Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд гурав хоног үргэлжлэв. Шүүх хуралдаанаар Л.Гансүх нарын улсад учруулсан гэх 3,7 тэрбум төгрөгийн хохирол үндэслэлтэй эсэх талаар шүүх бүрэлдэхүүн, улсын яллагчид, өмгөөлөгч, хэргийн холбогдогч нар гурван өдөр шүүн хэлэлцэж, мэтгэлцлээ. Шүүхийн шийдвэр өнөөдөр гарах ёстой. Хохирогчдыг энд дурьдахгүй байгаа шалтгаан нь АТГ-аас хохирогчоор тогтоосон Багануур хувьцаат компани, түүний удирдлагууд шүүх хуралдаан дээр “Бид гэрээнд заасан төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Тиймээс гэрээнээс үүдсэн хохирлын талаар хуулийн байгууллагад нэг ч удаа гомдол гаргаагүй. Харин АТГ газар Засгийн газаас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөр дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад манай компанийг хохирогчоор тогтоосон учир манайх АТГ-аас шаардсаны дагуу шүүх хуралдаанд хохирогчоор оролцож байгаа” гэж мэдүүлсэн билээ.

Гэвч шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд болох Үндэсний аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоо болон хөндлөнгийн шинжээчээр оролцсон гурван нягтлан бодогч /тус бүртээ салбартаа он удаан жил ажилласан, шилдэг туршлагатай хүмүүс гэж өөрсдийгөө танилцуулсан/ хоёр компани тонн нь 39,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан борлуулсанаас үүдсэн үнийн зөрүү болон уурхайн амнаас ачуулсан нүүрсний тооцоог хийхдээ шуудайлсан нүүрсний хэмжээгээр тооцож төлбөрөө төлсөнөөс Багануур ХК-д хохирол учруулсан, улсын өмчийг үнэгүйдүүлсэн гэж буруутгадаг юм. Энэ ч яахав, анхнаасаа АТГ-аас Л.Гансүх нар дээр эрүүгийн хэрэг үүсгэхдээ ашигласан “нотолгоо” л доо. Энэ тооцоогоо улсын аудитор, хөндлөнгийн гэж нэрлээд байгаа шинжээч нарт өгч гарын үсэг зуруулаад нотлох баримт болгосон байдаг юм. Шинжээчдийн “анхан шатны материал” гэж нэрлээд байгаа нь ердөө энэ. Тиймээс шинжээч, аудиторуудад энэ хохирол бодитой эсэх, үүнээс хэн ямар ашиг хүртсэн талаар ямар ч баримт байдаггүй юм. Зөвхөн “Багануурын уурхай алдагдалтай ажилласан” гэдэг ганцхан үгтэй.

Тухайн үед Үндэсний аудитын газарт ажиллаж байсан улсын аудит Ш.Ичинхорлоогоос өмгөөлөгч “Та яагаад АТГ-ын мөрдөн байцаагчийн гаргасан дүгнэлтийг уншсан юм бэ? Танд ийм эрх бий юу?” гэж асуухад “Байхгүй. Би зүгээр адилхан нягтлан бодогч болохоороо өөрийгөө шалгах л гэсэн юм. Бидний тооцоо зөрөөгүй нь дүгнэлт үнэн зөв гарсныг харуулж байна” гэж балайрсан.

Хэргийн шалгалтын явцад жишээ нь, төрийн өмчид хяналт тавьж, шалтгалт хийх үүрэгтэй Үндэсний аудитын газар хувийн компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож шалтгалт хийсэн, татварын байгууллагын шалгалт ороогүй байхад хөндлөнгийн шинжээч оруулж татварын өр төлбөр тавьсан гээд хууль зөрчсөн олон үйлдлүүд гарсан л даа. Шүүх хуралдааыг даргалгч энэ тухайд нь “Хувийн компанид шалгалт хийсэн чинь л таны буруу шүү дээ. Хэрвээ алдагдал байсан бол төрийн өмчит компаниа шалгахаар гараад л ирнэ шүү дээ” хэмээн гэрч Ш.Ичинхорлоод сануулж л байсан. Гэвч харамсалтай нь, тэд бол хууль сануулаад өнгөрдөг энгийн нэг гэрчүүд биш. Л.Гансүх нарт тулгасан эрүүгийн хэргийн нотлох баримтыг гаргаж өгсөн, хэрэгт чухал ач холбогдол бүхий гол гэрчүүд. Хэрэвзээ хэргийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсвэл хууль зөрчиж олж авсан нь тогтоогдвол уг хэргийг хэрэгсэхгүй болгох хуультай. Гэтэл үүн дээр шүүх ямар нэг байр суурь илэрхийлсэнгүй. Хэдийгээр хууль зөрчсөн байна шүү гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн ч гэсэн. Нэгэнт шүүх хурлын явцыг орон даяар шууд дамжуулсан учраас нарийн ширийнийг нуршаад яах вэ.

Уг нь бол шүүх хэргийг шийдэхдээ, прокурор хэрэгт хяналт тавихдаа яллах болон цагаатгах талын нотлох баримтыг аль алиныг нь эн тэнцүү хэмжээнд авч үзэх ёстой. Зөвхөн яллах талын баримтыг үндэслэл болгоод цагаатгах талын баримтыг огт үнэлэхгүй хаявал энэ хэлмэгдүүлэлт болно. Гэвч энэ тохиолдолд лав прокурор зөвхөн яллахын төлөө улайрчихаад байгааг нь монголчууд нийтээрээ харлаа шүү дээ. Тиймгүй бол прокурор өөрөө энэ хэргийг шүүхийн шатнаас өмнө хэрэгсэхгүй болгох 100 хувийн боломж байсан. Ингэтлээ улайрахад ч бас шалтгаан байх ёстой.

“Нүүрс” хөтөлбөр 2012 оны арваннэгдүгээр сараас эхэлж хэрэгжсэн. Харин Л.Гансүх нарт 2014 оны дөрөвдүгээр сараас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ хооронд Л.Гансүх гадаадад эмчилгээнд явж, эргэж ирээд “Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Хуулийн байгууллагаар шалгуулж үнэн мөнөө олно” хэмээн мэдэгдэж байсан ч гурван сарын дараа буюу 2014 оны наймдугаар сард түүнийг АТГ-аас цагдан хорьж, харин арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсон билээ. Засгийн газар огцорхын урьд орой АТГ болон прокурорын байгууллагаас /одоо шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байгаа Ш.Баярбилэг прокурор тэнд байв/ хамтарсан мэдэгдэл хийж, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрөөс 3,7 тэрбум төгрөг хувьдаа завшсан тухай мэдээлсэн. Харин маргааш өглөө нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Найзынх нь ажлыг өгүүлэхийн тулд нөхөрлөлөөр нь барьцааллаа” гэж хэлээд огцорч байв. Шалтгаан нь ердөө л энэ.

Мэдээж Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ зөвлөх, туслахуудаа ажиллуулсан, хамаатных нь охин нягтлан бодогчоор ажилласан гээд “ашиг сонирхлын зөрчилтэй” харагдахуйц зарим зүйл байгаа л даа. Яалт ч үгүй нийтэд буруугаар үзэгдэнэ. Гэвч Ерөнхий сайдын зөвлөх гэдэг шийдвэр гаргадаг, гарын үсэг зурдаг албан тушаал биш учраас “албан тушаалаа урвуулчихлаа” гэх хуулийн үндэслэл байхгүй. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлсэн компанийг ноолохоос өөр аргагүй болсон хэрэг. Харамсалтай нь энэ компаниар дамжуулаад Л.Гансүх өөрөө тэдэн төгрөг, зөвлөх, туслах нь, нягтлан бодогч нь тэдэн төгрөг хувьдаа завшсан гэх ямар ч баримт нь байдаггүй. Магадгүй, “Багануур илч” компанид ачуулсан нунтаг нүүрс, шуудайлахдаа ялгасан чулуугаа ширхэг ч үлдээлгүй түүгээд жигнэвэл тэр жингийн зөрүү гээч нь гараад ирэх биз. “Багануураас гарсан ширхэг чулуу ч гэсэн үнэтэй. Яагаад гэвэл төрийн өмч” гэж манай аудитор “аниа” хэлсэн дээ. 

Анх гэрээг байгуулахдаа хоёр тал нэг тонн нүүрсний үнийг 27500 төгрөгөөр тогтож, шуудайлсан нүүрсний хэмжээгээр тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон байдаг. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад компанийн ТУЗ-ийн хурлаас иргэдэд жижиглэнгээр борлуулах үнээ нэмэгдүүлж 32500-39000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн ч уг үнэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээтэй огт хамааралгүй юм. Учир нь ТУЗ-ын тогтоосон шинэ үнэ бол иргэдэд /өөрөөр хэлбэл ченжүүдэд/ жижиглэнгээр борлуулж байгаа “шигшиж ялгасан” нүүрсний үнэ. Харин “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй компанийн хувьд уурхайн амнаас шууд ачуулаад өөрсдийн тоног төхөөрөмж, хүн хүчээр хийж гүйцэтгэсэн тул уг үнийн аль нь хамаарахгүй. Гэтэл хөндлөнгийн шинжээчид өөр бодолтой байгаа. Тэд 27500 төгрөгөөр гэрээ байгуулсан нь буруу гэх атлаа гэрээний зөвхөн нэг оролцогчоос хохирол нэхэмжлээд байдаг. Тэр нь мэдээж АТГ-аас өгсөн үүрэг даалгаврыг л гүйцэтгэж байгаа хэрэг л дээ. Харин АТГ-т “Хүн нь байгаа цагт хэрэг нь олдоно оо” гэсэн ганцхан зорилго бий. Бүхэл бүтэн Засгийн газрыг огцруулах шалтгаан болсон энэ хэрэг ялгүй өнгөрвөл АТГ хаашаа, хэний нүүр харах билээ. Арай гэж буулгасан Н.Алтанхуягийн нэр хүнд ч яах билээ.

Нөгөө талаас АТГ-т хуулиар олгосон хэмжээгүй эрх нь энэ байгууллагад хуулиас дээгүүр эрх дарх эдлэх боломжийг  өгөөд байна. Прокурорын мөрдөнг АТГ-ын харьяанд шилжүүлснээс хойш шүүх, прокурор, цагдаа, тагнуул бүгдээрээ энэ байгууллагын халаасанд орчихлоо. Сая шүүх хурал гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн хүн бүр өөрсдөд нь хамааралтай хуулийн заалт ярихын оронд “АТГ тэгж шаардсан” гэдэг үгээр мэдүүлгээ дуусгаж байна. Шүүх нь хүртэл үүнийг ил цагаан сонссон ч сонсоогүй юм шигээр өнгөрөөж л байдаг. Энэ янзаараа ичсэн хүмүүс хүн алахад их ойрхон байна.