Монгол-Орос-Хятад: Гурвал
Саяхан Монгол, Орос, Хятад гурван улсын тинк танкуудын холбоо байгуулагдлаа. Ингээд гурван улсын төрийн тэргүүнээсээ авахуулаад судалгааны байгууллага хүртэл тогтмол уулзаж байх шат шатны механизм ерөнхийдөө бүрэлдэж байх шиг байна.
Саяхан Монгол, Орос, Хятад гурван улсын тинк танкуудын холбоо байгуулагдлаа. Ингээд гурван улсын төрийн тэргүүнээсээ авахуулаад судалгааны байгууллага хүртэл тогтмол уулзаж байх шат шатны механизм ерөнхийдөө бүрэлдэж байх шиг байна. Өнгөрсөн жилээс эхлээд ерөнхийлөгч нар жил болгон уулзаж байх тухай Монголын тал санаачилсныг хоёр хөрш дуртайяа хүлээж авсан. Яагаад гэвэл Хятад улс Торгоны замын эдийн засгийн бүс гэх түүхэндээ байгаагүй том стратегийг эх газар луу хэрэгжүүлж эхэлсэн, энэ стратегийн хүрээнд хятад зургаан том эдийн засгийн корридорыг байгуулж байгаагийн нэг нь Монгол, Орос, Хятад гурван улсынх болж байгаатай холбоотой. Харин Оросын тухайд Украйны хямралаас хойш нэг аврал нь Ази тив болоод байгаа, үүнээс гадна Төв Ази орчмын бүс дэх өөрийн орон зайг хятадын дээрх стратегид сул тавьж туухгүйн тулд Евразийн эдийн засгийн холбоогоо нэлээд чухалчлах хандлагатай болсон зэрэгтэй дээрх үйл явдал давхцсан хэрэг.
Энэ нь манайд ч тустай. Угаасаа гурван тал тогтмол уулзаж учраад нэг, хоёрдугаар сувгаар яриа хэлэлцээ хийгээд байгаагийн хамгийн эхний үр өгөөж эдийн засаг дээр гарах ёстой л доо, ялангуяа монголын тухайд эдийн засгийг л барьж авах нь зөв. Монгол Улс далайд гарцгүй болохоор хоёр хөршөөр дамжих зам транзитаа олшруулж байж л ертөнцийн мухарт кола уухаас хэтрэхгүй байгаа энэ байдлаасаа гарна. Үүнд Оросын ч Хятадын ч зүтгүүлж эхэлсэн том стратегиуд манай хувьд сайн боломж. Эхний ээлжинд авто зам, төмөр замаар гурван тал холбогдох ажлууд ахицтай байгаа нь мөнөөх эдийн засгийн корридортой холбоотой, 2020 он гэхэд 100 тэрбум болох ёстой Орос, Хятадын бараа эргэлтийн 10 хувь нь л Монголоор дайрч байхад л хэн хэндээ ашигтай. Гол хүндрэл болох санхүүжилт дээр Монгол, Орос хоёр Хятадад найдаж буй. Хятад улс Торгоны зам сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк гээд санхүүгийн хөршүүргүүдээ бэлдэж байгааг хэлэх үү.
Ер нь бол гурван талт хамтын ажиллагааны загвар эргэн тойронд маань олон бий. Япон, Өмнөд Солонгос, Хятад гурав 1999 оноос АСЕАН+3 загвараар уулзалддаг байснаа 2008 оноос дангаараа гурван тал яриа хэлэлцээ хийж эхлээд 2011 онд гурван улсын Нарийн бичгийн дарга нарын газрыг тусад нь байгуулж, улс төр, эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааг зохицуулдаг бөгөөд одоо засгийн газар хоорондын 50 гаруй яриа хэлэлцээний механизмтай байх жишээтэй. Бас Өмнөд Солонгос, Хятад, АНУ-ын гурван талын хамтын ажиллагааг Солонгосын тал санаачлаад байна. Орос, Энэтхэг, Хятад гурав, АНУ, Япон, Австрали гурав, АНУ, Япон, Энэтхэг гурав, Хятад, Африк, Европ гурав гэх мэт гурван талт хамтын ажиллагааны загвар ер нь л сүүлийн арван жил олон улсын харилцааны нэг моод болоод байна гэх юм уу даа. Эдгээрээс манайх шиг хоёр том гүрэнтэй гурвалах гэж байгаа хамгийн ойролцоо хэлбэр гэвэл Хятад, Энэтхэг, Шри Ланкийн хамтын ажиллагаа. Хятадууд санал болгосон байдаг. Хятадууд Шри Ланктай олон тэрбумын том төсөл хэрэгжүүлэхээр тохиртол Энэтхэгүүд зэвсгийн зориулалтаар ашиглаж болзошгүй гэж хардсанаар гурван тал хамтрах нь зүйтэй гэж үзсэн бололтой юм. Манай төмөр замтай төстэй сонсогдож байгаа биз. Хятадууд Торгоны замын эдийн засгийн бүсийн стратегиа хэрэгжүүлэхдээ эргэн тойрны жижиг орнуудтай хамтрах зайлшгүй шаардлага гарч байгаа, гэтэл шууд ба шууд бус хүндрэл гараад байгаа учраас тэр жижиг улсыг “баздаг улс”-тай нь гурвуул хамтрах замаар бэрхшээлийг шийдвэрлэх хандлага ажиглагдаж байна. Хятад, Энэтхэг, Непал гурван улсын тинк-танк хамтын ажиллагаа мөн л торгоны замын эдийн засгийн бүстэй холбоотой хоёр дахь жилдээ хийгдэж буй нь бас нэг жишээ.
Манай хувьд хоёр хөрштэй гурван талын механизм огт байгаагүй биш л дээ. 2005 оноос Гадаад яамны газрын дарга нарын түвшинд жил болгон уулздаг байсан ч санал солилцох төдийгөөс хэтрээгүй бол одоо дэд сайд нарын түвшинд гурвуул хэлэлцдэг болсноор бодитой хамтын ажиллагаанд овоо ахиц гарах шинжтэй. Дээрх хэлсэнчлэн тинк танкууд хамтрахаар болсон, тэд судалгаа хийж үндэслэл гаргаж өгөөд, засгийн газрын байгууллагууд шийдвэр гаргах ажлыг зохион байгуулаад, бодит ажлыг компаниуд тус бүрдээ хийж гүйцэтгээд явна, харин ерөнхийлөгч нар ерөнхий чигийг нь залаад явна гэхээр гурван талын загвар ерөнхийдөө яриа хэлэлцээ ба хамтын ажиллагаа гэсэн хоёр хэлбэрээр урагш ахих бололтой.
Монгол, Орос, Хятад гурав ингэж хэлхэлдээд, монголын гуравдагч хөршийн бодлого хүссэн хүсээгүй жийгдэх вий гэх болгоомжлол төрж мэднэ. Яг үнэндээ гуравдагч хөршийн бодлого өнөөг хүртэл улс төрийн түвшинд л өрнөж ирлээ шүү дээ, дараагийн шат ахия гээд эдийн засгийн салбар руу орох гэхээр нэг бол бодит үр ашгийн тооцоон дээр унана, транзит тээврээс авахуулаад, дээрээс нь хөрөнгө оруулагчдад таатай бус.
Тэгэхээр гуравдагч хөршийн бодлогыг шат ахиулах урьдач нөхцлийг хоёр хөрштэйгөө нийлээд хийж байна гэж өөдрөгөөр харж болох юм. Нөгөө талаар Монгол, Япон, Хятад гээд гуравдагч хөршийг оруулсан гурван талын хамтын ажиллагааны загварыг ч санаачилахад болохгүй юмгүй мэт.
Ер нь гурван талт хамтын ажиллагааны давуу тал их. Ашиг сонирхлын нийлбэр дээр урагшлах учраас хурдан ахина, өгөөж ихтэй байх талтай. Сул тал нь гурван талын ашиг сонирхол давхцахгүй бол гацах магадлалтай боловч тийм асуудлыг хоёр талын хүрээнд шийдэх байдлаар үлдээж болдог.
Монгол, Орос, Хятад гурван талын хамтын ажиллагаанд ялангуяа түүхчид жаахан таагүй хандах явдал ажиглагддаг. Бид даяаршлагдсан эрин зуунд, тусгаар улсын статустайгаар хоёр хөрштэйгээ эн тэнцүү харилцаж байгаа өөр цаг үе. Гэсэн ч түүхчдээ ч сонсож, цаг үедээ ч дүн шинжилгээ хийж энэ гурван талын хамтын ажиллагаа аль хүртэл явах ёстой, эргэлдэх орон зай нь хэр том байх боломжтойг эрх биш тунгаасан буй за.
Зочин
Зочин
Зочин
Батж. Батбаярын зувчуулсан 5 тэр бумын асуудал
Х
Зочин
хэхэ
Эдийн засгийн алуурчин
Зочин
Зочин
Зочин
Зочин
гАНА
80804877
Зочин