Ухаарал
“Ухаарал” гэсэн баримтат киног олж үзээд өөрийн эрхгүй уярлын нулимс унагав. Youtubе-д байна лээ.
“Ухаарал” гэсэн баримтат киног олж үзээд өөрийн эрхгүй уярлын нулимс унагав. Youtubе-д байна лээ. Byasalgal.mn – ээс ч үзэж болно. Маанитын чанга дэглэмтэй хорих ангид болсон випашяна бясалгалын талаар, тэнд суусан хүмүүсийн чин сэтгэлийн үгс, гол нь тэдний царайд гийсэн ухаарлын гэгээг хараад бидэнд, энэ нийгэмд чухам юу хэрэгтэй байгааг ойлгоно. Өнгө мөнгө, эрх мэдэл, нэр алдрын төлөө үхэлдэн тэмцэх шунал тачаал, эцэс төгсгөлгүй мэт хэрүүл дажин, үймрэл бухимдал... Энэ бүхний цаана хүн гээч амьтан юу эрнэ вэ? Аз жаргал, амар амгаланг л. Гэтэл тэр тийм олдошгүй эрдэнэ, хүршгүй холын зүйл үү? Бусадтай булаалдан, амь өрсөн тэмцэлдэх албатай юу? “Амгалан жаргал бол туйлын энгүүн зүйл. Хүн л өөрөө энгүүн байж чаддаггүй” гэсэн Багшийн үг санаанд орно. Эрх чөлөөгүй гяндан дотор жинхэнэ эрх чөлөө, энгүүн байхын сайхныг амталсан тэд үнэхээр хувьтай. Насан турш ямба хамбандаа бялуурч, горын идээгээр гулгиж яваагаа буян заяа гэж боддог хүмүүсээс хавьгүй дээд буян заяатан хуврагийн чуулган шиг санагдсан, тэр бясалгагчид.
“Дотор байгаа муухай юмсаасаа л салсан цагт учир утга бий болохоос зүгээр л энэ махан биеэ чөлөөлье гэж бодогдохоо больсон шүү”, “Хүнийг хайрлах сэтгэлгүй байсан бол одоо хайрыг мэдэрч байна. Хүнд туслах зүрхтэй болоод л нутагтаа очно доо” гэх, “Бясалгалд яс үндэс, шашин шүтлэг хамаагүй”, “Жинхэнэ амар амгаланг анх удаа л амсах шиг”, “Амьд явах сайхан л даа. Амьдрах бүүр сайхан” гэх зүрхний үгс хөвөрнө.
Тийм ээ, сайхан. “Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай” гэж дуулах андын минь дуу сэтгэлд цуурайтна. Хархорины хорих ангид оройн тоо болгон дээрээ хоригдлууд энэ дууг дуулдаг болсон гэнэлээ. Алдаж энддэггүй хэн байх вэ. Ухаарсан цагт, уярч хайлсан цагт урьдын алдас ариуслын шалтгаан болж хувирна. Зовлонд төөрсөн тэнүүчлэл гэгээн сайханд хүрэх жим байсан нь тодорно. Хүн алж, хүрээ талсан алуурчин ч бурханы хутаг олсон түүх зөндөө. “Гэмтэн бүхэнд ирээдүй бий. Гэгээнтэн бүхэнд өнгөрсөн бий” гэж Багш хэлдэг нь тэр бизээ. Тийм болохоор хүнийг одоогоор биш, өчигдрөөр нь харах хамгийн муухай. Тэгж харах юм бол Мял богдыг ч хараалч зүхэлч гэж доромжлох, Бурхан багшийг ч зуун эмстэй өдөр шөнөгүй завхайрагч гэж элэглэх. Өчигдөр хар үүл нүүгэлтэж байсан, өнөөдөр худлаа цэлмэг царайлах хэрэггүй гэж хөх тэнгэрийг чичлэх шиг. Үүл нүүгээд л өнгөрдөг, тэнгэр цэлмэдэг нь үнэн. Учир нь, тэнгэр угаасаа тунгалаг чанартай.