...Монголчууд муухай болоод байгаа юм биш, харин бид муухай муухай юм бишгүйтэй гэдгээ л таньж байгаа юм.

Өөрсдийгээ “Оюун санаа бие бялдрын хувьд тэгш боловсорч буй социалист байгуулалтын гишүүд” хэмээн ойлгож байсан цаг саяхан. Хүний нийгмийн хаана ч таарч болох алдаа эндлийг ч  сонин байдлаар тайлбарлаж байв. Социалист нийгмийн гишүүн хулгайч байж таарахгүй, ийм учраас бусдын гээгээгүй юмыг олсон этгээд бол өнгөрсөн нийгмийн үлдэгдэл болж таарна. Ингээд хулгай худалтай хийх тэмцлээ “өнгөрсөн нийгмийн хоцрогдолтой хийж буй дайн” хэмээн таниулна.  “Ямарч худал үгийг зуу давтахад үнэн юм шиг санагдана” гэгчийн үлгэрээр  нийгмээрээ хүний хайлан болоод ч байгаа аятай сэтгэгдэл төрөх болжээ.

...Хоёр хүчирхэг гүрний дунд тусгаар тогтнолоо алдан, олон явж ирсэн цөөхөн монголчуудад  урам зориг ундраагч дотоод хөдөлгүүр болсон үзэл санаа хэрэгтэй байжээ.  Тэр үзэл санаа нь бодит амьдрал дээрх тэгш бус байдлыг өөрчлөн төсөөлүүлж, тусгаар тогнолын үзэл санааг нь мөнхөд тэжээх учиртай байсан ажгуу.

Чухам ийм үзэл санааны ачаар, харийн эрхшээлд байсан он жилүүдэд ч өөрсдийгээ унтаж байгаа арслан, түр зуур муужирсан баатар эрээр төсөөлөн санаж байж. Төсөөлөл, итгэл үнэмшил нь  тусгаар тогнол эрх чөлөөний үл унтрах бамбар болон дүрэлзсээр ирсэн байж ч магад бөлгөө.

ХХ зууны эхэн хүртэл Чингис хааны суу алдар, “Халхын заяа их юм гэнэ лээ” гэсэн итгэл найдвар, Орос газар  сууж, Манжийг дарах боломжит цагийг “түм наслан” хүлээж буй Амарсанаа вангийн домог энэ тэрээр дамжин тэрхүү үл унтрах бамбар асч байлаа.

Харин ХХ зуунд тусгаар тогнолоо сэргээн, иргэншин суурьшиж, түүнийхээ төлбөрт зөвлөлт маягийн коммунист улс байгуулах явцад “Бид өрнөдийн маягаар хөгжиж байгаа, Бид хятадаас ялгаатай өрнөдийн орон болно. Энэ нь бидний тусгаар тогтнол, бусдад үл автах байдлын баталгаа” гэсэн итгэл бий болжээ.

Яг ямар учиртай, үнэн хэрэгтээ бодитой эсэх нь эргэлзээтэй “социалист нийгмийн гишүүн”, “өвтэгш коммунист хүн” зэрэг нь “бид оньсон техник эзэмшсэн европынхны  дайтай хүн болж, тэр хэрээрээ улс орон маань европын улс шиг хүчтэй болно” гэсэ итгэл найдварын илэрхийлэл байв.

Гэтэл ерээд оны ардчилал, шилжилтийн үе эхэлж хуучин систем өнгөрсөн үеийн итгэл үнэмшил хамтдаа нуран уналаа. Жаргаагч коммунизм, өвтэгш социалист хүний үлгэр ч өндөрлөв. Живж буй хүн зэгс шүүрдэгийн адилаар монголчууд эрхэм дээд үзэл санааны хөтөч тэмтэрлээ.

Төдөн жил болоод коммунизмд орж, тэгээд нийгмийн баялгаас хүсснээрээ хүртэн жаргах баримжаагаар өдөр хоногийн хүнд бэрхийг юманд бодохгүй давж явсан үндэстэн мөрөөдөлгүй болчихлоо. Тийм сайхан, тийм гоё болно гэж найдах юм байхгүй болохоор “тийм лут байсан” гэх гайгүй дурсамж руугаа эрэл хайгуулаа чиглүүлэв. Аз болоход тийм юм байж таарав.

Чингисийн удам, бурхнаас монгол хүнийг онцгойлон тэмдэглэсэн “хөх толбо” зэрэг “үзэл суртал” ингэж эхлэв. Хүсвэл дэлхийг эзэлж чаддаг үндэстний удам, бурхнаас заасан тэмдэгтэй улс үндэстнийг сайхан ирээдүй хүлээж таарна. Ийм “шилмэл” үндэстэнд  дахин Бээжингийн хараат байх, эргээд Зөвлөлтийн дагуул болох заяа давтагдах учиргүй байж таарна.

Ийнхүү, ялангуяа сүүлийн зуун жилд монголчуудыг дараалан өвчлүүлсэн хоёр том хийрхэл нь маш их учир утгатай “өвчин” болж таарсан юм.  Энэ “өвчин” монголчуудыг сэтгэл санаагаар туйлдахаас хамгаалсан дархлаа, хямран доройтох үеийн итгэл найдвар болж байсан юм.

Гэвч энэхүү “авралт өвчин”-үүдийн  сүүдэр талд үнэхээр ч дутагдалгүй, төгс үндэстэн аятай гэнэн итгэл, хуурмаг үнэмшил үлджээ. Тэрнээсээ болоод хүний хорвоогийн сүүдэр болсон хулгай луйвар, заль мэх, харгис зан чанараа өөр юм руу чихэж, өөрийгээ зөвтгөж сурсан байна. Эсвэл түүнийгээ эх оронч үзэл, ард түмнээ хайрлах хайраар хучин зальдаж сурчээ.  Бүр арга бараад ирэхээр өлсөхийн эрхэнд хулгай хийсэн, эх орноо хайрлахын эрхэнд рэкээтэлсэн, үлс үндэстнээ гэх сэтгэлээ барьж дийлэлгүй дээрэмдсэн болгон тайлбарлана.

Ер бусын Монголчууд хулгайч, луйварчин, дээрэмчин тэр байтугаа ерийн шуналтай этгээд байж таарахгүй учраас  зээлээ төлөхөөс зугтаагч бус өглөг тараагч, гадаадын хөрөнгө оруулагчдийг хөөгч бус харийн түрэмгийлэгчээс хамгаалагч,  авилгач хулгайч бус  шударга бус хуваарилалттай тэмцэгч болж байгаа хэрэг.

Ийм гарц олж чадалгүй  хулгай баригдсан, дээрэм дээрээ гардуулсан нэгнээ гайхаж “Монгол хүний чанар муудлаа”, “хэзээд муухай юм хийж байлаа, бид” хэмээн гайхаж байна.

Монгол хүн муу болоогүй. Харин бусадтай л адилхан муу болохоо таньж байгаа хэрэг. Бусадтай адилхан муутай байгаа хойно, бусад шигээ сайнтай байх нь дамжиггүй.

Өөрсдийгээ жинхэнээр нь харах хэрэгтэй цаг иржээ. Зурвас зурвас цаг үеүдэд хэрэг болж байсан “өвчин” эмгэгээсээ салах цаг. Яаж ч хэрэг болсон байлаа гээд сайхан өвчин гэж байх биш дээ. Гэнэтхэн мухай олгой нь үрэвсснээс болоод сүйрэх учиртай онгоцноос хоцорсон явдал байж болох ч уг өвчин аминд ээлтэй гэсэн үг биш билээ, тийм үү?