НУРАЛТ
Ардын дайсныг алаад бай, гүйцэтгэе. Японы тагнуулыг буудаад бай, гүйцэтгэе. Алаад байлаа, буудаад байлаа. Зүв зүгээр мөрөөрөө хязгааргүй тал нутагтаа тархай бутархай аж төрж явсан, гэм нь олон малтай малчид өөр лүүгээ чиглэсэн бууны онгойх хар амыг гайхсан нүдээр нэг их том хараад л буудуулж байв. Хуврагууд “бид даанч тамтаггүй явж сахил санваараа дэндүү бузарласан нүгэлтэй улс. Өөрсдийнхөө үйлийн үрээр буудуулж байна” гээд алуулж байсан гэдэг юм.
Харин дарга нарын хувьд тэд малчид лам нараас арай өөрөөр хэлмэгдэв. Баривчлагдсан дарга нар амь гарахын тулд өөрийгөө барьсан дарга, байцааж тамласан мөрдөн байцаагч нараа орос сургагчийг алах, Чойбалсанг хөнөөх даалгавар өгч байсан гэж сөргүүлэн гүжирдэж, нөгөөдүүл нь баривчлагдаж эхэлсэн. Ерөнхийдөө ийм нуралтын эргүүлэгт монголчууд өөрсдөө орсон нь лоймол агаад гутамшигтай. Хэцүү үед нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Ямар ч гэсэн Чечень хүүхнүүд шиг өөрийгөө дэлбэлээд хэдэн сургагч нухчих хүн гараагүй юм даг. Хүйтэн санаатай хэл буруутны идшинд монголчууд бие биеэ барьж өгч байжээ. Шившигтэй хулчгар амьтад.
Монгол дарга нар өөрсдийгөө хэрхэн хөнөөсний тод жишээ бол Бүргэдийн Лосол. Алтайн ядуу зүдүү хүү орос худалдаачны ноос угааж, түлш түүж, гал тогоо барьж, мөн баян айлд зарцлагдаж яваад цэргийн албаар дамжин хувьсгалт нам засагт цалинтай ажилд ороод хөөрсөндөө маш идэвхтэй ажилласан. Ядуугийн зовлон хар нялхаас эдэлсэн Лосол сүрхий зүтгэснээр дэвшээд эхлэв. Дэвшинэ гэдэг ийм амархан юм уу гээд Лосол хүү махраад байж. Гарыг ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн агуу ачит СССР болон Нам засагт үнэнч гэж хязгааргүйн хэрээр ардын дайсныг үзэн ядахдаа гаргууд. Сүүлдээ Дотоод яамны орлогч сайд болсон.
Гэвч Лосолын жаргал охорхон байлаа. Шоронд тамлагдсан хүмүүсийн гүтгэлэг матаасаар том дарга нар өдөр бүр баривчлагдсаар Лосолд тулж ирэв. Лосол энэ аюулаас бултахын тулд лам нар эсэргүүчүүдийг хайр найргүй яргаллаа. Өвөрхангайн зэвсэгт бослого, Ж.Лхүмбийн Дорнод аймаг дахь бүлгийн хэрэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн лам нарын хэрэг гэгч зохиомол хэрэг үүсгэн гэмгүй хүмүүсийг үй олноор устгаж, итгэл олж, амь гарах гэсэн өөдгүй шаар. Онцгой бүрэн эрхтэй комиссын хуралд найман удаа Чойбалсанг орлон сууж 4510 хүний хэргийг тасалж, 3926 хүнд цааз өгч, 584 хүнийг олон жил шоронд хатаахаар шийтгэсэн. Өчнөөн сүм хийд бурхан тахил судар ном галдан шатааж, үнэнчээ онцгой харуулахаар улангассан авч түүнийг баривчилсан байна.
Тэр бээр ал гэснийг нь алаад, шатаа гэснийг нь шатаагаад байхад баривчилдаг юм бол бүгдийг чинь сүйтгэнэ дээ гэж занаад тухайн үеийн нам засгийн удирдагчдыг бараг бүгдийг мөн Дотоод яамны ногоон малгайт журмын нөхдөө эсэргүү бүлгийн гишүүн гэж гүтгэн цаазлуулаад, өөрөө амь мултрах гэтэл харамсалтай нь түүнд цаазын ял өгчээ. Өч төчнөөн гэмгүй хүн өрөвдөх сэтгэлгүй яргалсан түүний үнхэлцэг цаазын ял сонсоод хагарчих шахсан нь бараг инээдэмтэй. Айсандаа эсэргүүн бүлгийн гишүүн хэмээн цааш нь дарга нарын нэрийг зарлаж гарчээ. Орос сургагч нар түүнийг тусгай тохилог өрөөнд ганцаар нь оруулж сайн чанарын хоол тамхи зэргээр хангаж алах ял гүйцэтгэх өдрийг хойшлуулж цааш олон эсэргүү нэрлэхийг шаардсанаар хүний мөсгүй Лосол амь гарах нь гэж горьдоод Холбоот улсаас салж Японтой нийлэх зорилго бүхий эсэргүү бүлгийн 300 гишүүн нэрлэж бариулсан аж.
Лосол шоронд байхдаа хэн нь амьд яваад хэн нь үхэх ёстой юм бэ, бүгдийг чинь нэрлэнэ дээ гээд наранд яваа анд нөхдөө занаж, шинээр сайд, орлогч сайдад томилогдсон хүмүүсийг матахаар шоронгоос чих тавин сураглаж байсан гэдэг юм. Харийн харгислалд монгол хүн ингэж худалдагдсан нь юутай шившигтэй вэ. Лосол хилс хэрэгт баригдсандаа өширхөж, ДЯЯ-ныхан болон нам төрийн удирдлагуудтай хамт унахыг эцсийн зорилгоо болгожээ. Би үхэхээр чи үх гэдэг өөдгүй хүн одоо ч бишгүй бий. Харьд харласан монголчууд нэг нь нөгөөгөө дээрэмдэж, худалдсан тухай мэдээ гол горойлгох юм. Атаархуу гэж янзтай. Гэхдээ гадны хөгжилд атаархахгүй. Гагхүү монгол нь монголдоо жөтөөрхөх нь галзуу. Өдгөө үндэсний хөрөнгөтний хэмжээнд бэлжиж яваа монгол компани өндийвөл нураана. Төр Засаг нь тусгай ажиллагаа сүр дуулиантай явуулж хөрөнгийг нь булаана.
Орос сургагч нар зорилгоо бүтээсэн учир Лосолыг буудчихсан. Тэр бээр гомдол хорсолдоо багтарсан байж таарна. Харин тэр хэнд хорсоо бол? Монголд уу, оросод уу? Эсвэл өөрийгөө үзэн ядсан бол уу. Лосолын санаачилгаар хөнөөсөн Өвөрхангайн хуваргууд, Дорнод дахь Лхүмбийн бүлэг, Жамъянжав, Өлгий, Егүзэр хийдийн эсэргүү хэрэг 1990 оны шалгалтаар бүгд гүжир гүтгэлэг байсан нь тогтоогдсон. Лосол мэт нь өөрөө үй түмэн хүн хилсээр тоохгүй алж зүрхэлдэг атлаа өөрсдөө гүтгүүлмэгц аль болох олон нөхөдтэйгөө хамт алуулахыг хичээх нь зөвхөн монгол хүнд байдаг өөдгүй зан биш биз дээ гэхээс зүрх минь өвдлөө. Өөдгүй хүмүүс хэлмэгдлийг дэврээдэг агаад нөхдөдөө, эх орондоо гай тарьдаг аж. Олуулаа алуулах ганцаараа алуулахаас хөнгөн гэж үү? Ганц Лосол байгаагүй олон Лосол байсан. Хэлмэгдсэн дарга нарын дунд нөхдийнхөө амиар нэрээ цустсан нь цөөнгүй. Харин эсэргүүн хэмээх лам нар, нударган хэмээх чинээлэг малчид өчиггүй буудуулахдаа нэг ч хүн гүтгэж хөнөөгөөгүй. Гол ялгаа нь энэ билээ. Улаан оросын өршөөлгүй яргаллын түйрэнд төөрч барьц алдсан Бүргэдийн Лосол гэгч залуугаас энэ бичвэрийнхээ өмнөөс уучлалт гуйж бурханд залбиръя. Түүнийг цагаатгаагүй юм билээ хөөрхий. Эдүгээ УИХ-ын зарим гишүүдийн болчимгүй ойворгон мэдэгдлийг сонсоход Б.Лосол эрхгүй санаанд ордог.
Нэг өдөр улаантан нөгөө өдөр цагаантан омгорхсон, заримдаа хэн нь ч мэдэгдэхгүй атаман довтлон дайрч алс дорнотын буриад зоны адуу мал хүнс хоолыг хураана. Буриад нарыг алж талах, тонон дээрэмдэх нь гаарчээ. Буриадууд ой хөвчид нуугдаж, чимээ гаргахгүйн тулд хүүхдээ уйлуулахгүй, нохойгоо хуцуулахгүй гэж ядаж байжээ. Тэд яргаллаас дүрвэж, элэг нэгт Халх өөд хил даван нүүж эхэлсэн юм. Гэтэл Японоос ихэд болгоомжлох болсон Сталины амнаас нүүж буй тэр буриадууд цагаантны оргодол атаман Семёновын үлдэгдэл, хувьсгалын эсэргүүчүүд гэсэн үг унажээ. Сталин “Буриад нарын нүүдэл суурьшлын асуудал эрхэлсэн комисс” байгуулж даргаар нь ЗХУКН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Питаковыг томилсон бөгөөд Монголын талын даргаар МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн Ж.Лхүмбэ тавигджээ. Дараа нь Оросын тал яргалал хангалттай үйлдсэн дээрх комиссыг татан буулгаад Питаковыг цаазлав. Оросууд Монголд бас эсэргүү Питаков байх ёстой гээд албан тушаал, хариуцсан алба ижил Лхүмбийг егүүтгэх тушаал өгч 2000 шахам буриад зоныг тонилгов. Ерөөд гэхэд л бүх эрчүүд, том биетэй эрэгтэй хүүхдийг хүртэл баривчилж, хөгжлийн бэрхшээлтэй гурван эр хүйстэн үлдсэний хэлгүйг нь тоогоо ахиулахын тулд баривчлаад явжээ.
Хилсээр баривчлагдаж, аймшигт эрүү шүүлтэд тэсэхүй еэ тамлагдавч гол нь тасарч өгөхгүйд шантарч, гомдож хорссондоо тэд Оросын бууны нохой болж, монголчуудаа тамлаж, ад хөдлөм хийрхсэн галзуу хувьсгалчдаас хонзонгоо авахаар тэднийг Японы тагнуул хэмээн баривчлуулж, ингэснээр орвонгоороо нурж байв. Орос сэтгүүлч-зохиолч Е.Шинкарев улаан оросуудын харгислалд гутарч, харанхуй гэнэн монголчуудын арчаагүйг өрөвдөж олон ном бичсэн. Бодоог алаад Хүрээний хашаа байшингийн хананд бичиг наажээ. Тэр бичигт “Бид Монголын ард түмний дайсан болсон Бодоог алав. Харин монголчууд та нарын уламжлалаар Бодоогийн ойр дотны хүмүүс болон морь малыг алж, түүнтэй цуг булсангүй. Орос хүний өрөвч зан гаргалаа” гэсэн байжээ. Хүрээнийхэн уг ухуулах хуудсыг уншаад “Оросууд чинь ямар сайн улс вэ. Эсэргүү болсон ганцхан Бодоог алаад бусдыг үлдээжээ” хэмээн хирд хийсэн өчүүхэн ч шинжгүй хүүрнэлдэж байсан тухай Е.Шинкарев баримт нотолгоотой бичсэнийг ХХI зууны монголчууд уншаад мөн л хирд хийсэнгүй. Өнгөрсөн зууны иймэрхүү эмгэнэл энэ зууны сургамж гэх гэсэн юм би. “Үлдээх үг” ном. Тал 60-64.
Зочин
Enkhamgalan
Ёр совин
уншигч
Стукачаас хүсэх нь
Стукач
зочин
Зочин
Зочин
Зочин
Ганаа
Зоригто.
Мундаг бичжээ
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
SS
Плано Карпини
Бид хэн юм бэ
СҮХБААТАР
Зочин
Irgen
зочин
МОНГОЛ