ЦЕГ-ын даргыг огцруулахаар улайрах процесс, цаг үеийн факторуудыг ажиглахад энэ удаад улс төрийн зорилготой, тодорхой тохиролцоотой “механик” үйлдэл болох нь харагдаад байгаа юм. Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжинг ажиллаж байх үед, Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийг татан буулгасан. Ингэснээр улсын онцгой объектуудыг хамгаалах, нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох маш том “армийг” тэр чигээр нь үгүй хийсэн нь харамсалтай.

Цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй үед тэдэнд туслах зорилгоор баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журмыг сахиулахад туслах, гудамж, талбай зэрэг олон нийтийн газар нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах, гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам  тогтооход оролцох, оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох, их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үеийн хамгаалалтын ажилд туслах, нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцдог  байсан. Энэ хүч удахгүй болох сонгуулиар, түүний дараахан болох АСЕМ-ын чуулга уулзалтын үеэр ямар их хэрэг болох байсан бол.

Хэрэв Дотоодын цэргийн ангиудыг татан буулгаагүй байсан бол ядаж л саяхан дуулиантайгаар Х.Баттулгын гэх хоёр компанийн санхүүд шалгалт хийх үед тусгай албаныхан очих шаардлагагүй ч байх байсан болов уу. Тэгснээр нийгэмд айхтар баривчилгаа, хэлмэгдүүлэлт болоод эхнэр хүүхнүүдийг хомроглож баривчлаад байгаа мэт түгшүүрт мэдээнд төөрөлдөхгүй, барилгачныг мэргэн буучтай андуурч будилахгүй ч байж болох байсан юм билүү.

Энэ бол улстөрчид цагдаа, түүний харьяа байгууллагаар тоглосны нэг жишээ. Харин одоо ЦЕГ-ын даргаар “тоглох” гэж байна. Энэ бол Монголын улс төрд уламжлалт тоглоом болсон гэж хэлж болно. Гэхдээ улс төрд маш нөлөөтэй, олигархийн хэргүүд шалгагдаж буй, тэр тусмаа шалгуулагч этгээдүүд нь УИХ-ын гишүүний халдашгүй эрхийг олж авахын төлөө юу ч хийхээс буцахгүйгээр сонгууль хүлээж буй энэ мөчид ЦЕГ-ын даргаар тоглох нь нүдээ олсон хэрэг биш. Харин ч “нүдийг нь сохолсон” хэрэг болно. Товчхондоо тэдгээр олигархиудын төрөөс их хэмжээний мөнгө завшсан эсэх тухай хэргийг шалгаж байхад удирдлагыг нь солино гэдэг буруу. Учир нь тэднийг шалгаж буй хэдэн бор цагдаа бол үүргээ биелүүлж байгаа Төрийн цагдаа болохоос Р.Чингисийн цагдаа биш юм шүү дээ.

Гэтэл хэн нэгэн шалгуулагч этгээд “Чи манай фракциас сонгогдсон сайд учраас эсвэл өөрийн эрх мэдлийг ашиглаж ЦЕГ-ын даргыг соль. Эсвэл сайдын ажлаа өг” гэсэн шахалт үзүүлж Хууль зүйн сайдаар бичиг хийлгэж, түүнийг нь хүчинд автсан сайд Ерөнхий сайддаа гардуулж, Ерөнхий сайд нь Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх чиг үүрэг өгөөгүй байхад хэлэлцэх асуудал ороод ирэх жишээтэй маш гаж буруу процесс үргэлжилж байна. Энэ асуудал хүрээнээсээ хальж Төрийн тэргүүнийг хэдэн байгууллагын удирдлагыг томилох эрхтэй байгааг тоолж, түүнээсээ татгалзахыг нэгэн гишүүн санал болгож захиа хүргүүлж байгаа харагдана. Тэгэхээр энэ бүхэн цагдаагаас айсан хүн ЦЕГ-ын даргад улс төрийн шахалт үзүүлдэг юм байна. Мэдээж энэ нь ЦЕГ-ын даргад айдас авчрахгүй. Тиймээс Хууль зүйн сайдад, түүгээр дамжуулж Ерөнхий сайдад улс төрийн шахалт үзүүлэх замаар наймаалцаж гэмт хэргээс зайлах арга хэлбэр рүү шилжиж байгааг харуулж байна.

Ямартай ч сонгуулийн өмнө үнэн олддоггүй, шударга ёсыг хайгаад ч нэмэргүй гэдэг хэдий ч ард түмэн цагдаагийн байгууллагаас ямар мэдээлэл хийхийг хүлээдэг, тэдэнд итгэдэг. ЦЕГ-ын даргыг “зайлуулсан” ч цагдаадаа итгэсээр байх болно. Харин ЦЕГ-ын даргыг сольж, дараагийн даргыг томилогдтол тушаал, үүрэг чиглэл хүлээх албан хаагчдын үйл ажиллагаанд саад учруулж цаг хожих нь явуургүй арга болно гэдгийг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй болов уу.