Э.Мөнх-Очир: Би дипломат албанд томилогдох хүсэлтэйгээ хэзээ ч нууж байгаагүй
МАН-ын Хяналтыг хорооны дарга утасдаад "Энэ ажилд орсон чинь намын эсрэг үйлдэл шүү" гэж хэлсэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Э.Мөнх-Очирыг “Үндэсний шуудан”-гийн хойморт зочноор урьж ярилцлаа. Бидний яриа “аягүй” эхлээд “аятайхан” өндөрлөснийг бүтнээр нь нийтэлсэн нь шударга болох байх.
-Арван жилийн дараа дахин тантай ярилцлага хийх сонин байна. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаад нэлээд хугацаа өнгөрлөө. Оройтсон ч гэсэн баяр хүргэе.
-Баярлалаа. Арван жил өнгөрсөн байна уу. Та ч энэ хугацаанд намайг их “гөвлөө”.
-Гэхдээ л энэ удаа өөрөөс тань асуумаар байна. Таны тэгтлээ хүсэхээргүй асуулт байх. Өнөөх70кг героин тээвэрлэсэн Б.Баттүшигийн тухай юм. Тэр үед яагаад тан руу эхэлж ярьсан бэ. Та түүнтэй ямар холбоотой вэ гэдгийг дахиад асууя?
-Би яаж мэдэх юм бэ. Би одоо хүртэл тэр хүнтэй холбогдож байгаагүй. Яагаад над руу залгасныг ч мэдэхгүй. Гэтэл Над руу залгасан. Биднийг энд саатуулчихлаа. Германд суугаа Элчин сайд Д.Ганбат руу ярьж өгөөч гэсэн. Би Элчин сайдтай ярьсан. Тэгээд л тэр.
-Та хэн ч байсан “Асуудалд орлоо. ХБНГУ-д суугаа Элчин сайд руу яриад өгөөч” гэвэл ярьж өгөх байсан уу?
-Юу гэж байгаа юм бэ. Тэр чинь миний удирдлагад ажиллаж байсан хүн ярьж байхад би ярьж өгөхгүй яах юм?
-Тэгэхээр холбоотой л байна шүү дээ.
-Чи ингэж ярилцлага хийдэг болчихсон юм уу. Сэтгүүлзүй өөр болчихоод байна. Биднийг залуу байхад,30жилийн өмнө сэтгүүлчид юу асуудаг, юу хүсэж ирдэг байсан, нийгэмд ямар мэдээ өгөхийг тэмүүлдэг байсныг мэдэх үү. Одоогийн сэтгүүлчид шал өөр болчихоод байна.
-Би өөр болсон байж магадгүй ээ. Ажил ч, хүн ч өөрчлөгдөж явах ёстой.
-Тиймээс ярилцлага болгоныг шахам захиалгатай гэж харддаг болсон. Нэг бол захиалгаар өөрийгөө хамгаалж ярьдаг, эсвэл хэн нэг нь төлбөр төлж зохион байгуулалттай явуулж ярилцлагаар “алуулдаг” болчихсон.
-Та бид хоёрын тэгээд аль нь юм бэ. Хэн нь “төлбөрөө төлөх” юм бэ?
-Харин би түүнийг гайхаад байна. Бидний ярилцлага танай сонинд гарахаар “Мөнх-Очир яах гэж ярив. Хар тамхитай хамаагүй гэж ярих гэж байгаа юм байна, эсвэл томилгоондоо санаа зовоод нэрээ цэвэрлэх гэж ярилаа гэнэ. Ийм л юм ярина шүү дээ.
-Тэгвэл та Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар ярьчих л даа. Хар тамхины дээрх тээвэрлэлттэй ямар нэг холбоотой юм уу, үгүй юу. Хэзээд л та энэ талаар ярьж л таарна.
-Би чамд хамааралгүй гэдгээ хэллээ шүү дээ. Тэр үед би ажлаа хүлээлгээд өгчихсөн байсан. Дипломат албанд томилогдоход тангараг өргөдөг. Тэр тангарагийнхаа хүрээнд ажилладаг. Тэр тангарагтаа үнэнч байж чадаагүй бол хариуцлагаа хүлээнэ. Ердөө л энэ.
-Миний удаа дараа бичээд, танд загнуулаад, “дарамтлуулаад” байсан сэдэв бол таныг ажиллаж байх хугацаанд Б.Баттүшиг танаас чөлөө авч хилийн чанадад зорчсон уу гэдэг асуудал байсан. Та хариулахгүй уурлаад байсан. Одоо дахиад асууя?
-Яг ийш тийшээ явъя гээд чөлөө хүсч байсныг нь бол санахгүй байна. Харин Испанийн виза авмаар байна. Амралтын үеэр боломж гарвал явах гэсэн юм гэсэн хүсэлт л тавьж байсан удаатай. Өөрөөр чөлөө хүсч байгаагүй, ажлын үед чөлөө өгөх ч боломжгүй шүү дээ.
-ГХЯ“GPS”-тэй болгосон гээ биз дээ?
-ЭСЯ-нд ажиллаж байгаа, тэнд Элчингийн байртай, хөрөнгөтэй бол тэнд байгаа хүмүүс нэгнээ хаана, юу хийж явааг мэдэх боломжтой.Харин түрээсээр байдаг ЭСЯ, Ерөнхий консулын газар, Худалдааны төлөөлөгчийн газрынхан нэгнээ хаана, юу хийж явааг мэдэх ямарч боломжгүй. Сайд асан Д.Цогтбаатарын яриад байсан албаны машинуудадGPSсуулгалаа гэж ярьсан даа. Үүнийг зөв гэж боддог. Магадгүй оройтсон ч байж мэднэ. Харин хувийн машиндGPSтавихаар болчихвол өрөөсгөл. Энэ бол хүний эрхийн асуудал хөндөгдөнө. Тэр машинд хяналт тавих өөр олон боломж бий.
-Гэхдээ хяналт тавьж чадахгүй л байгаа биз дээ?
-Хяналт тавьж чадахгүй байгаа нөхцөл нь юу вэ гэвэл манай ГХЯ-нд, тэр тусмаа тодорхой төвшинд бодлого боловсруулж ажиллаж байгаа хүмүүс анхан шатанд ажиллаж үзээгүй болохоор өрөөсгөл шийдвэр гаргасан байж болох юм. Дэргэд нь олон жилийн туршлагатай хүмүүс бий шүү дээ. Тэд яагаад зөвлөж хэлж өгөхгүй байгааг гайхдаг. Ер нь миний хувьд дипломат албаны өнөөгийн байдал, ёс зүйн төлөө их санаа зовж явдаг даа.
-Та ажлаа хүлээлгэж өгсөн үед тэр хэрэг явдал гарсан. Таны оронд Ерөнхий консул томилогдоогүй байсан. Тэр хооронд Ерөнхий консулгүй, “эзгүй” байдаг юм уу?
-Чи дахиж асуухгүй гэчихээд яагаад ухаж асуугаад байгаа юм бэ. Захиалгатай юм уу? Орлож ажиллах хүн тэнд байсан. Над ирсэн тушаалаар “Та ажлаа тэр хүнд хүлээлгэж өгөөд нутаг буц” гэсэн даалгавар өгсөн. Би тэгээд л буцаж ирсэн.
Ерөнхийлөгчийн зөвлөх болсон нь гайхмаар зүйл биш биз дээ
-За одоо больё доо, дараагийн сэдэв. Яагаад Ерөнхийлөгчийн зөвлөх болсон бэ?
-Ажил хийе гэж бодоод.
-Нууц тохироо байсан уу?
-Ажилд томилоход заавал нууц тохироо хийдэг юм уу.
-Гайхсан болохоор л тэгж асуулаа. Танд тайлбарлах боломж байхгүй юм уу?
-Надад бол энэ гайхмаар зүйл биш. Ер нь төрд, төрийн тодорхой албан тушаалуудад ажиллаж байгаад ирсэн хүнийг хийж чадах ажлынх нь хүрээнд хаана ч томилж болно шүү дээ. Өнөөдөр Монголд нэг аймаар зүйл байна. Надтай тохиолдсон болохоор айдаг юм. Энэ нь “Чи тэр намынх юм чинь тэгж болохгүй”, “Чи энэ намынх учраас би чамд энийг зөвшөөрөхгүй. Туслахгүй, дэмжихгүй” гэдэг хандлага.
-Танд саяхан бас тохиолдсон байх, тийм үү? Энэ бол нам нь төрийн дээр гарч байгаагийн гажуудал учраас та ярьчихвал зүгээрсэн?
-Урьд нь хоёр удаа тохиолдсон. Эхлээд 1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болчихоод тухайн үед сайдаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуулиар уначихсан байсан Энэбиш гэдэг хүнийг зөвлөхөөр авъя гэж санал тавихад тэр үеийн МАХН-ынхан “Үгүй” гэдэг шийдвэр гаргаад томилуулаагүй. Түүнээс болоод улс оронд ямар нөлөө үзүүлснийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Өмч хувьчлал яах байсан, эдийн засаг сайжрах, муудах аль нь болох, тэр алдарт тогтоол гарах байсан эсэхийг таашгүй. Түүх бол хүн, хүний шийдвэртэй холбоотой учраас би үүнийг бодож явдаг. Дараагийн жижиг боловч ихэд цочирдож хүлээж авсан зүйл юу вэ гэвэл ЕТГ-ын даргаар П.Цагаан гуай ажиллаж байхад би буудлагын тамирчин Д.Мөнхбаяр гавьяатын иргэншлийн асуудлаар уулзсан юм. Тэгэхэд “Чи Монгол Ардын намын хүн. Би юу гэж туслах юм бэ” гэж П.Цагаан гуай хэлсэн. Уг нь П.Цагаан гуайтай МАН-ын Мөнх-Очир гэдэг хүн ороогүй шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дээр Монголын буудлагын спортын холбооны ерөнхийлөгчийн хувиар Рио де Жанейрод болох олимпийн бэлтгэлтэй холбоотой, улс орны нэр хүндийг гаргадаг, улсын зардлаар явдаг шигшээ багийн асуудлаар уулзсан юм. Д.Мөнхбаяр гэдэг хүний хувийн амьдралын тухай асуудал ч биш. Тэр хүн Германиас явахгүй ээ гээд байхад би “Монголдоо ирээч” гэж дахин дахин уулзаж гуйж байж зөвшөөрүүлээд ЕТГ-ын дарга дээр очиход өөдөөс тэгж хэлэхэд нь их цочсон. Гурав дахь нь надад саяхан бөгөөд хүндээр тохиолдсон явдал. Юу гэвэл би Ерөнхийлөгчийн Тамгын газарт зөвлөхөөр ажиллах болсноо намын Ерөнхий нарийн бичгийн даргад хэлэх гээд 4-5удаа утасдсан. Миний утасны дуудлагыг аваагүй.
-Ер нь хэвийн харилцаатай байсан уу?
-Хэвийн харилцаатай байсан. Тухайн үед намын бүх шатны хүмүүстэй холбогдох гэж үзсэн боловч холбогдож чадаагүй. Магадгүй ажлаа өгөөд ирсэн, өмнөх харилцаанаас шалтгаалсан байж болно. Гэхдээ л төрийн л ажил, төрийн албаны тухай яриа шүү дээ. Ингээд холбогдож чадахгүй байсаар ажилдаа орсон. Ажилдаа орсны дараа, саяхан манай намын Хяналтын хорооны дарга утасдаад “Энэ ажилд орсон чинь намын эсрэг үйлдэл шүү” гэсэн байдлаар надтай ярьсан. Тэгэхэд над маш сонин санагдсан. Төр гэдэг юм байна уу. Төрд би иргэнийхээ хувиар зүтгэж чадах уу гэдэг асуудал босч ирсэн. Би түүнийг одоо хүртэл бодож явна. Цаашид төрийн ажлыг яаж хийхэв гэдэг бодол ч төрж байна.
-Яагаад таныг сонгосон юм бэ. Та төрд олон ажил хашиж байснаас яг ямар туршлага нь хэрэг болсон юм бэ гэдэг нь танд ч, надад ч сонин биш гэж үү?
-Ерөнхийлөгч Х.Баттулга, тухайн үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарын хувьд намайг авч ажиллуулахыг зөвшөөрсөн д ноцтой шалтгаан, тохироо байхгүй. Намайг Туркт ажиллаж байх үед хөдөө аж ахуйн чиглэлийн хэд хэдэн асуудлаар яаманд тавьж байсан саналууд, төслүүд байдаг. Түүнийг тэр үед ЕТГ-аас ихэд анхаарч байсан. Энэ ажлаа үргэлжлүүлнэ шүү гэдэг үүднээс л ажиллуулсан байх гэж боддог. Тиймээс одоо ч энэ чиглэлээр ажиллаж байна.
-Цаашид хувь хүнийхээ хувьд Монгол Ардын Намтай ямар харилцаатай байх бол. Гишүүнчлэлээ сэргээсэн. Гэтэл Хяналтын хорооноос тийм хачин хандлагыг зориуд утасдаж илэрхийлсэн байдаг?
-Хяналтын хорооноос албан бусаар, хувь хүн ярьсан. Гэхдээ би яг энэ ажилд орохоосоо өмнө Намын даргатай, Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Хэн хэн нь Ерөнхий конулын ажлаа амжилттай хийж гүйцэтгээд ирсэн юм байна. Одоо дараа дараагийнхаа ажлыг хийгээд явна биз ээ гэсэн байр сууринаас хандсан, ойлголцсон. Тийм ч учраас би гишүүнчлэлээ сэргээсэн. Тэгээд ч Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа хэвийн хийгээд явж байна.
-Та одоогоор нам дотроо хэнтэй, хэний ямар бүлэглэлтэй ойр байдаг вэ? Бүгдтэй нь найз гэхгүй байх. Нэлээд эсэргүүцэгч гишүүдийн нэг шүү дээ?
-Би харьцаж байсан хүрээндээ бүгдтэй нь харилцаж байгаа. Танихгүй хүмүүсээ танихгүй хэвээрээ.
-Намын даргатай?
-Намын даргатай юу гэж?
-Хэвийн харилцаатай юу? Харилцаа хэвээрээ юу гэх гэхээр нөгөө нударга зөрүүлэлт санаанд ороод, тааруу харилцаатай хэвээрээ юу гэж ойлгогдох гээд байна шүү дээ?
-Ерөнхий сайд болчихсон хүнтэй чинь уулзаад байх хэцүү шүү дээ.
-Уулздаггүй юм уу?
-Уулзсан. Төрийн ажил буюу Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиараа л уулзсан. Түүнээс биш намын даргатай, намынхантай өдөр тутам яриад байдаггүй. Ажлаа явуулахад саадгүй, хэвийн байна.
Дипломат албаны өнөөгийн байдал, ёс зүйн төлөө их санаа зовж явдаг
-Та дүүрэг, нийслэлийн удирдлагад ажиллаж байсан, УИХ-д гишүүнээр сонгогдож ажилласан. Өөрөөр хэлбэл, төр, захиргааны ажилд туршлагатай. Харин Ерөнхий консулаар яагаад томилогдох болов. Одоо ч гэсэн Элчин сайдуудын томилгоог ярих бүрт таны нэр байнга явдаг. Танд дахиад Элчин сайдаар томилогдож ажиллах хүсэл зорилго байна уу?
-Намайг явах шалгуур хангахгүй, туршлагагүй байсан гэдэг утгаар асуугаад байна уу. ГХЯ-аасзарладагсургалтуудад сууж, зохих зүйлээ мэдчихсэн, дипломат албаны шалгалт өгсөн. Тангарагаа өргөсөн. Түүнээс өмнө ч шалгалтаа өгөөд тэнцчихсэн байсан. Зүгээр явж байхаддуудаад “Мөнх-Очироо чи тийшээ яв” гээд явуулаагүй. Бэлтгэгдсэн кадруудын дотор би багтах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл1986-1988 онд боловсон хүчин бэлтгэх асуудалд гүнзгий анхаардаг байх үед би ГХЯ-ны судалгаанд ороод, өгсөн чиглэлийн дагуу хэл, түүхийг нь судалдаг, тус яамны хүмүүс ирж уулздаг байсан. Аравдугаар ангиа төгсөөд ийм чиглэлээр уралдаант шалгалтаа өгөөрэй, дараа нь чамайг бид системийнхээ сургалтад хамруулна гэж байсан. Гэвч тухайн үед Москвагийн Гадаад харилцааны их сургуульд суралцах гурван хүний нэг нь болж бүртгэгдээд хичээлийн эхлэх тов гарчихсан байхад ГХЯ-ны сайд солигдоод, дараагийн сайд нь сэхээтний хүүхдийг явуулахгүй гээд намайг сургуульд явахаас хасчихсан.
-Бүр 1988 онд уу. Тэгтлээ улстөржөөд эхэлчихсэн байсан юм уу. Таны оронд хэн явсан бэ?
-Улстөржих гэхээсээ хувийн харилцаа явж байсан болов уу гэж боддог юм. Нэр хэлээд яахав, цаг хугацаагаар нь мэдэх хүн нь мэднэ. Тиймээс би дипломат албанд томилогдох хүсэлтэйгээ хэзээ ч нууж байгаагүй. Дахин хэлэхэд би дипломат албаны өнөөгийн байдал, ёс зүйн төлөө их санаа зовж явдаг.
-Яагаад Туркт л яригддаг юм бэ?
-Чи мэдэж л байгаа даа. Дуулиантайгаар 1992 онд хамгийн анх Туркт явж суралцсан 20хүний нэг нь би байлаа. Харамсалтай нь төгсч чадаагүй, бизнест орсон. Тэр үед сургуулиа хаяад бизнес хөөснийг нь одоо супер гэж ярьдаг болж. Уг нь буруу л даа. Би ч гэсэн төгсч чадаагүйдээ харамсдаг. Хожим нь энд сургууль төгссөн. Хэлний бэлтгэлийн сургуулийг нь төгссөний хувьд тодорхой түвшинд хэлтэй гэдгээрээ л Турк руу явсан. Тухайн үедээ Турк хэлтэй хүмүүсээс надад томилогдох санал тавьсан болохоор л би явсан.
-“Сайн аавын хүүхэд” гэдэг нэр томъёог би хэрэглэх дургүй л дээ. Гэхдээ таныг ажилд томилоход яг ингэж бичдэг.
-Мэдэхгүй юм даа,2001онд нас барсан хүний нөлөө одоо хамаа байх уу. Түүний маань хүү, багаас нь мэднэ гэхчлэн хүндэлдэг, мэддэг байж болно л доо. Гэхдээ 50 нас хүрсэн хүнийг “тэрний хүүхэд” гэж тодорхойлох ч зохимжтой биш байх аа. Муулж гоочлоход бол “дарга нарын хүүхэд” гээд л муулдаг.
-Тэгж дуудуулах таагүй гэж үү?
-Ярьж өгье л дөө. Намайг 1988 онд аравдугаар анги төгсч байхад миний аав Хотын захиргаанд орлогчоор ажиллаж байсан. Хотын дарга байгаагүй юм шүү дээ. Дараа нь1992онд Туркт сургуульд явахад яах аргагүй Шадар сайд байсан. Нөлөө орсон гэж хардаж болох магадлалтай. Яагаад гэвэл нэг өдөр намайг ЗГХЭГ-аас дуудаад материал бүрдүүл гэсэн болохоор хувилбар байж болох юм. Түүнээс хойш 2001онд аавыг нас барах хүртэл би ямар нэг ажил алба хашаагүй. Хувиараа мод мебель бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монголд хамгийн анхны хуванцар цонхыг оруулж ирж байсан гээд яриад байвал зөндөө л ажил сонирхлоороо хийж байсан. Цаагуур чинь ганц сандал ч хийж үзээгүй байж тэрбумтан болсон хүмүүс байгаа шүү. Гэхдээ яаж олсныг нь мэднэ л дээ. Тэгэхээр 2001онд анх намайг Улаанбаатар хотын захиргаанд ёстой өөрийн сэтгэлээрээ дуудаж ажилд аваад дэмжиж явсан хүн бол М.Энхболд ах. Би М.Энхболд ахдаа баярладаг. Тэр бол түшиг тулгуур минь байхгүй болчихсон, бизнес хаашаа яаж явах нь мэдэгдэхгүй хэцүү үе байсан. Тэгэхэд “Алив, хүрээд ир” гээд түшиг тулгуур болсон. Дээр нь нэг өөр юм бий. Би хоёр жаахан дүүтэй, тэднийгээ цаашид яаж авч явах вэ гэдэг асуудал тулгарч УИХ-ын гишүүн болтол бараг үргэлжилсэн. Тэр үед аавтай минь олон жил нөхөрлөсөн ах нар, намын хамт олон гэх тэр хүмүүс намайг дэмжих замаар дүү нарт минь, гэр бүлд миньтусалсан хүн ёсны л түшиг тулгуур болж байв. Энэ бол амьдралд байдаг л нандин харилцаа, асуудал. Хожим нь УИХ-д орсны дараа бол зарим юм өөр байх ёстой юм байна гэдгийг ойлгож хувийн тоглолтуудаа хийж эхэлсэн.
-Хувийн тоглолт? Аавын хүү гэдгээс гадна өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн нэрээр танигдаж хүлээн зөвшөөрүүлэхийг хэлж байна уу?
-Тийм гэх үү дээ. Оюутолгойн асуудал, Намын дарга С.Баяр даргын шийдвэрээс өөр байр суурьтай байх зэргийг хэлж байгаа юм. Ингээд УИХ-д дөрвөн жил ажиллаад дахиад л Турк.1992 онд Туркт очоод1994он хүртэл тэнд байхдаа л би амьдралыг тэс өөрөөр хардаг болчихсон байсан. Өөрөөр хэлбэл1992 оноос өмнөх Мөнх-Очироос эрс өөрчлөгдсөн. Туркээс ирээд дахиад л зогсонги болчихсон. Яагаад ч юм Монголд ирэхээр миний ажил, амьдрал зогсонги байдалд орчихдог. Орчноосоо болдог уу, найз нөхдөөсөө болдог юм уу, бүү мэд. Өдөр хоногууд яг нэг хэвийн өнгөрдөг. Туркт очихоор өдөр бүр шинийг илэрхийлээд байдаг. Туркууд байнга шинийг сэдэж, зохиож, урагшаа харж явдаг хүмүүс. Харахад хэвшмэл амьдрал мэт боловч хоорондоо яриад л босоход дандаа бүтээмж, үйлдвэрлэл ярьж байдаг. Сая тэнд ажилласан зургаан жилд маш ихийг хийж бүтээх хүсэл төрсөн.
-Жишээ нь юу хиймээр санагдав. Ер нь таны бизнес арилжаа наймаа гэхээсээ илүү голдуу гараар урлах эсвэлтехникийн шинэ дэвшилтийг ашиглаж цаг, хөдөлмөр хэмнэх чиглэлд байдгийг фэйсбүүк дэх постуудаас чинь харж байсан юм байна?
-Туркт байхдаа Монголоос очиж байгаа намынхаа нэр бүхий гишүүд, гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад автобусны, автомашины үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцуулж Монголын талаас нэг төгрөгийн ч зардал гарахгүйгээр хамтарч ажиллах компаниудтай уулзуулсан. Дараа нь тэр компанийнхнийг Улаанбаатарт бас урьж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нартай уулзуулсан боловч хариу өгөөгүй.
-Яагаад?
-Гадаадад ажиллаж байгаа Монголын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийн хамгийн хүнд асуудал энэ байдаг. Аливаа асуудлыг болон бизнес төслийг хөндөөд Засгийн газарт хандахаар эргээд хариу өгдөггүй. Цаад байгууллагадаа, цаад улсдаа нэр хүндээ бардаг нэг шалтгаан энэ. Эргээд надтай тийм үйлдвэрийнхэн уулзахгүй шүү дээ. Тэр компанийн хувьд хоёр ч удаа ирж уулзалт, танилцуулга хийсэн. Тэгэхэд манай Ж.Бат-Эрдэнэ юу гэсэн гээч. Үүнийг заавал оруулаарай. Манай Булганы УИХ дахь төлөөлөл, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа яг зочдын маань дэргэд “Ийм худлаа юм ярьсан хүн над дээр зөндөө ирдэг юм” гэж хэлээд гаргасан.
-Паах, үнэн гэж үү, тэр компанийн хүмүүст үү?
-Шууд дэргэд нь тэгж хэлсэн. Сайдынхаа өрөөнд. Тэгээд дахиж би тэр компанийнхантай уулзаагүй. Түүнээс хойш би Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй ажил ярих боломжгүй юм байна гэж бодсон. Ажлын талаар яриа ч үгүй. Д.Цогтбаатар болохоор “Би Ерөнхий сайдад танилцуулна” гэсэн, тэгээд таг чиг болсон. Албан ёсоор ямар ч хариу өгөөгүй. Яагаад Монгол Улс автобусны үйлдвэртэй болж болохгүй байсныг бүү мэд. Өнөөдөр тэр компани Туркт хурдны галт тэрэгний их биеийг хөнгөн цагаанаар үйлдвэрлэж байна. Монголоос нэг төгрөг ч гаргах хэрэггүй. Эхний хоёр жилд хэдэн ширхэгийг хийлгэх хүсэлтэй байгаагаа танай Засгийн газар захиалгаа өгнө үү гэсэн. Автобус болон хөдөө орон нутагт, онцгой байдлын чиглэлээр бартаат замыг туулах чадвартай машин үйлдвэрлэдэгийн хувьд Монголын Засгийн газар хот хөдөөгийн хэрэгцээнд жилд хэдэн машиныг хэдэн төгрөгөөр авдгийг ч мэдэж чадаагүй. Одоо бол наанадаж шилэн Цогоод хэлбэл тоог нь мэдээд л өгөх байх.
-Та хотын удирдлагад ажиллаж байсны хувьд Улаанбаатарт хэрэгтэй хөрөнгө оруулалтын уулзалтуудыг бас зохион байгуулж байсан санагддаг. Намын ялгаа гаргаад дэмжээгүй юу, тэгэхэд юу болсон бэ?
-Хоёр ч том төслийг Станбул хотын дарга хийж өгье гэсэн. Нэг нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр усан сан байгуулахаар санхүүгийн том группийн төлөөлөгчид ирж уулзсан. Нөгөө нь замын түгжрэл, автозогсоолын бүх системийг хийж өгье гэсэн компани Станбул хотод энэ асуудлыг иж бүрэн шийдсэн ноу хаугаа аваад ирэхэд манай тал хүлээж аваагүй. Усан сан манайд хэрэггүй гэж тухайн үеийн Ус сувгийг удирдах газрынхан хэлсэн. Автозогсоолын асуудлыг “судалъя” гэдэг хариу өгөөд таг болсон. Станбул хотын даргатай уулзахдаа та нэгэнт ирснийх сэтгэлийн бэлэг болгож хоёр зүйлийг шийдэж өгөөч гэсэн хувийн гуйлт би хэлсэн. Үүнд эхлээд эмнэлгийн анхан шатны жишиг эрүүл мэндийн болон эх хүүхдийн төв барьж өгөхийг хүссэн. Би өөрөө жишиг гэж ярих дуртай. Ингэж хийж болно гээд бодитой ажил хэрэг болсон жишээ үзүүлбэл цааш дэмжигдэх, дэвжиж хөгжих ёстой гэж үздэг. Турк бол хүн амын өсөлтөд их анхаардаг эхийн болон нярайн эндэгдэл бараг байхгүй учраас ийм санал тавьсан. Ингээд иж бүрэн тохижилттой арван төв барьж өгөхөөр болсон. Улаанбаатар хотын захиргаа газрыг нь шийдэж, би тэр үеийн газрын албаныхан, хот төлөвлөлтийнхөнтэй яваад Биокомбинат, Толгойт, Баянхошуу гэхчлэн аль болох алслагдсан дүүрэг, захын хорооллын газрыг сонгосон. Мөн диалезийн аппарат их дутагдалтай байдгийг Станбул хотын дарга, тэдний хүмүүс өөрсдөө түрүүлээд мэдчихсэн байсан. Тэгээд арван диалезийн аппараттай цус сэлбэх төвийг тоног төхөөрөмжтэй нь иж бүрнээр барьж өгнө, газраа ол гэсэн. Бид газрыг нь олж өгсөн боловч бариагүй. Хожим нь биTIKA-ийнхантай ярихад манай зүгээс л болохгүй зүйл, саармагжуулсан явдал орсон байна билээ. Дараагийн асуудал нийслэлд машин ачдаг зовлонтой асуудал байна. Бөөн маргаан, зардал болж байна. Нэг ч хүний оролцоогүйгээр 14 секундын дотор ачдаг байгаа оруулж ирж нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг ачиж замыг чөлөөлснөөр түгжрэлийн эх үүсвэр нэвтрэх чадвар нэмэгдэх байсан. Гэтэл манай хотын дарга Э.Бат-Үүл их сонирхож байсан. Станбул хотын дарга дөрвийг өгье гэсэн. Дараа нь би энэ дөрвөн ачигчаа аваач гээд байсан сонгууль таараад авдаггүй. Сонгууль дууслаа. Хотын дараагийн дарга авдаггүй. Яасан юм бол гэхээр TIKA-ийнхан инээлдээд төв TIKA-аас мэднэ биз дээ гээд байсан. Хожим нь мэдэхэд “Манайд ийм машин хэрэггүй. Хог зөөдөг Камаз машин болон Хятадад үйлдвэрлэдэг машин таньдаг машинавъя” гэсэн хоёр бичиг ирүүлсэн байсан. Туркууд “Хятадад үйлдвэрлэдэг машинаа Хятадаас авах байх. Камазыг ч манайх үйлдвэрлэдэггүй юмаа” гээд дуусаа. Очоод асуугаарай. Бүх баримт нь байгаа байх.
Би улс төрийн карьер сонирхохгүй байна
-Нийслэлийн шинэ удирдлагуудын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ. Хотын иргэний хувьд, хотын удирдлагад болон дүүргийн даргаар ажиллаж байсан хүний хувьд асууж байгаа юм?
-Дөнгөж сая томилогдлоо шүү дээ. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн хувьд гэвэл энэ залуу хүн13жил нэг газар ажилласан гээд бодохоор туршлагатай. Юунд туршлагатай болсон бэ гэдэг нь л сонин шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар миний хувьд нийслэлд шинээр ажил хийх эсэх нь эргэлзээтэй санагдаж байна.
-Та яагаад ИТХ-ын даргыг л ярив, Нийслэлийн Засаг даргын тухайд?
-Би хотын удирдлагад 13 жил болсон хүнийг нь л хэллээ шүү дээ. Сая очсон хүнийн тухайд Сонгинохайрхан дүүргээ л сайн мэдэж байгаа байх.
-Та яагаад хотын талаар ярихдаа бухимдаад байдаг юм бэ?
-Хотын иргэн ажил, гэрийнхээ хооронд зүгээр л алхаад явахад энэ нөхцөл нь бухимдуулаад байна шүү дээ. Зам муутай, утаа нь хоолой боочих гээд, гэрлэн дохио нь бараг таван минут зогсоодог. Алхаж байгаа хүнд энэ чинь их хэцүү байдаг юм шүү дээ. Тэгээд хаа сайгүй шээс, шүлс, тоос.
-Газрын наймааны талаар хорь гаруй жил ярилаа. Би бас таны гарын үсэгтэй газар олголтын гэрчилгээнүүдийг твитрт жиргэснийг харсан байх. Нийслэлийн тулгамдсан асуудлууд эмх замбараагүй газар олголттой холбоотой гэдэгтэй санал нийлэх үү?
-Газрын наймаа байсан. Байх ч болно. Дуусахгүй.
-Яагаад?
-Талхыг хэн нэгэн хийдэг. Талхыг олон хүн худалдаж авдаг биз дээ. Газар байж л байгаа юм чинь газрыг худалдаж авна шүү дээ. Газрын наймаа, хот төлөвлөлт буруу байх хоёр хоорондоо хамааралгүй. Миний гарын үсэгтэй зөндөө газар байгаа. Зарсан уу, үгүй юу гэдэг бол дараагийн асуудал. Засаг даргын ажил хийж байсан хүн болгонд доод тал нь40-50 мянган ийм гарын үсэгтэй гэрчилгээ чамд олдоно. Би лав тэр хэмжээний гарын үсэг зурж олгосон байх. Үүнд аж ахуйн нэгж, хувь хүн, тэр байтугай зүлэгжүүлэхээс эхлээд маш олон чиглэлээр газар олгосон учраасхардагдах нь тодорхой. Өнөөдөр энэ бариад байгаа барилгууд хэрэгтэй юу, үгүй юу гэдэг л асуудал бий. Хот төлөвлөлт яагаад буруу яваад байгаа нь газрын наймаанаас болоогүй, түүнийг гүйцэтгэж байгаа албаныхан үүргээ гүйцэтгээгүй. Энэ үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсээгүй удирдлагууд байсан уу гэвэл байсан байх. Тиймээс асуудлыг бүр углуургаар нь авч үзэх ёстой.
-Таны улс төрийн дээд карьер юу вэ?
-Би улс төрийн карьер сонирхохгүй байна.
-Та улстөрч мөн үү?
-Биш.
-Яагаад? Уг нь би таныг “Улстөрчийн яриа” буландаа урьсан.
-Улстөрч гэдэг чинь улс төр дотроо явахыг хэлдэг биз дээ. Би улс төр дотроос гарчихсан. Тэгвэл “Гарчихсан улстөрчийн яриа” гээд оруулахгүй юу.
-Та одоогийн Намын дарга У.Хүрэлсүхтэй нударга зөрүүлж, намынхаа Бага хурлын үеэр НАМЗХ-ны залуусыг “Эд нар л бужигнуулна даа” гээд хэвлэлээр “бут ниргэдэг” байснаа эргэн дурсдаг уу. Өнөөдөр Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл тэдний гарт шилжжээ. Одоо тэдний талаар юу бодогддог вэ?
-Яг тэгэхэд хэлж байснаараа л бодоод байгаа шүү дээ. “Эд нар бужигнуулж байна даа” л гэж бодож байна. Цаг үеэ бодвол бужигнуулахаас өөр аргагүй байсан. Бухимдал их байсан. Бүтэн 25жил салдаггүй, сайжирдаггүй, шинэчилдэггүй хэдэн хүн хуралдаж семинардаад л байхаар чинь арван настай байхаасаа тэр дарга нарыг л телевизээр харж өссөн хүн40нас хүртэл нь өнөөхөө л яриад байхаар бухимдаж үхнэ биз дээ. Ингээд өөр юм хүсч, хүссэндээ хүрч, өөрсдийнхөөрөө хийж байгаа нь энэ.Залуус2000оноос хойш өөр болсон. Гадагшаа явж сурлаа, их юм үзлээ. Одоо тэр улс төр дотор нь ороод өөрчилнө гэж бодно. Дотор нь орсон. НАМЗХ, МАСЗХ ч юм уу, сонголтоо хийгээд орсон. Гэтэл тэр дотор нь хүмүүжүүлж байгаа хүмүүс нь “Ээ бүү үзэгд, миний өнөөх айгаад байсан тэднийг сурган хүмүүжүүлэгч НАМууд”. МАН ч, АН ч адилхан. Тэд хойч үеэ л бэлтгэж байдаг. Нөгөө “дотор нь орж байгаад өөрчлөх хүсэлтэй” залуус маань уусч “Ерөөсөө гоё болгож өөрчлөх хэрэггүй. Энд орчихвол л гоё юм байна шүү дээ. Тэс өөрөөр гоё байж болох юм байна” гэсэн бодолтой болж байна. Хөдөө хотгүй “ах нар” нь дүү нартаа “Энэ даргын гарыг атга, цүнхийг барь” гэж зааснаас бүх зүйл эхэлдэг. Би үүнээс л айсан. Гэвч ийм зүйл болсон. МАСЗХ-нд байхдаа би залуусыг боловсролтой, чадвартай, мэдлэгтэй болгоё гэсэн хөтөлбөр бариад дайраад байхад өөдөөс “Чи өнөөдөр манай дотор байхгүй л бол хэн ч биш шүү” гэсэн бүлэглэлүүд яваад байхаар тэдэнтэй л муудалцана шүү дээ. Тэдэнтэй муудалцсаар өдий хүрсэн. Тэгснээ хаясан.
-Яагаад хаясан юм бэ?
-Муу нь дийлээд байсан юм чинь. Минийхээр бол муу нь дийлсэн. Одоо сайжраасай гэж хүлээгээд холоос харж сууна. Дунд нь орвол ижилхэн болчихно. Би яагаад улстөрч биш гэв гэхээр “Нам дотор дундыг барья. Гэхдээ Төрийн ажил хийе” гэсэн байр суурь юм.
-Сүүлчийн асуулт. МАН-ын гишүүн, Ерөнхийлөгчийн зөвлөх та 2021онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар хэний төлөө ажиллах вэ?
-Эргэлзээгүй, Ерөнхийлөгчийнхөө төлөө л ажиллана шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Төрийн их ажилд тань амжилт хүсье!