АН өөртөө, гишүүддээ итгэ
Ардчилсан нам өөртөө итгэлтэй бай, өөрсдийн гишүүддээ итгэ. Өөрсдөөсөө кайф аваад цааш яв. Өөртөө, өөрсдийнхөндөө итгэдэггүй л дээ. МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан шүү дээ. Аль ч намд адгийн шаарууд байдаг. Тэд бол цөөхөн. Том эрх ашгаа бодоод тийм юмнуудаа дийлэнх олонх нь үл тоогоод явах ёстой юм л даа.
Ардчилсан нам өөртөө итгэлтэй бай, өөрсдийн гишүүддээ итгэ. Өөрсдөөсөө кайф аваад цааш яв. Өөртөө, өөрсдийнхөндөө итгэдэггүй л дээ. МАН-тай хамтарч Засгийн газар байгуулсан шүү дээ. Аль ч намд адгийн шаарууд байдаг. Тэд бол цөөхөн. Том эрх ашгаа бодоод тийм юмнуудаа дийлэнх олонх нь үл тоогоод явах ёстой юм л даа. Тэгж чадаагүй учраас л өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал үүслээ шүү дээ. Ард түмэн АН-д итгээд, та нар л төр барь гэж 2012 оны сонгуулиар олонх болгосон. Өрсөлдөгч намыг нь цөөнх болгосон. Тэгтэл өөрсөндөө итгэхгүй, өрсөлдөгч хамгийн том улс төрийн хүчнээ гуйж авчраад Засгийн газарт хамтарцгаасан. Хамтдаа хэсэг яваад тарыг нь таниад, өөрсдөө эргээд хүнд байдалд орсон хойноо Засгаасаа шахаж гаргалаа. Засгийн газарт хамтарсан өдрөөсөө эхлэн МАН-ын сайдууд очсон яамдынхаа боловсон хүчинг тэр чигээр нь халж, хамаатан садан, хамтрагчдаа албан тушаалд тавьж эхэлсэн. Лавтай 500 орчим төрийн албан хаагч үндэслэлгүй ажлаасаа халагдсан нь бүгд АН-ын гишүүн байсан хүмүүс байдаг. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр бол “За дүүрч, одоо ингээд улс орныхоо ажлыг хийх байх” гэж нүдэн балай, чихэн дүлий зүтгэсэн. Гэтэл өнөө МАН-ын сайдууд нь залгуулаад сонгуулийн ажилдаа ханцуй шамлаад орчихсон. Тэр байтугай УИХ дотор байгаа МАН-ын бүлгийн гишүүд нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг үргэлж зүхэж, Баруун бүсийн зам, Хөшигтийн хөндийн замын ажлыг зогсоосон. Засгийн газраас өргөн барьсан хуулийн 50 хувиас дээшийг нь Ардын нам эсэргүүцсэн. Үүнийг яаж хамтарсан гэхэв. Н.Алтанхуягийн үед ч МАН ажил хийлгээгүй шиг Ч.Сайханбилэгийн үед хамтраад ч тэд ажил явуулсангүй. Хэдэн зуун хамаатан садан, хамтрагчдаа ажилтай болгосныг нь ажил гэхгүй юм бол. Ийм байдалтай эвсэж хамтрах нь угаасаа утгагүй зүйл болж хувирсны эцэст ийнхүү Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг гаргалаа. Улс төрийн агуулгаараа бол Засаглалд олонх байгаа намын дарга улс төрийн шийдвэр гаргах түвшинд хамгийн том нь. Түүний шийдвэр хамгийн бодитой. Тийм болохоор АН-ын дарга З.Энхболд “Ажлаа муу хийж байгаа хэдэн сайдыг чөлөөлөх нь асуудал биш, ямар Засгийн газрыг огцруулж байгаа биш” хэмээн байр сууриа олон нийтэд ил тодорхой илэрхийлсэн. Энэ байр суурь нь бодит биелэл болж өчигдрийн УИХ-ын чуулганаар Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Урьд нь энэ хоёр нам эвсэж Засгийн газрыг байгуулж байсаан. С.Баярын Засгийн газрын үед. МАН-ын зүгээс хамтрахыг гуйсан шалтгаан нь тодорхой байсан. Нэгдүгээрт, Долоон сарын 1-ний хэрэг явдлыг гарцаагүй намжаах шаардлага гарсан. Ингэхийн тулд сөрөг хүчин АН-тайгаа эвсэж найрсах. Хоёрдугаарт, Оюу толгойг хөдөлгөх зайлшгүй шаардлага С.Баярт байсан. Тэгэхийн тулд АН-тай эвсэх найрсах. Ийм том шалтгаанууд байсан учраас нэг зоонтог дор зогсож аадар бороонд цохиулахгүй өнгөрөхийг хичээлгүй яахав. Өмнөх эвслийн суурь шалтгаан ийм байсан бол өнөөдрийн АН-МАН хоёрын 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан шалтаг шалтгаан нь юу байв. Дээрх хоёрын хэмжээний том шалтгаан байсан уу? Байсан нь өөрөө дээрх хоёроос дэндүү жаахан эрх ашгийн нэгдлүүд байв уу? Үүний учрыг мэдэх хүмүүс нь мэдэж байгаа.
“Ингэх л байсан юм бол эхнээсээ юу гэж эвсэж Засаг байгуулъя гэсэн юм” гэдэг үг энэ өдрүүдэд их сонсогдож байна. Тийм л дээ, эхнээсээ МАН-гүйгээр Засгийн газраа байгуулаад, улс орноо засаглаад явж болоод л байсан. Тэгсэн л болохоо байгаад явчихсан шүү дээ. Өнөөдрийн энэ бүх Засаглалын тогтворгүй байдлын эхлэл нь өөрсдөөс нь эхтэйг АН бас хүлээн зөвшөөрөх л ёстой. Арай хийж нэг юм сонгуулиар олонхи болсон. Азгүй нь АН-ынхан засаг барилаа гэсэн юм шиг Монгол Улсын ганц ахиухан мөнгө олж байсан эрдэс баялаг, уул уурхайн баялагийнх нь үнэ олон улсад уначихсан. Үүнийг Чингис бондоор нөхөж босгоод Н.Алтанхуягийн Засгийн газар ажлыг явуулсан. Гэтэл гэнэт дан дээл, давхар дээлийн асуудал босч ирсэн. Үүнийг нь сөрөг хүчин овжин ашигласан. Олон жилийн дараа овоо нэг юм Засаглалын түвшинд олуулаа болж, Засаг төр барьж үзэж эхэлж байтал шүү. Улс орныг удирдаж авч явах хэмжээнд Ардчилсан хүчнийг аваачих юм шүү, аваачиж үзэх юм шүү гэсэн олон мянган хүний итгэл сэтгэл, хүч хөдөлмөр, үнэт зүйл талаар болох шахсаны эцэст ийнхүү олонхийн байр суурин дээрээ өнөөдөр эргээд очлоо.
Өнөөдөр нөхцөл байдал иймдээ хүрсэн учраас асуудлыг дараагийн түвшинд харахыг хичээе. Ерөөсөө Монголын улс төр МАН-гүйгээр явж болох л юм байна шүү дээ. Долоон сарын 1-нийх шиг гэнэтийн үйл явдал л гарчихгүйн юм бол. Оюу толгой, Таван толгой, Цагаан суварга... Монголын саалийн үнээнүүд болох бүх том ордыг МАН-тай, МАН-гүй асуудал нь шийдэгдээд явах л юм байна. АН туршлагажиж байна. Алдаа оноон дээрээ суралцаж байна. Асуудал болохгүй гэдгийг цаг алдалгүй мэдэрч байна. Боловсон хүчний хангалттай нөөцтэйгээ 2012 оны сонгуулийн дараагаас эхлэн мэдэж авлаа. Нийгмийн сэтгэл зүйн 30 хувь баттай АН талд байдаг, нөгөө 30 хувь нь МАН руу. Үлдсэн 40 хувийг хааш нь татах дээр хэрхэн ажиллах тухайгаа АН мэдэхийн цаагуур мэддэг улс төрийн хүчин болж төлөвшиж чадлаа. Одоо юунаас болоод МАН-тай заавал ч үгүй ярилцаж тохирохгүй бол болохгүй гээд байх юм бэ. Хувь хүмүүс, хувь улс төрчдийн хоорондын харилцааг бол мэдэхгүй. Улс төрийн шийдвэрийн хувьд өнөөдөр АН, МАН-гүйгээр цаашид улс орны хувь заяаг авч явах хэмжээнд хүрчээ. Үүнийг л хаа хаанаа хүлээн зөвшөөрөх цаг болж.
Өнөөдөр АН-ын нэр хүнд ард түмний дунд уналаа гэнэ. Тэгээд МАН-ын нэр хүнд өссөн юм уу. Түүн шиг худлаа пиар байхгүй. Аль аль нам нь “Бадарчин баярлах болоогүй” гэдгийг мэдэж байгаа. АН-ын нэр хүнд лав сонгуулийн хэмжээнд хүртлээ унаагүйг судалгаанууд баталж байгаа юм. Яахав эхнээсээ Засгаараа оролдолгүй явсан бол өнөөдрийнхөөс харьцангуй дээр байх боломж байсан. Гэхдээ энэ алдаа нь тэгтлээ улс орны хөгжлийг татаж чангаах хэмжээнд очоогүй. Харин улс төрийн агуулгаараа гишүүддээ итгээгүй, ядаж гишүүнээ ажилд томилж чадахгүй юмаа гэхэд ажлаас нь халуулахгүй байх хэмжээний байр суурьгүйд хүрсэн явдал юм. Энэ нь намд нь дэндүү хор хохиролтой байлаа. Тэрнээс биш АН-ын гишүүд дэмжигсэд Алтайн таван Богдоос Соёлз уул хүртэл, Орвог хошууны бор толгойгоос Монгол шарын даваа хүртэл Монголын энэ өргөн уудам нутгийн хаана нь ч мянга мянгаараа ажиллаж амьдарч байна. Халхын хавтгайн аль ч захад очоод таван хүнтэй уулзахад гурав нь гарцаагүй ардчиллын дэмжигч нөхөд байдаг юм шүү дээ. Хэнээс ч хамааралгүйгээр өөрсдийгөө болгоод ирсэн тэдэнд юу хэрэгтэй юм, өөрийнхөөрөө жаргаж, өөрийнхөөрөө зовох эрх чөлөөг авчирсан ардчилал л хэрэгтэй шүү дээ.