Манай сонины өнгөрсөн баасан гаригийн дугаарт нэрт нийтлэлч Ж.Гангаа “Хувийн хэвшил байшин  барих нь онц хүнд гэмт хэрэг үү” гэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэл бичсэн.  Том нийтлэлч том дуугарч дээ гэж бодогдлоо.      Нийтээрээ барилга байгууламжийг нураах хэрэгтэй  гэж гэнэт сэрсэн мэт дээр, доргүй ярьж буй энэ үед  ингэж өөрөөр харж, бичсэн нь цаг үеэ олсон зөв зүйтэй сэдэв болсон санагдлаа.

Сүүлийн хэдэн өдөр барилгатай холбоотой осол  гарч, хүний амь эрсдэх,  бэртэх тохиолдол хэд хэд гарсан. Барилгын осол гэдэг нэр томьёо ч бий болчихлоо.  “Тэнгис” кино театрын  хажуугийн барилга дээрээс тулгуур төмөр унаснаас болж 19 настай залуу амиа алдсан  бол, Хан-Уул дүүрэгт мөн л хоёр хүн барилгын ослоор нэг нь бэртэж, нөгөө нь амь эрсдлээ. Үүнээс  өмнө бас 12 настай охин  насбарсан.  Дараа нь барилга дээр ажиллаж байсан хүн амь эрсэдсэн гээд л ар араасаа сэтгэл сэрхиймээр үйл явдлууд гарлаа.  Ядаж байхад Төрийн ордных нь хашааны плита хүртэл хүний толгой дээрээс уначихлаа.  Ингэж  барилгын ослоор хүний амь эрсдэж, бэртэж гэмтэх нь   сүүлийн үед гэнэт  болоод байгаа  юм биш. Жилдээ 100 гаруй хүн ийм  ослоор хорвоог орхидог байна. Аймшигтай тоо. Сүүлийн хэд хоногийн хувьд ойр ойрхон, өдөр бүр ийм хэргүүд гарснаараа  л олны анхаарлыг   ингэтлээ татлаа. Жилд 100 гаруй хүн  барилгын  осолд ордог гэхээр сард арав орчим хүн өртдөг байх нь.  Дайн дажингүй энх цагт монголчууд бид цөөхүүлээ хэрнээ цаг бусын үхлээр ингэж цөөрсөөр байна.

Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрддөггүй, мөрдүүлэх гэж  хяналт тавьдаггүйг   энэ тоо бэлхэнээ харуулж буй юм. Үүнд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд “Бид шаардлагаа тавьсан. Гэвч тэд ингэчихлээ” гээд сууж байдаг. Барилга дээр ажиллаж буй хүмүүсийн аюулгүй байдал, ажиллах нөхцөл, барилгын чанар, стандартад  анхаарах  биш барилгыг нь нураах тухай  ярьцгаах болж.   Уг нь бүтээн байгуулалт, осол хоёрыг ялгаж,  салгаж сурах хэрэгтэй юм.

Нэг барилга барих гэж хичнээн оон зөвшөөрөл авч, хичнээн их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулдаг билээ.   Барилгын компаниуд  барилга барих гэж 270 орчим бичиг бүрдүүлж, том, жижиг дарга нарын  гарын үсэг цуглуулдаг. Одоо зуу гаруй гарын үсэг цуглуулдаг болж цөөрсөн гэнэ лээ. Гэлээ ч   дэндүү хүнд суртал хэвээрээ л байна.  Энэ олон бичиг баримтыг  ном дүрмээр нь авна гэвэл бүр ч худлаа. Аргаа ядаад авч, өгөлцөж байж шийддэг гэж дуулддаг.  Энэ хүнд суртлыг давж, бичиг цаас цуглуулах гэж явсаар нэлээдгүй хугацааг алдана.  Зарим барилгын компани бичиг баримтаа бүрдүүлж дуусахаасаа өмнө ажлаа эхэлчихдэг нь банкны хүү, цаг хугацааны асуудлаас болдог аж. Манайд барилга барих нь улирлын чанартай ажил.  Гэхдээ зөвшөөрөлгүй барилга барь гээд байгаа юм биш. Хаа хаанаа хүнд суртлаа багасгаж, хариуцлагаа өндөрсгөх хэрэгтэй гэдгийг  харуулж байна.  Холбогдох байгууллагууд  юм хийе, бүтээе гээд байгаа хүмүүсийг бичиг цаас, хүнд суртал, авлига хээл хахуулиар уяхдаа  өөрсдөдөө  хамаатай мэт байдаг хэрнээ   осол гараад хүний амь эрсдэхээр  хариуцах эзэнгүй болчихдог нь хачин.

Хэд хэдэн осол дараалан гармагц ерөөсөө энэ барилга байгууламж бүгд муу, эднийг нураах, сөнөөх хэрэгтэй  гээд эхэллээ. Эвдэж,  сүйтгэх амархан ч,  бүтээн босгох хэцүү. Осол боллоо гээд бүтээн байгуулалтаас татгалзана гэдэг өөрөө утгагүй зүйл юм. Харин түүний оронд яавал осол гаргахгүй байх талаараа ярилцаж, хяналтаа сайжруулж, шийдвэр гаргах хэрэгтэй бус уу.

Хаа сайгүй  амтай болгон “Ард түмэн амьдрах баталгаагүй боллоо” гэж хэрээрээ бахиралдаж байна. Ингэж орилж буй хүмүүс архинаас болж хэдэн хүн амь насаа алддагийг мэдэх үү. Арав дахин илүү хүн амь эрсдэж, үүнээс олон хүн архичнаас болж  зовж зүдэрдэг. Архи уусан хүн эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй өрөөл бусдад  үргэлж муу зүйлийг авчирдаг.   Гэтэл яагаад архийг, архичныг эсэргүүцэж орилолдохгүй байгаа юм.  Архины хор хөнөөлийн эсрэг тэмцэхгүй хэрнээ бүтээн байгуулалтыг нураахыг шаардаж орилолдох нь манайхны яриад байдаг монгол ухаан гээч нь үү.

Утаатай гэрээсээ орон сууцанд орох  гээд урьдчилгаа мөнгөө өгсөн хүмүүс хүлээж буй барилгыг нь нураахаар хохирно гэж яагаад ярихгүй байна. Маш олон хүний хүсэл мөрөөдөл, амьдрал сүйрнэ. Юун хадгаламж зээлийн хоршоодын хохирогч. Тэрнээс олон иргэн хохирно. Тэдний мөнгөөр барилга барьчихсан компани  тэгээд яахав. Барилга дээр ажиллаж буй хүмүүсийн хөдөлмөр талаар болох тухай яагаад ярихгүй байгаа юм.  Дэлхийн хаана ч осол, аваар сүйрэл гарлаа гээд тэр улс үндэстэн бүтээн байгуулалтаасаа, улс орныхоо ирээдүйн том зорилго, зорилтоосоо ухарч байгаагүй.     

Онгоц сүйрч хүний амь эрсдлээ гээд бүх онгоцыг устгадаггүй. Чухам юунаас болж сүйрэв, хэний буруутай үйл ажиллагаанаас болов, тэр онгоц нь чанарын шаардлага хангаагүй байж уу гэж л ярьдаг, шалгадаг. Тухайн компани өөрийнхөө онгоцыг чанаргүй муу хийсэн бол хариуцлагаа үүрнэ. Нисэхийн авиа компани хугацаанд нь засвар үйлчилгээгээ хийгээгүй бол, хөдөлмөр, аюулгүй байдлын дүрэм зөрчсөн бол хариуцлагаа үүрдэг. Аль эсвэл нисэгчийн буруугаас осол гарсан бол тэр хүн хариуцлагаа хүлээдэг. 

АНУ-д 2001 оны есдүгээр сарын арван нэгний аймшигт халдлагын дараа дэлхийд алдартай хоёр өндөр барилга сүйрч хэдэн мянган хүн амь эрсэдсэн. Гэтэл АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш тэр аймшигт хэргийн дараа ирээдүйн зорилгоосоо няцаагүй. Тэд терорризмтой тэмцэхээ зарлаж, харин хоёр өндрийн буурин дээр дахин дэлхийн худалдааны төвийг барихаар  бүтээн байгуулалт хийж  буй билээ. Түүнээс бус энэ барилга терорристуудын ая даахгүй дэлбэрчихлээ. Дахиж энд барилга баривал тэд халдчихна гэсэнгүй. Нью-Йорк хотын амбан захирагч Майкл Блумберг  есдүгээр сарын арван нэгэнд амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэн хэлсэн үгэндээ ”Зүрхний гүн рүүгээ нэг удаа ч гэсэн харж, бид тэр хүмүүсийг дурсах ёстой юм. Гэхдээ бид ирээдүйгээ бүтээж цааш явах ёстой” гэжээ.

“Рос атом” компаний гүйцэтгэх захирал С.Криенко Японд цунами болж атомын цахилгаан станцад асуудал үүсэхэд “Японы атомын цахилгаан станцад асуудал үүссэнээс болж цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал тэнэг хэрэг. Энэ бол цөмийн энергийн салбарын бахархал байх ёстой. Энэ салбарт бид амжилт олох юм байна. Байгалийн тэр их давагдашгүй хүчин зүйлийн өмнө ийм  бага хохирол учирсан нь энэ салбарт бид амжилт олсныг харууллаа” гэсэн. Тэд хийсэн бүтээснээсээ ухарсангүй. Харин ч зорилгынхоо төлөө цааш явахаа ингэж илэрхийлсэн байна. Ийм эрсдэлтэй  зүйл болчихоод байхад шүү дээ. Харин бид хийж бүтээж буй зүйлээ нураая гэлээ. Их том ялгаа шүү.

Ямар нэг осол эндэгдлийн цаана  буруутай этгээд, хариуцлага үүрэх хүн байдаг.  Үүний цаана  стандартын шаардлага хөдөлмөр аюулгүй байдал, ажилдаа хайнга хандсан ажилтан, эрх бүхий байгууллагууд гээд хариуцах эзэн нь байж  таараа.  Хариуцлагын тогтолцоо нь буруу. Хэн хариуцлага үүрэх нь тодорхойгүй. Бие бие рүүгээ бурууг тохоод л эцэс сүүлд нь баригдаж байгаа барилга буруутай болж, нураалгах дээрээ тулаад байгаа нь инээдтэй хэрэг. Барилга барих гэж  түмэн бичиг цаас зөвшөөрөл авахыг тулгадаг хэрнээ, тэрнийхээ дагуу шаардлага тавьж шалгадаггүй нь хэний буруу вэ. 

Төрийн албаныхан нь барилгын компанийнхныг   бүтээн байгуулалт хийж байна гэхээсээ илүүтэй авлига авах гэж  дарамталдаг нь хэнд ч нууц биш. Шаардлага тавихдаа хэдэн төгрөг халааслахаа урьтал болгохоос, чанар нь ямар байгааг тоодог бил үү. Шат шатандаа барилгын компанийг дарамталж, чанартай барилга барих хамаг хөрөнгийнх нь ихэнх  хувийг  залгичихаар яаж чанартай бүтээгдэхүүн  гарах  юм.  

Барьж байгаа барилга, барьчихсан орон сууцуудыг  нийтээрээ нураах гээд шаагилдаад буй нь хачирхалтай юм.   Үнэхээр чанарын шаардлага хангахгүй барилга байгууламж байвал мэргэжлийн байгууллага, албан тушаалтнууд хүлээж авахгүй  байдаг юм байгаа биз. Барьсан барилгуудыг нураая, бүтээн босголтыг үгүй хийе гэж нийтээрээ шуугилдаад байхаар өөрийн эрхгүй хардах юм. Хэн нэгэн хүн, хэн нэгэн бодлоготон, аль нэгэн хүчин бүгдийг нийтээр нь ингэж шууруулж, савлуулаад байна уу.  Үүнд ямар нэгэн зорилго байх шиг. Энэ талаар сэтгэгч, нийтлэлч нар ч учир начрыг нь гаргаж, бүтээн байгуулалт, осол эндэгдлийг ялгаж, салгаж  олон нийтэд хүргэмээр байгаа юм.