НЭПКОГИЙН ШИНЭ ШИЛЭЭВЭР НОМНУУД
НЭПКОГИЙН ШИНЭ ШИЛЭЭВЭР НОМНУУД
Нэпко хэвлэлийн газар жилийн дундачаар тооцохоор долоо хоногт хоёр ном худалдаанд гаргадаг.Харин яагаад ч юм энэ өнгөрч буй 11-р сард хорь гаруй ном бараг зэрэг шахам хэвлэлтээс гаргалаа. Гэхдээ дандаа шилээвэр. Ийм тохиолдол ховор л доо. Эдгээр номуудаа танилцуулахын ялдамд гайхуулах гэсэн юм.
АЛТАНГЭРЭЛТ СУДАР
Энэ судар нь махаяана буюу Их хөлгөнийхний хамгийн гол библи. Анх Энэтхэгт самгард хэлээр бичигдсэн боловч VII зууны үеэс гадагшаа олон хэлээр орчуулагдаж алдаршсан ба Зүүн Азийн буддистуудын эрхэмлэх судар болжээ. Самгард эхээрээ ямар урт нэртэй гэж санана, Suvarṇaprabhāsottamasūtrendrarājaḥ гэж толь бичигт галигласан байна билээ.
Анх уйгарууд эртний уйгар хэлээр Алтун Яриг гэж нэрэлснээр цааш ийм нэрээр дэлгэрсэн гэнэ. Англи орчуулга нь хүртэл Golden Light Sutra. Японд энэ судрыг туйлын дээдэлдэг шалтгаан нь Дөрвөн тэнгэрийн хаан улс орныг нь аюул ослоос хамгаалдаг гэсэн домгоос улбаалан шүтэж айл болгон гэртээ хүндэтгэн залдаг гэнэ. Монголд шарын шашин дэлгэрч байх XVII зууны үед Бодь мөрийн зэрэг, Молом тойны үлгэр, Мялын намтар, Дармапад, Худагт Алтангэрэлт судар гэсэн буддизмын гол сургааль бүтээлүүдийг анхлан монгол хэлнээ орчуулсан байдаг. Хутагт дээд Алтангэрэлт хэмээх сударт гэгээрэл нирваанд хүрэх арга замыг үзүүлсэн төдийгүй энэ насны элдэв аюул, цаг бусын үхэл зэргээс аврах ялангуяа эдийг хэрхэн бүтээх аргыг дэлгэрэнгүй номлосон байдаг. Тиймээс энэ судрыг "эдийн тэнгэр Алтангэрэлт судар" гэж нэрлэх нь бий. Судар нь холоос олдох олзыг наашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл гэрт хишиг буян далладаг увьдастай тул айл бүр хоймортоо залбаас гай барцадыг гэтэлж элбэг амар аж төрнө гэж лам нар номолдог. Энэ НЭПКО-ын үг биш шүү. Уг нь хүн бүр унших ёстой гэдэг юм билээ. Мэдээж манайд мухар сүсэг тал нь дийлээд судраараа даллан гай барцад хөөж байсан нь их. Лав л манай эмээ ширүүн бороо орохоор аянга зайлуулж байгаа нь энэ гээд гадаа гараад номоороо далладаг байсан.
НЭПКО-оос эрхлэн арван жилийн өмнө Зонховын Бодь мөрийн зэрэг бүтээлийг орчин цагийн монгол хэлнээ буулгасан. Учир нь 1639 онд орчуулсан нь өнөөгийн монгол хэлтнүүдэд тэр бүр ойлгогдох аргагүй болжээ. Хэл хөгждөг, өөрчлөгддөг, хувьсдаг. Алтангэрэлт судрыг молекул гэгдэх Батжаргалын Батбаяр буян үйлдэж өнөөгийн монгол хэлнээ найруулан хөрвүүлжээ. Энэ нь түүний гурван жилийн хөдөлмөр. Нямсамбуу гавж редакторлосон гэхээр дажгүй болсон гэж ойлгогдох байх. Урьд бичиг үсэгтэй хүн ч ховор байж, сүүлд нь шашиныг хориглосон бараг зуун жил үргэлжилсэн, иймээс уншдаг нь цөөн, ойлгодог нь бүр цөөн байсан байх. Алтангэрэлтийг хүн бүр уншиж гэгээр гэх юм билээ. Ингээд өнөөгийн бидний ярьж ойлгодог хэлнээ хөрвүүлсэн Артангэрэлт судал оршвой.
ГАДААДАД ХЭВЛҮҮЛСЭН НОМУУД
Уран бүтээлчид-амьдрал бүтээл. Дэлхийн түүхэн товчоо, Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд гэсэн гурван том зурагт ном бол Английн ДК хэвлэлийн газрын бүтээл. Урьд нь НЭПКО Дэлхийн шилдэг уран зурагууд гэсэн ДК ном гаргаж байсан. Тэнд алдартай уран зургуудыг детальчлан тайлбарлаж, уг зургийн гоё сайхан, өгүүлэмж, түүхийг маш дэлгэрэнгүй тайлбарласан. Харин энэ удаагийн Уран бүтээлчид-амьдрал бүтээл-д 350 уран зураач, барималчдын амьдрал бүтээлийг өгүүлснээс нэг зуу орчмых нь амьдрал болон голлох бүтээлийг нь онцлон маш тодорхой үзүүлжээ Европ, Америкийн төдийгүй Хятад, Япон, Солонгосын уран бүтээлчид ч энд багтсан байна. Сэргэн мандалтын үеийнхнээс эхлээд хамгийн орчин үеийн пост модернистуудыг хамарсан аж.
Дэлхийн түүхэн товчоо маш өвөрмөц сонирхолтой ном. Дэлхийн бүх цадигийг динозаврын үеэс эхлээд интернэт, орчин үеийн залуусын соёл хүртлэх түүхийг тус болгоныг нь ганц хоёр нүүрэнд багтаагаад зургаар илэрхийлсэн аж. Эртний Энэтхэгийн эзэнт улс, Тагнуулын түүх, Загалмайтны дайн, Археологи Мэдээ түгээсэн нь, Гэрэл зургийн түүх, Биологийн шинжлэх ухаан гэх мэтээр хамраагүй сэдэв алга. Ухаан нь Бүжгийн түүх, гэхэд л МЭӨ 200 онд Брахма бурханы домгоос сэдэвлэсэн энэтхэг бүжигээс эхлээд 1960 оны твист, 1972 оныбрэйк, 2000 оны болливүүд бүжиг хүртлэхийг зураг товч тайлбартай нь хоёр нүүрэнд багтаасан байх жишээтэй. Тэнд Монголын эзэнт гүрэн гэсэн хэсэгт 1162 онд Тэмүүжин төрснөөс 1368 онд Юань гүрэн мөхсөн хүртлэх түүх маш товч мөртөө зурагтай бичигдсэн байна.
Дээрх хоёр номыг Хонконг-д хэвэлсэн бол Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд номыг Дубайд хэвлүүллээ. Хүний түүх бол дайны түүх. Гэвч үүн дотор хүн төрлөхтний цаашдын хувь заяаг өөрчилсөн, шийдвэрлэсэн аугаа тулалдаанууд бас байнаа. Том далайцтай гэдэг утгаараа биш л дээ. Ухаан нь тэнд Лигницийн тулалдаан оржээ. Бат хааны цэрэг Лигницэд Европын нэгдсэн хүчнийг цохиод цаашлах гэтэл Монголд Өгөөдэй хаан нас барж монголчуудын цааших тэлэлт зогссон. Хэрэв энэ хоёр явдал давхцаагүй бол Европын түүх хааш эргэх байв? Айн Жалутын тулалдааныг энд багтаасан байна. Мөн л төстэй явдал болж Монголд Мөнх хаан нас барсан учир Хүлүгүгийн гол хүчин гэртээ харьжээ. Яг тэрийг тохиолдуулан мамлюкууд Багдад үлдсэн цөөн цэрэгтэй Монгол армийг довтолж ялсан. Чухам үүнээс болоод монголчуудын лалын ертөнцөд заралсан дайн төгсгөл болж, тэд цаашлан Африк руу цөмөрч чадаагүй юм. Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд-д Дэлхийн хоёрдугаар дайныг нэг талд нь шийдвэрлэсэн Сталинградын тулалдаан, Наполеоны аян дайныг цэглэсэн Ватэрлоогийн тулалдаан гээд 60 орчим аугаа мөргөлдөөнийг зурагжуулан, болсон явдлыг маш товчоор ойлгомжтой тайлбарлажээ.
Канадын Кю Ай хэвлэлийн газрын олон хэлний зурагт толийг энэ удаа Англи-Монгол хувилбарыг нь уйгаржин монгол үсэг бүхийгээр Малайзад хэвлэн гаргалаа. Урьд нь Британника Монгол хэлний зурагт тайлбар толь гэсэн нэлээд том овортой бүтээл хэвлэж байснаас гадна Таван хэлний зурагт толь, Англи-Монгол, Солонгос-Монгол, Орос-Монгол, Хятад-Монгол зурагт толь хэвлэж байсан нь уншигчдаас их л сайшаал хүртсэн дээ.
ТУН ТОВЧХОН ТАЙЛБАР
Оксфордын хэвлэлийн газраас Very Short Introduction буюу Тун товчхон тайлбар гэсэн цуврал хэдэн жилийн өмнөөс хэвлээд эхэлсэн нь өдгөө 600 гаруй ном болон өргөжижээ. Хүмүүнлэгийн ухаан, Шинжлэх ухаан, Нийгмийн ухаан гэсэн гурван ерөнхий хүрээг хамарсан эдгээр номнууд үнэхээр маш товч, тус болгондоо ердөө нэг зуу орчим хуудастай. Сая НЭПКО-оос Төрийн захиргаа, Их өгөгдөл, Улс төр, Логик, Засаглал, Библи, Будда гэсэн долоон цувралыг орчуулан хэвлэж гаргалаа. Ойлгомжтой байхын үүднээс эдгээрээс хоёрыг нь танилцуулъя.
Буддизм судлалаар тэргүүлэх эрдэмтэнд тооцогддог Майкл Карритэрс Будда хэмээх төсөр боршуур бичжээ. Намтрыг нь бичих гэхээр тэр хүний амьдралын цэдэг тун бүдэг гэнэ. Түүний тухай олон ном зохиол байдаг ч хүнийг нь гэхээсээ сургаалийг нь бичиж үлдээсэн аж. Тухайн үед Энэтхэгт хэрмэл бадарчид маш олноор хэсүүчлэн явж сургааль номоо айлдаж, хоорондоо маргалдан цэц булаацалддаг байжээ. Сиддарта тэдний нэг байв. Хэрмэл бадарчид Энэтхэгт нийгмийн тусгай давхрага болтлоо олширсон байлаа. Сиддартагийн сургааль нь тэдгээр олон хэрмэлүүдээс авсан маш олон онол байдгаас гадна, тэднээс зээлдсэнийгээ өөрийн хувилбараар шинэчилсэн, засаж өргөтгөсөн байдаг ба өөрөө ч орчлонгийн хүрдээс гарч мөнхийн амгаланд хүрэх сургаалиа боловсруулжээ. Хүн үхэж, дахин дахин эргэж төрдөг онол энэтхэгчүүдийн хувьд угаасаа байсан ойлголт, харин энэхүү дахин дахин төрдөг эргүүлгээс гарах арга гэдгийг Будда Сиддарта санаачлан боловсруулсан гэх. Сиддарта энэтхэгийн олон ханлигийн нэгний удам гэдэг ч эхнэр хүүхдээ орхиод бадарчилсан гэдэг нь баталгаа нотолгоогүй аж. Юутай ч Будда өнөөгийн Балба улсын Лүмбини хэмээх хотод төрсөн. Насан өндөр болсон хойноо хамгийн сүүлчийн аянаа тахал дэлгэрсэн умар зүг рүү алхаж замдаа хоолны хордлогоор насан өөд болсон аж. Дагалдагч Ананд нь уйлахад “Бүү уйл, бид бүгд нэгэн цагт хайртай бүхнээсээ салдаг, бүх зүйл түр зуурынх гэж би чамд хэлээ биз дээ” гэжээ. Буддагийн зохиол сургаалийг ном болгон бичгээр үлдээсэн хүмүүсийн дотор нэг ч амьд гэрч байгаагүй, ам дамжсан зүйлнь түүнийг хальснаас олон жилийн дараа сургааль болон үлджээ.
Библийн Хуучин гэрээ одоогоос олон мянган жилийн өмнөөөс зохиогдон гурван мянган жилийн турш үргэлжлүүлэн бичигджээ. Ингэхээр зохиогч маш олонтой байж таарна. Энэ хэрээрээ дотроо асар их зөрчилтэй гэж Библи судлаач Жон Ричэс бичжээ. Библийг жүүд шүтэгчид нэг янзаар уншиж байхад жүүд биш шүтэгчид шал өөр өнцгөөр ойлгодог гэнэ. Хуучин гэрээний Бурхан маш хатуу шалгууртай нь Абрахамыг шалгахын тулд хайртай ганц үрийнхээ толгойг таслаад авч ир гэж тушаадаг, завхайрал нь хэтэрсэн Садом Гомри хотыг галаар тургин сөнөөдөг зэргээс харагдана. Гэвч үүнийг жүүд шүтэгчид хэрхэн тайлбарладагийг зохиогч тодорхой харуулсан байна. Шинэ гэрээ-ний хувьд эхний хэсгүүд болох Поол, Матэй зэрэг нь Езүсийг мэддэг амьд гэрч нар байжээ. Үүнээс хойших нь янз бүрийн үед янз бүрийн хүмүүс нэмж бичсэн хоорондоо их зөрчилтэй хэсгүүд гэнэ. Ер нь Библи нь хэн яаж уншиж юу гэж ойлгосноос хамаараад янз бүрээр тайлбарлагддаг судар аж. Үүнд хэнийг нь ч буруу ойлголоо гэх аргагүй гэж Ричэс дүгнэжээ.
Оксфорд хэвлэлийн газартай гэрээ хийж тэдний энэ олон ботиос өөрсдийн үзэмжээр жилд 10 ном шилж орчуулан хэвлэж байхаар гэрээ хийхэд тэд “Тэгвэл одоо байгааг нь 60 жилийн дараа дуусгах нь” гэж шоглосон. Манайд зарим номыг нь хэвэлсэн байна гээд өөр газар эрх өгсөн эсэхийг лавлахад “Танайхаас өөр хэнтэй ч гэрээ хийгээгүй. Хэрэв зөвшөөрөлгүй орчуулж хэвэлсэн бол энэ нь хулгайн гэмт хэрэг” гэж хэлсэн дээ.
БИОЛОГИ АНАГААХЫН УХААН
Мүхэржи Сиддарта хэмээх сүүлийн үед их л моодонд ороод байгаа эрдэмтний Хорлолын хаан, Ген гэсэн хоёр номыг орчуулан худалдаанд гаргалаа. Зохиогч энэ бүтээлээрээ Пулицэрийн шагнал авч ном нь бэстсэллэр болсон. Хорлолын хаан гэдэг нь Хорт хавдар, тэрэнтэй тэмцсэн түүх. Гэхдээ маш энгийн хэлээр тун сонирхолтойгоор тайлбарласан байна. Эдгэшгүй гэж олон үеийн турш оношилсоор ирсэн энэ өвчний цаад шалтгаан, анагаах ухаан олон жилийн турш судалсан тэмцсэн туршсан түүх энд бичигдсэн. Анагаах ухаан энэ өвчинтэй тэмцсээр өнөөдөр ямар төвшинд хүрээд байгаа, ер нь өвчин юунаас болдог, хэрхэн оношлогддог зэргийг эмч, эрдэмтэн, авъяаслаг зохиолч хүний хувьд Сиддарта сайхан тайлбарлажээ. Юу юугүй л бүх юмыг хорт хавдар гэж оношилдог, юуг ч хамаагүй хорт хавдар үүсгэдэг гэж мэдэмхийрдэг, энэ өвчнийг эдгээх арга олчихлоо гэж бүлтрэн Засгийн газраасаа олон сая төгрөгөөр шагнуулдаг манай өнөөгийн төвшний хүмүүс Хорт хавдар гэж үнэхээр юу болох, одоогийн анагаах ухаан ямар амжилт олсон ба юу нь дийлдэхгүй байгаа талаар тодорхой ойлголттой болмоор байна. Энэ номыг дэлхий даяар уншиж байна. Ардчилсан ардчилаагүй аль ч орны уншигчид уг өвчин ардчиллаас болдог биш юм байна гэдгийг ойлгочоод явж байна, цаана чинь.
Мүхэржи Сиддартагийн бас нэг бэстсэллэр нь Ген хэмээх ном.Хорт хавдар ч генийн угшил шалтгаантай. Өнөөгийн дундаж иргэн гений тухай тун ч тааруухан ойлголттой, тэгсэн мөртөө ген ярих маш дуртай. Ген гэж юм байдаг гэж сэжиглэж эхлээд 150 жил, үнэхээр байдгийг нь бодитоор батлаад 70 жил болж байна. Генийг бүрдүүлэгч дизоксирибонуклэйний хүчил хэмээх аварга молекулын бүтцийг нээсэн Ватсоны маш сонирхолтой дурсамж номыг өнгөрсөн жил НЭПКО орчуулж хэвлэн гаргасан. Сонгуулиар манай нэг нэр дэвшигч өөрийнхөө тухай “Уураг сайтай ген юм, Удам сайтай унага юм” гэсэн шүлэг зохиолгуулан уншсаар яваад дивтаат болж байсан. Шинжлэх ухааны хувьд ген нь иймэрхүү ойлголтоос их л ангид юм билээ шүү.
Орчин үеийн биологи-анагаах ухааны сэдвээрх эдгээр цувралд Карл Циммэрийн Вирусын ертөнц гэдэг номын бас орууллаа. “Чухамдаа вирус л зөвшөөрсөн учраас манай дэлхий дээр амьдрал оршин тогтнож байна” гэсэн алдартай афоризм ч байдаг. Зөвхөн РНХ, ДНХ-аас тогтсон энэ биет ер нь амьдрал мөн үү биш үү гэдэг нь хэдийнээ философийн асуулт болсон. Уг нь Фридрих Энгельс “уурагт биеийг амьдрал гэнэ” гэж хэлсэн, тэр ч яахав шинжлэх ухаан дорой байх үед мэргэжлийн бус хүний амнаас гарсан үг. Мартсанаас Энгельс гэснээс түүний Байгалийн диалектик гэсэн зуун тавин жилийн өмнө бичсэн ном, ялангуяа Хөдөлмөр хүнийг буй болгосон тухайг нь заавал уншиж шалгалт өг гэж өнөөгийн Монголд дээд сургуулиуд (лав л МУИС) оюутан сурагчдаас шаарддаг нь хэвээр гэнэ. Одоо Хойд Солонгос, Кубад л оюутанд ийм шаардлага тавьдаг хэвээр байх, коммунизм сөнөнгүүт бусад оронд больсон. Энгельсийн энэ таамаглал бүтээл шинжлэх ухаанаар нотлогдоогүй. Сармагчин хөдөлмөр хийж хөлсөө гартал ажилласаар байгаа Хомо сапиэнс хэмээх орчин үеийн хүн болон хувирсан гэдэг нь арай ч дэндүү бүдүүлэг тайлбар. Шинжлэх ухааны эсрэг, үзэл суртлын номлол. Саяхан монгол хэлнээ орчуулагдан гарсан Ювал Хараригийн Sapiens гэдэг номыг хүүхдийг унш гэж гэж шахахаа байг гэхэд өөрснөө ядахнаа гарчиглачихаасай, тэр хоцрогдлын туйлууд.
Циммэрийн номын утгыг тоймлохын тулд зөвхөн бүлгийн гарчигнуудыг нь жагсаая: “Халдвартай амьд шингэн”, “Бидний дайсны дайсан”, “Гамшиг тарьсан шинэхэн халдвар”, “Харь гаригийн вирус”.
БАС НЭГ БЭСТСЭЛЛЭР
Швейцарийн зохиолч, бизнисмэн Ролф Добэлли Цэгцтэй сэтгэх урлаг гэсэн ном бичээдэхсэн чинь тэр дороо дэлхий даяар бэстсэллэр болчихдог байгаа. Яах тухай биш, яахгүй байх тухай энэ сонирхрлтой номыг НЭПКО өнгөрсөн жил орчуулаад гаргасан чинь Монголд бас бэстсэллэр болж богино хугацаанд гурав дахин хэвлэгдсэн. Хоорондоо шууд холбоогүй учраас хаанаас нь ч уншиж болдог энэ номд тавь гаруй “яахгүй байх тухай” зөвлөгөө бий. Зөвлөгөө болгон нь ердөө л ганц хоёрхон хуудас. Жорлондоо тавьчихаад бага багаар уншаад байж болох авч маш сонирхолтой учир ихэнх хүн нэг амьсгаагаар уншчихдаг аж. НЭПКО-ын дизайнар Бямбацогт номын хавтсыг хийхдээ Цэгцтэй сэтгэх урлаг гэсэн гарчигийн СЭТГЭХ гэдэг үгийг нь зориуд доош нь харуулаад биччихсэн чинь хэвлэх үйлдвэрийнхэн алдаа байна гэж ойлгоод дээш нь харуулаад засчихсан бас нэг цэгцтэй явдал болж байлаа.
Өнгөрсөн сард Добэллигийн дараагийн ном Сайхан амьдрах урлаг монгол хэлээр хэвлэгдлээ. Дэлгүүрийн талх шиг шажигнаж байна, цаана чинь. “Аз жаргал, эд баялаг, амжилтанд хүргэх 52 зөвлөмж” гэсэн давхар нэртэй. Гэхдээ яавал жаргах тухай биш, яахгүй байвал амжилтанд хүрэх тухай. Харвард, Бэрклэй, Оксфорд тийм ч мундаг сургууль биш гэнээ. Нэр суу нь алдаршчихсан болохоор хамгийн чадалтай залуучуудыг өндөр оноотой шалгалтаар элсүүлдэгт нууц нь бий. Тийм л мундаг юм бол дундач оюутнууд цуглуулаад тэргүүлэх мэргэжилтнүүд бэлтгэх нь яасан юм? Цаг хэмнэх гэхээр үнэндээ цаг үрдэг, жижиг гуйлт том харуусалд хүргэдэг, чамд дэлхийг аврах үүрэг байхгүй, өөрийгөө бусдын оронд тавиач, аугаа гэгдэх хүний онолд битгий хуурт, өнгөрсөн юмны араас битгий гунихар гэх мэтийн олон санааг маш хөөрхөн жишээгээр чимэглэсэн байна.
БУСАД
Одоо үеийн монголчууд философи их сонирхдог болжээ гэж бодогдлоо. Философийн ном болгон гүйлгээтэй байна. НЭПКО Жонатан Волф-ын Улс төрийн Философи, Мэл Томпсоны Философи гэсэн Оксфордын номнуудыг дахин хэвлэн гаргалаа. Хүний түүх бол дайны түүх, харин хүний сэтгэлгээний түүх бол философи. Энэ болгоныг нэгтгэн түүхчилж сурах бичиг маягтай болгохоор цэгцтэй сэтгэхэд хэрэгтэй байх. Нэлээд зоригтой, эсвэл галзуувтар хүн л өөрийгөө философич гэж заралдаг юм шиг билээ, Хүн болгон өөрөө өөртөө философич л доо. Гэхдээ гүн ухааны утгаараа шинэ гаргалгаа, шинэ санаа, шинэ ажиглалт, шинэ тайлбар гаргасан хэдийгээ философич гэх ба бусдыг нь философийн багш, философи сонирхогч гэх ба доошлоод ирэхээрээ өөрийгөө философич гээд ойлгочихсон шизо гэх нь ч бий. “Эхлээд хүн шиг амиа аваад яв, дараа нь философид” гэсэн латин мэргэн үгийг эртний ромчууд баримталдаг байж.
Монголын харилцаа холбоо гэсэн номыг “Нэйшнэл Жографик” хэвлэлийн газрын зөвшөөрлөөр тэдний лого болон дизайнаар хэвлэн гаргалаа. Монголын харилцаа холбоо үүссэний ойг мөн л 1921 он гэж тэмдэглэн одон медаль тараадаг. Уг нь Чингисийн үед өртөө үүссэнээр тооцохоо байг гэхэд XIX зууны эцсээр Монголоор дайруулж Бээжин Москваг холбосон холбооны шугам татсанаас эхэлсэн гэж үзмээр. Дани улсын компани шугам таталтыг гүйцэтгэсэн ба монголчууд шонг нь хөрөөдөж аваад түлш болгодог, төмөр утсыг нь ачаа бараа баглахад хэрэглэдэг байсан тухай Ларсон гүнгийн дурсамжинд бий. Зуун жил өнгөрөхөд ерээд оны үед харилцаа холбооны зэс утсыг хуу татаад зарчихдаг байсан гэхээр нэг их өөрчлөгдсөн юм байна уу?
DHL хэмээх шуудангийн компани дэлхийн хамгийн том нь. 1987 онд уг компани бүх дэлхийг бүрхсэнийхээ баярыг Лондон хотод тэмдэглэжээ. Захирал нь үг хэлж, улс төрийн шалтгаанаар зөвхөн Хойд Солонгос, Куба гэсэн газрын зураг дээр цэг шиг харагддаг хоёр жижиг улсаас бусдад нь манай компани илгээмжийг Антрактидад ч хүргэдэг боллоо хэмээн бахаджээ. Гэтэл нэг сүрхий эр DHL шуудангаа хүргэж чаддаггүй асар том газар нутагтай тусгаар улсыг мэднэ гэж маргаад мөрийцсөн байна. Сая таван зуун мянган ам км нутагтай Монгол хэмээх тусгаар улсад уг компани салбаргүйгээ мэдэхгүй явсан захирал мөрийгөө алдсан гэдэг. Тэр дор нь Монголд салбараа нээсэн. Тус компаний Монгол дахь салбарын үүсэл хөгжлийн тухай бас нэг ном сая НЭПКО гаргалаа.
Балбабол дэлхийн хамгийн ядуу улс. Сайн тал нь Энэтхэг, Хятад гэсэн хоёр аварга зах зээлтэй хөршилдөг. Гэтэл тэд тэрбумтантай болжээ. Бинод Чаудари гэх эр гоймонгийн бизнис эрхэлж том зах зээлийн томчуудтай өрсөлдсөөр байгаад дэлхийн тэргүүлэх баячуудын нэг болж. Мань эр азтай, гол нь ядуу орны ядарсан засаг төр нь түүнд элдэв саад тотгор болсонгүй. Ер нь хүн нь сүйхээтэй сэргэлэн ахул төр засгийн хамгийн том дэмжлэг бол бизнист нь гай болохгүй байхад л хангалттай юм. Бинод Чаудари-гийн Зангарагатай хөдөл дурсамжийн ном бас хэвлэгдэн гарлаа.
2019.12.02