Монголын улстөр дэлхийгээс зөрж, стандартаас тэс хөндлөн явна. Улс орнууд сайн засаглалын төлөө байхад манайхан зугтааж байна. Ардчилсан төртэй улс оронд ард түмэн нь улстөрийн намаар дамжуулж засгийн эрхийг барьдаг.  Харин манайд бүлэглэлүүд улстөрийн намаар далимдуулж эрх мэдлийг наймаалцдаг боллоо.

Стандарт 1

Ардчилал бол муу хувилбар. Гэхдээ түүнээс сайныг нь олоогүй явна. Ийм хэллэг XX зууны төгсгөл хүртэл дэлхийн улстөрчдийн дунд байлаа. 1998 онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Альберт Гор “сайн засаглал”-ыг улстөрд оруулж иржээ. Төр засаг ардчилсан байвал сайн. Авлига, хүнд сурталгүй ардчилсан төртэй бол бүр сайн. Энэ бол сайн засаглал. Гадна талаасаа хэлбэрийн ардчилалтай ч, дотроо авлига, хүнд сурталд идэгдсэн төрийг муу засаглалтайд тооцно. Тос дотроосоо өтдөг. Үүний адилаар дотоодын авлига хүнд суртал ч гадагшаа ардчиллаа “идэж” улсынхаа хөгжлийг чөдөрлөдөг.  Ядуу буурай, баялгийнхаа хараалыг хүртсэн гээд байгаа орнуудын хөгждөггүйн гол шалтгаан нь ардчилсан төр нь дотроо авлига, хүнд сурталд идэгдсэнийх ажээ. Тийм учраас л Альберт Гор сайн засаглалыг санаачилж, түүнийг нь дэлхийн улс орнууд ардчиллыг сайжруулсан, сайн хувилбар гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

 Сайн засаглал оршин тогтнохын гол тулгуур нь шударга хяналт. Сайн хяналтыг хүчтэй сөрөг хүчин л тавина. Хүчтэй сөрөг хүчингүй төрийг сайн засаглалтайд тооцдоггүй. Сөрөг хүчингүй бол бүх юм хяналтаас гарч, эрх баригчдын дур зоргын тоглоом  болдог. Өөрөөр хэлбэл, хяналтгүй төр засаг өөрөө авлига хүнд суртлын таатай хөрс болдог байна.  

 Өнөөдөр 160 гаруй орон ардчилсан төртэй. Тэдний нэг нь Монгол Улс. Ардчилсан төртэй улс орон бүр хүчтэй сөрөг хүчин бүхий сайн засаглалын төлөө явна. Харин Монгол Улс ганцаараа сүргээсээ тасарч, хүчтэй сөрөг хүчин бүхий засаглалын тулгуураа хөрөөдөн олонхийн хашаанд хашжээ.

Стандарт 2

Төрийг улстөрийн намаар дамжуулж удирддаг. Үүнээс өөр, илүү сайн аргыг хүн төрөлхтөн одоогоор олоогүй. Харин манайд олсон арга нь, намаар далимдуулж эрх ашгийн бүлэглэлүүд засгийн эрхийг хуваан барих хувилбар юм.  Үзэл санаа олон түмэнд хэзээ хүрнэ, тэр цагт хувьсгал хийгддэг гэсэн В.И.Лениний үг байдаг. Түүний энэ загвараар үзэл санаагаа олон түмэнд хүргэхэд намыг зэвсэг болгож ашиглаад өрмийг нь улстөрийн бүлэглэлүүд хүртдэг боллоо. Үүний бодитой жишээ нь, 2008 оны парламентын сонгуулийн дараахь эрх мэдлийн хуваарилалт. Тус сонгуульд МАХН олонхи болсон. Гэтэл МАХН-ын жирийн гишүүдийн  зүтгэлээр хүрсэн сонгуулийн ялалтын бялууг Н.Алтанхуяг, С.Баярцогт, Лу.Болд тэргүүтэй АН-ынхан хүртэж сайд болцгоосон. Хэрэв ийм стандарт бус шийдэл гаргах л байсан юм бол 45 хоногийн турш намаараа талцан сонгууль хийхийн хэрэг юу байв аа. Хамтарсан Засгийн газар нь өнгөн дээрээ хоёр намын эвсэл боловч үнэн чанартаа бүлэглэлүүдийн л нэгдэл. Жишээ нь, АН дахь “Алтан гадас”-аас Н.Алтанхуяг, С.Баярцогт, МоАХ-ноос Х.Баттулга, Зүүн хойд Азийнхныг төлөөлж Лу.Болд, МҮДН-ээс С.Ламбаа сайд болсон билээ.

Ер нь бүлэглэл байгуулахын ач холбогдол хоёр зүйлээр тод илэрч байгаа. Нэгд, аль нэгэн бүлэглэлд харьяалалтай байснаар АН-ын гишүүн байхаас ч хурдан, амар шалгуураар эрх мэдэл, албан тушаалд хүрдэг. Хоёрт, аливаа томилгоо болон бусад асуудлыг шийдэхэд бүлэглэлийн барьцаа шантааж, тохироо нь УИХ-ын гишүүний статусаас өндөр бөгөөд гол үүрэг гүйцэтгэдэг болсон. Тийм учраас л УИХ дахь зөвхөн АН-ын бүлэгт гэхэд хоёр бүлэг албан ёсоор байгуулагдлаа. Эхлээд “Эрдэнийн хувь” мэндэлсэн бол шинэ он гарсны дараа байгуулсан З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо хамгийн отгон нь болов. Үүнийгээ мань хүн “улстөрийн зорилгогүй, ердийн нэгэн төрийн бус байгууллага” гэж тайлбарлажээ. Улстөрийн бүлэглэлүүд зорилгоо анх цаасан дээр ингэж л тодорхойлдог юм. “Алтан гадас” ч, МАХН-ын Зүүний хүчний холбоо ч ингэж тодорхойлж байлаа. Н.Алтанхуяг анх “Алтан гадас”-ын квотоор АН-ын дарга болсон бол, шинээр байгуулагдсан “Ардчилсан хүчний холбоо”-ны шахалтаар намын даргаасаа огцорч болзошгүй гэж улстөрийн ажиглагчид дүгнэж байна.

Энэ парламентын өнгөн дээр бүлэглэлүүд идэвхжиж, тэдний дунд дахин хуваарилалт ч явагдаж  байна. Нэгэн үе МАХН-д М.Энхболдын хотын бүлэг, АН-д Н.Алтанхуягийн “Алтан гадас” хамгийн хүчирхэг байв. “Алтан гадас”, АН хоёрын аль нь тус намыг төлөөлдөгийг ялгадаггүй үе байсан бол, С.Баяр Ерөнхий сайд болсныхоо дараа М.Энхболдыг Шадар сайдаар үлдээж, сонгуулийн дараахь хамтарсан засагтаа Ерөнхийлөгч Н.Энхбаяртай зөрчилдөн байж хотын экс мээрийн суудлыг хадгалж үлдсэн нь түүний хотын бүлэг нам дотроо ямар хүчирхэг болохыг харуулна. Одоо энэ хуваарилалт МАХН-д У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбоо, АН-д Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-нд шилжиж байна. Зүүний хүчний холбоо бол 35 насны хязгаараар МАСЗХ-ноос шахагдан улаан сарнай зүүх эрхгүй болсон идэр насныхан. МАСЗХ-ны муу нэрээс дайжсан залуус ч Зүүний хүчний холбоог түшдэг. У.Хүрэлсүх МАХН-ын генсекийн албан тушаал, улстөрд удаан явсан цаг хугацаа, нам доторхи экс лидерүүдтэйгээ ойр явсан нөхөрлөлөөрөө Зүүний хүчний холбоогоо МАХН доторхи хамгийн хүчирхэг бүлэг болгож чадав. Тус нам доторхи Н.Энхбаярын орон зай бүдгэрч, С.Баяр түр завсарлага авсан. Дээр нь хотыг бүлэг, Зүүний хүчний холбоо хоёр цус холилдсон. Мөн намдаа ямар нэгэн албан тушаалгүй, бас хүчирхэг бүлэггүй Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байгаа. Энэ бүхэн нь У.Хүрэлсүхийг ганцаараа намын төвшний лидер байх боломж олгож тэргүүлдэг Зүүний хүчний холбоогоо дээхнэ үеийн АН дахь “Алтан гадас”-ын дайны хүчирхэг болголоо. Төрийн нэрээр МАХН-д ногдох квотын дагуу хийж байгаа сүүлийн үеийн томилгоонууд үүнийг харуулна. Үүнээс гадна МАХН-д жигүүр, Н.Энхбаярын, С.Баярын, Ц.Нямдоржийг дагасан Увсын гэж бүлэглэл бий. Хамгийн сүүлд УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, сайд Д.Зоригт тэргүүтэй Австралид төгсөгчдийн бүлэг ч төрж магадгүй сураг бий. Харин АН-д “Алтан гадас” бутарч задарсан, Х.Баттулга сайдын эрх мэдэл, менежмент, өмнө нь МоАХ-д багтдаг байсан Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн албан тушаалын сүр зэрэг нь МоАХ-ны бүлэглэлийг хүчирхэг болгож байгаа. Энэ нь бас л АН-ын квотоор хийж байгаа томилгоонуудаас харагдана. Нам доторхи бүлэглэлүүдээс гадна нам дамжсан бүлэглэлүүд ч бий.  Банкны хувьцаа, компанийн хувь эзэмшил, уул уурхайн лиценз дээр нам харгалзахгүй талцсан бүлэглэлүүд байгаа. Энэ нь байж болох ч улстөрд, төрийг удирдахдаа энэ бүлэглэлийнхээ эрх, эдийн засгийн ашгийг улс орон, ард түмнийхээс эрхэмд үздэг. Ийм компанийн, тийм бүлэглэлийнх гэсэн байнгын шошготой хүмүүс зөвхөн улстөрд төдийгүй хууль, шүүх, цагдаа, прокурорынхон дунд ч бий.

Улстөрийн бүлэглэл бусад оронд ч байдаг. Барууны судлаачид ийм бүлэглэлүүдийг иргэний нийгмийн шинжтэй бөгөөд “нохой бөөс”-ний үүрэг гүйцэтгэгчид гэж тодорхойлдог. Нохой бөөс биеийг нь гэнэт хазах мэт бодит байдлыг аажмаар хэлж ард түмнийг үнэний төлөө нэгдэн тэмцэхэд бүлэглэлүүдийн үүрэг дэмжлэг их. Хяналтгүй парламентад бол нохой бөөсний үүргээ сайн гүйцэтгэж чаддаг бүлэглэл сул сөрөг хүчнээс ч хүчтэйгээр сайн засаглалын тулгуур болж чаддаг байна. Харин манай улстөрийн бүлэглэлүүдэд нохой зан л байна. Үзэл бодлоороо нэгдсэн хэсэг хүмүүсийнх байсан улстөрийн нам бүлэглэлүүдийн нэгдэл боллоо. УИХ дахь олон намын тогтолцоо маань олон бүлэглэлийн цуглуулга болов. Намаар дамжуулж төрийг удирддаг байхад улстөрийн нам бол албан тушаал ахиж дэвших шат гишгүүр байлаа. Одоо засгийн эрх бүлэглэлүүдэд хуваагдсанаар бүлэглэлүүдийн авлига, хүнд суртал гээд хамаг л муу муухай бүхнээ чихдэг хогийн сав нь ч, орд газрын лиценз, тендерийн зөвшөөрлөө хадгалдаг төмөр сейф нь ч улстөрийн нам болж хувирлаа. Бүр сүүлдээ гэмт хэрэгт холбогдсон, сэжиглэгдсэн улстөрчдийн хоргодох байр нь улстөрийн нам болж, өмгөөлөл хамгаалалт хүссэн улстөрчид намаа сольж байсан тохиолдлууд ч бий.  

Бид иргэн төвтэй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах гэж 20 жил зүтгэлээ. Төрийг байгуулдаг гадна талын хэлбэрээ ч ардчилсан болгож чадсан. Харин төрийг удирддаг намуудаа шинэ нийгмийнхээ өнгө төрхөд нийцүүлж шинэчилж чадсангүй. Ардчилсан төр байгуулна гэчихээд төрийг удирддаг улстөрийн намаа хуучин, коммунист загвараар нь байгуулчихаад нийгмээ ардчилах гэж 20 жил будиллаа. Хуучин өнгө татсан дээлийг шинэ гэдэггүй нь энэ ажээ.

Бид  нам нь иргэнээ дагадаг нийгэм байгуулах гэж зорьж яваа. Гэтэл 20 жил нийгэм нь намуудаа дагаж будиллаа. Одоо бүлэглэлүүд хүчирхэгжсэнээр нам нь бүлэглэлүүддээ хөтлүүлдэг болов. Энэ бүхэн ганцхан манай улсад л байгаа стандарт бус жишиг. Ардчилсан төртэй 160 гаруй улс сайн засаглалын төлөө яваа гэдгээс дэлхийн 200 гаруй оронд төрийг намаар дамжуулж удирддагаас тэс хөндлөн стандарт юм.

Г.ОТГОНБАЯР