Өөр гаригаас ажил хөөцөлдө­хөөр ирсэн “амь­тан” саяын хэдэн хоногт дэлхий дээр ирсэн бол бүх хаалга цоожтой байв.

Аймгуудын Засаг дар­га нарын цугларалт гэдэг шиг өнгөрсөн до­лоо хо­ногт Данийн нийслэл Ко­пен­­гаген хотноо улс ор­нуудын Ерөн­хий­лөгч эс­вэл Ерөнхий сайд нар цугларч хуралдсан юм. Зарим томоохон орны “хаан” 4000 гаран бараа бологчоо дагуулан Скан­ди­навын хойгт хүрэлцэн ирснийг багцаалахад тэнд том үйл явдал бол­жээ гэмээр. Гэвч эцсийн дүндээ урамгүй тарцгааж улам их ажиллах шаард­лага гарсныг мэдээлэл сонирхдог бүхэн сон­соц­гоосон. Олимпийн наа­дам болох гэж бай­гаа юм шиг дэлхий даяараа цуг­ларч уулзах шалтгаан юу байс­ныг  хүн тө­рөлх­төн сайтар анзаарсан байх. Маш товчхон эн­гийнээр илэрхий­лэхэд бидний хүүх­дийн хүүх­дийн амьд­рах үеэс эхлээд галав юүлэх болчихжээ. Гад­наас ч биш, дотроос ч биш, дэргэдээс өөрсдөө дэлхий­гээ хөнөөж бай­гаагаа дээхнэ мэд­сэн ч сая л “авч хэлэлцэж” бай­гаа хэрэг. Мөхөс миний ойлгож бай­гаагаар бол хүчил­төрөг­чийг залгих болгонд нүүрс­төрөгч болж хуви­раад тэр нь агаарт хөөрч, цаашаа­гаа далд оролгүй наашаа ч үгүй, цаашаа ч үгүй тог­тоод их олон жил болж.

Агаар ман­далд тогтсон муу хий хуримтлагдсаар зузаарч тавин төгрөгийн гялгар уут шиг юманд дэлхий уутлагдсан бай­далтай болжээ. Тэгээд цаанаас нь нар шарах­лаар хуучнаасаа илүү цоо­нож цоргиж газар дээр байгаа бүхэн байж суухын аргагүй болох юмдаг уу. Үүнийг хүлэмжийн хий ихэсч дэлхийн дулаарал боллоо гэж байгаль хамгаалагчид үзэж байгаа. Дэлхийн дулаарлыг бий болгож буй хүчин зүйл нь орчин үеийн шинж­лэх ухааны хэт хөгжил, үйлдвэр­жилт, хүн амын олшро­лоос болж байна. Хүмүүс дэлхий­тэй ганцхан болзлоор гэрээ хий­нэ. Ялаанаас заан хүртэлх бусад амьтас шиг байгалийн хуулийн дагуу амьдрах эс бол сөнөцгөөх гэсэн хоёр замын нэгийг сонго гэж “цаанаас” тулгаад байна. Энэ дээр “хэдүүлээ” цугларч аваад хэрхэхээ шийдэцгээе гэж Копенгагенд уул­зацгаасан ухаантай. Гэвч өндөр хөгжсөн бяр хүч нь аагласан ор­нуудын улстөрчид дор бүрнээ томорцгоож “Тийм юм байхгүй. Худлаа худлаа. Зүгээр ээ зүгээр” гэцгээн таран одлоо. Хамгийн том үр дүн нь гэвэл “Нээрэн дэлхий сөнөчих юм биш байгаа. Тэр цаг нь бидний үед тохиож гай болох вий” гэсэн айдас Обамагаас Мугаби хүртэлх бүхий л төрийн тэргүүний толгойд гүн бат суусан явдал юм. За за ямар ч гэсэн наад сэдэв дээр чинь хэдэн төгрөг дор бүрнээ хаяцгаая. Нэгэнт цугларсан юм чинь шийд гаргалгүй явалтай биш гэсэн тийм л яриа боллоо доо. Энэ тухай та бүхэн хангалттай сонссон болохоор нэмж тайлбарлах хэрэг юусан билээ.

Хурлын уур амьсгалыг харж байхад дэлхий дээр хамгийн их нүүрс шатааж нүүрстөрөгч ялга­руул­даг Хятад улс гэхэд л “Энэ манайд хамаагүй ваа. Тэгж яривал бид ядарсан ард түмэн. Одоо ч 130 сая иргэн ядуу зүдүү амьдарч утаа униар тарьж амьдарч байна. Тэдэнд мөнгө өг” гэхчилэнгээр бидний сайн мэдэх нөгөө зангаа гаргаж нохойтохыг гадаадынхан сонсоод гайхшаа барсан байх. Нөгөө нутагтаа олимпийн наадам хийгээд л дэлхийн тэргүүлэх орон болоод байсан их Хятад маань цагаа тулахаар их өөр юм ярьж “Нэг хятадын гаргаж байгаа утаа униар нэг монголын дэргэд юу ч биш” гэсэн санааг дэвшүүлж нөгөө та­лаас тийм ч байх үндэстэйг ойл­гуулж байсан. Гэхдээ яг Монгол гэж яриагүй л дээ. Манай хувьд өвөл урт, түлээ нүүрс айл болгон хэрэг­лэдэг. Их олон малтай. Нэг малаас гарч байгаа шивтэр, аргал, хор­голын нүүрстөрөгчийн дэгдэлт бусад үзүүлэлтээс 28 дахин их хөнөөл агаарт цацдаг гэсэн тооцоо байх юм. Ингээд бодохоор дэлхийн дулааралд монголчуудын нэрмээс шинжлэх ухаан, технологи нэвт­рүүлснээс дутахгүй гай тарьж байгаа мэт.

Уг хуралд Элбэгээ Ерөнхийлөгч үг хэлснийг хэвлэлд бүрэн эхээр нь тавьсан.

Түүний хэлсэн үгийн гол санаа бол монголчууд мянга мянган жи­лийн турш байгалиа шүтэж ирсэн, хамгаалж байсан уламжлалтай ард түмэн. Өнөө үед биднээс су­рал­цаач. Бүр тодруулбал манай малчид эрдэмтдийн маргалдаж байгаа бүхэнд чинь бодит хариу өгч чадна гэсэн юм. Цааш нь хэлэхдээ “Манай улс дэлхийн дулааралд хамгийн их хэлмэгдэж байгаа бүс нутаг шүү. Өнөөдөр дэлхий даяар дунджаар нэмж хоёр градус ду­лаарвал баларна гэж энд ярьж байхад Монголын тал нутагт хэ­дийнэ тийм болчихсон. Үр дүнд нь гурван гол тутмын нэг нь ширгэж, дэлхийд эхний 15-д ордог томоо­хон газар нутагтай Монгол орон цөл болж байна. Ирэх зун элсэн цөл дээр Их хурлаа хийнэ. Очиж байдлыг хараарай” гэсэн нь газар газрын хаад ноёдыг нэгийг бодо­ход хүргэсэн юм. Өмнө нь манай­тай хөлбөмбөг тоглоод байсан Энэтхэгийн далайн арлын орон Мальдивчууд өөрсдийгөө усанд үйх нь гэсэн санаагаа илэрхийлж далайн гүнд хуралдаж сенсаац тарьсан. Дараа нь балбачууд хайлж буй Гималайн нуруунд гарц­гааж дуулиан болсон юм билээ. Монголын Ерөнхийлөгчийн эл мэдэгдэл хэвлэлийн хуудсыг чимж түүний хэлсэн товчхон боловч олон санаануудыг томчуул өөриймшүү­лэн үгэндээ оруулж ярьж байв. Ялангуяа Элбэгээгийн “Бид энд цугларч ярих гэж ирээгүй. Ямар нэгэн ажил шийдэх гэж ирсэн” гэсэн үгийг олон орны төрийн тэргүүн яриандаа зээлцгээсэн юм.  

Энд болсон өөр нэг маргаан бол хөгжингүй орон ба хөгжиж буй ядуу орнуудын статус байлаа. Баруун Европ, АНУ зэрэг орнуу­даас анхны машин, орчин үеийн үйлдвэржилт үүсээд бүхэл бүтэн хоёр зуун дамнасан. Тэрний үйл лайг хожим хөгжсөн орнууд адил­хан үүрч мөнгө төсөв гарздаж ча­дахгүй. Сүүлд хөгжсөн орнуудад хоцрогдсон технологио танайхан шахаад байх юм бол дэлхийн дулаарал нэмэгдсээр л байна. Том гүрнүүд үйлдвэрээ шинэчлээч ээ. Бусад нь ч гэсэн дагах тухай хөгж­лийн замуудыг улс орон бүр ярьж байсан. Өөр нэг маш ойлгомжтой юм бол дасан зохицох тухай бай­лаа.

Шийдвэртэй хойшлуулшгүй  олон арга хэмжээ авлаа ч гэсэн дэлхийн дулаарал хэдийнэ газар авсан. Тийм болохоор улс орнуу­дын иргэд байгалийн энэ үзэгд­лийн эсрэг сөрөх биш хувь заяан­даа эртхэн эвлэрч урьдын болоод байсан олон юмнаасаа салж ши­нээр аж төрөх замаа хайцгаа гэсэн санаа юм. Биднээс түрүүлээд тө­рөл бүрийн бактери шавьжууд ши­нэ нөхцөл байдалд дасан төвхнөж үржиж үхэхгүй болоод эхэллээ. Хүн төрөлхтөн одооноос шинэ орчинд хэрхэн өөрийгөө авч гарах аргыг улс орон бүр бодож олцгоох тухай сэдэв байв. Энэ нь манай Монго­лын хувьд нүүдлийн мал аж ахуй цаа­шид тийм ч их явуургүй ирээдүй харагдаж байна. Бас нүүрсний уурхайгаа эртхэн ашиглаж зарж үрээд хэдэн төгрөг хэн нэг нь олдог юм бол олоод даруй дуусгах хэрэг гарах нь. Хойшид  байгаль орчны байгууллагын зүгээс ирэх хүчтэй шахалтын дагуу нар салхины эрчим хүч илүү ашиглах, бензи­нээр явдаггүй машин унах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг аргадсан арга хэмжээнүүд хөврөх нь бараг тодорхой болчихлоо. Үгүй ядаж л Улаанбаатарт нүүрсээр галладаг тав дахь цахилгаан станц барих гэхийн оронд одоо явж байгаа дулааны трубануудаа сайн хучиж алдагдалгүй болгоход хөрөнгө хаях хэрэгтэй юм. Нүүрс шатааж шатааж цахилгаан, дулаан гаргаад байсан нь ихэнхийг замдаа дэмий алдсан тухай олон баримтыг тө­рийн бус байгууллага, гадаадын төслийнхөн ярьцгаадаг.

Мөн хувь хүний тансаг хэрэглээ байгаль орчин, экологид муу үлгэр дуурайл болоод байгааг олон хүн шүүмжилсэн юм. Тухайлбал, ал­дарт хөлбөмбөгчин Английн Бекхэм  ху­вийн онгоцоороо Америк руу бараг ганцаараа нисэж ирж буцаж бай­­гааг байгалийн фанатууд олоод шүүхэд өгсөн байгаа юм. Түүн шиг өчнөөн олон тансаг амьд­рал, хэрэглээ дэлхийн өнцөг булан бүрт бий болж дурын нэгэн жийп хүлэг­лэн давхиж явдаг зэрэг нь бу­рууд­лаа. Бидэнтэй хамаатай ноц­той асуудал бол мал аж ахуй, газар тариалангийн салбар юм. Мэдээж мах, гурил идэхгүй яаж амьдрах вэ. Гол нь бага талбайгаас өндөр ургац авч, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхгүй бол ядарсан манай орныг яваандаа дээрэлхэж магад­гүй юм. Саяын дээд хэмжээний уулзалт дээр хүн нэг бүрийн нүүрс­төрөгч ялгаруулж буй хэмжээг тооцож, тансаг хэрэглээтэй нөхдүү­дийг шахах тухай яригдаад энэ удаадаа азнасан. Тэндхийн Бек­хэм, эндхийн бригадын малчин хоёрын агаарт нөлөөлж буй хор адилхан шахуу юм билээ. Үр ашиг муутай мянган хонийг жилийн турш бэлчээж ногоон ургамлыг багас­гаж, дээр нь баахан шивтэр агаарт тархааж, энэ өргөн уудам нутаг дээрээ жаргалтайн дэлгэр амьд­раад байвал цаадуул чинь дор нь хараад барьцаж магадгүй юм. Газар тариаланд ихээхэн уринш хийж хэвлий дэх уурыг хуурай­шуулах ч гэнэ үү бас л болохгүй бүтэхгүй юм ярьж байна лээ. Энэ бүгдийг нэг хүнд оногдох томъёол­лоор гаргаад үзэхээр зургаан хятадын утаа май тавьж амьдрах хөнөөлөөр манай нэг хүн амьдарч байдаг. Тэгсэн мөртлөө өөртөө ч нэмэр байхгүй ядуугийн туйл хэ­вээрээ.

Чухам эндээс байгаль орчин хамгаалах гэхээсээ илүү цэвэр хөгжлийн механизм гэгч өөр сэдэв рүү өөрийн эрхгүй ороод байгаа юм байна. Энэ дэлхийнхэн чинь. Моод Монголоор дуусдаг гэгчээр өндөр хөгжилтэй орны хоцрогдсон үйлд­вэр технологийг хичнээн хямд ч гэсэн эх орондоо чирч битгий гай болоорой гэсэн сэдвийг олон хүн хөндөж байсан шүү. Тэр жил манайхан Германаас нэг долла­рын үнэтэй бүхэл бүтэн хог шатаах үйлдвэрийг авчихаад засагт нэг тэр­бумаар шахаж байсансан. Одоо ингэх юм бол өгсөн авсан хоёулаа дэлхийн дулаарлыг нэмсэн хэргээр “дээлээ нөмрөх” юм байна.

Копенгагенд болсон дээд хэм­жээний уулзалтын төгсгөлд Уго Чавес гэдэг Венесуэлийн Ерөнхий­лөгч ёстой нэг агсам тавих юмаа. Байдал төрх нь манай Гүндалай, Буянгийн Жагаа шиг нөхөр юм. Хурлын зааланд баахан бараа бологчоо дагуулчихсан холхиод л. Мэдээллийн хэрэгслээр хачин  шийдвэр гаргаснаа ярьсаар бай­гаад бүр олны, дэлхийн танил болчихсон. Сэтгүүлч нар шуугил­даад л хошуураад унахаар аанай л Чавес нөгөө индиан нөхрөө да­гуулчихсан “бүлт бүлт” яриад  хү­мүүс­тэй гар барин өөрийгөө рек­ламдана. Тэрээр “Обама чи дайнд гаргаж байгаа мөнгөнийхөө өчүү­хэн хувийг байгаль орчинд зориу­лахад яагаад татганаад байгаа юм. Муусайн империалистууд ингэдэг байхгүй юу” гэсэн нь  нэг бодлын үнэн ч юм шиг. Бидний нүдэн дээр Обама гоохолзож, Медведев гэ­дэл­зэн пээдийж, Пан Ги Мун бөгт­гөнөн яваа нь байсгээд л таарал­даж байсан. Энэ тухай дараа тухтай бичнэ.

Юутай ч дэлхийн дулаарлын эсрэг дэлхийн бараг бүх орны тэргүүнүүд цуглаж үгээ хэлцгээсэн нь урьд хожид байгаагүй том арга хэмжээ боллоо гэцгээсэн. Томцуул эрэмбээрээ санал бодлоо хэлэхэд манай Ерөнхийлөгч эхний 12-т гарч үд дунд Английн Ерөнхий сайдын дараа индэрт гарсан нь сайхан харагдаж байв. Яг энэ үед бүхний анхаарал төвлөрсөн байсан үе л дээ. Хамгийн сүүлчийн илтгэгч үүр цайхын өмнө буюу шөнийн дөрвөн цагт индэр дээрээс бууж билээ. Шөнө дунд болсон яриаг сонссон сэтгүүлч байгаагүй.

Улс орнуудын дарга нар цуг­лар­сан Данийн Копенгаген хийгээд Скандинавын хойг дахь нутаг их сонин газар юм билээ. Хоёр цаг гэхэд үдшийн бүрий болж гурав өнгөрөөгөөд тас харанхуй болж хүмүүс лаагаа асаагаад л… За за энэ тухай маргааш “буу халцгаая”.

Ж.Гангаа