Хүнд ойролцоогоор 60,000,000,000,000 (60 их наяд)–аад тооны эс байдаг гэх боловч, тэдний 300,000,000,000 (300 тэрбум)–аад нь өдөр болгон үхэж байдаг юм гэнэ.

Өөрөө өөрийгөө "хэрэггүй" гэж үзсэн эсүүд газар дээрээ амиа хорлодог гэх бөгөөд, үүнийг Апоптосис (apoptosis) гэдэг.

Тухайлбал вирустсэн эс байна. Биенд нэвтэрсэн вирустэй тэмцэлдээд бараагүй эс, тэр дороо вирусыг агуулсан чигтээ чимээгүйхэн амиа хорлодог гэнэ. Учир нь, тэмцээд дийлээгүй вирусыг өөрөөсөө гаргаж орхивол бусад эсүүдэд хохирол болж мэдэх шүү дээ. Тэгээд тэрхүү амиа хорлосон эсийн үлдэгдэлийг цэвэрлэгч эгч Macrophage (нэгэн төрөл цусны цагаан бөөм) нямбай гэгч нь идэж устгана.



Ийм байдлаар хүний биед үүссэн асуудлууд бага дээрээ шийдэгдээд өнгөрөх нь олон. Яг л, хүн гэдэг аварга том нэгдлийн төлөө өчүүхэн эсүүд амиа өргөн байж тэмцэх мэт.

Энэхүү амиа хорлох замаар "эмх журмыг хадгалах" механизм үүсэн тогтсон нь одоогоос 2 тэрбум жилийн тэртээгээс эхтэй.

Тэр үед анхдагч амьтад хуваагдах замаар өөртэйгээ ив ижилхэн амьтан үүсгэн үржиж байв. Гэвч нэгэнт өөр шигээ л амьтан үүсгэх тул, гэнэтийн орчны өөрчлөлтөд ташираараа устах явдал олонтаа гардаг байж.

Тэндээс, бага зэрэг өөр амьтан бүтээж, арай илүү тэсвэртэй болцгооё гэж сэтгэв. Тэр нь эр эм болж хуваагдаад, генээ хооронд нь хольж угсрах арга юм. Та бид хоёрын нөгөө арга гэсэн үг.

Үр дүнд нь амьтад эгшин зуур хувьслын мод үүсгэн салаалж, тэдэн дотроос орчинд илүү тэсвэртэй нь үлдэх байдлаар буухианы галыг зөөдөг болсон учиртай.

Гэвч үүн дээр асуудал үүсэв. Санамсаргүйгээр хольж угсрах дунд "тохиромжгүй сэлгэмэл" ч олноор төрөх болов. Тиймэрхүү тохиромжгүй сэлгэмэл бүхий биет нь өөрийн төрөл зүйлийг ч мөхөөж мэдэх тул, эс нэг бүрт "амиа хорлох" гэдэг програм суугдажээ.

Эс үүсмэгц, түүнтэй зэрэгцээд нэгэн төрөл фермэнт (Caspase) түүний дотор суугдаж, тэр фермент нь хэзээд амиа хорлож болохоор бэлэн байдалд байдаг гэнэ. Яг л дайсандаа олзлогдоход зориулж өөртөө сум авч явдаг цэрэг шиг. Өөрөөр хэлбэл, энэ бол эсүүд өөрөө зорьж очоод үхлийг сонгодог (apoptosis хийх) байхаар програмчлагдсан чадвар юм.

Апоптосис нь ураг боловсрох процесс дунд ихээр ашиглагддаг. Эсүүд үргэлж хангалттай ихээр бүтээгдэж, тэдэн дотроос тохиромжгүй эсүүд нь тухай бүртээ апоптосис хийх байдлаар хасагдаад явна.

Жишээ нь, хуруу эхэлж бүтэхдээ ганц том цул байж байгаад, тэндээсээ завсрын хэсэгт байрлах эсүүд нь апоптосис хийж хорогдсоор, үр дүнд нь салаалсан хуруунууд үлддэг. Нэг ёсондоо, эхнээсээ шууд хурууг хийдэг бус, бүхэл банзыг зорохтой адилаар хийдэг байх нь. Шанаган хорхойны сүүл яваандаа алга болдог нь ч үүнтэй ижил зарчим аж.



Вируст өртсөн эс зэргийн хувьд, тусгай уургаас "амиа хорло!" гэсэн тушаал буугддаг бол, ураг доторхи эсүүд нь "Алив, хамтдаа амьдаръя!" гэлцэн, дуу дуугаа авалцан хөгждөг бололтой юм. Харин тэдэн дунд тэр дуу хоолой нь дамжиж очдоггүй зарим нэг хэсэг эсүүд байх бөгөөд, тэдгээр нь хуруунуудын завсар ч юм уу, шанаган хоорхойн сүүлний эсүүд гэх мэт нь аж.

Ийм байдлаар нэгэнт бусдаас тусгаарлагдсан эсүүд үхэхээс өөр замгүй. Гэлээ гээд энэ бол эмгэнэлт явдал бус, харин ч тэдний үхлийн ачаар өдий төдий хэлбэр үүсгэсэн амьтад болон төрдөг хэрэг.

Тэгэхээр бид гэдэг чинь, олон тооны үхэл дээр тогтсон АМЬ болж таарлаа.

Хүний биед байх зүсэн зүйлийн үүрэг роль бүхий эсүүд эцсийн эцэст юуг тэгтэл амиараа хамгаална вэ? Таны төлөө гэж бодно уу? Та гэдэг бол ердөө л тэдний нэгдэл төдий хийсвэр оршихуй шүү дээ.

Үнэндээ тэдэн доторхи хамгийн үнэ цэнэ бүхий нандин амь нь үржлийн эсүүд юм. Үүний баталгаа гэвэл, апоптосис хэмээх идэвхитэй үхэл нь, эр эм болж хуваагдаагүй амьтад (буюу үржлийн эсгүй амьтад) дээр огт ажиглагддагүй байна.



Үржлийн эс нь бусад бүхий л эсийг үүсгэх чадварыг өөртөө агуулсан төгс эс юм. Түүнийг цааш хадгалж өвлүүлэхийн тулд гайхмаар яаралтайгаар урьдчилан хийж хадгалдаг. Хэр зэрэг яаралтай вэ гэхээр, хүн дээр яривал, ураг тогтоод сар болоход дараагийн үржлийн эс бэлэн болсон байдаг гэнэ.

Өөрийнхөө биеийг ч гүйцэт хийгээгүй байж, хүүхэд төрүүлэх эсээ бэлддэг байх нь. Үржлийн эсийг хадгалах өндгөвчөө ч, төмсөгөө ч бэлдээгүй хэрнээ шүү дээ.

Үүнийг эсрэгээр нь хэлбэл, төдий чинээ үржлийн эс нь чухал зүйл гэсэн үг юм. Хамгийн түрүүнд үржлийн эсээ хийж аваад, түүндээ зориулж өндгөвч (эсвэл төмсөг) хийгээд тайван орхино. Түүнээс цааш өндгөвч (төмсөг) нь бас бэлгийн бойжилт гүйцтэл урт удаанаар тайван байдалд байна.

Түүнээс цааш үүсэх бүхий л төрлийн эсүүд бол, ердөө л тэр үржлийн эсийг тойруулан хамгаалахын төлөө төрдөг, тэгээд үхдэг зуурдын зараалууд гэхэд болно. Тэд амиараа тангараг өргөсөн цэрэг мэт байж, чадал үл хүрэх асуудалтай тулбал огтхон ч эргэлзэлгүй амиа таслана.

Угтаа бол тэд гэлтгүй хүн бид ч бас тэдний адил оршихуй!. Үнэндээ бид чинь "гол дүр" биш, хэзээд "ТУСЛАХ ДҮР" юм шүү дээ. Гол дүр болсон үржлийн эсийг тойрон бүчих хүний бие гээч нь, тэрхүү гол дүрээ нандигнан хадгалсаар дараагийн үедээ шилжүүлэн өвлүүлэх даалгавар бүхий хэрэгсэл төдий л юм.

Ажилчин зөгийнүүд ердөө л цор ганц хатан зөгийгөө хамгаалахын төлөө оршин байдагтай ив ижил холбоо гэхэд болно. Зөгийнөөс ялгаатай нь, бидний гол дүр биен дотор маань байдаг тул, өөрийнхөө жинхэнэ үүрэг даалгавараа төдийлөн ухамсарлан мэдэрдэггүй талтай.

Гэсэн ч, эс нэг бүр маань үүнийг огтоос умартаагүй бөгөөд, хэзээд үхэхэд бэлэн үүрэгт ажилдаа шамдан амьдарцгааж буй. Энэ бол, бидний биен дотор өдөр тутам өрнөж байдаг хэвийн нэг дүр зураг билээ...

Тэгэхээр үхэл гэдэг төгсөхийн нэр биш аж.
Төгсөхгүйн төлөө үхлийг сонгох учир бас байх ажээ.