Энэ хар машин гэгч ямар “ид шидтэй” эд болох талаар хэн ч тодорхой ярихгүй л байгаа байхгүй юу. Луйварддаг л гэнэ, их нарийн эд л гэнэ. Яг яаж луйварддаг юм гэхээр “нарийн эд учраас луйврыг тогтооход хэцүү, гэхдээ л луйварддаг” гэнэ ээ. Энэ бол манай коммунистуудын санаа л даа.

Өнөөдөр манайд болж байгаа “хар машиныг эсэргүүцэх” үйл ажиллагаа тэртээ XVI зууны Англид болж байсан “машин эвдэгчдийн хөдөлгөөн”-ийг л санагдуулж байна. Технологийн хувьд бид 500 жил хоцрогдож байгаагийн нотолгоо юм л даа.

Англид анх мануфакторуудыг (гар үйлдвэрүүдийг) аж үйлдвэр мөхөөж байсан тэр үед өнөөгийн ҮЭ-ийн үндэс болсон “машин эвдэгчдийн хөдөлгөөн” (Луддитууд) гарчээ. Тэгэхэд яадаг байсан гэхээр Марксын манифестод бичсэнээр “уур, машин” хоёроос болж ажлаас халагдсан пролетариуд үй олноороо үймээн дэгдээж эцэст нь үйлдвэрүүд рүү дайрч ороод машинуудыг нь эвддэг байжээ. Энэ түүхийг “Нийгэм судлал”-ын хичээлийг халтуурдалгүй, цээжлэлгүй яг л шинжлэх ухаанчаар үзэж байсан “толгойтой” нөхдүүд санаж л байгаа.

Яагаад гэвэл олон хүний хийх ажлыг ганцаараа булааж хийсэн гол буруутан нь тэр машинууд гэж ойлгосон байхгүй юу. Хожим Маркс тэдний “гэнэн” бөгөөд бүдүүлэг тэмцлийг шоолж, хэргийн эзэд нь машин биш “капиталист” хөрөнгөтнүүд болохыг, “үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч нь мөлжигч эрхтэй” болохыг “ангийн тэмцлийн онол”-оороо зааж өгчээ. Харин хоцрогдонгуй Оросын коммунист В.Ленин арай л аядуу хандаж “ҮЭ бол коммунизмын сургууль” гээд тэмцэл нийгэм хөгжихийн хэрээр “давхар хөгжиж” байсныг “давхар нотолсон” юм. Үнэндээ МАН-ынханд анхан шатны хичээлийг нь заасаар бүр залхаж байна, гэвч өнөөдөр ядаж үүнийгээ бүрэн уншаагүй “Бошгыг халахынхан” Жоржтауны их сургууль, Харвардын их сургуульд суралцагсдаар бөөстөж байгаа хэрнээ машин шатаагаад эхлэхийг харахаар зүгээр л ой гутах юм. Тэд юу сурч ирсэн юм бол аа?

Тэгэхээр нөхөд өө, нэг юм тохиръё. Маркс, Ленинийг эшлээд уналаа муу большевик гээд зүхээд эхлэхгүй байхыг гуйяа. МА(Х)H-ын улстөрийн талаар бичихээр өөр эшлэлүүд таардаггүй юм аа. Түүх өмнөхөө даран давтах замаар хөгждөг гэж диалектикт нотолдог, МА(X)Н-ын түүх тасралтгүй үргэлжилсээр байгааг бид харж л байгаа шүү дээ. Нөгөө талаас та бүхний Маркс, Ленинийг уншаагүй нь либраал болохын чинь нотолгоо биш, ерөөсөө юм уншдаггүйн чинь л нотолгоо болж харагдаад байдаг юм шүү...

...“Хүн л найдвартай тоолдог, тэр тусмаа МАН-ынхан найдвартай тоолдог” гэсэн шинжлэх ухааны үндэстэй баталгаа хаана байна? Харин “Хүн найдваргүй, тэр тусмаа МАН-ынхан найдваргүй” гэдэг  бол “цусан баталгаатай”, энэ бол бидэнд загалмайтны баптизмаас ч ойр. 7 сарын 1-нд чухамхүү “Хүн найдваргүй тоолдог, тэр тусмаа МАН-ынхан найдваргүй тоолдог” гэдгийг таван хүний амиар баталсан. Өмхий брюкоратууд хайран хурандаа нар гэдэг амаа барьдаг ч тэр хурандаа нарыг энэ хэргээр биш  үйлдсэн адгийн үйлдлүүдийнх нь төлөө шүүхтэй харьцуулбал ял нь харин ч хөнгөдсөн юм. Жирийн иргэд ба жирийн цагдаа нар л жинхнээсээ хохирсон.

Сонгуулийн луйвар сонгуулиас сонгуульд төгөлдөржсөөр 2008 онд 25 хувьд (одоогийн Ерөнхийлөгчийн тэр үед хэлсэн үгнээс эшлэв) хүрсэн. Дөрвөн саналын нэг нь луйвар. Үүнийг хэн заасан гээч? “Америкийн империалистууд” биш тэд хэдийгээр олон нийттэй харилцах, хууран мэхлэх талаар мундаг боловч “машин шатаадаг” Монголын менталитетийг огт ойлгодоггүй “тэнэгүүд”, үүнийг би өөрөө батална. АН-ын нарийн бичгийн дарга, олон нийттэй харилцах хэлтсийн даргаас энэ Ломбо Эрхэмбаяр, С.Баярцогт нар хөөхөд тэр үед намын дарга байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “хийсэн ажлын шагналд” намайг Германы CDU намын олон нийттэй харилцах туршлага судлах багийн ахлагчаар томилж илгээсэн. Конрад Аденауэрийн сангийн санхүүжилтээр. Тэгэхэд би CDU намын гол пиарчин польш нөхрөөс нэг л асуулт асуусан. “Та нарын зөвлөгөөгөөр пост коммунист орнуудад хэдэн нам ялсан бэ?”. Нэлээд дүлэгнэсний эцэст “Нэг ч ялаагүй л дээ, яагаад гэвэл улстөрчид нь дандаа буруу мэдээллээр хангадаг...”. Германы пиарчид яг Америкийн нөлөөн дор байдаг. Тэдний зөвлөгөө бол хэзээд алддаг. Чин сэтгэлээсээ зөвлөдөг бол шүү дээ.

Хятадууд ч биш тэд “чөлөөт” сонгуулийн талаар ёстой жижиг “а” ч байхгүй. Харин фон дэмжлэг үзүүлж чаддаг, жишээ нь Улаанбаатарыг барилгажуулах төсөлд 500 сая ам.доллартай дүйцэх тусламж үзүүлж чадна гэж Засгийн газарт амласан. 2012 оны сонгуулийн үеэр нийслэлийн хөрөнгө оруулалтын амлалтаа МАН ч, АН ч яг энэ тоонд тулгуурлаж боловсруулсан. МАН нь бодитой, харин АН нь Засгийн газарт шургалсан хүмүүсийнхээ тагнуулын мэдээг баримжаагаар тавьсан.

Харин өнөөдөр МАН ялагдсан учраас энэ мөнгийг хойшлуулж байгаа. Үнэндээ Хятадууд хойшлуулсан юм биш, МАН-ынхан Сангийн сайдыг авмагцаа бүх төслүүдийг “мартсан”, “булсан”. Хятадад барилга, барилгын материалын үйлдвэрлэл ханасан учраас энэ чиглэлийн хөрөнгө оруулалтаа нэмж амлаж одоо тэрбум орчим болсон ч мөнгө нь орж ирэхгүй, учир нь МАН-ынхан Засгийн эрхэнд гармагцаа “оруулж ирнэ”. Сэлэнгийн Ж.Эрдэнэбатын намдаа байгуулсан гавъяа нь энэ. Тэр нөхөр намаасаа баараггүй дэвшинэ. Харин АН-ынхан “сайд болгож, өрсөлдөгчийнхөө намтарт одон нэмээд” хөөсөн. Хятадын сүүлийн 7 жилд үйлдвэрлэсэн цементийн хэмжээ АНУ-ын 100 жилд үйлдвэрлэсэнтэй тэнцэнэ. Энэ хэт үйлдвэрлэл хятадын бүх автозамыг бариад зогсохгүй “сүнстэй хот”-уудыг бий болгосон. Үй олон орон сууц барьсан ч худалдан авагчгүй учраас үл хөдлөх хөрөнгөд оруулсан мөнгөний илүүдлээс хямарч одоо Хятадын биржүүдийн индексүүд унаж байна. Харин энэ илүүдлээ Хятадууд монголд хөрөнгө оруулалт болгож байгаа, тиймээс манайх хэрэгцээнээс давсан цемент үйлдвэрлэх үйлдвэрүүд барьсан, илүүг нь экспортлоно гэж байгаа ч тэрийг чинь хэн авах юм бэ? Угаасаа гол зах зэл Хятад чинь ханачихаад илүүдлээ, зогссон үйлдвэрүүдээ наашаа шахсан шүү дээ. Гэхдээ Хятадууд ганцхан монголд л хогоо шахдаг юм биш, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк бол энэ хямралын идээ бээрийг урсгах нэг суваг. Хятадад хэрэггүй ч хөршүүдэд нь дэд бүтэц хэрэгтэй. Гэхдээ манайх шиг бөөлжитлөө цусладаг орон бол үүнд нь сүйрдэг. Хятадууд одоо бол УЦС, ДЦС, барилга, зам барихад гар татахгүй л дээ. Ганцхан нөхцөлтэй, тэр нь хятадын компаниуд л барина. Хятад мөнгөн дүнгээрээ тусламж үзүүллээ ч түүнийгээ өөртөө буцааж шингээнэ.

Эдийн засгийн орхиё. Энэ бол зүгээр л сонгуулийн пиарт ашиглагддаг тооны цаад утга. Гэхдээ олон нийт нэг сонголтыг хоёр хувилсныг мэддэггүй.

Тэгэхээр луйврын багш хэн бэ? Оросууд. Манайхан өөрсдийгөө цэнхэр хошноготой, Чингисийн угсаа энэ тэр гэж цээжээ дэлддэг ч яг үнэндээ “үзэл суртлын обьектын” талаараа “хомо советникус” л байхгүй юу даа. Энэ улс орны энэ ард түмний тархийг 70 жил “базаж” байсны хувьд Оросын пиарчид сонгуулийг хэрхэхийг ардчиллын эхний хэдэн жил “Ленин багш лугаа” адил зааж ирсэн. Нээрээ манай ориг монголчууд “лугаа” нөхцлийг “-тай адил” гэж ойлгодог чинь буруу энэ “луга, лүгэ” бол харъяалахын тийн ялгал дангаараа шүү дээ. Чухамдаа Оросын пиар агентлагуудын оролцоо идэвхжсэн 2008 оны сонгуулийн дараа луйвар булхай хэрээс хэтэрснийг эсэргүүцсэн бослого гарсан. Үүнийг Оросуудыг анх урьсан С.Баяр л тогтоон барьж, АН-ыг урьж ардчиллын “стандартад нийцэхгүй” шийдвэр гаргаж байж дарж авсан. Харин Оросын пиарчдын ачаар МАХН-ын хамгийн увайгүйчүүд нь ялалт байгуулж байсан. Жишээ нь Загджав, Идэвхтэн хоёроос Загджав нь нөгөөдүүлтэйгээ илүү гар нийлж байсан учраас ялж байлаа шүү дээ.

Энэ бүх үйл явцад оролцож байсны хувьд хэлэхэд таван хүний амь зольсон сонгуулийн дүнгийн будлиан “тэнэмэл” Оросуудын увайгүй ажиллагааг зогсоосон юм. Гэхдээ Оросын төр засаг үүнийг зохион байгуулалттай хийсэн юм биш харин хэр тааруу Оросын пиар агентлагууд, тэднийг урьж авчрагчдын балаг л ийм юманд хүргэсэн. Тэд нь жинхэнэ дээрэмчний маягаар “сүүдэрт” ажилладаг байсан, гэхдээ сонгуулийн үр дүн нь муу байгаагүй л дээ, хомо советникусуудыг яаж аргалахаа мэддэг байсан л хэрэг. Тэднийг Москвагаас, Эрхүүгээс ер нь хаа тааралдсан газраасаа л “урьдаг” байсан. “Нэгдмэл Орос”-ынхон Монголчуудын хэр хэмжээнд тааруулж орон нутгийн пиар агентлагуудад МАХН-ынхныг сургадаг байсан.  Гэхдээ улаан Оросын пиарчдаас айсандаа хар машин авчирсан юм биш, манайхан муу юмыг давуулж сурна уу гэхээс дутаж сурахгүй, гол нь ахиад таван хүн алагдахаас айсан. Ядаж л буруу булхайгаа машин руу чихсэн бол аль эрт хөөрхий машинууд МАХН-ын байр шиг болчих байсан юм. Оронд нь цагаан машин аваад ирж болно.

Оросуудаас сурах юмаа сурсан гэж бодсон МАХН-ынхан өөрийн орон нутгийн туршлагатай урвалд оруулаад сонгуулийн луйврын бүхэл бүтэн системтэй болсон юм. Үүнд нь анхан шатан дахь “хөл” гол үүрэг гүйцэтгэдэг болсон. Чухам үүнтэй холбоотойгоор сонгуулийн зардал сүүлийн гурван жилийн инфляцаас ч давсан хурдаар өссөн юм. Тойргийн хороо, хэсгийн хороо түүнд ажиллагч мэргэжилтнүүдийн “нам дамнасан” сүлжээ бий болсон. Сонгуулийн дүнг чухам яг энд л шийддэг, бүх зардал яг үүнд чиглэдэг болсон юм. Тэр үеэс л хороон даргын суудал маш үнэтэй болсон.

Лав л би өөрөө сонгуулийн нийт зардлынхаа 20 хувийг цэвэр нөөцөд үлдээж, сүүлийн шөнөд хэрэглэхийг зөвлөдөг байсан. Нийтдээ 50 шахам луйврын арга бий. Үүнээс цөөхөн арга ажиллагааг дурдая л даа. Гэхдээ энд зөвхөн санал хураалтын өдрийн буюу бидний ёжилдгоор “Варфоломейн шөнийн” ажиллагаанаас гэм хоргүй хэсгийг дурдана. Бүгдийг нь илчилбэл би өөрөө юу хийх билээ, тийм ээ?

Гол луйврыг задгай буюу албан ёсны хаягийн бүртгэлгүй хэсэг дээр хийдэг байсан. Өөрөөр хэлбэл яг энэ хэсэгт “царцааны нүүдэл” хийж задгай хэсгийн оршин суугчдын иргэний үнэмлэхүүдийг нь худалдаж аваад өөрийн хүмүүсийг оронд нь оруулж санал өгүүлдэг. Төвийн хороололд бол олонх айл түрээсээр амьдардаг. Тэд өөр хаягийн бүртгэлтэй, сонгуульд оролцдоггүй, оролцсон ч тойрогтоо очдог учраас тэдний оронд “өөрийн хүмүүсийг” бүртгэлтэй хүмүүсийн нэр дээр тоолуулж санал өгүүлж болдог.

“Гинжин хэлхээ”-ний арга байна. Сонгогчийг тосож уулзаад өөрийн хүнийг дугуйлсан саналын хуудас өгнө. Сонгогч түүнийг саналын хайрцагт хийгээд өөрийн саналын хуудсыг авчирч тушаана. 20 мянган төгрөг өгөөд “ок”. Дугуйлаад дараагийн хүнд...

Шөнө орой болмогц үй олон сонгогч ачиж ирээд санал хураах байранд оруулна. Тэд эмх замбараагүй шавж дайрахад хэсгийн хорооны ажиглагч нар хяналтаа алдаж саналын хуудас эмх замбараагүй олгох ба хөлснийхөн давамгай санал өгнө. Бүртгэлтэй тулгалт хийгээгүй буруугаа хэсгийн хорооныхон найзан дундаа нуугаад өнгөрнө.

Хэсгийн хорооны саналын хайрцгийг олзолж, өөрийн талын санал бүхий хуудсуудыг олноор хийх ба маргаан гармагц тойргийн хороонд хяналтын тооллого хийж эцсийнхээр тогтооно. Чухам ингэхийн тулд санал хураалтын цаг дуусахаас өмнө автобусаар хүн зөөж авчирдаг.

Саналаа ирж өгөх чадваргүй хүмүүсээс урьдчилсан санал авахдаа заримыг нь орхиж өөрсдөө нөхөх буюу гэр бүлийнхнээр нь нөлөөлүүлэх төлбөр төлж болно. За тэр цахилгаан таслах, эсрэг талын ажиглагчдыг худалдаж авах, буруу унших энэ тэр бол эртний аргууд. Хамгийн гол нь ийм ажлыг хийх хүмүүс олон жил ажилласан туршлагатай, нягт нямбай хүмүүс байх шаардлагатай. Нөгөө талаас ч яг ийм л хүмүүс орж ирдэг. “Авч өгч сурсан хадаг самбай” гэдэг чинь энэ.

Харин 2012 оны сонгуулиар  гайтай “хар машин” ороод ирдэг юм. Гэтэл “том” намуудад үй олон “ажилгүйчүүд” бий болов. Тэдний дөрвөн жилд нэг ирдэг биений юм нь байхгүй болооск. Бас чадваргүй, нэр хүндгүй улстөрчид ялагдсаныхаа шалтгийг чихэх нэг “хар хайрцагтай” болсон юм. Олон танилаасаа “Яагаад ялагдчихав аа?” гэж асуухад МАН-ынхан голдуу “Муу хар хайрцгаас л боллоо...” гэж шүд зуудаг байсан. АН-ынхан харин хайрцагтай заргалдаж чадаагүй ээ.

Адгийн наад зах нь орой баахан амьтан цуглуулж байгаад ачаад ирэхээр өнөө хар хайрцаг нь яг 20.00-д (МАН-ын эсвэл, АН-ын цагаар биш шүү, Грийнвичийнхээр) өөрийгөө лацдаад “алга дарам цаас” шидчихээд таг болчихсон байхгүй юу. Ямар шатаалтай нь биш. Тэр хайрцгаа тэврээд л гүйнэ, замдаа НИТХ-ын Гантөмөрийн хэлдэг шиг сейфнээсээ хэдэн багц саналын хуудас гаргаад чихэх нүх ч байхгүй. Чихлээ гээд хяналтын тооллогын дүнг бүх нэр дэвшигчдийн ажиглагчдад очсон тасалбартай тулгах ёстой.

Өөр хүнээр санал өгүүлье гэхээр хурууны хээ нэхэж зовооно. Хумсны будгийн мөнгө ч хэмнээд аятай юу. Яг тэр үед судлаач Х.Болорболд “Ардчиллыг хакердах нь” баримтат киног орчуулаад гаргах телевиз олдохгүй цухалдаад, бид утсаар ярьсан. ТВ-9 л цацсан. Нөгөө МАН-ын телевизүүд таг байсан. Гэтэл өнөөдөр бүгдээрээ л тэр киног эшлэж байна. Зохиогчдынх нь, ядаж орчуулагчийнх ч нэр байхгүй тууна. Яс юман дээрээ үзсэн ч юм уу даа, үгүй л байх?

Би сонгуулийн материал хэвлүүлэх гээд найзынхаа хэвлэх үйлдвэрт “кофедоод” сууж байв аа. Гэтэл хэд хэдэн хэвлэх үйлдвэрийн эзэд шинэ үйлдвэр оруулсан “Мөнхийн үсэг”-ийг муулж байна. “Америкийн мэргэжилтнүүд саналын хуудасны хэвлэлтийг хянаж байна гэнэ. Нөгөөдүүл нь орой 17.00 болмогц ажил дууслаа гээд явчихдаг аж. Манайхан яахав энэ муу америкуудтай америкуудгүй хэвлэж чадах юм чинь гээд шөнөжингөө саналын хуудас туушиндчихаж. Өглөө нь нөгөө империалистууд нь кофегоо ууж, өндөгөө идэж ирээд саналын хуудсыг шалгатал өгөр машин нь “голоод” болохоо байжээ. Хэвлэх машинаа суурилуулахдаа алдаа хийсэн үү, хүснэгт нь О,3 мм зөрснөөс ийм юм болжээ. Хэдэн саяын цаасаар шатаа бол?...” гэлцэн бах нь ханаж байв.

Тэд бол хэвлэхийнхэн, харин би бол пиарчин. Юуны өмнө тэр алдаатай хэвлэсэн саналын хуудас хаачсаныг л асууж сурна шүү дээ. Хожим уншихад “Номтойбаяр Дорнодын оёдлын цехэд хэдэн оёдолчдоор саналын хуудсан дээр нэрээ дугуйлуулж байгаад баригдаж гэнэ” гэх мэт мэдээ цувирч байв. Мөнхийн үсгийнхэн л явдаг АТМ-ыг хулхидчихсан бололтой. Бүр Чингэлтэйн 12 дугаар хорооны машинд санал хураалтаас өмнө алдаатай 21 саналын хуудас уншуулах гэж оролдсон тухай мэдээ штабт ирж байсан. Тэгэхээр өнөө хуудаснууд тарсан байх нь. Чухамхүү МАН-ынхан “Гар тооллого дахиж хийх” шаардлага тавьж гэдийгээд байсны учир нь гар тоологчид яагаад ч О.3 мм-ийн зөрүүг хардаггүйд л байсан гэж би боддог. Хэрэв гологдол хуудас бүрэн тарсан бол МАН-ын буянаар сонгуулийн ирц түүхэнд байгаагүй 132 хувьд хүрэх байсан. Гэтэл эвслийн штабын “ашиг хонжоо хайгчид” МАН-тай зөвшилцөөд гар тооллого хийхээр болсныг сонсоод шөнө дөлөөр яаран Төв штабт очиж энэ тухай хэлж байсан юмдаг. “Сексээр ханаж байгаа бол заавал нэмж гар хангалга хийх хэрэг юун” гэж байснаа л санаж байна.

Тэгэхээр машины тоог гараар нягтална гэдэг “Калькулятороор бодсоноо сампингаар хянадаг” байсан хашир ня-бо нарынхтай адил үйлдэл.

МАН-ынхан Маяковский, Ленин хоёрын бүтээл ямар ялгаатайг эргэн санахын зэрэгцээ Марксынхаар машин шатаах биш “Өмчлөгч нь хэн бэ?” гэсэн асуудал тавьсан бол ядаж хоёр зуунаар боловсролоо дээшлүүлсэн аятай харагдах байв даа. Бид нэг үеийнхэн учраас нэгэндээ санаа тавьмар аядах юм байна шүү. Үнэхээр хакерддаг юм бол машин биш программ буруутай, Америкчууд анхнаасаа АН-ыг ялуулах машин зохиогоод ирүүлчихээгүй бол шүү дээ, хэрэв мангар ч гэсэн ийм асуудал тавьсан бол ядаж хорин жилээр хоцрогдож байна гэхсанж. Харин тэр программыг нь олоод ямар “но” байгааг илрүүлсэн бол “Вот, хорошо” байтугай “Вери гүүд” гэхсэн.

Гэтэл иш мухаргүй гэр бариад, дарцаг хатгаад бөөлөөд эхлэхээр одоо яалтай ч билээ. Ядаж байхад Баабар нэг горхинд живчих гээд бас нэг машин тэврээд хэрэлдээд завгүй. Үнэндээ бас л өөрийн намынхандаа “Сайд Эрдэнээс машин нь илүү найдвартай” гэж нотлох гээд байгаа юм л даа. Тэгээд “Намайг намын гишүүн гэж битгий тооцоорой” гээд гомдоллоод суух юм. Эрдэнэд өсөрхсөндөө Энхболдод (М) тус болж болохгүй л дээ. Зарчим нь дээр. Машин бол зарчимд тулгуурладаг, гэхдээ ёс зүйн биш шүү.

Тээр жил Төв аймгийн нэг суманд хиймэл дагуул унав аа? Сумын дарга нь “Тэнгэрийн хишиг” гээд нэг өргөж аамаар эд ангийг нь хадгаар боогоод өрөөндөө тахичихсан байсан гэдэг. “Хар сүлд тэнгэрээс буусныг захын ганц модонд Мухулай тосч авав” гэх мэт домог ёсоор ч байж магадгүй. Дараа нь эрхбиш шинжлэх ухаанчаар Америкийн хиймэл дагуул унасныг тогтоосон. Хэрэв С.Буяннэмэх абугай “Их тэнгэрийн дүлий”-гээ бичсэнээс 50 жилийн дараа бол Америкууд биднийг бөмбөгдлөө гэх байсан биз. 80 жилийн дараа бол тахичихаж байгаа юм.

Харин өнөөдөр “Их тэнгэрийн дүлий” ологсод хотын төвд цуглаж, дүлийдээ найдаж унгараг гэгч болж байна. Наад дүлий хар хайрцаг чинь дэлхийгээр л нэг тарсан. Ядаж Ази, Африк, Латин Америкийн колонийн системээс салсан эрх чөлөөт тусгаар тогтносон ах дүү орнуудаас яадгийг нь асуучихаж болно оо доо? Энэ бүх эсэргүүцлийн ард дадсан сурсан луйвраа л үргэлжлүүлэх “үл үзэгдэгч гар” яваад байна гэж би хардаад байна л даа.

Жич: Сонгуулийн үеэр хар машин унадаг хүмүүс анхааралтай байхыг сануулж байна...