УИХ-ын гишүүд ээ! Бодит өсөлтийн гуравхан хувиа бооцоонд тавьж дахин сонгогдох уу
Засгийн газар, Сангийн яамнаас эхлээд 7.8 хувийн алдагдалтайгаар оруулж ирэх гэж байсан төсвийн төсөл энэ удаад 3.3 хувийн алдагдалтай орж ирлээ. Энэ бол баярлах тоо биш.
УИХ-ын даргын 204 тоот захирамжаар Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг харгалзахгүйгээр Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэхийг даалгалаа.
Засгийн газар, Сангийн яамнаас эхлээд 7.8 хувийн алдагдалтайгаар оруулж ирэх гэж байсан төсвийн төсөл энэ удаад 3.3 хувийн алдагдалтай орж ирлээ. Энэ бол баярлах тоо биш. Алдагдалтай л бол 1 хувь байсан ч бизнесийн салбарт муу мэдээ. Энэ төслөө батлуулахын тулд томилоогүй байсан хэдэн дэд сайдыг “Томилохоо больж төсвийн зардлыг хэмнэлээ” гэцгээж байна. Хөшигний цаана амлаад байсан шигээ Засгийн газраа есөн сайдтай болтол танаж чадахгүйгээс хойш ингэж хуурч шоудах нь хэнд хэрэгтэй юм бэ.
Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслөөр бол “2017 онд алдагдлаа тэглэж болно, тэр үед сайдын тоо ч цөөрнө” гэчихээд сонгуульд алдагдалтай төсөвтэй орно, ялаа ч уу үгүй ч үү, төсөв улстөрчдөд хамаагүй гэж байгаа бололтой. Ингэж л уншигдаж байна. Хэрэв улс орны эдийн засгийг боддог, үлдсэн гуравхан хувийн өсөлтөө нэмье, ядаж л тогтоож барья гэж бодсон бол ийм төсөв оруулж ирэхгүй байхсан.
Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрын аль нэг нь сул байвал нөгөөг нь инфляци тогтвортой, нам дор түвшинд байгаа өнөөдрийн нөхцөлд ямар нэг арга хэмжээ авч болно. Гэтэл “Төсвийн бодлогоо хатууруулахыг хүсэхгүй байна мөнгөний бодлогоо чангал даа” гэсэн шаардлагыг Засгийн газар энэ төслөөрөө тавьж байна. Тэд ажилгүйдэл бий болно, цалин тэтгэвэр нэмэхгүй бол сонгогдохгүй гэсэн өнцгөөр өнөөдрийн, маргаашийн эдийн засгийг харж байна. Гэтэл инфляцийг тогтворжуулж, бууруулж ойрын хорин жилд байгаагүй түвшинд бууруулчихаад хувийн хэвшлийнхнээ дэмжиж, эдийн засгийн өсөлтийг тэлж чадахгүй төсвийн алдагдлыг санхүүжүүлж байгаа мөнгөний бодлогоор хэр хол явах вэ. УИХ-ын гишүүд л сайн нэртэй дараагийн сонгуульдаа оролцож байвал ямар төсөв үлдээх, эдийн засаг үлдсэн гурван хувиа алдана уу, гаднын хөрөнгө оруулагчид Монголоос дайжина уу хамаагүй бололтой.
Мөнгөний бодлогыг хатуу байна гэдэг нь хувийн хэвшлийнхнээ булшилж болно гэсэн сонголт хийгээд золиосонд хаяж байгаатай адил сонсогдож байна. Уг нь “Бид төсвийн бодлогоо чангалж зардлаа багасгая, Монголбанк мөнгөний бодлогоо зөөлрүүлж хувийн хэвшлийнхнээ авраарай” гэсэн бол хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга, аж үйлдвэр гээд уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжих арга хэмжээ авч эдийн засгийг өөд татаж, сайнаар төсөөлбөл төсвийг бодлогоо эргүүлэн суллаж зөөлөн газардахад нь үлэмж хувь нэмэр оруулах бололцоотой байв. Төсвийн орлого 15 хувиар тасарчихаад байна, Импортын татвараас орж ирнэ гэсэн орлого чинь байхгүй. Уул уурхайн супер цикль чинь дуусчихсан. Дахиад зээл авах боломж алга. Нүүрснээс 1.4 тэрбум ам.доллар авдаг байсан бол хөдөө аж ахуй чинь үүнээс дөрөв дахин их орлого оруулдаг болчихлоо. Орлогын бүтэц чинь өөрчлөгдчихөөд байна.
Одоо зардлын бүтцээ өөрчлөх цаг болчихлоо. Эдийн засгийн өсөлт 11, 14, 17 хувьтай байх үеийн төсвийн зардлаар 15 хувиар тасалдсан орлоготойгоор яаж цаашаа явах вэ. Таны хүүхэд өсөөд байхад та “таарч л байсан юм даа” гээд багадсан гутлыг нь чихэж өмсүүлээд байвал хөл нь өвдөнө. Ийм л төсвийг Засгийн газар оруулж ирчихээд “ЮУГ Ч ӨӨРЧЛӨХИЙГ ХҮСЭХГҮЙ” байна.
Эрхэм гишүүн та хэчнээн бага ч байсан “АЛДАГДАЛТАЙ” гэсэн хаягтай төсөв баталчихаад гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.долларт хүрнэ, импорт 600 сая ам.доллар хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байна гэж үү. Төрийн бүтэц, төсвийн зардлын бүтцийг 17 хувийн өсөлттэй эдийн засагтай байх үеийнхээр, яг хэвээр нь байлгаад цаашаа явж чадах уу. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хоёр хувийн алдагдлыг зөвшөөрдөг гээд заавал алдаа “үйлдвэрлэх” шаардлагагүй. Эцэст нь биднийг төдийчинээ их өвдөлт хүлээж байгаа учраас эмийг дутуу уух албагүй.
Хувийн хэвшлийнхнийг хангалттай өвтгөсөн, “үхүүлсэн” төрийнхөн одоо өөрсдөө өвдөлтийг мэдрэхээс айж байна. Айсандаа ард иргэдээ өвтгөе гээд дараагийн сонгууль руу зугтаж байна. Яагаад сүүлийн гурван жил дараалан 18 хувиар өссөн төрийн зардлыг энэ удаад яагаад тэвчиж болохгүй гэж. Энэ аймшигтай зардлаа яаж санхүүжүүлсэн бэ гэвэл инфляци 6.6 хувь байхад бодлогын хүү 13 хувьтай байлгаж хувийн хэвшлийнхнийг сөхрөөж төрийнхнийг тэжээлгэж, туйлуулж байсан юм. Харин одоо 15 хувиар төсвийн орлогыг тасалдуулсан буруутнуудад энэ зэргийн сануулга өгч болохгүй юу. Дээрх бүх муу дүн аль нэг намын биш, хэн нэг даргын бус бодлогын алдаа л байсан гэдгийг хамтдаа хүлээн зөвшөөрч, хамтдаа арилгая. Энэ алдааг эртхэн засах тусмаа сайн. Сонгуулийн өмнөх жил гээд айж байгаа бол харин ч энэ алдааг засч залруулахад хувь нэмрээ оруулснаар чинь сонгогчид та бүхнийг дүгнэнэ. Хэрэв төсвийг алдагдалгүй баталж эдийн засгийн өсөлтийн гуравхан хувийг аврах, цаашид өсгөх эхний алхмыг зоригтой хийсэн тэр гишүүнийг, тэр намыг алдаршуулъя.
Төсвийн орлого 2009 онд найман хувиар тасарчихаад байхад төсвийн зардлыг зургаан хувиар бууруулж байсан. Одоо 15 хувиар тасарчихаад байхад ядаж зардлыг арван хувиар хасч хэмнэх арга байна уу. Үгүй гэвэл хувийн хэвшлийнхний ажлын байр байхгүй болж өсөлтийг боогдуулж энэ салбарынхныг амь тавихад хүрнэ.
Эрхэм хүндэт эх орончид оо, эдийн засгаа алах
уу, аврах уу? УИХ-ын гишүүд Та бүхний “сонголтыг” гүнээ хүндэтгэн хүлээн авч
дагахаас аргагүй болдог сонгогчид тань яг одоо ямар алхам хийхийг анхааралтай
ажиглаж Төрийн ордны зүг горьдонгуй харж байна. Алдагдалгүй төсөв баталж хайрла!
Энэ тохиолдолд иргэд чинь үлдсэн боломжийг үл чамлан бүсээ чангалан зүтгэх
болно.