Социалист Хятад ба зөвшилцлийн ардчилал
Хятад бол авторитар дэглэмтэй, нэг нам 60 гаруй жил тасралтгүй төрийн эрх барьж буй, социализмын замаар тууштай замнаж яваа улс
“Ард түмний хүсэл зоригийн дагуу явсан төр сэргэн мандаж, эсрэг явсан төр унаж сүйрдэг.”
“Гуанзы” бүтээлээс, МЭӨ 600-аад он
Хятад бол авторитар дэглэмтэй, нэг нам 60 гаруй жил тасралтгүй төрийн эрх барьж буй, социализмын замаар тууштай замнаж яваа улс. Гэхдээ Улс төрийн товчооны 7, эсвэл Төв хорооны 25 этгээд л хятадын бүх асуудлыг шийдээд сууж байдаг гэж ойлгож болохгүй. Хятадад бодлогын шийдвэрийг гаргахдаа өргөн хүрээтэй зөвшилцөл, хэлэлцүүлэг өрнүүлдэг механизм, суваг аажмаар бүрэлдсэн бөгөөд үүнийг илүү төгөлдөршүүлж хэлбэршүүлэхээр зорьж байгаа юм. Ийм байхаас ч аргагүй эдийн засаг, улс төр, нийгмийн шалтгаан бий.
Хятад улс эдийн засгаа зах зээлийн жамаар хөгжүүлж, төрийн оролцоог стратегийн гэх салбаруудад л хадгалахаас бусдаар аль болох зах зээлийн жамаар баялгийг хуваарилах чиглэл баримтлаад 35 жил болж байна. Эндээс Хятадад бүх зүйл зуун хувь дээрээс доош захиргаадсан шат дамжлагатай байх боломжгүй гэдгийг харж болно. Ядаж л эдийн засаг хэмээх гол тулгуур баганыг түшилцэж байгаа хувийн хэвшил, компани, корпорациудынхаа үгийг сонсох, тэдний санал, шаардлагыг тусгасан бодлого гаргах шаардлага гарна.
Нөгөө талаар улс төрийн өрсөлдөөнгүй нөхцөлд нам дотроосоо сульддаг эрсдэлтэй тул Хятадын коммунист нам олон түмний жанжин шугам гэгчийг баримтладаг. Товчхондоо бол нам засаг ард түмнээсээ тасраад хаданд авирчихгүй байх л гэсэн санаа. Намын бүх кадрт олон түмний жанжин шугам гэдэг бол бүх зүрх сэтгэлээрээ ард түмэндээ үйлчлэх зорилго мөн гэх зэргээр бараг цээжлүүлдэг. Нам үнэхээр олон түмэнтэй ойр байгаа эсэхийг иргэдийн амьдрал, амьжиргаа сайжирсан эсэхээр дүгнэнэ гэдэг тов тодорхой шалгууртай. Энэ шалгуурыг биелүүлэхийн тулд олон нийт юу хүсэж байгааг ядаж л мэддэг байх ёстой, бүүр болбол санал санаачилгыг нь сонсоод бодлогод тусгадаг байх ёстой. Ийм шаардлагаар зөвшилцөл хэлэлцүүлгийн суваг, механизм аажим бүрэлдсээр байгаа юм.
Хятадад эдүгээ зөвшилцлийн ардчиллын дараах хэлбэрүүд байгаа. Ардын төлөөлөгчдийн их хурлын буюу парламентын тогтолцоон дотор хийж буй хэлэлцүүлэг зөвшилцлүүд, энэ нь гол төлөв төлөөлөгчийг нэр дэвшүүлэх сонгох явц, хууль тогтоох үе шатад гэх мэтээр хэрэгждэг. Хоёрт, Улс төрийн зөвшилцөл. Хятад Коммунист нам төвтэй олон намын тогтолцоотой гэж өөрсдийгөө үздэг. Коммунист нам олонхийг төлөөлдөг гэж үзвэл цөөнхийн саналыг яаж тусгадаг вэ. Гол механизм нь жил бүрийн хавар Ардын Төлөөлөгчдийн их хуралтай давхцан зохион байгуулдаг Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хурал бөгөөд цөөнхийн саналыг авах хамгийн дээд шатны байгууллага гэж үзэж болох юм. Гуравт, суурь шатны ардчиллын практикийг хятадын зөвшилцлийн ардчиллын чухал хэлбэр гэж үздэг. Иргэдийн дунд хэлэлцүүлэг, зөвшилцөл явуулж, хороо дүүргийн асуудлыг шийдэх, тухайн орон нутагт хэрэгжүүлэх төсөлд дэмжлэг авах, аливаа нэг бодлого асуудлаар саналаа нэгтгэх, зарчим байр сууриа илэрхийлэх зэргээр хэрэгжинэ. Ийм зөвшилцөл голдуу оролцогчдод шууд хамаатай асуудлыг хэлэлцдэг, зохион байгуулахад хялбар, мэдээлэл хангалттай, өртөг бага, үр ашиг сайтай байгаа ажээ.
Ийнхүү Хятадад бодлогын шийдвэрийг шинжлэх ухаанч, ардчилсан зарчмаар гаргахын тулд зөвшилцлийн ардчиллын тогтолцоог бий болгох, сайжруулах тухай намын XVIII их хурлын III бүгд хурал дээр (2014 онд) онцолж байсан юм. Си Зиньпин зөвшилцлийн ардчилал бол Хятадын социалист ардчилсан улс төрийн онцгой хэлбэр, өвөрмөц давуу тал бөгөөд намын олон түмний жанжин шугамын улс төрийн хүрээн дэх чухал илрэл гэж энэ хурал дээр тэмдэглэжээ.
Хятадад зөвшилцлийн механизм хэрхэн ажилладагийг тодруулахын тулд ганц хоёр жишээ татая.
Хятад улс тав таван жилээр хөгжлөө төлөвлөдөг. Таван жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа олон талын санал зөвлөмжийг төрөл бүрийн хүрээнд авч хэлэлцүүлсний үндсэн дээр баталдаг. Уг төлөвлөгөөг батлахаас 2 жил хагасын өмнө бэлтгэл ажил эхэлнэ. Хөгжил шинэчлэлийн хорооноос 25 салбар чиглэлээр судалгааны нээлттэй тендэр зарлахын зэрэгцээ тус хороо ч мэдээлэл цуглуулах, суурь судалгаа хийх бэлтгэл ажлыг явуулна. Энэ үеэр орон нутаг бас судалгааг давхар хийнэ. Судалгааны дүнгээ нэгтгэж “Таван жилийн төлөвлөгөөний санал” боловсруулдаг. Үүнд албан байгууллагууд, намын гишүүд, ахмад зүтгэлтэн, нам бусчууд зэрэг тодорхой хүрээнээс санал авна.
Улмаар “Таван жилийн төлөвлөгөөний санал”-ын үндсэн дээр “Таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр”-ийг бэлэн болгоно. Гол саналыг энэ хөтөлбөрт авдаг. Үндэсний мэдээллийн төвд байгуулсан иргэдийн санал бодлыг хүлээж авах офисс дээр интернэтийн сэтгэгдэл, гар утасны мэссэж, дуудлага, мэйл, захидал гэх мэт олон хэлбэр, сувгаар иргэдээс санал авна. Нөгөө талд Хөгжил шинэчлэлийн хорооноос Үйлдвэрчний эвлэл, Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Шинжлэх ухааны нийгэмлэг, Худалдаа дэмжих холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, ААН эрхлэгчдийн нийгэмлэг зэргийг урьж, бодлогын санал авч, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Түүнчлэн Бодлогын зөвлөл хэмээх эдийн засаг, шинжлэх ухаан технологи, нийтийн удирдлага, хууль, байгаль хамгаалал зэрэг янз бүрийн салбарын 55 экспертийг багтаасан баг (энэ багт эрдэмтдээс гадна ААН-ийн 4 төлөөлөл багтана) хэлэлцүүлэг хийж бодлогын зөвлөмж гаргадаг.
Энэ бүхний дараа таван жилийн төлөвлөгөөг батлахаас өмнө дахин хоёр үе шаттай санал авна. 4 сарын өмнө цомхон хүрээнд буюу орон нутаг, салбар, мэргжилтнүүдээс санал авдаг бол 3 сарын өмнө дахин дээрх газрууд дээр нэмээд Ардын их хурал, Улс төрийн зөвлөлдөх зөвлөл, нам бусчууд, ААН, олон нийтийн анхан шатны төлөөлөгчдөөс өргөн хүрээнд санал авдаг.
Энэ мэтчилэн олон шат дамжлагаар санал зөвлөмжийг 2 жил гарны турш авч, хэлэлцүүлсний дараа баталдаг. Ер нь бол судалгааны үе шат, санал хэлэлцүүлгийн үе шат гэж хоёр том дамжлагатай гэж харж болно. Мэдээж батлах явцын төрийн байгууллагаар хянаж хэлэлцэх үе шат явдгаараа хэрэгжинэ. Яг одоо XIII таван жилийн төлөвлөгөөг батлахын өмнөх сүүлчийн хэлэлцүүлгийг хийгээд дуусаж байгаа ба ирэх 3 сард эцэслэн батална.
Хоёр дахь жишээ бол хоёр жилийн өмнө хуралдсан XVIII их хурлын III бүгд хурлаар хэлэлцсэн сэдэв. Сэдвийг тогтоохдоо Улс төрийн товчоо эхлээд “... санал авах тухай мэдэгдэл” гаргаж, бүх орон нутаг, байгууллагууд хэлэлцэх сэдвийг судалж үздэг. Ингээд сэдвийг тогтсоны дараа ТХ-ны Улс төрийн товчоо Си Зиньпинээр удирдуулсан баримт бичгийн төслийн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулснаас хойш 7 сарын хугацаанд өргөн хүрээнд санал авч, тухайлсан сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулж, судалгаа шинжилгээ хийж, удаа дараа хэлэлцэн засварлажээ. Энэ хугацаанд ТХ-ны Байнгын Хорооны хурлаар 3 удаа, УТТ-ны хурлаар 2 удаа шийдвэрийг хянан хэлэлцээд санал авах төслийн хувилбарыг дахин нам дотор тодорхой хүрээнд хүргүүлэх, намын ахмад зүтгэлтнгүүдийн саналыг авах, ардчилсан нам бүлгийн хороод, Бүх Хятадын Үйлдвэр Худалдааны холбоо, нам бүлгийн бус иргэдийн саналыг авчээ. Санал авах явцад гаргасан олон зөвлөгөө, санал санаачилгыг ТХ-ны баримт бичгийн төслийн ажлын хэсэг нямбайлан цэгцэлж, саналын дагуу Бүгд хурлын шийдвэрт чухал нэмэлт өөрчлөлтүүд хийсэн аж.
Энэ хоёр жишээ Хятадын зөвшилцлийн ардчиллын талаар тодорхой ойлголт өгч байна. Үүнээс гадна Жөзян мужид орон нутгийн төсвийг батлахдаа иргэдийн шууд оролцоотойгоор хэлэлцсэн явдал Хятадын зөвшилцлийн ардчиллын амжилттай жишээ болж явдаг.
Онолын хувьд уг нь зөвшилцлийн ардчилал чөлөөт ардчилсан тогтолцооны салшгүй ойлголт. Ихэнх ардчилсан улсад төлөөллийн ардчилал эхэлж сууриа тавиад улмаар зөвшилцлийн ардчиллаар төгөлдөршиж хөгжсөн замнал туулсан аж. Нэг ёсондоо зөвшилцөл бол ардчиллыг хэрэгжүүлэх нэг арга хэлбэр, механизм маягтай оршдог бололтой юм. Сонгуулийн ардчилал ба зөвшилцлийн ардчилал нэг нэгнээ нөхөх, дэмжих маягаар хосолж оршвол төгсрөх юмдаг уу даа.
Гэтэл Хятадад тонгоруугаар хөгжөөд явчихаж. Хятадад сонгуулийн юмуу төлөөллийн ардчилал хөгжөөгүй байтал зөвшилцлийн ардчиллыг улс төрийн шинэчлэлтийн чухал хэсэг болгоод байгаа юм. Хятадын эрдэмтэд мэтгэлцэхдээ зарим нь Хятад чөлөөт ардчилалгүй байж зөвшилцлийн ардчилал ярих нь найдвар байхгүй гэж үзэж байхад нөгөө зарим нь өнөөгийн нөхцөлд Хятадад сонгуулийн ардчилал боломжгүй учраас эхлээд зөвшилцлийн ардчиллыг зүтгүүлж байх нь мэргэн сонголт мөн гэж үзэж байгаа ажээ. Авторитар дэглэмд зөвшилцлийн ардчилал ажиллаж байсан бодит туршлага байдаггүй учраас шинэ үзэгдэл, сонирхолтой эмпирик судалгаа болно.
Ямартаа ч Хятадад шийдвэр гаргах үе шатанд зөвшилцөл, хэлэлцүүлгийг хийж, нийгмийн янз бүрийн бүлгийн санаа бодол, зөвлөгөө зөвлөмжийг тусгах тогтолцоо бий болж, нэгэнт ажиллаад эхэлсэн байгааг харлаа. Магадгүй Си Зиньпиний хэлээд байгаа Хятадын онцлогтой социалист систем өөрөө өөрийгөө төгөлдөршүүлэн хэлбэршүүлэгч “амьд организм” болоход энэ чухал алхам байж ч мэднэ. Цаашид журам дүрэм нь зүй зохистой, үе шат нь бүрэн гүйцэд зөвшилцлийн ардчиллын тогтолцоог буй болгож, янз бүрийн суваг тухайлбал төрийн байгууллага, улс төрийн зөвлөлдөх байгууллага, нам, эвсэл, анхан шатны байгууллага, нийгмийн байгууллагуудын зөвшилцлийн сувгийг өргөжүүлэх ёстой гэж хятадын удирдлага үзэж буй юм.
2016 оны 2 дугаар сар 5
Сэтгүүлч
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
багы
Бата
Зочин
батболд
батболд
Зочин
Зочин
Зочин
Сайн байна уу
Зочин
Зочин
Зочин
Зочин
сэр
сэр
zochin
buu bur
зочин
Зочин
Үз
Zolo
Onom
Зочин