Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд – 1
Хүйтрэхээс өмнө 5-р сургуулийн гадна талбайд Дэрэнгийн хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглов оо.
Хүйтрэхээс өмнө 5-р сургуулийн гадна талбайд Дэрэнгийн хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглов оо. Том нь 17, баг нь 15 настай хүүхдүүд. Тоглохоосоо өмнө жоохон хүүхдүүдтэй тоглосон болохгүй юм шиг санагдаж, ямарч байсан гүйж, бөмбөгөнд хүрч, хөнгөхөн гүйж байгаад дуусгая гэж бодов. Өмнө нь Швед рүү яваад медаль авсан гэхээр нь нэг л итгэж өгөхгүй байсан юм. Манайхан Б зэрэглэлд давгүй тоглож байсан өөр спортын түүх мэдэж байсан, дээр нь хөлбөмбөгийн системгүй манай улс өмнөх арга барилаараа тоглосон байлгүй гэж бодогдсон юм. Системгүй бол хожих, хожигдох ямарч ялгаагүй байдаг хойно. Гэтэл бидний тоглолт маш өндөр зэрэглэлд болов. Дэрэнгийн хүүхдүүдээс хууралт хийгээд ганцаараа онцгойрох хүүхэд байсангүй. Маш сайн багийн тоглолт. Чадварлаг багууд алсын дамжуулалтыг бараг л хийдэггүйтэй адил Дэрэнгийн хүүхдүүд бидний эсрэг нэг ч алсын бөмбөггүй тоглов. Бид ч тэр. Дасгалжуулагчаар нь манай хамгийн ухаалаг тамирчин Б.Гарьдмагнай ирж, өөрөө дунд нь орж тоглолоо. Багийн зохион байгуулалт, ойлголцол, үндсэн техник үнэхээр мундаг. Алсын дамжуулалтгүй тоглохоор өндөр ур чадвар шаардаж үндсэн техник, багийн ажиллагааг дээд зэргээр шаардана. Өөрсдийгөө ядраахгүй зөв тоглосон учраас гурван цаг орчим тоглолоо. Зун очиж үзсэн Өмнөд Солонгосын хүүхдүүдээс тоглолтоороо ялгарч байгаа юм алга. Би лав ийм насны хүүхдүүдтэй тоглоод ингэж их гайхаж, биширч байсангүй. Бөмбөг араас эхлээд дандаа хувилбар, багийн тоглолт. Монгол хүүхдүүд ингэж тоглож байгаад өөрийн эрхгүй баярлаж, бахархах сэтгэл төрж дараа нь хүүхдүүдтэй баахан ярьж суулаа.
Дэрэн хөлбөмбөгийн клубыг үүсгэн байгуулсан Г.Мөнхчулуун буюу Чука ахтай 2011 оны Монгол – Филиппиний шигшээтэй хийсэн тоглолтын дараах нь ярьж суусан юм. Өмнө нь И.Отгонбаяр багшийн найз гэдгээр л мэдэх болохоос бараг танихгүй хүн. Хотын төвийн жижигхэн кафед ярьж суусан бидний яриа гурван цаг орчим үргэлжлэв. Хөлбөмбөгийн талаар өргөн мэдлэгтэй, алсыг харсан, хөлбөмбөгийг яаж хөгжүүлэх талаар мэргэжлийн хүн шиг ярьж байлаа. Гэхдээ Чука ахыг ярьсанаа хэрэгжүүлнэ гэж тухайн үед бодоогүй байсан ч, галт тэргээ аль дээр хөдөлгөчихсөн байсан юм. Монголд мэргэжлийн дасгалжуулагч байхгүй учраас ихэвчлэн гадаад дасгалжуулагчдаар Дэрэнгийн хүүхдийн багийг удирдуулж хажууд нь шигшээ багийн тамирчидыг туслах дасгалжуулагчаар ажиллуулж байв. Хөлбөмбөгийг сууринаас нь зөв эхлүүлж байгаа нь тэр. Хэнд ч анзаарагдамгүй хийж байсан ажил нь таван жилийн дараа үр дүнгээ бодитоор өгч эхэлсэн. Чука ахын авчирсан Японы Такаши анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөнг Таиландад мэргэжлийн гэрээ байгуулахад нь агентаар ажиллаж, улмаар энэ ондоо багтаж Хоромхоны Х.Цэнд-Аюуш, Эрчимийн М.Төгөлдөр, С.Гал-Эрдэнэ нарыг Таиландад сонгон шалгаруулалтанд оруулах болжээ. Манай хөлбөмбөгчдийг Хорватын клубуудтэй бэлтгэл хийлгэх дараагийн ажил яригдаж байна. Ази, африкийн хоёр үндэсний шигшээ багийг дасгалжуулж байсан Япон өвгөн хүртэл хүүхдүүдтэй ажиллаж, эцэг эхчүүдэд дэлхийд хэмжээний лекц уншиж өгч байна. Түүнчлэн Дэрэн хөлбөмбөгийн клуб бүх насны ангилалд тэргүүлэх болж, олон улсын тэмцээнд оролцдог болжээ. Угтаа бол монголд спорт тоглоомын төрөлд Дэрэн шиг гадны клубуудын стандартаар бэлтгэл сургуулилт хийдэг, тоглодог клуб гарч ирээгүй байна. Япон, Серб мэргэжилтнүүд монгол хүүхдүүдтэй ажилласны үр дүнд үндэсний лиг дээр хараагүй тоглолтыг Дэрэнгийн хүүхдүүд харуулж байна. Чука ах хөлбөмбөгийн холбооноос хэд дахин илүү ажлыг клубынхээ түвшинд хийж буй. Дараагийн мэргэжлийн хөлбөмбөгчид Дэрэнгээс гарч ирнэ. Яагаад гэвэл орчин үеийн хөлбөмбөг тэр чигээрээ систем болж байна. Хичнээн авьяастай байгаад системээ буюу үсгээ сураагүй бол гадны лигт тоглохгүй. А.Мөрөнг Таиландаас ирэхэд нь ярилцахад системтэй сургалт хамгийн чухал гэдгийг онцгойлон хэлж байлаа. А.Мөрөн ур чадварын хувьд гологдохгүй ч, системээ сайн мэдэхгүй болохоор талбайд гарч чадахгүй байгаагаа ч тодорхой хэлсэн. Сая Гуам явахын өмнөх шигшээгийн бэлтгэл дээр Серб дасгалжуулагч Воёислав Бразуличийг: Системийг нэгд нэгэнгүй хэлж өгч байна, маш ойлгомжтой тайлбарлаж байна, сайн сурч аваад явнаа” гэж хэлж байсан юм.
Монголын хөлбөмбөгт энэ үйл явц өмнө нь гарах боломж байсан. 1998 онд Монголын хөлбөмбөгийн холбоо дүрмээ баталж, ази болон дэлхийд данстай болсон мартагдашгүй үе. Гэвч энэ үеэс хөлбөмбөгийн холбоо зүй бус инстүүц, гэр бүлийн хэмжээгүй эрхт хаант засаглалын үеийг эхлүүлсэн юм. Үүнээс хойш 16 жилийг алгасаж өнөө үед ирье. Байдал яг хэвэндээ. Хөлбөмбөг улс төртэй холбогдсон учраас зүй бус инстүүц ингэж удаан оршин тогтнож байгаа юм. Тухайлбал хөлбөмбөгийн лигийн дасгалжуулагчид, тамирчдыг нэг нэгээр нь шахан гаргаж, хөлбөмбөгтэй ямарч хамааралгүй мөнгөнд дуртай нөхдүүдээр дүүргэсэн. Өнөөдөр удирдах зөвлөлд нь Эрчимийн М.Амарбаясгалангаас өөр хөлбөмбөгтэй холбоотой хүн байхгүй!
Хөлбөмбөгийн холбоо мөнгө ордог олон эх сурвалжтай учраас юм дуугарсан хүн бүрийг, ялангуяа дотроосоо дуугарах болсон тамирчидыг шигшээ багаас хасч, клубын дасгалжуулагчдын эрхийг хязгаарлаж, дасгалжуулах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах болсон. Амаар болон бичгээр тамирчидын тоглох эрхийг насаар нь болон жилээр хасч, хөлбөмбөгт хамааралгүй дуулгавартай нөхдүүдийг бага багаар хөлбөмбөгийн холбоонд оруулах болсон юм. Гадагшаа дандаа хамааралгүй хүмүүсийг явуулдагийн нэг жишээ сая давтагдаж Ази тивийн техникийн албаны дарга нар очиж сүүлийн дэлхийн аваргад азиуд хэрхэн оролцсон, цаашдаа яах вэ гэдэг хуралд ямарч хамааралгүй хүнийг явуулаад ирлээ. Дэлхийн аварга Германы төлөөлөл өөрсдийн туршлагаасаа манай тивийнхэнтэй хуваалцаж байна. Хайран юм. Хөлбөмбөгийн холбооны дөрвөн жилд болдог хурал тогтмол дүрмээ зөрчдөг бөгөөд 2010 онд их хурлыг долоо хоногийн өмнө зарлаад хуралдуулсан. Дүрмэндээ гурван сарын өмнө гишүүдэд албан ёсоор мэдэгдэж, их хурал болохоос нэг сарын өмнө хэлэлцэх асуудалыг танилцуулна гэж Монголын хөлбөмбөгийн холбооны 26.1, 26.2-т заасан байдаг. Олон улсын хөлбөмбөгийн холбооны 22.4, 22. 5-т дурайтал бичсэн байна. Зөвхөн энэ үйлдэл биднийг холбооны ерөнхийлөгч шигээ бандуулах хангалттай шалтаг. 2010 оны хурлаар дэд ерөнхийлөгчийг сонгоогүй боловч 2013 оны нэгдүгээр сард Б.Ганболдын томилгоогоор Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатарыг дэд ерөнхийлөгчөөр томилсон юм. А.Ганбаатар нь томилогдох биш их хурлаар сонгогдох ёстой бөгөөд уламжлал ёсоор “дүрмээ зөрчин” гэнэт дэд ерөнхийлөгч болсон. 22.1.Б-д зааснаар А.Ганбаатар нь дэд ерөнхийлөгч байх эрхзүйн чадамжгүй этгээд юм. Дээрх хоёр асуудлаас болж сүүлд Нигерийн хөлбөмбөгийн холбоо ОУХБХ-оос долоон сараар бандуулсан. Манай улс 2010 онд дөрвөн жилийн хугацаатай Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос бандуулж байхад бүтцийн ямарч өөрчлөлт гараагүй.
Сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд Б.Ганболдыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос (Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоо биш шүү) таван жилээр бандаж монголын хөлбөмбөгт гэрэл асааж, хөлбөмбөгчид хөлбөмбөгөө Монголын хөлбөмбөгийн холбооноос авахаар болсон. Гэтэл асуудал араасаа гарч ирэв ээ. Б.Ганболдын эхнэр Л.Маяа хөлбөмбөгийн холбооны гадаад харилцааг хариуцаж гаднаас ирэх бүх мэдээллийг нуун дарагдуулж байгаа бол хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн А.Ганбаатар дэд ерөнхийлөгчийн эрхзүйн чадамжгүй, ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж тогтоолгосон хууль бус үйлдлүүд гарах болсон. ОУХБХ-ны гишүүн холбоодын сонгуулийн үйл ажиллагаанд аливаа төрийн нөлөө орохыг хатуу хориглодог. Гэтэл монголын бусад холбоод буюу сур, жүдо гэх мэт холбоодыг улс төрийн албан тушаалтнууд тэргүүлдэг гэсэн мэдээллийг тараах гэж оролдож байна. Бүх холбоод нэгдсэн биш тус тусдаа дүрэмтэй. ОУХБХ нь өөрөө асар том байгууллага, улс төрөөс ангид байдаг бол зарим холбоод үүнийг зөвшөөрдөг. Дээр нь ОУХБХ-ы 12 улсын хөлбөмбөгийн холбоонд, улс төрийн албан тушаалтан байдаг гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэхийг зорьж байгаа. Гэвч эдгээр улс орнууд хэмжээгүй эрхт хаант эсвэл дарангуйллын засаглалтай. Эдгээр 12 улсад ОУХБХ шаардлагаа хүргүүлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид А.Ганбаатарыг гарч ирсний дараа амаа үдүүлчихсэн юм шиг ямарч мэдээлэл өгөхгүй, эсвэл тэнцвэртэй бус мэдээллийг дамжуулж байна. Уг нь хоёр талд очоод сурвалжлага аваад, хэлэлцүүлэг өрнүүлээд үзэгчдийг мэдээллээр хангаад алаад өгөх газар. Гэтэл байдаггүй ээ. Одоогоор олон нийт ямарч мэдээлэлгүй хэн нь зөв яриад байгааг ч мэдэхгүй байна. Мэдээлэлгүй, харанхуй бүдүүлэг байдал дээр нь тоглолт хийдэг балайр аргаа хэрэглэж байгаа нь тэр. Бас л даварцан туучийнууд шүү. Хэвлэлийн амыг үдэж аваад Б.Ганболд, А.Ганбаатар нарын “гар хөл” сэтгүүлч Э.Амарсайхан олон нийтийн хэрэгслээр мэдээлэлгүй хүмүүсийн тархийг угаах ажил хийж байгаа. Зарим нь итгэж байгаа. Гэхдээ хэсэгхэн хугацааны дараа бүгд ойлгомжтой болно гэдгийг мэдэж байна уу ер нь! Б.Ганболдтой ямарч хамаагүй гэж байгаа боловч эхнэртэй нь хамт ажиллаж байгааг бүгд мэдэж байна. Худлаа ярих ч энүүхэнд нөхөр л дөө. Хөлбөмбөгт нэр хүндгүй хүн, олон нийтэд байгаа жоохон нэрээ ашиглаж байгаа нь тэр.
Яг одоогоор Б.Ганболдын талынхан буюу бүгдийг хуучнаар үлдээх сонирхолтой Б.Ганболдын эхнэр Л.Маяа, Ш.Жаргалсайхан, А.Ганбаатар нар, нөгөө талд нь хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид, үндэсний лигийн долоон клубын эзэд, дасгалжуулагчид нэг тал болчихсон байна. Монголын урдаа барьдаг олон улсын шүүгч, хөлбөмбөгийн битүү ордон барьж байгаа хөлбөмбөгчин, олон улсын жишигт нийцсэн клуб гээд монголын хөлбөмбөгийн бүх сор болсон хүмүүс бий. Хөлбөмбөгчид бүгдийг хууль ёсны дагуу хийхийг хүсч буй. Шаардлага тун энгийн ОУХБХ болон МХБХ-ы дүрмээ баримтлах. Нөгөө талд нь хэн байгаа юм бэ? Өмнөх зүй бус инстүүц, төрийн механизмтай нэг баг болчихсон байна. Ингээд л хоёр талаас үзэлцэх нь дээ.
Монгол улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Бид азидаа ардчиллын жишиг улс болсон” гэдэг бол хамгийн ойрын зөвлөх нь ардчиллын бус арга хэрэглэж байна.
Үргэлжлэл бий
DR DANIEL