Монголын социалист нийгэмд сөрөг хүчин гэж байсан уу гэх асуудал эргэлзээтэй. Цэдэнбалын хэлмэгдүүлсэн гэх Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг нэрлэх нь буй. Харин тэд нь улс төрийн гэхээсээ ажлын арга барил таарч тохирохгүй, түүнийгээ ил хэлээд зайлуулагдсан улс ч юм шиг.

Тэгвэл сөрөг хүчин гэж байсан байнаа. Зохион байгуулалттай биш ч, монгол кино бүтээгсэд бол тухай цагийн сөрөг хүчний үүргийг өөрсдөө мэдэлгүй гүйцэтгэчихсэн, тэр нь түүх улирах тусам тодоос тод харагдах, хожим тэмдэглэгдэх болтугай!

Монголын олон ТВ-үүд алтан үеийнхний бүтээлийг уралдан гаргах нь нэг талаасаа түүхийг эргүүлж сануулсаар буй хэрэг хэмээн би үздэг. Тэгээд ч олзуурхдаг. Жишээ татъя. 1963 онд  Дожоодорж, Б.Жамсран нарын бүтээж, сөрөг хүчний гол дүрд нь М.Бадамгарав тоглосон “Аман хуур” киног яагаад хориглоогүй, зохиогч ба найруулагчийг нь хэрэгт хийгээгүй, хөдөө цөлөөгүйг одоо болтол би ойлгодоггүй юм.



Коммунист бүтээн байгуулалт, социалист хотжилтыг сөрөн зогсох эсэргүү авгайн дүр уг кинонд гардаг даа. Хотын захиргааны шийдвэрийг хээв нэг нулимаж байна. Албан бичгийг эрээн цаас гэж нэрлээд, Хот тохижуулах газрыг нь “Хот бусниулах газар” гэнэ. “Нүүж чадахгүй л гэж байна. Нүүсэнгүй гээд ариун цагаан ардыг шоронд хийхгүй нь лав”  хэмээн даапаална. Гал голомтоо авч үлдэхийн тулд тэмцлийн бүх аргыг сонгоход бэлэн байна. Хувийн өмчит  хөрөнгөтөн нийгмийн биет жишээ нь тэр авгай болж байна. Би намын гишүүн хүн, ийм дүр бүтээж чадахгүй хэмээн хулчийгаагүйгээр сөрөг хүчний баатарлаг дүр бүтээсэн М.Бадамгарав гуайдаа талархаад баршгүй.

Бас нэг эсэргүү кино байна. 1969 онд Ч.Гомбо, Г.Жигжидсүрэн нарын бүтээсэн “Анхны алхам” киног хаахгүй ч гэлээ, тэр эсэргүү яриатай хэсгийг нь яагаад хасчихаагүйг би гайхсаар явна. Социалист хөдөө, нэгдэл, социалист хөдөөгийн сэхээтнийг гутаан доромжилсон завхуул үг яриаг хадланч хэдэн нөхөр ярьж байдаг. Нэгдэл, сангийн аж ахуйнуудад хамгийн их алдаршиж байсан мэрэгжилтэн болох агрономчийг ёстой гутаах шиг болдог. Тэр нь тухайн бригад, хэсэгтээ бол нам-засгийн элч төлөөлөгч болж очиж байгаа хэрэг шүү дээ.



ШБОС буюу шинэ санаачилга, тэргүүн туршлагыг нь цаад нэгдэл, түүний нам захиргааны байгууллага нь үл тоож, тэр утгаараа социалист бүтээн байгуулалтад саад хийж, тэрийг нь давах гэж наадуул нь дур зоргоороо туршилт хийж байна. Тэр үед бригадын дарга, агрономч хоёрын дунд болдог хэрүүл, дараа нь дахин хэрэлдэж байгаа зэрэг бол социалист нийгмийн эсрэг босч тэрсэлж болдогийг нь харуулах шиг. Сөрж болдог юм байна, түүний дэргэд тэр нэгдэл, нам, захиргаа хэн ч биш гэдгийг далдуур бүр хоржоонтой хэлж өгч байна. Тэр агрономич гэдгийг чинь одоо л бид ойлгож байна гэснээрээ агрономчдыг бэлтгэдэг ХААДС-ийг гутаан доромжлоод тавьчих шиг. Тэр үед ХААЯ, ХААДС (одоогийн ХААИС) яагаад хэл ам хийгээгүйд гайхаж байна.



Социализмын үед сөрөг хүчин болж байсныг нь бахархан тэмдэглэхийн сацуу өнөө цагт түүхийн хүрдийг эргүүлэхийн төлөө байж бас болохгүйг анхаарууштай. Нэгэнтээ цагаатгаад эргээд алдаршуулчихсан, эрх барилцаж буй хоёр ч том нам тэр хүмүүсээр туг хийж ялалтаа хангаж яваа атал ТВ-үүдээр үзүүлээд байдаг нь харамсалтай!
 
Саяхан цагаан сарын дараа давтаад олон гаргасан “Өглөө”, “Тэмцэл” кино байна. Хэрэв тэгж олон гаргаад байх юм бол МАН сонгуульд яаж ялах болж байнаа? Монгол Ардын Намыг үндэслэгчид С.Данзан, Д.Бодоо нарыг чинь чөтгөр шулмын дүрээр (дайснаас ч дор) бүтээчихсэн байна шүү дээ. Гэтэл МАН-ын Тусгаар тогтнолын ордны ханан дээр нөгөө хоёрын өнгөт зураг заларч байдаг. МАН чинь ийм аймшигт мангасуудын буй болгосон нам  юм байна шүү гэх сэтгэгдлийг залуу үед өгч байна. Иймд МАН, МАХН-аас энэ хоёр киног хориглуулахаар давж заалдах нь зүйтэй мэт.



Богдыг ёстой муухайгаар, бас нэг араатны дүрээр гаргасан “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир” киног ТВ-үүдээр гаргуулахгүй байх талаар Гандан хийд, манай бурхны шашны бусад сүм хийдүүд, бурхны шашинтны  нийгэмлэг холбоод ажиллахгүй бол VIII Богдыг алдаршуулах одоогийн үйлсэд тань гай тарих нь байна шүү гэдгийг бас бодууштай.