. Монгол Улс гурван триллион ам.долларын уул уурхайн баялагтай улс хэрнээ гуравхан сая хүнээ сайхан амьдруулж чадахгүй байна. Би улс төр рүү орохгүй яваад байж болно л доо. Гэхдээ бид ямар ирээдүйг үр хүүхдэдээ үлдээх гээд байгаа юм бэ. Залуу үеийнхэн бид мөнгө байхгүй, хийх болоогүй гээд суугаад байвал Монгол минь баларлаа. Би улс төрд зүтгэх болсон шалтгаанаа эх орны дуудлага гэж ойлгодог. Олон сая хүний амьдралыг өөрчилнө гэдэг маш том хувь заяа. Би иргэн хүнийхээ хувьд, эх орныхоо ирээдүйн төлөө санаа зовж байгаа хүнийхээ хувьд энд оролцох ёстой. Үүнийг үүргээ гэж ойлгож байна. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөд надад 11 мянган хүн саналаа өгсөн. Тэр олон хүн надад итгэж саналаа өгөхдөө ийм залуус гараад ирэх ёстой, тэд улс орноо өөрчлөх ёстой гэж итгэл хүлээлгэсэн гэж би боддог. Итгэж найдаж байсан олон хүний царай надад одоо ч харагддаг. Тиймээс би тэдний өмнө үүрэг хүлээсэн. Тухайн үеийн ялагдлаараа хойш ухарвал би зорилгоосоо ухарсан хэрэг болох учраас улс төрийн амьдрал маань үргэлжлэнэ.
-Одоогоос найман жилийн өмнө нэр дэвшиж байсан Б.Отгонбат одоо хэр өөрчлөгдсөн бол?
-Миний зүрх сэтгэл бол хэвээрээ байгаа гэдгийг хэлэх байна. Эх орныхоо төлөө юм хийх ёстой, залуус бид улс орноо өөрчлөх ёстой гэж боддог хэвээрээ. Магадгүй үзэж харж, туулж өнгөрүүлсэн туршлага нэмэгдсэн байх. “Мянганы сорилтын сан”-гийн дэд дарга, төрийн сайд нарын зөвлөхөөр ажиллаж байсан туршлага нэмэгдэж таарна. Бас Харвардад маань суралцаад ирсэн маань ч надад том сорил, туршлага болж үлдлээ.
-Та яриандаа шинэ үеийн талаар олонтоо дурдлаа. Үүнийг мушгиж хэлэхэд дараагийн үеийнхэн хоолондоо орох гэж байна гээд байдаг. Та яагаад шинэ үеийг ингэтэл онцолж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд улс орныг хөгжүүлээд явах боломж байсан уу гэвэл байсан. Тэрийгээ хийгээгүй гэж би хардаг. Ардчилсан нийгэмд чаддаг нь улсыг удирдаж, чадахгүй нь зайгаа тавьж өгдөг. Мэдээж бид өмнөх үеэсээ суралцах ёстой, гэхдээ залуус бид арагшаа суух эрх байхгүй. Одоо дэлхийн түвшинд сэтгэж, тэр тайзан дээр тоглож чадах хүмүүс энэ улс орныг өөрчилж, эдийн засгаа босгож ирэх хэрэгтэй байна.Монгол хүн боловсролтой болчих юм бол дэлхийн хаана ч очоод ажил эрхэлж, тэндээс мөнгө босгох чадалтай болно. Угаасаа монголчууд бид бусдаас илүү чанар цусанд маань байдаг. Гэтэл тэрийгээ ашиглаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй байна. Одоо төрөөс хөрөнгө мөнгийг нь гаргаад хүмүүсээ сайн сургуулиудад сургах хэрэгтэй. Тэд эргэж ирээд сурсан зүйлээ гаргаж, улсаа хөгжүүлэх ёстой юм. Энэ бол тусгаар тогтнол, хөгжлийн үндэс суурь болно.
-Тэгэхээр таныхаар тэд хэзээ сурч, хэдийд ирээд бид хөгжих юм бэ?
-Их хугацаа орохгүй л дээ. Залуус магистр, докторын сургалтад 2-3 жил сураг. Ирээд бас тийм хугацаа гэхэд ердөө арван жил доторх асуудлыг л ярьж байгаа юм шүү дээ.Улстөрчид хөгжил ярьж, Оюутолгойн гэрээг хараад хэдэн жил өнгөрч байна даа. Тэгэхэд арван жил гэдэг их хугацаа биш.
-Улстөрчдөд хүмүүс итгэхгүй байна л даа. Ярьж байгаагаасаа өөрийг хийгээд...
-Үйлдэл үгнээс хүчтэй байдаг. Хүн ярьж байгаа ухаантай зүйлээ үйлдлээрээ л харуулна. Үг, яриа нь зөрөөд хүмүүс итгэл алдарсан байж магад. Гэхдээ шинэ үеийнхэн өөр байж, үйлдлээрээ харуулж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.