“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлаа өгөөд хоёр хонож байгаа Монгол Улсын Гавьяат нисэгч Г.Жаргалсайхантай ярилцлаа. “МИАТ” ТӨХК-ийн Төрийн банкинд байршуулсан мөнгийг “Голомт” банк руу шилжүүлэх тушаалыг салбарын сайд нь тус компанийн нягтланд өгсөн хэмээн ТӨХ дээр мэдүүлж, тэр нь нийтэд дэлгэгдсэн даруйд тэтгэвэртээ гарахаар болсон тэрбээр “Одоо завтай болсоон” гэсээр угтсан ч сэтгэлийн угт нь гуниг харамсал цухалзаж л байсан. Ажилгүй болсондоо ач холбогдол өгмөөргүй байна хэмээсэн ч ярилцлагын төгсгөлд ашиг сонирхлын зөрчил дунд асар дарамттай байснаа ч нуугаагүй юм. Ингээд түүний ярианд та бүхнийг хөтөлье.

-Ярилцлагаа шууд асуух гэсэн гол сэдвээсээ эхэлье. Энэ сарын 13-нд ТӨХ дээр танай компани, ТӨХ, Төрийн банкны хамтарсан уулзалт болж Төрийн банкны талаар хэлэлцсэн байна. Уулзалтын протоколыг олон нийтэд дэлгэсэн. Протоколд дурьдсанаар та Төрийн банкин дахь МИАТ компанийн мөнгийг Голомт банк руу шилжүүлсэн үйлдлийг Зам тээврийн сайд М.Зоригтын өгсөн чиглэл гэсэн байдаг. Сайд үүнийг ор үндэсгүй гүтгэлэг гэлээ. Та сандарсандаа сайдыг гүтгэчихэв үү, үнэхээр бодит тайлбар уу?

-Би өдий олон жил төрд ажиллахдаа хүн гүтгэж үзээгүй. Протколд ярьсан бүхэн минь үнэн. Үнэн гэдгийг нь манай ерөнхий нягтлан Одмөнх ч батлах байх гэж бодож байна. Сайд надтай утсаар ярьж “Би Одмөнхөд хоёр асуудал хэлсэн, дэмжээрэй гэсэн. Одмөнхийг ирэхээр асуухад хоёр хүсэлтийнх нь нэг нь “Голомт” банктай холбоотой, тэр протоколд хэлсэн үгийг дамжуулсан. Үүнийг сайд арай үгүй гэхгүй байлгүй. Гэхдээ үүнээс болоод намайг ажлаас халсан гэж үзэх нь буруу. Ийм жижиг асуудлаас болоогүй, өөр учиртай байсан байх. “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-тай “МИАТ” ТӨХК олон жилийн харилцаатай ажиллаж байгаа. Хүнд хэцүү үед тулж түшиж байсан гэдэг нь ч үнэн. Төрийн банктай ч мөн адил. Ялангуяа Төрийн банкны тухайд А.Гансүх сайд байхдаа төрийн байгууллагын хувьд Төрийн банкаа дэмжиж, харилцаатай хамтарч ажиллаарай гэж шуурхай хурал дээр салбарын бүх агетлаг, төрийн байгууллагуудын удирдлагуудад хэлж байсан.

-Тэгвэл та яагаад заавал Төрийн банкны талаар ТӨХ дээр болсон хамтарсан уулзалтын дараа ажлаа өгөхөөр шийдсэн юм бэ. Та 63 настай, тэтгэвэрт гарах цаг боллоо гэж сая л шийдлээ гэж үү?

-Яагаад өчигдөр вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Намайг ажлаас халсан нь сонин биш байх аа. Ажил албыг өгч, авч л байдаг. Харин би чамд Монголын иргэний агаарын тээвэр гэдэг байгууллагынхаа өнөөгийн, маргаашийн тухай л яримаар санагдаад байна, болох уу?

-Бололгүй яахав, би угаасаа асуухаар төлөвлөсөн.

-“МИАТ” ТӨХК үндэсний агаарын тээвэрлэгч статусаа аваад хоёр жил болж байна. Би энэ байгууллагатай амьдралаа холбоод 40 гаруй жил болжээ. Саяхан л сургуулиа төгсөөд ирж байсан санагдана. Өнөөдөр агаарын тээврийн салбар хүнд байдалд байгаа. Орон орны төр засаг агаарын тээврийн салбараа стратегийн, эсвэл эдийн засгийн ач холбогдолтой гэж үздэг. Манайх хоёр том хөршийн дунд байрлалтай учраас стратегийн ч, эдийн засгийн ч чухал ач холбогдолтой. Гэвч төр, засаг өнөөдрийн байдлаар хүндрэлээсээ гарахад нь дорвитой арга хэмжээ авсан гэж хэлж болмооргүй байна. Агаарын тээврийн онцлог нь аюулгүй байдал, үйлчилгээ гэдэг хоёр гол үзүүлэлт дээр суурилж хөгждөг. Би МИАТ-даа нисэгчээс эхлээд орлогчийг нь хүртэл ихэнх шат дамжлага дээр нь ажиллаж ирсний хувьд олон өнцгөөс нь салбараа харж дүгнэх мэдээлэлтэй гэж хэлж болно. Өнөөдөр МИАТ миний хэлэх дуртай “чөдрийн ганц морь”-тойгоо байх уу, гаднаас олон хурдан хүлэг авчраад уралдуулах уу гэдэг зааг дээр ирээд байна. Хэрэв гадныхыг авчиръя, манайд үндэсний агаарын тээвэрлэгч хэрэггүй гээд хаявал юу болох вэ. Бусад орны туршлагаас харахад зарим нь хөрөнгө оруулагчдад хаалгаа нээж, эсвэл төр нь агаарын хөлгүүдийг нь худалдаж авч өгдөг. Аливаа авиа компанийн хувьд шинээр хөрөнгө оруулах, түүнийгээ үйл ажиллагааны явцад эргэн төлнө гэдэг маш хүнд байдаг. Ялангуяа эхний жилүүддээ байдал их хүнд. Манайх яг ийм байдалд орчихоод байна.

-“МИАТ” ТӨХК-ийн санхүүг ямар байдалтай хүлээж авав, яаж сайжруулав?

-Шинэ “Боинг-767” онгоцыг авахдаа бид 124 сая ам.доллар зарцуулсан. Уг нь 90 гаруй сая ам.долларын үнэтэй л дээ. АНУ “Эксим” банкнаас 70 хувийг нь, өөр хоёр банкнаас үлдсэнийг нь зээлж авсан. Энэ онгоцны мөнгийг 2014 оноос төлж эхэлсэн. Арван жилд багтаан улирал бүр дөрвөн сая ам.доллар төлөх гэрээтэй. Үүнийг төлөх гэж ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэгчээр төрөөс болон банкнаас зээлж төлсөөр ирлээ. Одоо арваннэгдүгээр сард ээлжит дөрвөн сая ам.доллараа төлөх учиртай. Би 2012 онд ажлаа авахаас өмнө ийм байдлаар явж ирсний хувьд дээрх нөхцөл байдлыг сайн мэднэ. Шинээр онгоц аваагүй, түрээсийн онгоцоор үйл ажиллагаа явуулдаг байхад бид эдийн засгийн хувьд боломжийн байлаа. 2010 онд А-310 онгоцыг санхүүгийн түрээсээр ашиглаж эхэлсэн. Арван жил түрээсээ төлөөд өөрийн болгох байсан ч харамсалтайгаар далавчийг нь цоолж гэмтээсэн. Тэр үед би Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байлаа. Ингээд 2010 онд “МИАТ”-ийн эдийн засаг нь гайгүй ч, үйл ажиллагаа доголдож хүнд байдалд орсон ч хоёр жилийн дотор хүндрэлээс гарсан даа. Тэр үед буюу 2012 оны 11 дүгээр сард би 2013 онд шинэ онгоцтой болно, 2014 оноос өрийг нь төлж эхэлнэ гэсэн зураглалтайгаар “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг авч байлаа. Ингээд гурван жилийн ойн дээрээ ажлаа өгч байна даа.

-Ямар хэмжээний өртэй хүлээлгэж өгөв?


-Одоогийн байдлаар 124 сая ам.доллараас 30-аад сая ам.долларыг төлсөн. 90 гаруй сая ам.долларын зээлтэй байгаа. Бид зардлаа хэмнэхийн тулд олон ажил хийсэн. Урт, дунд, богино хугацааны бизнес төлөвлөгөөгөө зохиосон. Олон улсын түвшинд үнэлэгдэх авиа компани болохын тулд юу хийх, ямар стандартыг мөрдөх вэ. Олон улсын агаарын тээврийн компаниудын нэгдсэн холбоо /IATA/-оос хоёр жил тутамд аюулгүй байдлын шалгалт авдаг. Үл тохиролгүйгээр хамгийн сүүлд энэ оны наймдугаар сард шалгуулж 100 хувийн амжилт үзүүллээ. Японы “АНА” компанийн ерөнхийлөгчтэй саяхан есдүгээр сард уулзахад, “Манайд хоёр гурван үл тохирол гарчихаад байдаг. Танайх үл тохиролгүйгээр шалгалтаа давна гэдэг том амжилт” хэмээн онцолж байсан.

-Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал ажиллаж эхлэхээр өрсөлдөөн улам ширүүсэх байх. МИАТ зах зээлийн орон зайгаа алдахгүйн тулд юу хийж чадах вэ?

-Гарцаагүй. Одоо манай хамтрагч байгууллага болох дэлхийд эхний аравт ордог дөрвөн авиа компани байна. Тэдгээртэй өрсөлдөхийн тулд дээр хэлсэн “Аюулгүй байдал, үйлчилгээ” гэсэн гол үзүүлэлтээрээ дор орохгүй байх, илүү давамгай байж зах зээлийн орон зайгаа алдахгүй авч үлдэнэ. Үүнд төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Том, жижиг аль ч авиа компанийн талаар баримтлах бодлого нь тодорхой байх нь чухал.

Саяхан АНУ-ын хамгийн том таван авиа компани төрөөсөө бодлого нэхэж байна. Тухайлбал, Булангийн орнууд Эмират, Катар болон Турк, Хятадын хүчирхэг, хөрөнгөлөг авиа компаниудад түрэгдэж гарч мэдэхээр байна гээд төрийн зохицуулалт хүслээ. Энэ нь хэдийгээр АНУ хүчирхэг боловч энэ салбарыг хэт либеральчилж болохгүй нь, Үндэсний агаарын тээвэрлэгч байх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн хэрэг. Тэгвэл манайд Үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх хэрэгтэй юү. Мэдээж олон авиа компанитай байх нь сайн талтай ч зах зээл үүнийг дааж чадах уу гэдэгт гол асуудал байгаа юм.

-Таныхаар хэдэн авиа компанитай байх нь зохимжтой байхаар санагддаг вэ?

-Үнэндээ дөрөв таван авиа компани байх шаардлагагүй. Зах зээл даахгүй. Гэвч өнөөдөр хүнтэй л ноцолддог болохоос бодлоготой ноцолдож байгаа хүн алга. Аливаа асуудалд хандахдаа хэсэг бүлэг хүний эрх ашигт нийцэхгүй бол бушуухан тэр саад болсон хүнийг халж солих л болж дээ. Өнөөдөр МИАТ дотоод зах зээлд оролцохгүй байна. Тэгэхээр миний бодлоор Монголд хоёр л авиакомпани байхад болно, ийм л багтаамжтай зах зээл шүү дээ. Дотоод, гадаад хоёрт тус бүр нэг авиа компани хоорондоо нягт уялдаатай ажилладаг байх нь зохимжтой.

-Та сая бүлэг хүмүүсийн эрх ашиг гэдэгтээ “Turkish Airlines”-ийн тухай хэлж байна уу. Энэ талаар Засгийн газрын түвшинд удаа дараа яригдаж байсан шүү дээ?

-“Turkish Airlines”-ийг энд зөвхөн жишээ болгож хэллээ. Таны хэлсэнчлэн үе үеийн Ерөнхий сайд нарын үед энэ талаар ярьж байсан. Одоо ч мөн ярьсаар л байна. Үүнд зөвхөн үндэсний язгуур эрх ашгийн үүднээс, тэр тусмаа хожмын өдөр манай салбарын ирээдүй ямар болох вэ гэдгийг харж шийдвэр гаргах нь зүйтэй гэж боддог. Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Turkish Airlines” Монгол руу, “МИАТ” Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. Гэтэл “Turkish Airlines”-ийнхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоя, онгоцоо томруулъя гэх санал тавьсаар байгаа. МИАТ үүнийг “хааж боосондоо” биш, Монголд ашиггүй гэрээ хийх эрхгүй гэдэг үүднээс асуудалд ханддаг. А.Гансүх сайд байхдаа энэ талаар маш сайн ойлгож хүлээж авдаг байсан.

-Харин түүнээс хойш?

-Ер нь сайд нарт энэ талаар нарийн учрыг зөв өнцгөөс нь ярихад ойлгодог. Цаашид ямар шийдвэр гаргахыг таашгүй. Энэ сэдвээр нэлээд хатуу үг сонсож байсаан. Гэвч хожмын өдөр “Turkish Airlines” хүчирхэгжлээ гэхэд МИАТ өөрөө зах зээлээс шахагдаж гарвал яах вэ гэдгийг бодолцох ёстой. Түүнээс биш зарим хүний шүүмжилдэг “МИАТ монопольчилж өөрөө нисэхгүй, өрөөлийг нисгэхгүй, дээр нь гаднаас орж ирж байгаа боломжийг хязгаарлаж байна” гэдэг асуудал буруу юм шүү. Статистикаас харахад “Turkish Airlines”-ийн орж ирсэн хоёр жилд Европын зах зээл талдаа нэмэр болоогүй. Өнгөрсөн хугацаанд тэд “Аэрофлот”, “МИАТ” хоёроос л зорчигчийг нь авсан. Тэгэхээр энэ чиглэл бол миний хэлсэнчлэн хоёр авиакомпанийн л зах зээл юм байна. Өөрөөр хэлбэл “Turkish Airlines” нислэгийн тоогоо нэмэхэд Аэрофлот тэсээд үлдэнэ, МИАТ шахагдаад гарахаас аргагүй болно.

-Шахагдахгүй байх боломж алга гэж үү. Агаарын хөлөг, нисэгчийн ур чадвар бүх талаараа өрсөлдөөд ч чадахгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?

-Бид цэгээс цэгт нисдэг. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас Москва ороод, Москвагаас цааш задарч нисч чаддаггүй. “Аэрофлот” бол Москва, Стамбулаас цааш 223 чиглэлд задарч нисч байна шүү дээ. Тэдэнд маш том боломж байна. Бидэнд алга. Манай OМ135-аар яаж Лондон орох вэ. Прага, Нью-Йорк руу яаж хүрэх вэ гэхчлэн гарц бодож олох ёстой. Код шейр гэж харилцан бие биеийнхээ кодыг хүлээн зөвшөөрсөн гэрээ байдаг. Энэ гэрээнд нэгдэж кодыг хамтарч эзэмшихийн тулд өнөөх л “Үйлчилгээ, аюулгүй байдлын” шаардлагыг хангасан байх ёстой. Дээхнэ үед энэ асуудлыг тавихад “од” аваад ир, шалгалтуудаа даваад ир гэдэг байсан. Өнөөдөр бид гурван одтой, дөрвөн од болгохоор төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Аюулгүй байдлын таван удаагийн шалгалтад бүгдэд нь 100 хувийн үнэлгээтэй тэнцлээ. Авиакомпаниудтай гэрээ, хэлэлцээр хийхэд нүүр бардам байх болсон.

-Та сая төрийн бодлогын талаар ярилаа. Өнөөдөр Зам тээврийн сайдаар ажиллаж байгаа М.Зоригт энэ талаар ямар байр суурьтай байдгаа тантай хуваалцсан байх?

-Зам тээврийн сайд М.Зоригт МИАТ-ийг дампууруулах бодлоготой байдаг юм билээ. Манай залуучуудтай уулзахдаа ч хэлсэн байдаг. Намайг худлаа хэллээ гэхгүй байх. Яамны шуурхай хурал дээр ч хэлж байсан. “МИАТ-ийг дампууруулж шинээр байгуулъя” гэдэг. Миний хувьд үүнд дургүй байгаа. Яагаад гэвэл аливаа юмыг нураах амархан. Хийж бүтээж, босгох маш хэцүү. Жараад жилийн түүхтэй МИАТ маань сайн, муу их ч юм дууллаа. Монголчууд нь муулахад би “Бухимдсандаа өөрийн чөдрийн ганц морио ороолгоо л биз” гэж боддог. Хүний морь ороолговол хэрэгт орно шүү дээ. Гэтэл МИАТ-ийг муу муухайгийн үүр уурхай, ерөөсөө тараахгүй л бол болохоо байчихсан гээд дэмжихийн оронд салбарын сайдаасаа эхлээд муулаад явахаар энэ онгоцонд хэн суух юм бэ. Гадаадынхаа ганган онгоцоор явцгаая гэтэл тэтгэврээ цуглуулж байгаад үр ачаа эргэх гэсэн ахмадуудаас эхлээд үнийг нь дийлэхгүй хүн олон байх. Сайд сайжруулах гэсэндээ “дампууруулъя” гэсэн байж болно. Улам сайжруулах өөрчлөлт хийх гэж хэлсэн бол дэмжинэ. Уг нь яахаа алдчихсан байгууллага биш шүү дээ, үе үеийн ажилтнуудын хийж бүтээснийг бас үнэлэх ёстой. Даяаршсан энэ цаг үед гадаадынхан МИАТыг сонгох уу, эс сонгох уу гэдгийг бодолцож шүүмжлэх нь зөв.

-Хувьчилбал байдал сайжрах уу?

-Сайжрах гарц мөн байхыг үгүйсгэхгүй. “Төр муу менежер” л гэдэг. Миний бодлоор сэтгэл гаргаад ажиллабал төрд, хувийн байгууллагад ажиллах ялгаагүй. Төрийн компани ч гэсэн сайн ажиллаж болно. Нэг компанийн баг гаргаад хоёр жилийн дотор яаж нөхцөл байдлыг яаж сайжруулах төлөвлөгөөтэй нь танилцаад, зургаан сар ажиллуулж үзээд чадахгүй бол болиулж чадвал дэмжээд явдаг байж болно шүү дээ. Гэтэл өнөөдөр тухайн компанийн бүх ажилд төр оролцож байна. Хийх гэж байгаа ажлыг хийлгэдэггүй. Тэгээд хэн хийх юм бэ? Тэр сайд уу? Засгийн газар уу? ТӨХ хийх үү? Эсвэл компанийн ТУЗ хийх ёстой юм уу гэдэгт ашиг сонирхлын үүднээс хандаж улам хариуцлага хүлээх эзэнгүй болгоод байх юм.

-Ц.Орхоныг яагаад мэргэжилтнээр ажиллуулах болсон юм бэ. Танд хэн нэгэн албан тушаалтан захьсан, шахсан зүйл бий юу?

-Шахалт ч гэх юу байхав. Сайд яамны шуурхай хурал дээр үүрэг даалгавар болгож хэлсэн. Эхлээд Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн даргаар ав гэсэн. Гол нь мэргэжил, боловсрол, туршлагыг ашиглая гэдэг утгаар хэлсэн гэж ойлгосон. Гэвч бид мэргэжилтнээр авсан. Би Ц.Орхонтой хамтарч ажиллаж байсны хувьд мэдлэг, чадварыг нь үнэлдэг.

-Нисэгч байсан хүний хувьд Монголын “ганц саалийн үнээ” гэгддэг МИАТ компаний захирал болмогцоо шинэ онгоц, асар их өр зэрэг олон шинэ зүйлтэй учирсан. Тэр ч байтугай улс төрийн хүрээнд хамааралтай болохоор дарамт шахалт, гуйлт сэлт ч их байсан байх. Энэ бүхэн танд ямар сэтгэгдэл төрүүлж байв?

-Ний нуугүй хэлэхэд маш их дарамт, ачаалалтай ажилласан. Би 2013, 2014 онд амралтаа авч үзээгүй. Энэ нь ч миний хувийн зохион байгуулалт муутай холбоотой байх. Гэхдээ эгзэгтэй нөхцөлд ирмэг дээр байхад бид амрах завгүйгээр багаараа ажиллаж ангалаас жаахан ч атугай холдуулсан гэж хэлж болно. Би ганцаараа юу ч хийж чадахгүй, багаараа л ажилласан. Нисэх бүрэлдэхүүний зардлыг 50 хувь бууруулсан. Нисэгчид маань дургүй байгаа нь тодорхой байсан ч миний өмнөөс эсэргүүцээгүй. Захирлуудын цалинг 20 хувиар бууруулсан. Эдийн засаг арай дээрдээд ирэхэд захирлуудаас бусад ажилтнуудын томилолтын нэмэгдлийг өнгөрсөн есдүгээр сарын 1-ээс хэвээр нь олгож эхэлсэн. Түрээсийн онгоцны үнийг анх тохирсноосоо нэг сая ам.доллараар багасгаж чадлаа. Нэг онгоцонд сар бүр 347 мянган ам.доллар төлдөг байсныг 230 мянга болгосон. Түрээсээр 2014 онд ирсэн шинэ “Боинг 737” онгоцны үнэд сар бүр 470 мянган ам.доллар төлөхөөр байсныг 399 ам.доллар болгож хямдруулсан. Мөн манай инженер техникийн ажилтнууд өнгөрсөн жил тав, энэ жил арван онгоцны хөнгөнөөсөө хүнд хэлбэрийн бүх засвар үйлчилгээг хийж чадаж байна. Дандаа гадаадаас захиалга авч засварлаж байгаа. Саудын Арабт очиж хөдөлгүүр сольсон. Яахав тэр үед 20 мянган ам.доллараар хийсэн ч байгууллагадаа өгөөд авдаг цалингаа аваад л компанидаа “экспорт”-ын орлого хийгээд байгаа шүү дээ, манай залуус.

-Улс төрийн талаас дарамт учирч байв уу?

-Аливаа нэг ашиг сонирхолтой, эсвэл би санаанд нь таардаггүй тохиолдолд ийм зүйл гарна. Миний өмнөөс ажил хийчих гээд байхаар би үгэнд нь ордоггүй ч гэх юм уу, тийм үед дарамт шахалт үзэлгүй яахав. Заримдаа би “Ерөөсөө тараачих, хуулиараа аюулгүй байдал зэрэг бүх зүйлийг хариуцах үүрэг хүлээсэн учраас эрсдлийг би тооцох ёстой” гэдэг.

-Сонирхож асуухад нууцын зэрэглэлтэй мэт нууцалдаг “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын цалин хэд вэ? Та нээлттэй байя гэсэн болохоос ажлаа өгсний чинь дараа асууж болно биз дээ?

-Тийм нууц, бас сонирхолтой гэж үү. Үндсэн цалин таван сая байснаа сүүлд долоон сая төгрөг болсон. Удаан жилийн нэмэгдэлтэйгээ есөн сая төгрөгний цалин авч байлаа. Энэ бол МИАТ-ийн буян, мөнгөн цагаан онгоцны минь хишиг гэж боддог.

-Уучлаарай, таны гэр бүл, ойр дотны хүмүүсээс одоо МИАТ-д ажилладаг уу?


-Миний гэргий МИАТ-д 25 дахь жилдээ ажиллаж байна. Онгоцны үйлчлэгч, байцаагч гээд бага залуугаасаа энэ салбарт зүтгэлээ. Дүүгээ цомхтголоор өөрөө санал болгож байгаад халуулчихсан. Хэлний болон мэргэжлийн хувьд сайн гэж дарга нар нь хэлж байсан ч хэн нэгэн өрх толгойлсон эмэгтэй ч юм уу цомхотголоор халагдсанаас энэ нь дээр гэж бодсон. Хааяа гомдоод, эсвэл инээгээд хэлж л байдаг юм. Одоо өөр авиа компанид ажилладаг. Би ч ажилгүй болчихлоо.

-Та хамт олон, багийнхаа тухай нэлээд ярьж, амжилт бүхнээ холбон ярилаа. Нууц биш бол ТУЗ-ийн сүүлийн хуралдаан дээрээ юу гэж захисныг сонирхож болох уу?

-“МИАТ”-аас хөрөнгө завшсан гэх яриа манай багийнхнаас эхэлж төгсгөл болог. Надад тийм асуудал байхгүй. Та нарт ч гэсэн байхгүй байгаасай. Бүх орлого, зарлагаа ил тайлагнаж, 600 орчим ажилтантайгаа илэн далангүй байя гэж би байнга хэлдэг. Гэхдээ би өөрийгөө өндөг шиг өөгүй гэхгүй. “Түлээ хагалахад зомгол гардаг” юм аа. Түүн шиг би ямар ч алдаа дутагдалгүй ажилласан гэж хэлж болохгүй. Харин манай баг хувийн ашиг сонирхлоор ямар нэг үйлдэл хийгээгүй гэдгийг би 100 хувь итгэлтэй, бардам хэлж чадна. Одоо ч манайд аудит орчихсон шалгаж байгаа. Би багийнхандаа ч хэлж байсан. Надад алдах юм байхгүй. Зөв гольдролд нь л оруулах хэрэгтэй. Намайг золиослоод ч болтугай “МИАТ” ТӨХК-ийн нэр хүндийг өргөж яваарай гэж захисан. Золиос болж байна гэдгээ ч хэлсэн. Би өнөөдөр тэгж хэлээд гарч чадсандаа баяртай байна. Тэнд байгаа дарга, сайд, магадгүй зарим ажилтан надад итгэхгүй байж болно. Юм гэдэг учиртай. Би бурханд итгэдэггүй л дээ, гэхдээ хэрэв бурхан гэж байдаг бол миний аав энэ салбарт насаараа зүтгээд сольж өмсөх костюмгүй ажлаасаа гарсан. Би нисэгчийн цалингаараа амьдарч ирсэн, захирлаар ажиллаад боломжийн цалин авч байсан ч хаус сэлттэй болъё, брэндийн хувцас өмсье гэж бодож байсангүй. Мөнгөн цагаан онгоцны буянд байгаадаа сэтгэл хангалуун, илүү шунахгүй л амьдарч ирлээ. Би захирлын ажлыг аваад л багийнхандаа хэлж байсан “Үүлэн чөлөөний нар шиг хугацаанд ажиллах хооронд нь ашиг хонжоо хийгээд авъя гэсэн сэтгэл өвөрлөх хэрэггүй шүү. Би цагдаагийн машины дуу сонсохгүйгээр пенсиндээ гаръя даа” гэж. Тэгэхэд зарим хүн “Хилсээр ч хийж болдог юм шүү дээ” гэж хэлж л байсан. Гэхдээ соёлтой төртэй, хараат бус шүүхтэй энэ цаг үед арай ч үгүй байлгүй дээ.

-Ер нь сайд, дарга нарт “Үгүй” гэж хэлэхэд хэцүү байдаг уу?


-“За” гэж хэлчихээд хийхгүй байж бас болно шүү дээ. Ийм арга ч заримдаа хэрэг болдог байлаа. Тэгэхээр “хорхойтсон араа”-нд зуугдаж байгаа юм л даа. Зуугдлаа гээд яахав дээ, эцсийн дүндээ ийм л байна.

-Илэн далангүй сэтгэлээ нээсэн танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье!