“Шилтэй ах”
Хүүхэд насны минь нэг дурсамж юм даа. Миний дүү Одбаяр бид хоёр авга ах Гомбосүрэндээ өгсөн нэр нь “Шилтэй ах”. Манай өөрийн гэр бүлд нүдний шил зүүдэг хүн байгаагүй.
Хүүхэд насны минь нэг дурсамж юм даа. Миний дүү Одбаяр бид хоёр авга ах Гомбосүрэндээ өгсөн нэр нь “Шилтэй ах”. Манай өөрийн гэр бүлд нүдний шил зүүдэг хүн байгаагүй. Аав маань бүүр сүүлд ойрын харааны шил зүүж ном сонин уншдаг байсан. Биднийг балчир байхад эмээ ээж, аав, ээж, Дамдиндорж ахын маань хэн нь ч шил зүүдэггүй байжээ. Тэгээд хүүхэд насны бяцхан тархинд нь тэгж “шилтэй”-гээрээ буусан уу, эсвэл эмээ маань тэгж нэрлэ хэмээн бидэнд сургасан уу, бүү мэд, Одбаяр бид хоёр ухаан суухын л “шилтэй ах”, “шилтэй эгч” хэмээн Гомбосүрэн ах, түүний гэргий Долгор эгч нараа нэрлэдэг байж билээ. Заримдаа “жаал ах” гэж нэрлэнэ. Ааваас минь дүү учраас тэгж нэрлэдэг байсан байх. Гэхдээ “шилтэй” гэдэг нь хоногшон үлджээ.
Их өндөр биетэй, дух нь халзан, аавыг маань бодоход ээжтэйгээ (манай эмээтэй) илүү адилхан, хүүхэд насны дурсамжаар бол бид их айдаг, сүрддэг, тэгэхдээ тоглоом шоглоомтой, донжтой, гэргий нь ихээхэн шаардлагатай, байнга сургамжилдаг, тийм нэг эхнэр нөхөр хоёр манай гэрээр байнга ирдэг байж билээ. Эх нь ах Дашдоржийнд нь амьдардаг, манай хоёр айл хоёул 40 мянгатад, ирж очоод байхад ойрхон, тийм учраас Гомбосүрэн ахынх манайх хоёрын дунд жим гарсан, явдаг маршрут нь тогтчихсон, тэр цагаас хойш лав 50 жил болчихож дээ.
Одбаяр бид хоёр, Жанчив ахын Содгэрэл, Нарангэрэл хоёр, ингээд бид дөрөв бол Балбар өвөө, Даваажав эмээ нарын анхны ач нар нь (эрэгтэй хөвгүүд). Гомбосүрэн ах маань хүүгүй, хоёр охинтой. Тийм учраас лав манайд ирээд Одбаяр бид хоёртой “эр хүн”-ий “тоглоом”-оор хатуувтар тоглоно. Тэгэхдээ айхтар шоглож цээрлүүлж байгаагүй. Хичээлийг маань их шалгана. Хичээлийн дэвтэрт “муу”, “дунд” байх аваас давтуулна, зохион бичлэг, цээж бичлэг хийнэ, алдсан тоогоор суран тэлээгээр хааяа ороолгоно. Маш гоё бичигтэй, засна гэж эрээн цоохор болгочихно. Тэр үедээ бид хоёрын айх сүрдэх нь ихдээд ирэх тоолонд нь сандардагсан. Хожим бодохнээ лав миний ажил амьдрал цэгцтэй төлөвшихөд Гомбосүрэн ахын маань энэ хатуу шаардлага их нөлөөлсөн болов уу гэж би боддог юм.
Ер нь бидний европ хүмүүжил, оросын соёл манай гэр бүлд нэвтрэхэд “шилтэй ах”, “шилтэй эгч”-ийн маань нөлөө асар их байсан даа. Тэднийд бид байнга очно, эр хүний хэрэгцээт ажилд нь зарагдана. Бид том болцгоогоод “шилтэй” хэмээн нэрлэхээ болиод өөрийнх нь нэрээр “Гомбосүрэн ах”, “Долгор эгч” гэцгээх болсон юм. Нүүдэл суудал, гэрийн тавилга өргөх байрлуулах, юм хүргэж өгөх, подвалыг нь янзлах гэхчлэн Одбаяр бид хоёр очиж зарагдана. Эмээ маань “Оч” л гэнэ, бид “За” л гэнэ. Очих тоолонд тэднийхээр дүүрэн орос хэвлэл, орос ном, зөвлөлтийн төв ТВ-ийн “Орбит” нэвтрүүлэг асаастай. Ёстой соёлыг түгээж байсан айлуудын нэг нь тэднийх гэж би боддог юм. Манайх ч бас дутахгүй, кино фото урлагийн хэвлэлүүд манай шуудангийн хайрцгаар ирнэ. Миний аав кино найруулагч, дүү нь уран зураач, ингээд эмээгийн маань олон жил цугтаа амьдарсан хоёр хүү нь энэ хоёр л доо.
Гомбосүрэн ахындаа анх хөл тавьснаа эргэж санавал лав 1960-аад оны эхээр, одоогийн боловсролын их сургуулийн зүүн урд талд солонгос эмнэлэг байсан, одоо бол үйлчилгээний жижиг төв, автобусны буудал байгаа, бараг саяхан болтол эрүүлийг хамгаалахын зориулалттай ажиллаж байсан хоёр давхар байр, орц нь урд талаасаа ордог, тэр байрны 2 дугаар давхарт байсан санагдана. Дараа нь “талхны тавин нэг” гэж алдаршсан 40 мянгатын байрны доод давхарт шилжиж ирээд хэсэг байснаа одоогийнхоо “хүнсний 20-ийн” дээдхи 2 дугаар давхрын 4 өрөөнд шилжиж суурьшсан байдаг юм.
Гомбосүрэн ах маань гэртээ уран зургаа зураад баахан будаг шудаг болчихсон, завгүй суухтай мөн ч их таарсан даа. Миний хүүхэд насны дурсамжийн ихээхэн хэсэг нь тэгж л бууж байна. “Шинэ төрийн эзэд ирлээ” хэмээх алдарт зураг хэрхэн бүтсэн, хэрхэн түүн дээрээ ажилласныг бид мэдэх юм. Үе үе очиж үзнэ. Одоо аль хэсэгт нь явна, хэнийг зурж байна гээд л би бүртгээд байна. Ах маань маш нямбай, цэвэрч, уйгагүй хүн тул ёстой л маш эмзэг нандин зүйлдээ хандаж байгаа аятай харагддагсан.
Хүүхэд насны мөрөөдөл маань зураач болох явдал гэж эхэндээ надад буув. Одбаяр ч зураач болно гэнэ. Ээжийн маань төрсөн дүү Долгорсүрэн нагацын маань хоёр дахь хүү Оргил бас зураач болно гээд бид гурав усан будаг, гуаш, ваатум цаас, зургийн дэвтрийг ёстой нэг зарцуулах шиг болно. Лав надад зураач болох хүслийг маань суулгаж өгсөн хүн бол Гомбосүрэн ах маань юм. Тэр үедээ үеийнхэн дотроо гайгүй зурдаг боллоо. Ханын сонин, шинэ жилийн өвлийн өвгөнийг бол яаж ийгээд болгоод л байсан байх. Тэр үед зурж байсан зарим зураг маань надад бий. Оргил бид хоёр “Beatles”-ээр өвчлөөд рок хамтлагуудыг зохиомжлоод нэр өгөөд мөн ч их зурсан даа. Харин Оргил маань Дүрслэх урлагийн дунд сургуульд шилжиж очоод зураач болох нь болсон. Би, Одбаяр хоёр нөгөө “мэргэжил”-ээ өөрчилсөн. Одбаяр маань барималч болно, сийлбэрч болно гэж ярьдаг хүүхэд байсан нь бас л Гомбосүрэн ахын маань нөлөө байсных.
Бидэнд ертөнцийг үзэх үзэл зөв төлөвшихөд Гомбосүрэн ахын маань үзүүлсэн нөлөө, хүмүүжил, алсаас өгсөн хайр ихээхэн нэмэр болсон гэж би боддог юм. Миний хүүхэд нас өнгөрч, оюутан болоод тэднийхээр очдог, тэд манайхаар ирдэг хэвээрээ. 1974 онд Гомбосүрэн ах маань БНМАУ-ыг тунхагласны 50 жилийн ойгоор “Урлагийн гавьяат зүтгэлтэн” болов. Би МУИС-ийн их сургуулийн нэгдүгээр курсэд сурч байв. Улсын Их Дэлгүүрийн дээд давхрын ресторанд нижгэр найр болов. Найр тараад ах маань ах дүүс, хамгийн дотны хүмүүсээ аваад гэр рүүгээ явлаа. Тэдэн дотор би байлцсанаа одоо ч хүртэл бэлгэшээж сайхнаар дурсаж явна. Ямар лут лут хүмүүс, гадаад хүмүүс тэнд байсан гэж санана. Тэдний хөгжүүн халамцуу яриа хөөрөө, харьцаанаас би хичнээн их юм олж мэдсэн гэж санана.
Гомбосүрэн ах маань миний оюутан амьдралыг их сонирхоно, ярьж хөөрнө, зөвлөнө. Зөвлөлгөө нь бүгд онч мэргэн. Би 3 дугаар курсээсээ хятад судлалын ангид шилжихэд тэрээр аль 1960-иад оны эхээр Хятадад үзэж байсан хятад хэлний сурах бичгээ өгч билээ. Өгөх өгөхдөө ханзаар ямар сайхан бичиж өгсөн гэж санана. Ханз цээжлэхийн тулд уйгагүй бичээд бай, байн байн бичээд бай, бичсэнээ гэрээрээ өлгө, жорлондоо ч өлгө гэж зөвлөнө. Би ангидаа гурвуулхнаа, гэхдээ хамгийн гоё бичлэгтэй нь намайг гэж багш нар, нөхөд минь үнэлнэ. Энэ бол миний нөгөө зураач болох хүслийг минь дэврээсэн Гомбосүрэн ахын маань гавьяа шүү дээ.
Тэр үеийн зураач хүн улс төрийн ямар ч өндөр мэдлэгтэй байсан юм, манайд ирээд аавтай маань улс орны амьдрал, дэлхийн байдлыг ярьж, би ч чих салгахгүй сонсоно. Хожим авга маань надтай дэлхийн байдлыг мөн ч их ярьдагсан. Ажил алба сайн уу гэж асуугаад л яриа өрнүүлэх нь цаанаа нэг логиктой, үлдэцтэй, чухам авгын минь боловсрол эрдэм гэрэлтэх шиг санагддагсан.
Би МУИС-иа төгсгөөд Радиогийн гадаад нэвтрүүлгийн албанд орчуулагчаар очиж, хааяа хааяа төв ТВ-ийн гадаад мэдээний албанд тайлбарлагчаар дайчлагдана. Миний зурагтаар гарсныг Гомбосүрэн ах маань үзчихсэн, дараа нь чи тэгж ярилаа, тэгж яриарай, чиний зангиа цамц тийм байлаа, сайхан байлаа, зохиж байна гэж ирээд л зөвлөдөгсөн. Зөвлөх ч яахав, чухам урам хайрлаж байсан нь тэр. Урам хайрлах нь ч хэтэрсэн дээ. Хэтрэнэ гэдгийг би өөрөөр хэлж байна. Гомбосүрэн ах, Долгор эгч нар маань гадаадад их явна, тэр үед гадаадад тэр бүр явдаггүй байсан учраас тэгж хэлж байна. Явах тоолондоо эмээд минь, ахдаа, бидэнд бэлэг авчирна. Намайг оюутан болсон хойно гадаадаас чамин зангиа, срочкон цамц, үзэг, цүнх гэхчлэн авчирч, би ч хэрдээ ганган явдагсан.
Гомбосүрэн ах маань үнэхээр хээнцэр, жинхэнэ сэхээтэнлэг хүн байсансан. Алхаа гишгээ цэх, тэгш нуруу, өндөр бие, сүрлэг царай, олон таван үггүй, Гомбосүрэн авгын маань тэр дүр одоо ч сэтгэлд минь гүн шингээстэй явна.
1994 оны 11 дүгээр сард аав маань өөд болоход Гомбосүрэн авга маань цусны даралт өвчнөөр 2 дугаар эмнэлэгт хэвтэж байж таарав. Хорвоод үлдсэн ганц ахынхаа хөдөөлүүлэхэд даан ч явж чадсангүй. Аавыг маань “Монголкино” үйлдвэрээс гаргаад гашуудлын цуваа төв замаар аажуухан явсаар Далан давхрыг зорьж байв. Тэр цувааг алсаас эмнэлгийн цонхоор харан нулимс дуслуулж зогссон гэхлээр Гомбосүрэн ахыгаа би хайрлаад хайрлаад, дурсаад дурсаад баршгүй мэт санагддаг юм даа.
Тэр минь үнэхээр аугаа хүн байжээ.