1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн АИХ-ын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан. Уг комисс жил хагас ажиллаад шинэ Үндсэн хуулийн төслөө Улсын бага хуралд хүлээлгэж өгсөн. Үүнийг УБХ цааш нь Ардын их хуралд өргөн барьсан. 430 гишүүн бүхий АИХ үүнийг 76 хоногийн турш хэлэлцээд 1992 оны 1-р сарын 13-нд баталснаар Монгол улсын түүхийн нэгээхэн шинэ хуудас нээгдсэн билээ.
   
Энэ нь Монголын дөрөв дахь Үндсэн хууль байлаа. Яг үнэндээ бидэнд төр нийгмийн байгууламжийн зураглалыг бие даан боловсруулж хуульчилсан туршлага бараг үгүй байв. Анхны Үндсэн хуулийг Коминтерний төлөөлөгч асан Ринчино, Рыскулов нар би хийсэн, би хийсэн хэмээн хоорондоо маргалдаж улмаар хүчтэй муудалцаж байлаа. 1940 оны Үндсэн хууль нь 1937 оны Сталины Үндсэн хуулийн санаагаар зохиогдсон зөвлөлтүүдийн бүтээл байв. Хөрөнгө хурааж мал нийгэмчилснээр БНМАУ нь хувийн өмч гээч юм огт үгүй нийгмийн шинэ хэлбэрт орлоо гэж үзээд зохиогдсон 1960 оны Үндсэн хууль нь хууль эрхийн хувьд хүчин төгөлдөр бус байжээ. Юу гэвэл тухайн үеийн Ардын их хурал үүнийг батлаагүй. Дивтаат нөхөд эсэргүүцээд батлаагүй юм биш, хэлэлцэх явцад нь Цэдэнбал үүнийг дахин засварлах хэрэгтэй гэж буцааж аваад ноороглон засварласан боловч түүнээ дахин албан ёсны хууль тогтоох байгууллагаар оруулалгүй тэр чигт нь “мартчихсан” юм.
   
1990 онд өнөөгийн дэлхий ертөнцийн тухай, тэр дундаа чөлөөт ардчилсан, зах зээлийн нийгмийн талаархи ойлголт бидэнд тун тааруу байлаа. Гадарладаг ганц нь Чимид гуай, комиссын гишүүд бидний хувьд өвгөний боловсруулсан хуулийн нооргийг голдуу л тайлбарлуулах хэрийн зиндаатай. УИХ-ын гишүүний хугацааг 5 жилээр тогтоё гэсэн санал гарахад Чимид гуай “Нэгд бид шинэ тутам ардчилж байгаа учир гишүүд богино хугацаагаар солигдож байсан нь дээр. Хоёрт парламентийн сонгодог гэх ардчилалтай Герман, Япон, Англи орнуудад сонгуулийн хугацааг харин ч 3 жилээр авдаг юм байна. Тэгээд ч таван хошуу, таван жилийн төлөвлөгөө, таван жилийн гавшгайч гэсээр байгаад. 5 гэсэн тоо дэндүү улиг болоод нийгмийн сэтгэлгээнд тааруухан тусна” гэж тайлбарлаж байсандаг. Лав л “хүн 5 хуруутай” гэх маягийн марзан юм хэлээгүй.
   
Чимид гуай голлож боловсруулан Ардын их хурлаар батлагдсан манай шинэ Үндсэн хууль нь зарчмын хувьд маш сайн, өнөөгийн ертөнцийн жаяг, жишигт таарсан баримт бичиг. Энэ бол илүүтэй шилжилтийн үед тохируулсан баримт бичиг учир хожим нийгмийн хөгжлийн явцад нэмж засварлах зайлшгүй шаардлагатай гэдгийг Чимид гуай байнга хэлдэг байсан. Гэхдээ засаж байгаа нь энэ гээд дордуулчих вий гэдгээс их эмээдэг байлаа. Олон жилийн дараах өндөрлөг болон туулж ирсэн замд тохиосон ээдрээтэй гацаанаас харах ахул 1992 оны Үндсэн хуульд дутуудуулсан, тодорхой бус, заримдаа илт тохирохгүй заалт нэг бус буй нь мөн л нэг бус удаа нүдэнд тусах битгий хэл гарт илт баригдаж байлаа.
   
Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэр гаргах процессийг тодорхой гаргаж өгөөгүйгээс болж үүнийг тодорхой эрх мэдэлтэн болон бүлэглэлийн тухайн үеийн эрх ашигт тохируулан яаж ч хувирган засах бололцоог олгосон. Ардчилсан төр нь биенээсээ үл хамаарсан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүн таслах гурван өндөрлөгт хуваагддаг атал “УИХ нь төрийн эрхийг барих дээд байгууллага мөн” гэснээр бүхнийг дангаар мэдэж байдаг бүлэглэл үүсэх үүдэл болсон ба энэ “дээд байгууллага” журмаар бол ижил зиндааны байх ёстой нөгөө хоёроо үзэмжээрээ дарамтлан дээр нь гараад суучихдаг бүлэглэл болон хувирсан. Мөн хуулинд олон зүйл тодорхой заагдаагүйгээс болоод дураар тайлбарлан эрх мэдлийг булаацалдан төрийн механизмыг гацаах гол хөшүүрэг болжээ. Сонгуулийн хуулийн зарчмыг хэлж өгөөгүй учраас сөргөлдөгч талууд тухайн үед өөрсөддөө ашигтай хувилбарыг хүч түрэн нэвтрүүлсээр ирлээ. Шүүхийн тогтолцоо болон бүрэлдэхүүнийг ард түмэнд биш тухайн эрх мэдэлтнүүдэд даатгасан нь хуйвалдаан үүсэх гол хаалга болсоор ирлээ. Чухам иймээс шүүх засаглалын бие даасан байдал буй болж чадахгүй явсаар өдий хүрчээ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхойгүйгээс болж түүний эрх мэдэл хуваалцах хүрээ нь тухайн хүний идэвхиэс хамаарч маш хязгаарлагдмалаас маш өргөн хүрээг хамаарч ирсэн юм. Хууль тогтоогчдын олонхийн болон цөөнхийн эрх мэдлийн хуваарилалтыг нарийн зааж өгөөгүйгээс болоод заримдаа олонхи нь дарангуйлагч болдог, заримдаа болохоор цөөнхдөө барьцаалагдсан хөөрхийлөлтэй субъект болдог. Монголын парламент аль алиныг нь туулан амссан. Иймэрхүү жишээ цөөнгүйг дурдаж болно.
   
Үүнээс болоод Үндсэн хуулийн үзэл санааг гуйвуулах, зориудаар зөрчих, өөрийн үзэмжээр тайлбарлан гүжирдэх, санаатайгаар зөрчих үйл явдал тасралтгүй гарсаар ирсэн юм. Үүний тод жишээ нь өнгөрсөн хорь гаруй жилд учиргүй олон Засгийн газар ээлжлэн гарч ирж бүлэглэлүүд биенийгээ унагасаар улс орны амьдралыг тогтворгүй найдваргүй болгосоор ирсэн явдал билээ. Шинэ Үндсэн хуулиас өмнө 1990 онд Монгол улс Сайд нарын зөвлөл хэмээх гүйцэтгэх засаглалын хэлбэрээс татгалзаж Засгийн газар хэмээх өөр хэлбэрт шилжсэн билээ. Сайд нарын зөвлөл бол төрийн яамдыг төлөөлсөн төлөөлөгч болох сайд нар нийлж зөвлөл байгуулаад Сайд нарын зөвлөлийн даргын удирдлага дор хэлцэн шийдвэр гаргадаг байгууллага. Засгийн газар бол Ерөнхий сайдын санал болгосон сайд нарын бүрэлдэхүүн ба тэд нь төрийн яамдыг төлөөлж цуглах биш, Ерөнхий сайдаас томилогдсон сайд нар тухайн тухайн яамдыг хариуцан бодлогыг нь удирддаг байгууллага. Энэ хоёрын ажиллагааны зарчим нь эсрэг чиглэлтэй юм. Үндсэн хуулийн зарчмаар гагцхүү Ерөнхий сайд л УИХ-ын өмнө хариуцлага хүлээх ёстой ба танхим дотроо чухам тэр л эцсийн шийд гаргах учиртай. Үүнийг Үндсэн хуулинд тодорхой хэлсэн ба огцруулах асуудал гарвал юун түрүүн дараагийн Ерөнхий сайдыг дэвшүүлэн баталсны дараа л огцруулсанд тооцож шийдвэр эцсийн болно гэсэн нь Засгийн газрын мөн чанарыг тодорхой илэрхийлж буй хэрэг юм.

Гэтэл Үндсэн хуулийн энэхүү заалт зарчмыг сүүлийн хорин жилд санаатай болон санаандгүйгээр байнга зөрчсөөр ирлээ. Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны Засгийн газрын хуралдаан яг л парламент шиг асуудлыг гар өргөж олонхоор шийдэж байв. Дараагийн Ерөнхий сайд нар ээлж дараалан хууль бусаар огцорч байсан ба оронд нь буй болсон онгорхой зай заримдаа бараг жил шахам эзэнгүй байж огцорсон Ерөнхий сайд СҮГ гэсэн үүрэг гүйцэтгэж байлаа. “Шүд сугалах” гэж нэрлэгдэх болсон дуртай нэг нь санаачлага гарган хуйвалдааны замаар Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр нь огцруулах ажиллагаа олон давтагдсан. Гэтэл Үндсэн хуулийн зарчмаар сайд нарыг огцруулах солих явдал нь зөвхөн Ерөнхий сайдад хамаатай, бүрэн эрхийнх нь асуудал юм.

Засгийн газраас Ерөнхий сайдаар томилогдон төрийн яамны бодлогыг хариуцах үүрэгтэй сайд нар яаман дээр ирүүтээ л цэвэрлэгчээс нь авахуулаад бүгдийг нь сольж холин төрийн бодлогын уламжлалыг бусниулан эвдэн сүйтгэх ажиллагаа явуулдаг болсон нь ердийн үйл явдал болсон ба үүнийгээ Үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаагаа өөрснөө ч мэддэггүй, Үндсэн хуулийн цэц ч ойлгодоггүй байсаар өдий хүрлээ.

1999 оны эцсээр УИХ-аас Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Үүнийг янз бүрээр хараан зүхдэг авч үнэндээ өөрчлөлт орсон гэхээсээ нэмж тодотгосон заалтууд байсан юм. Үндсэн хуулинд буй “зөвшилцөх” гэсэн нэр томъёог өөр өөрийн үзэмжээр тайлбарлаж төрийн механизмыг гацааж байлаа. Үүнээс болоод парламент Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилж чадахаа болиод зөвшөлдөгч тал үүнийг гацаах, өөрөө нэр дэвшүүлэн шахах байдал үүссэн байсныг тодотгон зассан. Тухайн үед хуралдааны шийдвэр гаргах квот хэт өндөр байсныг далимдуулж сөрөг хүчин 160 гаруй удаа хурал хаяснаас болж төрийн ямар ч шийдвэр гарч чадахаа больсон гашуун туршлага дээр үндэслэн квотыг багасгасан. Хүн томилох асуудлыг нууцаар шийддэг байсан нь хуйвалдан бүлэглэх, төрийг нууцаар хуйвалдан хүчгүйдүүлэх бололцоо үүсгэж байсныг өөрчилж илээр санал өгүүлдэг болгосон. Чухамхүү энэ өөрчлөлт, үнэн чанартаа бол тодотголын хүчээр олон зүйл засарсан юм.

Үндсэн хуулийг шинэчлэх, шинээр зохиох, өөрчлөх, тодотгох талаар сүүлийн 15 жилд олон удаа яригдлаа. Нэг талаас нэгэнт үйлчилж буй Үндсэн хуулийг ойлгохгүйгээсээ юмуу ойлгосон ч зориудаар байнга зөрчсөөр ирсэн мөртөө бурууг Үндсэн хууль руу чихэх нь зөөлөн хэлэхэд шудрага бус хэрэг. Нөгөө талаас үнэхээр ч Үндсэн хуулийг засах өөрчлөх, сайжруулах шаардлага буй боловч үүнийг буруу аргаар улайран хүчилж хийх нь хожим засах аргагүй хохиролд орно.

Хэрэв Үндсэн хуульд нэмэлт тодотгол оруулах гэж байгаа бол үүнийг тухайн УИХ-ын бүрэлдэхүүн дотор ярилцан шийдэж болно. Харин зарчмын өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ нь нэлээд нарийн төвөгтэй асуудал. Үндсэн хуулийн асуудлаар ард түмнээс санал асуулга явуулах тухай их ярьж байна. Ард түмэн гэдэг бол эцэстээ хуулийн утгаараа абстракц ойлголт юм. Иймээс аль ч иргэншсэн оронд ард түмнээс санал асуулга авах болбол “тийм”, “үгүй” гэсэн хариулт авдаг болохоос ард түмэн хууль баталдаггүй. Жишээлэхэд “Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентийн уу” гэх маягтай. Яагаад гэвэл өнөөгийн ертөнцөд хаана ч түүний дотор Монголд төлөөлөх ардчиллын зарчим байгаа болохоос эртний Герег дахь Афиний бүх нийтийн ардчилал тогтоогүй, тогтох ч бололцоогүй. Гэхдээ энэ нь тухайн цаг үед түр хугацаагаар сонгогдсон бүлэг хүмүүс хоорондоо ярилцаад нийт ард түмний эрх ашгийг хөндсөн Үндсэн хуулийг зарчмын хувьд дураар өөрчлөн засч болно гэсэн үг ерөөсөө биш. Энд нэмж тодотгох тухай яриагүй тогтолцоо механизмыг хөндөх тухайд хэлж байгаа юм. Иймээс нийгмийн янз бүрийн бүлэглэл, эрх ашгийн нэгдлийг оролцуулсан комиссоос Үндсэн хуулийн шинэчилсэн хувилбарыг боловсруулаад УИХ-д өргөн барих зарчим байдаг нь өнөөгийн иргэншсэн ертөнцийн тогтсон хууль. Алив хуулийн үзэл санааг авч үзэж байгаа субъектүүд хэн ч байлаа гэсэн юун түрүүн өөрийн болоод өөрөө хамаарч байгаа бүлэглэлийн эрх ашгийг юун түрүүн анхаардаг. Энэ нь ерөөс хүний мөн чанар. Гэтэл чөлөөт нээлттэй нийгэм нь маш олон бүлэг эрх ашгийн нийлбэр юм. Хэрэв Үндсэн хуулинд зарчмын өөрчлөлт оруулах гэж байгаа бол үүнийг зөвхөн тухайн цагт сонгогдсон УИХ-ын гишүүдийн дотор боловсруулах бол юун түрүүн тэдний эрх ашиг нэгдүгээрт тавигдана. Тодорхой хууль нь нийгмийн тодорхой хэсгийн эрх ашгийг хөнддөг бол Үндсэн хууль нь нийт ард түмний эрх ашгийг хөнддөг учраас л ийм логик, ийм гаргалгаа, ийм зарчим байдаг юм даа.

2015.11.30