Нүдээр үзсэн гэрчийн тэмдэглэл

Өнгөрөгч зун хүүхдүүдтэйгээ “Аварга-тосон” нууранд хэд хоног амарлаа. Зууртаа Хэнтий аймгийн хоёр сумаар орлоо. Өдөртөө нууранд умбаж биеэ шарчихаад орой нь майхнаа хээр барин амарч байлаа. Хэрлэн голын хөвөө, хадан цохион уулын бэл, малчны хот, сумын төвийн ойролцоо бууж суун малчин айлуудаар орж, мах шөлөө залгуулж байлаа.



Ингэж явахдаа нүдэнд содон харагдсан үзэгдлээ бичихгүй байж чадсангүй, бичмээр санагдаад, тэгэхдээ би гунигт явдлын тухай өгүүлье гэж шийдлээ.

Нийслэлд эрдэмтэд, зарим улс төрчид амаа цангатал ярьж, ухуулаад байдаг нөгөө “нүүдлийн соёл иргэншил” гэдгийг чинь Монголын хөдөөд устгаад үгүй хийгээд дуусч байгаад харамсаад баршгүй.  Тэрхүү “соёл иргэншлээ” албадаж хүчлэж, захиргаадаж авч үлдэхгүй бол хэдэн жилийн дараа бүрмөсөн устах нь гэж санаа зовсондоо бичиж байна.

Үзсэн харсан, зочилсон нь Хэнтий аймгийн хоёр сум болохоос биш бүх аймаг, сум тиймэрхүү төрхтэй байгаа гэж хэн хүнгүй ам мэдэн өгүүлж байх юм.

Юу гэвэл адуу маллах, сургах, гаршуулах ур ухаан бүрмөсөн алга болжээ. Хэнтий аймагт арав хонохдоо эмээл тохоод морь унаж яваа монгол хүн олж харсангүй. Монгол дээлтэй, үндэсний хувцас хунараараа гайхуулсан ганц ч монгол хүн “Аварга-тосон” нуурын эргэн тойронд хааш хаашаа лав 100 км дотор харсангүй.

Эмнэг хангал адуугаа сургаж, мал маллагаа, хариулгандаа хэрэглэдэг нүүдэлчний өв соёл бараг алга болсон юм уу гэх сэтгэгдэл төрлөө. “Морьтон монгол” маань хаачсан бэ? Хаа л хаа моторын дуу түрчигнээд тоос татуулсан мотоциклууд сүлжилдээд, мотоциклын жим зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааг нь хэржээ. 

Шөнө бараадаж буусан малчин айл байна. Гэрийн эзэн, эхнэр, хоёр хүүгийн хамт олон мал хариулж байна. Аав нь нэг жижиг мотоцикл асаагаад хониндоо явлаа. Явган яваад оччих газар заавал тэр нэг харжигнасан мотоциклоороо явна. Их хүү нь гурван адуу эргүүлэхээр бас нэг мотоциклоор давхина. Отгон хүү нь саахалтын газраас хоёр үнээ хөөж ирэхээр бас нэг мотоцикл асаагаад мордоно. Тэдний гадаа портер сойлттой байна. Сумын төв рүү ажил гарвал давхидаг гэнэ. Тэднийд морины уяаны шон байх нь байна. Ашигладаггүй юм байна. Морь унахаа больсноос хойш түүгээр ч яах юм. Аав хүү гуравт монгол дээл, монгол хувцас хунар гэж алга, мотоцикл унасан хотын иргэнээс юугаараа ялгарахыг нь олж харсангүй. Ердийн бидэн шиг чөлөөт байдлаар хувцаслах юм. Ээж нь ч ялгаагүй. Монгол ёс заншил, ахуйн холбоотой юм гэвэл ааруул, өрөм, бяслаг гэж эс тооцвол тэр айлд бараг алга. Тэр айлд  монгол урлаг, соёлын эд зүйл, ном сэтгүүл ганц ч алга. Гадаа нь нар салхины эрчим хүчний хураагууртай, тог цахилгаан бүгд байна. Зурагт асаатай, ээж хүү бүгд солонгос сериал үзээстэй. Тэр талаар ёстой нэг мэдлэгтэй.

Ярианаас нь үзвэл жилийн дөрвөн улирал шувтан мотоциклоороо малаа хариулаад явдаг гэнэ. Айл саахалт, сумын төвөөс зочин ирж байна. Бас л моторын дуу түрчигнээд явчихна. Мотоцикл дээрээ сундалсан аав, ээж, хүүхэд гурав ирнэ. Зочид нь бүгд мотоциклтой.

Хоноглох газраа эрсээр хээрийн замд давхиж явахад замд зөрж байгаа нь дан мотоциклтой монголчууд. Алсад хоёр цагаан гэр харагдана. Дөхөж очоод майхнаа барилаа. Гадна нь мотоцикл ганц хоёроороо сойлттой, мөн портер машин, алсаас гялалзах нарны зай хураагуур. Бэлчээрт яваа хонин сүрэг рүүгээ нэг залуу мотоциклоор довтолгож яваа харагдав. Чөдөртэй морь руугаа аав нь мотоциклоороо довтолгоно. Ээж нь үнээгээ яаран саачихаад солонгос сериал руугаа харайлгана. Тэдний гэрт монгол урлаг, соёлын эд зүйл бас алга. Монгол ардын үүх түүх, үлгэр туульс ярьдаг мэддэг хүн хөдөө бараг байхгүйтэй адил гэлцэх юм. Байхаас зурагт байна, солонгос сериал байна. Хөдөө нь хөдөө биш болчихжээ. “Нүүдлийн соёл иргэншил” маань ийм л болчихож дээ...