Хоёр Энхболдод хүргэх үг
Улаанбаатар өвөлдөө битүү утаан хөшигтэй. Тэнд эрүүл хүн амьдрах, амьсгалах аргагүй. Монголын улстөр ч утаан хөшигтэй. Тэнд шударга ёс оршин тогтнохын аргагүй агаарын бохирдолтой.
Улаанбаатар өвөлдөө битүү утаан хөшигтэй. Тэнд эрүүл хүн амьдрах, амьсгалах аргагүй. Монголын улстөр ч утаан хөшигтэй. Тэнд шударга ёс оршин тогтнохын аргагүй агаарын бохирдолтой. Улаанбаатарын утаанд нийслэлийн иргэд өртдөг бол, улстөр дэх агаарын бохирдолтод улсаараа, монголчуудаараа нэрвэгддэг. Хотын утааг нийслэлийнхэн тэсээд тэвчээд хавартай золгож чаддаг бол, улстөрийн утаан дунд шударга ёс амьдарч чадалгүй алхам бүртээ сөхөрдөг. Тэгэхээр агаарын бохирдол Улаанбаатарынхаас улстөрийн орчинд илүү байна.
Зуух тарааж, хямд нүүрсээр хангаад хотын утаа буурахгүй. Орон сууцжуулж утааг буруулах ганц арга бий нь туйлын үнэн. Түүнтэй нэгэн адил Улстөрийн намын хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог хэдэн янзаар солиод улстөрийн хямралаас гарахгүй. УИХ бүхлээрээ намын, заримдаа бүлэглэлийн халаасанд ордог энэхүү чөтгөрийн тойргоос зөвхөн Үндсэн хуулиа өөрчилж байж гарах ганц л “хаалга”-тай гэж олон хүн хэлдэг. Гэхдээ Үндсэн хуулиа өөрчилж чаддаггүй. Энэ УИХ ч чадахгүй нь тодорхой боллоо.
Гэвч хямрал болгон боломжтойгоо хамт ирдэг гэдэг шиг зөв жишиг эхлүүлэх гарц энэ УИХ-д байна. Манай улстөрийн орчин дахь гацаа түгжээг сонсоод өгсөн Германы эрдэмтний зөвлөгөөг хоёр Энхболд дарга сонссон л байх. Тэрээр Үндсэн хуулиа өөрчлөхгүйгээр хоёр зүйлийг яаралтай хуульчлахад Монголын улстөрийн орчин дахь өнөөдрийн зовлон дуусна гэж зөвлөжээ. Улстөрийн шинжлэх ухаанаар дэлхийд нэрд гарсан өвгөн эрдэмтний жороор бол:
Нэгд, чуулганы танхимд 76 микрофон байрлуулах хэрэггүй, тэнд гишүүн болгон үг хэлэхгүй.
Хоёрт, чуулганы хуралдааныг орон даяар олон нийтэд нээлттэй шууд дамжуулдагаа болих хэрэгтэйг зөвлөжээ.
Яг энэ зөвлөгөөг Японы улстөрчид ч манайханд бас хэлсэн байдаг юм. Энэ нь чуулганы нэгдсэн хуралдаанд одоогийнх шиг гишүүн болгон асуулт асууж, байр сууриа илэрхийлж үг хэлэхгүй. УИХ-д албан ёсны бүлэгтэй нам, эвслүүд л байр сууриа илэрхийлж үг хэлнэ гэсэн үг. Өнөөдрийн УИХ дээр буулгавал парламентад бүлэгтэй АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлэгт зориулсан гурван микрофоныг л чуулганы танхимд байрлуулна. Нэгдсэн хуралдаанд тэд зөвхөн бүлгийн нэгдсэн байр суурийг л илэрхийлнэ. Харин энэ процесоос өмнө бусад гишүүд бүлгийн болон Байнгын хорооны хуралдаануудад үгээ хэлж байр сууриа илэрхийлнэ. Энэ бол бидэнд зөвлөгөө өгсөн Германы Бундестаг, Японы парламентад хульчлагдсан жишиг. Мөн салбар, салбараараа нэгдсэн мэргэжлийн фракцууд парламентын нэгдсэн хуралдаанд нэгдсэн байр суурь илэрхийлдэг улс орнууд ч байна.
Үнэндээ ч манайх шиг хэн дуртай нь мэдэхгүйгээ ч мэддэг мэт ярьж тодордог, хувийн улстөрөө хийдэг талбар бол парламентын танхим биш юм. Жишээ нь, Ерөнхий сайдын хэлснээр бол Оюутолгойн төслийг гацааж, хөрөнгө оруулагчдыг үргээхэд гишүүн С.Ганбаатар хамгийн их хувь нэмэр оруулсан бололтой юм. Тийм байж магадгүй. Гэхдээ С.Ганбаатар бол 76-гийн л нэг, сул гишүүн. Түүнд хүлээх хариуцлага гэж байхгүй учраас болж өгвөл хувийн рейтингээ өсгөх PR-ыг л хийдэг, хэлдэг байсан нь бас үнэн юм. Гэхдээ эцсийн хариуцлагыг засаглаж байгаа АН-ынхан л намаараа хүлээх учиртай. Онол, олон улсын жишиг талаасаа ч парламент бол намын засаглал. Намаар дамжуулж төр, засгаа байгуулдаг хэлбэр. Парламентаас ихэнхдээ улстөрийн шийдвэр л гаргадаг. Сонгогчид ч эцсийн хариуцлагыг намтай л тооцдог. Иймд чуулганы нэгдсэн хуралдааны “гол дүр” бол намууд л байх ёстой.
Гавьяат хуульч Б.Чимид агсан “Үндсэн хууль бол төрийг байгуулдаг, төрийг удирддаг хууль болохоос явах, зогсохыг журамласан замын хөдөлгөөний дүрэм биш” гэж хэлсэн удаатай. Түүнтэй адил УИХ бол төрийн эрхийг барьдаг дээд байгууллага, Монгол төрийн бодлогыг тодорхойлдог институц болохоос дуртай нь очоод жагсч болдог Сүхбаатарын юмуу, Эрх чөлөөний талбай биш шүү дээ. Гэтэл төр хэмээн сүсэглэх тэрхүү танхим өнөөдөр хошин урлагийн, телевизийн цуврал реалити шоуны тайз болжээ. Энэ нь УИХ-ын чуулганыг байнгын үзэгчтэй болгосны гор. Бид урлагийн сургуулийн оюутны тайлан тоглолтыг, эсвэл өсвөрийн аварга шалгаруулах бөхийн барилдааныг хүртэл мөнгө төлж тасалбар авч, театрт, спортын ордонд очиж үздэг. Гудамж, талбайд хаа нэгтээ болох шоу цэнгээнийг ч телевизээр шууд үзэж чаддаггүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дөрвөн жилийн турш гэрээсээ, ямарч тасалбаргүйгээр үзчихдэг. Энэ бол Монголын төр нээлттэй байгаагийн шинж огт биш. Хэрвээ Монгол Улс тусгаар улс, бодлогыг УИХ тодорхойлдог нь үнэн л юм бол бидэнд бусдаас нуух юм гэж байх ёстой. Ил ярьдаг, ил ярьж болдоггүй, тэр байтугай, монгол хүн бүр мэдэж байх албагүй нууцтай байх ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэж байгаа болгоныг би мэдэх ёстой гэсэн хийрхэл хүн бүрт бий болжээ. Монголын төр ингэж л хямдарч, өндөр эрэмбийн босго нь намсчээ. Энэ тухай төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, орчин цагийн соён гэгээрүүлэгч Н.Жанцанноров гуай “Хүнд үзүүлж болдоггүй, бүр гэр бүлийнхэндээ ч тэр бүр үзүүлж болдоггүй эрхтэн гэж байдаг биз дээ. Тэгвэл төр улсад бас баймаар л юм…” гэж халагласан удаатай. Үнэн шүү дээ, бид гаднынханд хөрөнгө оруулалтын таатай орчныг л бий болгох ёстой. Харин тагнуулын таатай бөгөөд нээлттэй орчныг бий болгож болохгүй. Төрийн хамаг бодлогоо дэлхий даяар нээлттэй шууд дамжуулан цацаж байж, үндэсний аюулгүй байдал, танк, цэрэг гэж мянга орилоод хэрэггүй. Хэрвээ хөрөнгө оруулалтын таатай орчинтой бол мөнгө орж ирнэ, эдийн засаг өснө. Харин тагнуулын таатай орчныг бий болговол мөрөөдлөө алдана, магадгүй газрын зураг өөрчлөгдөнө.
Тийм учраас УИХ-д хамгийн олон суудалтай, цаашид ч олон суудалтай байх магадлалтай АН, МАН-ын дарга нар болох хоёр Энхболдоос зөвшилцөж байгаад дараахь хоёр зүйлийг хуульчилж журамлахыг хүсье.