“Сэхээ”-нээс сэргэлт рүү
“Аж үйлдвэрийн яамтай болоод үйлдвэрлэл үнэхээр сэргэсэн шүү”. Энэ үгийг олон хүнээс сонслоо.
“Аж үйлдвэрийн яамтай болоод үйлдвэрлэл үнэхээр сэргэсэн шүү”. Энэ үгийг олон хүнээс сонслоо. Үйлдвэржилтийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дотоод гадаад худалдаа үйлчилгээ, чөлөөт бүс, экспорт импортын бодлого, зорилтоо хэрэгжүүлэх зорилготой энэ яам Ч.Сайханбилэгийн Засгийн газарт байгуулагдсаныг олзуурхахгүй байх аргагүй. Учир нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо эдийн засгийг либеральчлах зорилтыг тавьж, “Ам.долларын өсөлтөд сар бүр 100 сая ам.долларын дарамт үзүүлдэг шатахууны асуудлыг шийднэ. Хувийн хэвшлээ дэмжсэн бодлогоор хямралаас гарна. Тамын тогооны үлгэрээ орхиж, төр засгийн бодлогоор үндэсний том компаниудаа дэмжих цаг болсон” гэж бодлогоо тодорхойлсон. Үүнийг сонсоод Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын сураг алдарснаас хойшхи өнгөрсөн таван жилд аж үйлдвэрийн салбар өнөөх л социализмын төгсгөлтэй хамт нуувчинд орлоо гэж харамсаж байсан олон хүнд урам зориг төрсөн. Ингээд Аж үйлдвэрийн яамтай болж, тус яамныхан Ерөнхий сайдын хэлсэнчлэн “цаг хугацааны аль болох хурдан” гэсэн хэмжүүрт ажилласаар үр дүнд хүрсээр байна.
Юуны өмнө Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг энэ оны зургадугаар сарын 19-нд УИХ-аас баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, аж үйлдвэрийн бүсүүдээ тодорхойлж стратеги төлөвлөлтөө хийх, тэргүүлэх чиглэлээ тогтоох гэсэн үндсэн суурь зарчмуудад тулгуурласан. Мөн аж үйлдвэрийн салбарын “Тэргүүлэх чиглэл” гэдгээ ямар зарчмаар тодорхойлох вэ гэдгээ маш тодорхой тусгасан байдаг. Ялангуяа экспортыг дэмжих, импортыг орлох, шинэ техник, технологи инновацийг ашигласан үйлдвэрүүдийг төрийн бодлогоор түлхүү дэмжих нь зүйтэй гэсэн бодлогыг тусгасан. Хамгийн гол нь дунд, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, бүтээмж болон өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангиллын дагуу гаргасан албан ёсны статистик үзүүлэлтэд үндэслэн бодлогын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай арга хэмжээг авах үүрэг хүлээсэн байдаг. Мөн цаашид аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ кластер, ложистик, аж үйлдвэрүүдийн парк, чөлөөт бүсээр нь цогцоор нь хөгжүүлэх чиглэл рүү эрх зүйн орчноо шинэчилж чадсан гэж салбарынхандаа үнэлэгдсэн. Тиймээс энэхүү бодлогын баримт бичиг нь нийгмийн захиалга болоод байсан гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
Дараагийн нэг чухал хууль нь Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Чөлөөт бүсийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудыг энэ оны хоёрдугаар сарын 12- нд УИХ-аар батлуулсан явдал юм. Чөлөөт бүс гэдэг ойлголтыг Алтанбулаг, Замын-Үүдэд байдаг асар том зэлүүд хоосон хашаа мэтээр төсөөлдөг байсан үе ард хоцорлоо. Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь: “Үйлдвэржилтийн үндэсний цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дотоод, гадаад худалдаа, үйлчилгээ, чөлөөт бүс, экспорт, импорт зэрэг бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино” гэж чиг үүрэгт нь заасан байдаг. Үүний нэг биелэл болж Чөлөөт бүсийн тухай хуулийг батлуулснаар эдийн засгийн либеральчлах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн амлалт ажил хэрэг боллоо. Үүнд чөлөөт бүсэд давхар хяналт, татварын дарамтгүй зөвхөн эдийн засгийн аж үйлдвэрлэл чөлөөтэй хөгжих, худалдаа эрхлэх бололцоог нээснээрээ онцлогтой. Гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг захиргааны дарамтгүйгээр үйлдвэрлэл, эдийн засаг чөлөөтэй хөгжих “Тусгай дэглэм”-ийг тогтоож байгаагаараа цоо шинэ нөхцөл байдлыг бий болгох эхлэлийг тавилаа. Тиймээс ч Чөлөөт бүсийн тухай хуулийг ч, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг ч “Цаашдын хөгжлөө харах цонх нээгдлээ” гэж харж байгааг үгүйсгэх аргагүй.
Энэ салбарынхан үнэхээр цаг хугацаатай, нөхцөл байдалтай уралдаж хөгжлийн гарц бүрийг нээхээр ажиллаж олон үр дүнд хүрч буй. Хамгийн сүүлийн жишээнүүдээс дурьдахад өнгөрсөн есдүгээр сарын 29-30-нд “МАК” компанийн хэрэгжүүлж буй Цагаан суваргын ордын зэс-молибдений хүдрийг олборлон боловсруулах төсөлтэй танилцжээ. Энэ төслийг онцлохын учир нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг төрөөс дэмжиж буй жишиг гэж хэлж болох юм. Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол-ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн Монгол талын ахлагч нь Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат. Тэрбээр “Монгол Улсын цаашдын баримтлах зарчим бол Германтай технологийн хөрөнгө оруулалт, тэр дундаа ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн эдийн засгийн хамтын үр ашигтай ажиллагааг зөв голдрилд нь оруулах. Үндэсний үйлдвэрүүд, хувийн хэвшил өрсөлдөх чадвар бүхий өндөр технологийг оруулж ирэх эрмэлзэл нэмэгдсэн байна. Өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй” гэсэн. Дашрамд дурьдахад “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол-ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан” энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо болно. Энэ хуралдаанаар өмнө нь хэрэгжсэн төслийн биелэлтээ дүгнэж, цаашид хамтрах ажлаа ярилцах юм.
Мөн “Монголд үйлдвэрлэв” олон улсын аж үйлдвэрийн чуулганыг энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Энэ нь Аж үйлдвэрийн яам арван сарынхаа ойн дээр хийсэн ажлаа үнэлүүлж дүгнүүлэх, цаашдын гараан дээр юунд илүү анхаарах бодлого, зорилгодоо өөрчлөлт оруулах, нэг ёсондоо улам сайжруулах тодотгол хийх боломж нээгдэнэ гэсэн үг. Ямартай ч нэгэн үеэ бодоход манай улс аж үйлдвэр гэдэг үгээ "сэргээн санасан”, хийж бүтээх урам нэмсэн. Нэмүү өртөг үйлдвэрлэх гэдэг үгийг ч мартах шахаад байсан бол эдүгээ өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, дэлхийн технологийг Монголд нутагшуулах, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж төрийн дэмжлэгтэйгээр орлогоо ч ахиулж улсынхаа эдийн засагт ч үр ашиг авчрах том зорилго дэвшүүлэх “газрын зурагтай” болоод байна. Өнөөдрийг хүртэл Засгийн газрын бүх яамаас хамгийн чимээгүйхэн ажлаа хийж олон зүйлийг амжуулсан, ажил хэрэгч яам болсон гэдэг урмын үгийг Аж үйлдвэрийн яамнаас харамламааргүй санагдлаа.