Жаран найм ба гарын таван хуруу
Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө америк машиныг танигдахгүй болгосон “ориг” орос машин болчиж буй нь тэр.
Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө америк машиныг танигдахгүй болгосон “ориг” орос машин болчиж буй нь тэр. Монголд мосттой машин хувьд байхыг зөвшөөрдөггүй. Ингэнгүүт энд тэндээс түмэн хог цуглуулж байгаад өнөө орос-америкийн жаран долоогийн суурин дээр хулхи машин босгоно доо. Тэрийгээ “жаран найм” гэж нэрлэнэ. “Жаран найм” гэдэг нь монголчилсон, хулхидсан, нүд хуурсан, гар хийцийн, аюул осолтой, үйлдвэрийн бус, хуулийг хуурч аргалсан гэсэн утга агуулах ба “мань хүн жаран наймтай” гэвэл машины эзэн зайтай, оготны нүхээр ороод гардаг, хууль бус юм хийхдээ гаргууд, хуруу хумс урттай, бусдыг хохироохдоо тоодоггүй гэсэн давхар санаа агуулна.
Хаанаасаа бодож олсон юм, тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг “гэнэтийн ашигийн жаран найман хувийн татвар” гээчийг нэг ухаатай нь хэдэн жилийн өмнө бодож олсон нь хууль тогтоогчдын гүн талархлыг хүлээн ард түмэндээ магтагдах бас нэгэн ээлжит тоглолт болж хуульчлагдсан. (Сумогийн жараннайм дахь их аваргаар монгол хүн тодорсныг бэлэгшээж 68 хувийн татвар гэсэн тоо үүссэн гэж би сонссон шүү.) Зэс, болон алтны үйлдвэрлэлийнхэн олсон ашигийнхаа жаран найман хувийг татварт хураалгаж ард түмнээ бодох ёстой хууль. Үүнийг ард түмнийхээ төлөө л тархиа гашилж чөмгөө дундартал бодон бодон гаргаж ирсэн гэж зохиогчид нь таван жил хөөрлөхлөө.
Зэсийн 68 хувийг ганцхан Эрдэнэт төлсөн. Энэ татвараар нийт 900 тэрбум төгрөг олжээ. Ард нийтээрээ хувааж авч хэрэглээд дүлээд гаргачихсан. Одоо юу ч үлдээгүй. Архины үйлдвэрийн орлого хэсэгтээ сайн байсан байх. Гэхдээ энэ нь оргүй хоосноос олсон 900 тэрбум уу? Эрдэнэт ердийн татвараараа энэ хооронд 550 тэрбумыг тэртэй тэргүй төлөх байжээ. Эрдэнэтийн өөрийнх нь өөрийгөө шинэчлэх цаашдын хөрөнгө оруулалт хийх 200 орчим тэрбумыг нь “68” гэсэн далбаагаар дээрэмдээд авчихжээ. Орост ноогдох 200 тэрбумыг бас булааж авсан байна. Ингээд балаанс мөргөж байгаа биз?
Орос Монголын засгийн газрын тогтвортой байдлын гэрээ бий. Үүгээр бол ямар нэг нэмэлт татвар гэнэтээр тавьж болохгүй ёстой. Хөрөнгө оруулах гэж байгаа аль ч газар татварын тогтвортой орчин эхэлж шаарддаг, энэ нь хэнд ч ойлгомжтой зарчим, коммунист Зөвлөлт ч аль гучин жилийн өмнө үүнийгээ тохирсон юм. Харин оросууд энэ дээрмийг эсэргүүцэж парламентаараа хүртэл авч хэлэлцсэн нь аргагүй хэрэг бөлгөө. Үүнийг нэхэж байгаа, тэд авч байж л сална даа. Эрдэнэтийн хувьд зэсийн үнэ өндөр байгаа үед дорвитой хөрөнгө оруулалт хийх, зэсийн хайлуулах үйлдвэр барих бүх мөрөөдөл нь будаа болсон. Ард нийтээрээ хувааж идээд жорлон руу явуулчихсан. Зэсийн үнэ 9 мянга шахаж байснаа гэнэт 3 дахин унахад Эрдэнэт ч, өнөө төрөөс ард түмэндээ үзүүлдэг “халамж хайр” ч баларсан даа. Ярихаас ч ой гутах юм.
1990 онд Монгол орон 700 орчим кг алт олзворлодог байжээ. Хорин жилийн дараа одоо бид хэдийг олзворлодогийг харин хэн ч мэдэхгүй. 30 орчим тонн байж магадгүй гэсэн таамаг тоо бий. Учир нь алтны бизнес хэдийнээ газар доогуур нууц байдалд ороод мафийн сүлжээ эзэгнэдэг хууль бус үйлдвэрлэл болжээ. Хичнээн муу хэлээд “алт хөтөлбөр” нүгэлт “68” хүртэл хөгжин энэ ард түмнийг хооллож хувцаслаж байсан. Жилдээ 20 орчим тонн алт Монгол банкинд тушаадаг, татвараа хураалгадаг, ийш тийш экспортлох импортлох нь чөлөөтэй, ер нь либераль бодлогоор явж байсан юмсан. Жижиг алт олзворлогсод томууддаа олсон алтаа худалдчихдаг, нинжа нар нийт алт олзворлолтын дамжлагын нэг хэсэг болж явдаг байлаа.
“Жаран найм” гараад ирэнгүүт хэн ч алтаа Монгол банкинд тушаахаа болив. Их хурлын мудакууд нинжа нарыг өөрөөсөө илүү мулгуу гэж бодож дээ? Гэхдээ тэд олзворлосон алтаа яаж борлуулахаа мэдэхгүй эхэндээ тун ч олуулаа шоронгийн хаалга татсан даа. Хичнээн сайхан залуус алт нууж гарах гэж яваад мааний бадмихум. Үүндээ гаалийнхан, галт тэрэг, онгоцны үйлчлэгч жолооч нарыг татан оролцуулснаас үүдэн төрийн баахан ажилтнууд араас нь явсан. Эд төрийн мулгуу шийдвэрийн золиос болохоос цаад натурараараа хулгайч нар биш л дээ. Гэвч учраа ололгүй л яахав. Ингээд гэмт хэргийн сүлжээ үүслээ. Алт олзворлогчдын хувьд найдвартай, хавьгүй бага татвартай, элдэв хулхи байхгүй, гар хийцийн боловч завод тэрэгнээс дутахгүй жинхэнэ “жаран найм” машин! Эхэндээ ч жаахан болхи байсан л даа. Алтан бүстэй, гинжтэй, бугуйвчтай, оосортой “алтан хүн” Замын үүдийн боомтоор өдөрт 10 удаа нааш цааш гарна. Хилийн цаана бэлэн юаньтай, шалгах бүх төхөөрөмжтэй хятад наймаачид хүлээж байна. Явсаар төгөлдөржин том жижиг компаниуд бүгд алтаа ченжид тушаадаг болов. Одоо энэ бол үл эргэх процесс. Монгол банк алт тушаавал нэмж шагнана гээд ч хууль ёсны хуучин зам руугаа орохгүй. Учир нь алт гаргах сүлжээ хэдийнээ аюулгүй, найдвартай болсноос гадна үүгээр амьдралаа залгуулдаг сүлжээний олон хүн бий учир улсын тэнэг замаар зөөвөрлүүлэхийг зөвшөөрөхгүй. Энэ бол олон хүний амь нас, хувь заяагаар бүтсэн зам. Тэгээд ч төрд цаана нь ямар тэнэг депутат өөр байхгүй биш, татвар байхгүй болголоо гэснээ эргээд л биенээсээ давах гээд 76 хувийн татвар бодож олох ч юм бил үү? Ер нь тэгэж таараа. Монголын төр шиг найдваргүй “жаран найм” хаа байна?
Араас нь рэкетчин сүрдүүлэгчдийн бүхэл бүтэн сүрэг гарч ирэн “жаран найм” гэсэн аймшгийн тоо духан дээрээ хадчихаад гадаад дотоодийн компаниудыг дарамтлан өөрсөддөө хувьдаа арай дөнгүүр жип нэхэж явах болж билээ. Нийгэм тэр чигээрээ моралийн гүн ангалд унав. Ичих нүүртэй хүн “улсын хэмжээгээр тасарлаа” (Социализмын үед бүх худалдааг улс хариуцдаг байсан болохоор байсхийгээд л өргөн хэрэглээний бараа алга болно, тэгэхээр хүмүүс “шүдний оо улсын хэмжээгээр тасарсан” гэх мэтээр ярьдаг байсан юм).
Уул уурхайн том компаниуд “жаран наймын” араас нь годройтож гарлаа. Хөрөнгө оруулахаар орж ирж байсан гадаадын том компаниуд “жаран найм”-ын сургаар дайжин алга болсныг яриад ч ярьшиг даа. Орж ирсэн бол тэгээд тэгээд тэгэх байсан гээд тооцоод явбал аймаар юм болно. Байсан хэд нь зугтах гэж онигоо болсон. Алтан Дорнодын Паушок юу ч гэж муу хэлүүлдэг бай Монголын хамгийн том татвар төлөгчдийн нэг байсан. Одоо зугтаж гараад Монголын засгийн газрыг нэг тэрбум долларын нэхэмжлэлтэйгээр олон улсын шүүхэд өгчихөөд байна. “Монгол газар” компани хоёр ч банк татан унагалаа. Одоо тэр алдагдлыг нь улс төлөх гэнэ. Эзэн нь муу менежменттэй ч бай, мөрийтэй тоглодог ч бай, олон эхнэртэй ч бай энэ болгоноос биш чухам “жаран найм” машины аваарт орчихсон юм шүү дээ, зайлуул!
Ухаан гаргахад хязгаар бий, тэнэгтэхэд даан ч хязгаар гэж байхгүй юм даа. Хичнээн хэрүүл уруул болж байж арилжааны банкуудыг улсын мэдлээс гаргасан. Баяжвал тэр л биз, дампуурвал өөрснөө л хуулийн дагуу хариуцлагаа хүлээг. Гэтэл өнгөрсөн жилээс хамдгаламж эзэмшигчдийн бүх хадгаламжийг улс хариуцах боллоо. Өнөө 76 дүнхүү хариуцах юм байх. Ингэхээр ялангуяа жижиг банкны хувьд энэ бол дампуурдаг газар мөн биз дээ. Тэгээд ч төр “жаран найм”-аараа дайрч алчих гээд байхад чинь. Арилжааны банкийг нь Монгол банк хянаж байх ёстой. Тэд хаа байв? Зэрэгцэж хэвтээд найрлачихаж. Одоо улсын сан руу гар дүрж эхэлсэн. Хөрөнгийн бирж гээд нэг бас л төрийн мэдлийн нэг алиа газар бий. “Анод” банкны хувьцааг өдөрт нь борлуулж 20 сая доллар олж өгсөн. Үнэ нь хоёр дахин өссөн гэж байгаа. Энэ бол залилан. Залилан хийгч нь хөрөнгийн бирж. Залилин хийсний шанд юу халаасалсныг мэдэхгүй, лав хоосонгүй. Хөрөнгийн биржээр орсон хоёр банк цувраад чад хийчихлээ. Гэтэл биржийн захирал нь Оюутолгойн хөрөнгийг өөрөө биечилж худалдана гээд л царайныхаа улааныг хүрнээр будчихаад тэнэгтээд сууж байх юм. Одоо хөрөнгө оруулагчдыг нь араасаа жагсаачихсан алдангийг нь өнөө 76-аар төлүүлнэ гээд харайж явна. Банк дампуурахад алданги нөхдөг ядахнаа оочир гэж байдагсан. Хохирлыг хөрөнгө оруулагчид нь бие дээрээ эдлэдэг журамтай болохоос 2,6 сая хүнээс татвараар цуглуулсан мөнгийг гар хийцийн “76 машин” оруулан янзалж өгөх учир байхгүй л дээ.
Их хурлын гишүүн болгон Сангийн сайд болж өөрийн үзэмжээр “ард түмэндээ” мөнгө хуваарилан “харж үздэг” хачирхалтай заншил буй болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. 10 саяас эхэлсэн шоу энэ жил тэрбум болов. “Хөвсгөл нуурын дэргэд усан сан зэрэгцүүлэн барих төсөл” ч гэх шиг, “Баянзүрх дүүрэг миний зүрх төсөл” ч гэх шиг, балайрч өгсөн байна билээ. За дүүрч, үйлийн үр эргэж ирж буй нь энэ. 76 тэрбум төгрөгөөр Монгол улс дутаж турж үхэхгүй л гэж бодохоос. Уул нь нөхцлийг нь булингартуулж завааруулахгүй л бол хувийн хэвшил энэ ухнуудын зүүдэндээ ч үзээгүй их бүтээн байгуулалтыг буй болгон сүндэрлүүлээд яваа юм шүү дээ. Зүгээр л тэр тэрбумаараа наргиад явж байвал болоо бус уу! Нийгмийн эдийн засгийн харилцааны үндсэн механизмуудыг эвдэн сүйтгэж хорлон бусниулах нь үүнээсээ хавьгүй илүү хортой баймаар. Болдсайхан эмч нэгэнтээ “гадаадын хорлон сүйтгэгч тагнуулуудыг авчраад Их хуралд олноор нь суулгачихвал санаа нь зовоод арай ч бас манай энэ хэд шиг хорлон сүйтгэж чадахгүй байхаа” гэж бичсэн билээ. Би түүнтэй яг санал нэг байна.
2009 оны 11 сарын 30
ЖИЧ: Энэ өгүүллийг нэлээд хэдэн жилийн өмнө бичжээ. Одоо бид бүүр дээшээ гараад Үндсэн хуулиа жараннаймдах гэж байна. Үндсэн хууль бол засварлаж болшгүй бурханы зарлиг биш л дээ, цаг үетэйгээ тохируулж өөрчлөлт орж байх ёстой баримт бичиг. Гэхдээ сайжирч өөрчлөгдөх болохоос жараннаймдан нүдийг нь сохолж яаж болох билээ. Харжээ байхнээ 92 оны шинэ Үндэсн хуулиар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулсныг одоо өөрчлөлтийн шинэ төслөөр болиулан дахин төвлөрүүлэхээр болж байгаа юм байна. Орон нутаг өөрийн өмчгүй болох юм байна. Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцохгүй “ард түмэн” өөрснөө шийдэх юм байна. Хүн төрлөхтөн өнө мөнхөд хоорондоо хуваагдан тэмцэлдэж байсан. Шашнаараа, язгуур гарлаараа, баян ядуугаараа, үндэс угсаагаараа, төрөл садангаараа гэх мэт бүлэглэн тэмцэлдэх шалтаг шалтгаан хязгааргүй. Магадгүй энэ нь хүний өөрийнх нь мөн чанар биз.
Нэгэнтээ л хуваагдаж талцдаг юм бол улс төрийн намуудаар хуваагдан санал өгцгөөж олонх болсон нь дийлж цөөнх болныхоо оршин тогтнох эрхийг нь хүндэтгэх шинэ хуваагдлыг бодож олсон нь хүний нийгмийн сэтгэлгээнд гарсан ухаалаг, нийгэмд тусах хохирол нь хавьгүй бага, оновчтой шийдэл байсан юм. Үүнийг ардчиллын үндсэн зарчим гэж нэрийдэх ба энэ нь төгс шийдэл биш авч хүн төрлөхтөн өнөө болдол илүү сайн шийдэл бодож олж чадаагүй л явна. Одоо жараннаймдах гэж байгаа Үндсэн хуулийн төсөл батлагдвал бид мафийн бүлгээр, шашны урсгалаар, хамаатан садангаар, нутаг хошуугаар, царай зүсээрээ гээд юугаар л бол юугаараа талцан үзэлцэж дундад зууны бүдүүлэг амьдралын хэлбэр рүү гулсан орох болно.
Ерөөсөө Үндсэн хуулийг жараннаймдаж байгаагийн цаад үзэл санаа их бөөлөг. 99 гишүүнтэй болж байгаа нь ерэн есөн тэнгэр байдагтай холбоотой гэнэ. Гишүүн таван жилээр сонгогдож байгаа нь хүн таван хуруутай байдагтай холбоо бүхий юм байна. Үүнийг Үндсэн хуулийг өлгийдөж авахаар “76-тын больницоос” итгэгдэн томилогдсон ахлах бөө өөрөө зурагтаар нүдэнд харагдтал тайлбарласан. “Тав гурван төгрөг хулгайлъя гэдэг болохоос хэзээ дөрөв найман төгрөг хусъя гэж ярьж байлаа” гэсэн аргагүй л бодож үзмээр шалтгаанаар үүнээ тайлбарлаж байна. Одоо гишүүдийг дөрвөн жилээр сонгож байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжилж буй хэрэг гэнэ. За нэг иймэрхүү л байна даа, атаа таван тэнгэр, 99 тэнгэр минь, өршөөж үз, өршөөлийн хуульдаа хамруулж үз!???
2015.11.15