Улс эх орныхоо төлөө үгүй гэх ухамсар алга болчихлоо
Цагаан сараас өмнө, цагаан олимпийн тухай манай сонин бичиж байсан. Энэ наадамд оролцоод яах юм бэ гэж.
Цагаан сараас өмнө, цагаан олимпийн тухай манай сонин бичиж байсан. Энэ наадамд оролцоод яах юм бэ гэж. Үүнд их олон хүн дургүйцсэн байна лээ. Өөрсдөө бор зүрхээрээ явж байгаа юм хөөрхий. Энэ байтугай л юм болоод байхад хэдэн муусайн тамирчдыг дээрэлхээд юун сүртэй юм гэж ирээд л.
Уг нь ч тийм л дээ. Хэдэн хүн гадаад яваад ирээ л биз. Очсон газраа хэрэг төвөг тариад, мөнгө төгрөг идэж уугаад, хохироосон юм байхгүй. Монголчууд өөр янз бүрийн шугамаар алба, амины хэргээр тасралтгүй гадагш явж байгаа. Тухайлбал Бээжин рүү хэн дуртай нь хэзээ ч оччихдог. Харин Бээжинд болсон зуны олимпод оролцоно гэдэг Цагаан хэрэм өөд авирахаас хэцүү байсан. Бээжингийн олимпийн эрхээ аваад дараа нь амжилт гаргана гэдэг хамгийн чухал нь байв.
Энд тэнд болдог томоохон хурал цуглаан, урлагийн наадам зэрэг нь тодорхой хүрээний хүмүүст хамаатай хэрэг юм. Мөн түүнчлэн аль нэг спортын тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд ч ялгаагүй хөлбөмбөгийг эс тооцвол сонирхогчдын хязгаарлагдмал хүрээнд зохиогддог асуудал.
Харин олимпийн наадам гээд явчихаараа дэлхий дээр дөрвөн жил тутамд зохиогддог бүх нийтийн үйл хэрэг болж, бүгдийн анхаарлыг нэг дор төвлөрүүлчихдэг. Улс орон болгоны хаанаасаа харц нь хүртэл энэ өдрүүдэд олимпийн зүг анхаарлаа хандуулж “Манайхан аль хавьд нь явж байна” гэцгээдэг. Спортод сонирхолгүй хэсгийг хүртэл энэ олимп уруу татаж чаддаг болчихсон. Тэр хэдэн тэрбум хүний нүдэн дээр энэ ертөнцийн есөн шидийн хүмүүс очиж байна. Чадалтай орнууд өөрсдийгөө гайхуулж байгаа бол ядарсан бусад нь булайгаа чирцгээхийг зөвхөн эндээс л үнэ төлбөргүй харцгаана.
Олимпод спортын бүх төрөл зүйл нэг дор явагддаг болохоор улс үндэстнүүдийн бяр тэнхээ, тэсвэр, гоо үзэмж, цаад орных нь хөгжил дэвшлийн бодит ойлголттой болж авцгаадаг. Спорт өөрөө их хатуу, шударга зарчимтай болохоор нийгмийн бүх давхаргынханд шууд утгаар ойлгогддог. Олон жил уралдаж байгаа юм хөөрхий. Одоо нэг “Болор цом” өгчихье байз гэж шүүгч нар нь хэзээ ч өрөвдөхгүй.
Ийм ийм учир жанцантай байдаг болохоор олимпод хэрхэн оролцох тухай асуудал нь улс төрийн маш том бодлогын хэмжээнд яригддаг юм. Үзэл сурталжсан нийгмийн үед хадуураад нэмэр хачраар дүүрэн байсан ч монголчууд чадлаараа л хатуу босго тавьж оролцдог байлаа. Реклам, сурталчилгаан дээр тогтож байгаа манай гаригийн хувьд олимпийн наадам бол дөрвөн жилийн турш тэсэн ядсан хүлээлт билээ.
Ийм чухал юм руу манай Засгийн газар, спортын хорооныхон ямар тамирчнаа явуулчихваа. Энд буй хүмүүс ч манай тамирчин хэзээ уралдах юм бэ? Ямар медаль авсан бэ гээд байх юм. Тэр дагаж яваа телевизийн сурвалжлагч нь хүртэл “Медальд хүрэх боломж байсан уу?” ч гэх шиг. Нөгөө тамирчин гээд байгаа хүүхэд нь болохоор “Хоёр ч олимпод оролцлоо, одоо ер нь зодог тайлдаг юм билүү” гэчихжээ. Тэгээд бас болоогүй “Энд ирснийх жаахан бэлтгэл хийж байгаад буцнаа. Тэгэхгүй бол очоод улсынхаа аваргаар хүн гүйцэхгүй шараа болж магадгүй…” хэмээн хээвнэг ярьж суух юм.
Ванкуверийн өвлийн XXI олимпийн наадамд оролцсон манай хоёр тамирчны амжилтыг хэлэхээс үнэхээр ичиж байна. Ичдэггүйгээрээ “ТВ-5”-ынхан болон мань хоёр хэлэхдээ “Непал, Бермуд… зэрэг орны тамирчдыг ардаа орхиж бахдам амжилт гаргалаа. Бас хувийнхаа амжилтыг ч ахиулсан” гэв. Эндээс явахдаа төр засгийг хуурах мөрөөрөө хуурахгүй бас хажуугаар нь баахан хувийн пүүс компаниудаас мөнгө босгосон юм аа даа янз нь. Олимп ч үзүүлээд байсан юм байхгүй тэднийхээ рекламыг залхтал нь гаргаж харин ч сөрөг сурталчилгаа болгох шив.
Олимпод оролцох гэж байгаа тамирчнаас Засгийн газрын дурын гишүүн “Та хэдэн тамирчнаас ямар амжилт гаргах вэ?” гээд л асуучихад бүх юм ойлгомжтой байх байлаа. Дараа нь тийм амжилт гаргаснаар манай улсын нэр хүндэд ямар ач холбогдолтой юм бэ гэхэд л мад шүү дээ. Энэний оронд “Та нар цанын спортод үнэхээр сонирхолтой байж болно. Яахав яв. Харин битгий тэмцээнд өөрсдөө оролцож шараа болоорой. Өөр шүүгч мүүгч ч юм уу зохион байгуулах бусад ажилд нь идэвхтэй оролцоод, чадвал тэр талын спортынхоо материаллаг бааз, тусламж энэ тэр салгаад ирвэл бүр сайн байна” гэчихэд л болоод явчихаж байгаа юм. Олимпод оролцож байгаа тэр олон арван хүний цана нь хугараад л, шөрмөс цорой нь татаад л… Тэгэхдээ бүр бөөн бөөнөөрөө. Ганцхан манай хүн зүв зүгээр байсан тохиолдолд эхний тавьд орох байж. Гэвч ийм юм хорвоо дээр даанч байхгүй.
Зэвүү хүргээд байгаа юм нь эд нар хойноо хайрлах харамлах эх оронгүй юм шиг зан гаргадаг. Цас мөсний эх орон Монголыг төлөөлж байгаа гэдгээ ойлгохыг ч хүсдэггүй. Ихэнх тамирчин хүний зөн билэгт хүн хэлээгүй байхад эх оронч зан нэг мэдэхэд төлөвшсөн байдаг. Орон бүхний тамирчин ялгаагүй. Чухам эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх, төрийн далбаагаа мандуулах гэж л харийн нутаг руу дайлаар морддог. Яг уралдааны үед муруй бай, хоёр өрөө байраар шагнуулах зэрэг асуудал ой тойнд огт орж ирдэггүй. Хэрэв тэгэх шаанс байхгүй бол улсаа байг гэхэд өөрийнхөө нэрийг хичээгээд больчихдог. Эд нар болохоор ерөөс тийм бодол байхгүйгээр барахгүй мэдсээр байж уралдах гээд байгааг нь ерөөс ойлгохгүй юм.
Олимпод муу тамирчин битгий явуулж байгаач ээ. Өөр юманд бол хамаа алга. Том гүрнүүд аль болох олон орны хүмүүсийг хамруулах сонирхолтой. Уралдахдаа биш оролцох нь гол гэх мэтээр сайхан панаалддаг. Тийм юм бол өөрсдөө бидэн шиг хошного долоож байгаа нь хаана вэ? Худлаа л байхгүй юу. Их олон өрсөлдөгч дотроос манай орон л хамгийн мундаг нь гэж харуулах ганц зорилготой. Олимпоос олимпод улам цөөхөн орон оруулах санаа гаргаад байвал энэ их спорт чинь харин өнгөн хөрсөн дээрээ буугаад ирж магадгүй.
Эрхэм спортын удирдлагууд минь хэзээ ч амжилт гаргаж байгаагүй цана, тэшүүр гэж байхын оронд уран гулгалтаар яваад үзвэл яасан юм бэ? Баар саваар дүүрэн бүжиглэж байгаа хөөрхөн охид хөвгүүд байна. Хөлд нь тэшүүр углаад хэдэн эргэлт заагаад өгчих юм бол тэднээс илүү гардаггүй юм гэхэд дутаад сүйд болох нь юу байна. Хоёр сайхан хос гаргаад гоё хувцас өмсгөөд, сонгодог аянд эргэлдүүлчихэд гадныхан “Монгол гэж ямар сайхан хүмүүс вэ?” хэмээн ядахдаа л нүд баясгах юм даа. Өөр бас нэг мөсөн дээр бөөрөнхий юм түрж гулсаад бас нэг бөөрөнхийг онодог наргиантай наадам шинээр нэмэгдэж. Нэр нь юу билээ.
Төр засгийн удирдлагууд түр дөрвөн жил ажилладаг ч нэг иймэрхүү юман дээр учрыг нь сайн ойлгоод “үгүй” гээд хэлчих сэтгэл зүрхтэй баймаар байгаа юм. “Намайг ингээд хэлчихвэл дараа сонгохоо больчих юм биш байгаа” гэж ганцхан өнцгөөс хорвоог харсаар нэгэн амьдралаа барах нь юутай харамсалтай.
Зочин
Зочин
LOL
vitamin D3
gan
xvndetgesen
gvn
Зочин
Зочин
Nom jaahan unsh
zuitei!!!
tsedev
unshigch
www.eznet,mn
Зочин
Зочин
Зочин
e
MN-NO
Зочин
уншигч
уншигч
Зочин
zov
Зочин
Зочин
Зочин
зочин
Батбаяр
Mgl hun
Зочин
unen
unen
Зочин
цолмон
kkkkkk
eeeeeeeeeeeeeeeeeeeeeee