Төвийг сахих бодлогын сонголт маань зөв байжээ гэдгийг Швейцарьт очоод чухам мэдрэх шиг боллоо
ГХЯ-ны төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсад (ШХУ) айлчлан төвийг сахих бодлогын асуудлаар зөвлөлджээ. Энэ талаар мэдээлэл авахаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүүд манай сурвалжлагч хандаж ярилцлага хийснийг толилуулъя.
Уг ярилцлага нь “Төвийг сахих зөв байжээ”, “Бидний сонгосон бодлого зөв” гэсэн гарчгаар http://politics.news.mn/ сайтын 2015.11.25-ны нүүрэнд тавигдсан болно – baabar.mn
ГХЯ-ны төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсад (ШХУ) айлчлан төвийг сахих бодлогын асуудлаар зөвлөлджээ. Энэ талаар мэдээлэл авахаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүүд манай сурвалжлагч хандаж ярилцлага хийснийг толилуулъя.
- Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль УИХ-д өргөн баригдсантай холбогдуулан Та бүхэн төвийг сахисан хур туршлагатай Швейцарь улсад очоод иржээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төвийг сахих тухай санаачилга дэвшүүлж, НҮБ-ын индрээс дэлхий дахинд мэдээлж, УИХ-д хууль өргөн барьсаны дараа энэ асуудлаар тусгайлан гадаад улсад албан ёсоор айлчилж ярилцсан анхны тохиолдол энэ мөн үү?
Бараг мөн. Монгол-Швейцарийн харилцааны түүхэнд анх удаа төвийг сахих асуудлаар хоёр ГХЯ-ны хооронд зөвлөлдөж ярилцсан тохиолдол лав мөн байх. Өмнө нь ийм зорилгоор тусгай төлөөлөгчид тийшээ очиж байсан түүх байхгүй. Тэдний тал ч ярьж байна билээ. Төвийг сахисан Швейцарь нь төвийг сахиагүй, сахихаар завдаж буй улстай анх удаагаа төвийг сахих асуудлаар зөвлөлдөж байнаа гэж. “Dialogue on Neutrality with Mongolia, Bern, 16-17/11/2015” хэмээн англиар албан ёсоор нэрлэсэн байгаа, үүнийг “яриа хэлэлцээ”, “уулзалт”, “зөвлөлдөөн”, алинаар нь ч нэрлэсэн болно л доо.
- Уулзалтын үр дүнгээ Та хэрхэн үзэж байна?
ШХУ-ын төвийг сахих бодлогын талаар бид тал бүрийн мэдлэг мэдээлэлтэй боллоо. Сонирхсон чиглэл, асуулт тус бүртээ хариу олж авсан үр өгөөжтэй уулзалт болсон хэмээн дүгнэж байна. Швейцарь нөхөд ч чин сэтгэлээсээ илэн далангүй бидэнд хандлаа. Манай улсын байнга төвийг сахих тухай хуулийн төслийг бид швейцарь нөхдөд танилцууллаа. Уг хууль нь төвийг сахих бодлогоо зохицуулах хүрээний бүхий л асуудлаа тусгасан цогц, сайн хууль болсон байна, Хаагын хоёр конвенц, НҮБ-ын тогтоолын үзэл санааг ч бүрэн агуулсан байна хэмээн тэдний ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газрын дэд захирал Элчин сайд хатагтай Паскаль Байресвиль онцлон тэмдэглэж байна лээ. ШХУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ив Рошиет бидэнтэй уулзахдаа Швейцарь улс Монгол Улсын байнга төвийг сахих бодлогыг дэмжинэ, энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гарах тогтоолыг дэмжиж, хамтран зохиогчоор оролцоно гэдгээ илэрхийлэн, цаашид манай хоёр улс энэ чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллах бүрэн бололцоотой хэмээн үзлээ. Энэ мэт дурдвал үр дүн олон. Энэ дашрамд Швейцарийн ГХЯ, түүний Хөгжлийн агентлагийн нөхдөд биднийг найрсгаар хүлээн авч зочлон ярилцсанд талархлаа дэвшүүлэх нь зүйтэй.
- Мэдээж төвийг сахих ШХУ-ын хур туршлага гэж лав байгаа даа?
Хур гэх нь ч хаашаа юм. Олон зуун жилийн туршлага байх нь байна. Гэхдээ бүрэн эцэслээгүй, олон улсын харилцаа, гадаад орчин нь байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж, тэр дагуу ч гадаад бодлогоо шинэчилж байгаа гэдэг талаасаа “Төвийг сахих Швейцарь үнэмлэхүй загвар” гэж лав алга. Гэхдээ “Швейцарь”, “Нейтралитет” гэдэг хоёр үг амьдрал дээр синоним үгс болоод удсан гэдэг нь илт харагдаж байна лээ. Швейцарийн эрдэмтэн Эдгар Бонжурын хэлснээр швейцарийн нейтралитет гэдэг ойлголт швейцарь улс үндэстэн үүссэн цаг үетэй хамт буй болжээ. XIII-XIV зууны үед феодалын олон гүнлэгүүд өвөр хоорондоо ширүүн тулалдаж, цус их урсаж байх үед «stille zu sitzen» (үгчилбэл номхон хүлцэнгүй, дуугүй сууж бай) гэдэг ийм нэг хэлц үг гарсан нь хожим нейтралитет буюу төвийг сахих гэж хэвшсэн юм байна.
- Олон зуун жилийн туршлага гэдгээ Та тодруулахгүй юү? Түүхэн талаасаа биз дээ?
Аль XIII зуунд, 1291 онд анхны гурван кантон нэгдэж нийлээд анхны төрт-улсаа байгуулсан байна. Кантон гэдэг нь муж улс. XVII зуунд буюу Вестфалийн энх тайвны гэрээгээр Швейцарийн Холбоог төрт-улс хэмээн анх удаа эргэн тойрныхон нь хүлээн зөвшөөрч, 1815 онд Парисын гэрээ, Венийн конгрессоор Швейцарийн төвийг сахисан байдлыг хүлээн зөвшөөрчээ. 1907 оны хоёр конвецид тэр үед ШХУ нэгдэж оржээ. 1919 онд Версалийн энх тайвны гэрээнд Швейцарийн төвийг сахисан байдлыг дурдаж тусгажээ. Дараа нь энэ улс Үндэстнүүдийн Холбоонд элсэж 1920-1938 онд түүний гишүүн байжээ. Тэгснээ 1938-1990 онд дэлхийн II дайн ба “Хүйтэн дайн”-д тууштай төвийг сахижээ. 1990 оноос идэвхтэй гадаад бодлого явуулсаар өнөөг хүрсэн. Харин бүр сүүлд 2002 онд НҮБ-д элсэж, төвийг сахисан улс гэдгээ дэлхий дахинд тунхаглажээ. Энэ түүх л тэр “олон зуун жил” гэдгийг нь хэлэх байх. Гэхдээ тэнд төвийг сахих тухай тусгай хууль, эсвэл Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал гэж баримт бичиг алга.
- Хуульгүй гэдэг нь сонин байна. Чухам Швейцарьт л тийм хууль байдаг гэж бид ойлгож байсан?
Хууль тогтоомжийн хувьд Монгол илт давуу. Үндсэн хуулиндаа “Хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхээр улсын хил нэвтрүүлэхийг хориглоно”, “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна” гээд заачихсан, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлалдаа “Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна”, “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн”, “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна”, “Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална” гэхчлэн заачихсан, одоо Байнга төвийг сахих тухай хуулиа парламентаараа батлах гэж байгаа гээд яривал эрх зүйн хувьд бид Швейцариас илт давсан.
Тэр улс 400 жил төвийг сахих бодлого явуулсан, 200 жилд нь бусад улс орнууд төвийг сахисныг нь хүлээн зөвшөөрсөн гэхэд тусгай хуульгүй, Холбооны Үндсэн хуулийнх нь “Гадаад хэрэг” гэсэн 54-р заалтад “Швейцарийн тусгаар тогтнолыг хамгаалж, түүний сайн сайхан байдлын төлөө Холбоо (ШХУ гэсэн үг) ажиллана, тухайлбал даян дэлхийд хэрэглээ ба ядуурлыг бууруулах, хүний эрхийг хүндэтгэх, ардчиллыг хөхиүлэн дэмжих, улс түмнүүд энх амгалан орших, бодит амьдралын үндсийг хадгалахад Холбоо дэмжлэг үзүүлнэ” гэснээс өөр заалт алга. Харин “Гадаад бодлогын стратеги 2012-2015” гэсэн бодлогын баримт бичигт нь төвийг сахих тухай ганц нэг заалт байна лээ. Үндсэндээ 1815 оны Парисын гэрээ, 1907 оны Хаагын хоёр конвенц, мөн олон улсын заншлын эрх зүйгээр төвийг сахих статусаа баталгаажуулсан байна. Салбарын хуульгүйгээр өдөр тутмын шийдвэржээ хэрхэн гаргадаг талаар бид тодруулахад төвийг сахих өдөр тутмын бодлоготой холбоотойгоор шийдвэр гаргах шаардлага үүсэхэд холбогдох чиглэлийн төрийн байгууллагуудаас санал авч ГХЯ-ны Олон улсын эрх зүйн газар эцсийн шийдвэрийг гаргаж асуудлыг зохицуулдаг хэмээн тайлбар өгч байна лээ.
- 1815 оны Парисын гэрээ, Венийн конгрессоор Швейцарийн төвийг сахисан байдлыг хүлээн зөвшөөрсөн гэлээ. Гол асуудал бусад улс орнууд хүлээн зөвшөөрөхдөө байна гэж үзэх үү?
Харин би тэгж л яриад байна л даа. Швейцарийн байнга төвийг сахих болон түүний хил хязгаарын халдашгүй дархан байдлыг 1815 онд Венад Европын 4 гүрэн үндсэн гэрээнийхээ дагалт эрх зүйн хавсралт баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан. Ингэснээр тус улсын оршин тогтнох, хөгжих дэвжих нь гадны сөрөг нөлөөллөөс ангижирсан гэсэн үг. Энэ улсыг тойрч дэлхийн нэг ба II дайн өрнөхөд дайн хийгээгүй цус урсгаагүй энэ улсын нэр хүнд аяндаа өсч, тийшээ хандах ядарсан зүдэрсэн хүн ардын цуваа үл тасран, II дайнаас хойшхи олон улсын олон зэвсэгт мөргөлдөөнд Швейцарь нь гурав дахь этгээд болж зуучилсан олон жишээ бий юм билээ. Тэр болгонд гадаад бодлого дээрээ нэмэх оноо авч байсан.
- Монгол, Швейцарь хоёрт төвийг сахисан бодлогын ялгаа нь юу байна гэж Та үзэж байна вэ, түүхэн талаасаа?
Түүхэн ялгаа их байна. Швейцарь нь колонийн гүрэн байгаагүй, эзэнт гүрэн байгаагүй, тийм түүхгүй учраас төвийг сахихад илүү хялбар байсан гэх юм ярьж байна. Түүхэндээ бол ямагт жижиг, ядуу, буурай улс байсан, цэрэг тэжээх зардалгүй байснаас дайн тулааны хөлд нэрвэгдэхгүй гэж, тэсч үлдэхийн тулд л төвийг сахисан, бас дотооддоо эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд төвийг сахисан гэж тэд ярьж байна. Тэгвэл Монгол бол дэлхийн түүхнээ эзэнт гүрэн явсан, их гүрний түүх гэвэл их юм ярьж болно. ХХ зууны Монголын түүх бол хувьсгал, тэмцэл, хэлмэгдэл, дайн тулаанд оролцсон, нутагтаа дайн хийлгүүлсэн, “Хүйтэн дайн”-ы фронтын дорнод жигүүр явсан, хоёр хөршийн геополитикийн дуэльд хөзөр болж явсан гээд их түүх ярьж болно. Энэ талаараа бид Швейцариас шал өмнөө өнгөрүүлэлттэй юм.
- Адил тал нь юу вэ, Монгол-Швейцарь хоёр?
Газар зүйн ба геополитикийн байршил нь адил тал ихтэй. Хоёул далайд гарцгүй, эх газарт түгжигдсэн. Хоёул их гүрнүүдээр хүрээлэгдсэн, хүрээлэгдэж явсан, хоёул жижиг улс гэхчлэн. Монголд Орос, Хятад гэж хоёр гүрэн хөрш нь байж ирсэн. Түүхнээ энэ хоёрын эрхшээлд ч орж байлаа, чирэгдэж ч байлаа, зөрчил мөргөлдөөнд нь нэг талд нь цэргийн холбоотон болж ороод нөгөөхийг нь эсрэг дайнд ч бэлтгэж байлаа. Зөвлөлтийн 100 мянган цэрэг, олон мянган танк, олон зуун нисэх онгоц нутагтаа байршуулчихаад Бээжингийн ар шилэн дээр стратегийн дарамт үзүүлж байсныг одоо нууцлах хэрэггүй. Тэгвэл Швейцар нь түүхэн нэгэн үед Герман, Франц, Австри-Унгар, Итали гэсэн 4 гүрний хүрээлэлд, ялангуяа Герман, Францын хөлд чирэгдэн, тэдний өвөр хоорондын дайнд татагдаж орох, тэдэнд ялагдах эзлэгдэх, эсвэл нутгаа ашиглуулах эрсдэлтэй олонтаа тулгарч байсан, 30 жилийн дайн, шашинтнуудын дайнд яаж туйлдсан, хохирсноо түүхэн толбо гэх маягаар үздэг юм билээ. Тэр шалтгаанаар төвийг сахихаас аргагүй байдалд орсон гэж ярьж байна.
- Та түрүүн дотооддоо эв нэгдлээ бэхжүүлэхийн тулд төвийг сахисан гэж Швейцарийг хэлээдэхлээ?
Тэгсэн. Төвийг сахина гэдэг нь онолын хувьд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэлд нэгдэхгүй байхыг хэлэх боловч Швейцарийн жишээн дээр дотоод бодлогодоо бас хэрэглэж болдог юм байна. Швейцарийн хувьд дайны зовлон амсаагүй 400 орчим жилийг үзжээ. Тийм учраас төвийг сахина гэдгээ тусгаар тогтнол, эв нэгдэл, Швейцарийн эрх ашгийг хамгаалах, өөрийн улс үндэстний онцлог төрхөө хадгалах гол хэрэгсэл, ялангуяа улс үндэстнээ нэгтгэх, зохион байгуулах нэгтгэгч үзэл суртал, конфедерацын төрийн шинэчлэлд тулгуур үзэл хэмээн үздэг. Швейцарь”, “Нейтралитет” гэдэг хоёр үг амьдрал дээр синоним үгс болжээ гэж би дээр хэлсэн дээ.
- Дотоод эв нэгдэл гэдэг рүү тогтож ярина уу? Энэ нь улс төрийн эв нэгдэл биз дээ?
ШХУ-ын улс төрийн тогтолцоотой бид танилцлаа. Юу ажигласнаа эхлээд засаг захиргааны бүтцээс нь ярья. Нийт 2324 коммунаас 26 кантон нь бүрдэнэ. Тэр 26 муж улс нь нэгдэж нийлээд нэг конфедерац. “Холбооны Улс” гэх үү дээ. Үндсэн хүн ам нь 4 хэлээр ярина: 64.9 хувь нь германаар, 22.6 хувь нь францаар, 8.3 хувь нь италиар, 0.5 хувь нь романш хэлээр, үлдэх 21 хувь нь гадаад хэлтэнгүүд. Бас олон шашинтантай: 38.2 хувь нь роман католик, 26.9 хувь нь протестант, 4.9 хувь нь лал, 7.3 хувь нь бусад шашин, 21.4 хувь нь шашингүйчүүд. Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улсад төвийг сахисан байдлаар л улс төрдөө хандсан юм байна гэх сэтгэгдэл төрлөө. Төр-засгийн бүтэц нь нэн энгийн, авсаархан, бүх төр, засаг нь нэг байшинд төвлөрсөн, холбооны улсын гүйцэтгэх засаглал нь Холбооны Зөвлөл, хууль тогтоох засаглал нь Холбооны Ассамблей, шүүх засаглал нь Холбооны Дээд Шүүх. Холбооны Зөвлөл буюу Засгийн газар нь 7 гишүүнтэй, 8 дахь гишүүн нь Холбооны канцлер. Тэр нь ЗГХЭГ-ын дарга нь бололтой. Ерөнхийлөгч гэж нэрлэгдээд байгаа хүн нь тэр улсын Төрийн тэргүүн биш гэхчлэн.
- Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч биш хэрэг үү?
Тийм. Тэр төр тэргүүлэхгүй. Түүнийг ард түмэн сонгохгүй, парламентаас нэг жилээр сонгогдоно. Тэрээр аль нэг яамны сайд байхын сацуу Засгийн газраа нэг жилээр тэргүүлнэ. Нэг жилийн настай танхимын тэргүүн. Танхимын дараагийн нэг сайд нь хойтон жил Ерөнхийлөгч болно. Бас нэг сайд нь Дэд ерөнхийлөгчийг ганц жил давхар хашина. Энэ мэт ээлжлээд байна. Одоогийн Ерөнхийлөгч нь Шүүх ба цагдаагийн яамыг 2010 оноос толгойлж буй хатагтай Симонетта Соммаруга. Тэрээр 2014 онд Дэд ерөнхийлөгчөөр хавсран ажилласан. Тэнд Холбооны Засгийн газрын яам нь “яам” гэж нэрлэгдэхгүй, Холбооны Департамент гэнэ, сайдыг нь “сайд” гэж нэрлэдэггүй, Холбооны зөвлөх гэнэ.
- Сайд дарга гэж онцгой эрх дархтай, нэр хүндтэй эрхмүүд байдаггүй гэсэн санааг Та хэлээд байна уу? Энэ чинь парламентын засаглалтай улс байх аа?
Тэнд албан тушаал сонин биш юм байна. Төр-засгийг хэн ч сонирхохгүй. Парламент нь хоёр танхимтай. Үндэсний Зөвлөлд нь 200 гишүүнийг 8.2 сая ард түмнээсээ пропорциональ санал хураалтаар 4 жилээр сонгоно. Төрийн Зөвлөлийн 46 гишүүнийг засаг захиргааны нэгж-кантонуудаас (муж улс) сонгоно. Хоёр танхим нь нийлээд Нэгдсэн Холбооны Ассамблей гэж нэрлэгддэг, дэлхий нийтийн жишгээр бол парламент нь. Парламент дахь суудлын тоогоор тэр 7 яамны сайд нь тодорно. Эндээс ажвал төр-засаг нь ч төвийг сахих нэрэндээ тохирсон мэт. Тэнд байн байн ард нийтийн санал хураалт явагдлаа гэсэн мэдээ дуулддаг. Барилга байшин барих, газар сэндийлэх, гүүр барих нураахаас эхлээд НҮБ-д элсэх хүртэл бүх асуудлаар ард түмнээр шат шатанд санал хураалгаж байна. Консенсус ба компромисс гэдэг синоним үгс нийгэмд хэвшсэн. Нийтийн тохиролцоо ба буулт хийлт гэж буулгаж болно. Энэ нь ч төвийг сахисных нь бэлгэдэл, үр дүн байх.
- Төр, засаг нь нэг байшинд төвлөрсөн гэж Та хэллээ. Нийт 8 сая хүн ардыг удирдах төр нь тийм цомхон хэрэг үү?Төрийн алба гэж эрхбиш байж таар аа?
Холбооны ордон гэдэгт нь бид зочилсон. Тэнд хоёр танхимтай парламент төв хэсэгт нь байна. Харин Засгийн газар, ЗГХЭГ гэсэн тусдаа нэгж байхгүй, тэр ордны баруун жигүүрт нь ГХЯ буюу тэднийхээр Холбооны Гадаад хэргийн департамент, Шүүх ба цагдаагийн яам (мөн л Холбооны департамент), ордны зүүн жигүүрт нь Батлан хамгаалах, иргэний хамгаалалт, спортын яам (департамент), Холбооны эдийн засгийн яам (департамент), умард жигүүрт нь Дотоод хэргийн яам (департамент), Байгаль орчин, тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны яам (департамент), Сангийн яам (департамент) байрлаж байна. Харин Дээд Шүүх нь нийслэлдээ бус, Лозанна хотод байрлаж ажиллана. Эндхийн баруун жигүүрт ГХЯ-нд нь бид айлчилсан. ГХЯ-нд хоёр өдөр ажиллах явцад ажваас эл хуль хоосон байшин мэт. Дуу чимээ ер байхгүй, нам гүм. Зочин биднээс өөр явж орж гарч байгаа хүн алга. Парламентын ордонд нь хөтөч ба тойрон аялагчаас өөр хүн алга, ажлын өдөр атлаа. Гайхалтай нам гүм. Гэхдээ хаа нэгтэй цугласан, хуралдаж байгаа улс байна лээ. Чухам хаана пааркалдаг юм бүү мэд, Холбооны ордны гадуур ганц ч машин зогсож харагдсангүй, сураг сонсвол Засгийн газрын автобааз гэж байдаггүй, албан хэрэгцээнд хувийн таксины компаниас машин дуудаж үйлчлүүлдэг гэлцэх юм.
- Монгол төвийг сахивал гадаад бодлого хумигдана, гадаад хамтын ажиллагаа бараг зогсоно гэх шахуу ярьдаг хүмүүс бий, тэр талаар тийм айдас байна уу, Швейцариас ажихад?
Би л лав олж харсангүй. 1938-1990 онд дэндүү удаан төвийг сахижээ л гэхгүй бол? Тэгэхдээ тэр үед энэ улс чухам хожсон. Би дээр хэлсэн, “Швейцарь загвар” байхгүй ээ гэж. Төвийг сахина гэдэг нь Швейцарийн туйлын зорилго бус тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг нь хангах арга зам нь. Тэгээд ч төвийг сахих бодлогын уян хатан байх нөхцлийг тэд хангасаар ирсэн байна. Манай улс байнга төвийг сахих бодлого сонгосноор хоёр талын харилцаанд өөрчлөлт орохгүй төдийгүй харин ч эерэг талууд гарч ирнэ гэж тэд онцолж зөвлөж байна лээ. Чухам хөрш түншүүдээрээ дэмжүүлэх, байр сууриа зөв ойлгуулах нь манай дипломат албаны ур ухаан, чадвар, овсгоо л мэдэх асуудал.
- Швейцарь тэр уян хатан бодлогоо хэрхэн зохицуулж ирсэн бол?
ШУХ-ын хувьд идэвхтэй гадаад бодлого явуулдаг. Чингэхдээ улс гүрний хоорондын энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн тогтовортой байдлыг хангах, улмаар улс орнуудын хөгжилд нь эерэг нөлөө үзүүлэх зэрэгт нэн тэргүүнд ач холбогдол өгдөг. Эдийн засгийн идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих зэргээр дамжуулан төвийг сахих бодлогоо баталгаажуулдаг гэж тэд ярьж байна. Тэдний хувьд эдийн засгийн ба хөгжлийн тусламж үзүүлнэ гэдэг нь дэлхийн энх тайвныг бататгаж байгаа, цаашлаад төвийг сахих бодлогод нь нийцэж буй явдал. Энэ ч хүрээнд тус улс бүхий л салбарын хөрөнгө оруулалтыг дэмжсээр ирсэн, үүний нэг илрэл бол Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн үйл ажиллагаа хэмээн бахархан ярьцгааж байна. ШХУ нь НҮБ-ын мандаттай болон мандатгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцдог, НАТО-гийн энхийн төлөө түншлэлд оролцдог, батлан хамгаалахын өргөн хамтын ажиллагаатай улсын хувьд энэ бодлого нь төвийг сахисан статуст нь огтхон ч саад болоогүй гэж тайлбарлаж, нотолж байна. Энэ утгаар төвийг сахих яг загварчлал гэх зүйл тэнд алга.
- Тэгэхлээр Швейцарь загвар гэж яг хуулбарлачихаар зүйл байхгүй байх нээ?
Улс болгоны хувьд төвийг сахих статусаа баталгаажуулах болсон шалтгаан, нөхцөл нь өөр өөр байж ирсэн. Швейцарь улсын хувьд олон үндэстнүүд, олон шашинтнууд дотоодын эв нэгдлээ хангах, хямрал мөргөлдөөн, хагаралаас урьдчилан сэргийлэх зэрэг нөхцлөөр төвийг сахих статусаа баталгаажуулсан түүхтэй. Энэхүү бодлого нь цаашаа тус улсын гадаад бодлогын үндсийг тодорхойлох болсон байна. Тус улсын төвийг сахих бодлого нь дээр хэлсэнчлэн олон үндэстнүүдийн дунд дотоодын эв нэгдлийг хангах анхны бөгөөд цорын ганц арга зам байсан, аажимдаа төвийг сахихын бусад давуу талуудыг илрүүлснээр Швейцарь нь өөрийн эрх ашигт энэ байр суурийг хэрхэн ашиглах аргад суралцсан хэмээн тэд тайлбарлаж байв. Энэ мэт яриад байвал үзсэн харсан, сонссон юм зөндөө байна.
- Та бүхэн эндээс ямар дүгнэлт хийв?
Швейцарийн төвийг сахих бодлого нь тус улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, мөн аюулгүй байдал, халдашгүй дархан байдлыг хангах болон улсын хөгжил дэвшилд таатай гадаад орчныг бүрдүүлэх улс төрийн арга хэрэгсэл мөн гэж ойлгогдлоо. Тэр утгаар төвийг сахих тухай бодлого сонгон авч буй Монголын хувьд бидний сонгосон зам, бодлого зөв зүйтэй юм байна гэдгийг Швейцарь улсаас чухам мэдрээд ирлээ. Харин ч манай гадаад бодлого олон талтай, олон өнгөтэй, улам уян хатан, прагматик, бас сонирхолтой болох болов уу гэж үзэж байна даа.
- Ярилцлага өгсөн Танд news агентлагийн нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье.