Чингис хаанаа монгол хүн гэж нотлуулж батлуулж авсан нь хамгийн чухал үр дүн
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн талаар зарим нэг тодруулга авахаар Элчин сайд асан судлаач-профессор Д.Баярхүүд онлайн мэдээллийн news.mn агентлаг хандаж хэдэн асуулт тавилаа.
Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн талаар зарим нэг тодруулга авахаар Элчин сайд асан судлаач-профессор Д.Баярхүүд онлайн мэдээллийн news.mn агентлаг хандаж хэдэн асуулт тавилаа.
- Манай жирийн уншигчдад ойлгомжтой болгох үүднээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх гэдэг энэ үйл явдлын утга учрыг тодруулж өгнө үү. Энэ асуултад хариулахад НҮБ, түүний төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн тухай урт түүх дэлгэх шаардлагатай болох байх. Гэвч тэгэх боломж одоо байхгүй. Манай улс ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хамтран ажиллаж ирсэн гэдгийг хэлэх л байна. ЮНЕСКО-гийн нэгэн чухал Конвенц байдгийг юуны өмнө энд дурдах нь зөв юм. Тэр нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн Конвенц. Уг Конвенцид манай улс 1990 онд нэгдэн орсон. Эдүгээ энэхүү Конвенцид дэлхийн 191 улс нэгдэн ороод байгаа.
Нөгөө талаас манай талын чармайлтын үр дүн гэх үү дээ, Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2002 онд байгуулсан хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг гэж бий. Энэ баримт бичгийн үзэл санааны дагуу 2005 онд Монгол ардын уртын дууг дэлхийн соёлын аман болон биет бус өвийн жагсаалтад бүртгүүлж байсныг санаж байна. ЮНЕСКО-той хамгийн сүүлчийн санамж бичиг 2011 онд байгуулсан.
2003 онд Увс нуурын ай сав газар, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолборыг тус тус Дэлхийн байгал, соёлын өвд бүртгүүлсэн. Энэ удаагийн Бурхан Халдун уулыг бүртгүүлсэн нь дэлхийн байгал, соёлын өвд бүртгэгдсэн 4 дэх тохиолдол болж байна.
- Манай улс Бурхан Халдун уулыг бүртгүүлсэн явдлыг ойрын өдрүүдэд ихээхэн онцолж ач холбогдол өгч яриад байгаа нь ямар учиртай юм бол?
Энэ бол их түүхтэй ажил. Тэр түүх нь лав 5 жилийн шургуу хөдөлмөрийн үр дүнд бүтэх шиг боллоо. Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажил 2009 оноос буюу ноён Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсон үеэс эхэлсэн болов уу. Дээр нэр заасан Конвецийн дагуу гишүүн орнууд нь Дэлхийн өвийн үндэсний жагсаалтаа батлан ЮНЕСКО-д хүргүүлэх ёстой байдаг дагуу манай улс Дэлхийн өвийн үндэсний жагсаалтыг боловсруулж 2010 онд хүргүүлсэн. 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Бурхан Халдуны тухай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 203 тоот зарлиг гарч, түүнд тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд мөн гарын үсгээ зурж баталгаажуулснаас нөгөө түүх маань хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Уг зарлигт Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлох, тэгснээрээ түүнийгээ дэлхийн өвд бүртгүүлэхээр ЮНЕСКО-д хандахыг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Засгийн газрын хийх ажлыг зааж өгснөөсөө гадна улс төрийн ач холбогдол бүхий нэн чухал заалтыг уг зарлигт оруулж өгсөн нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулах тухай уриалга байсан. Уриалгын хэмжээнд очтолоо уг асуудал хурцатсан гэх үү дээ. Учир нь Чингис хааны яс угсаа, гарвал үүслийг манай улстай булаацалдах улс орон нэгээр тогтохгүй гараад ирсэн. Тэдгээр улс нь манай улсаас дутахгүй, бүр давж гарахаар сурталчилгаа хийж байгаа, ер нь Чингис хаан эдүгээгийн ямар улс оронд харьяалагдах вэ, аль улсын иргэн байв аа гэж эргэлзэхээр сурталчилгаа хийгдэж байсныг манай төр-засгийн удирдлага олж харж мэдэрлээ гэсэн үг л дээ. Ийм айхтар өрсөлдөөн дунд төрсөн нутаг Бурхан Халдунаар нь давхар нотлуулж чадсанд л ЮНЕСКО-гийн саяын тэр шийдвэрийн онцлог, ач холбогдол орших болов уу гэж дипломатчийн хувьд ч, судлаач эрдэмтний хувьд ч би үзэж байна.
- Тэгэхлээр 5 жилийн дипломатын тэмцлийн түүх болж таарах нээ?
Ганц дипломатын гэлтгүй, манай төр-засгийн гар нийлсэн хамтын ажиллагааны ялалтын түүх гэж хэлбэл хэтийдсэн болохгүй дээ. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар, манай ГХЯ, БСШУЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Парист суугаа Монгол Улсын Элчин сайдын Яам, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа манай Байнгын төлөөлөгчийн газар гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ ажилласан байх. Мэдээж манай тал дэлхийн өвд бүртгүүлэх нэрээ дэвшүүлсэн өргөдлийг 2013 онд холбогдох материалын хамт Дэлхийн өвийн төвд хүргүүлснээр тэр түүх цааш өрнөсөн. Дотооддоо ч үлэмж сурталчилгаа хийсэн. Сүүлийн бүтэн жилийн турш Ерөнхийлөгч энэ талаар хот хөдөөгүй ярьсан даа.
Манай өргөдлийг хүлээн аваад Дэлхийн өвийн хорооны зөвлөх байгууллага болох Хөшөө дурсгал, газар нутгийн олон улсын зөвлөлөөс шинжээчдийн баг 2014 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд Монголд ирж ажилласан байдаг юм. Тэд Улаанбаатарт манай холбогдох яам байгууллагуудад зочилж, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын нутагт орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутагтай биечлэн очиж танилцсан. Эцэст нь тэд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн Дэлхийн нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг шалгаж үнэлгээгээ хийсэн. Өөрөөр хэлбэл төрийн тахилгат, үндэсний бахархалт хайрхан болох Бурхан Халдун уул болон түүний орчмын тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр бидний тодорхойлсон тодорхойлолт ба шалгуурын үнэн зөв эсэхийг шалгаж үнэлгээгээ гаргасан гэсэн үг л дээ.
Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтын III, IV, V, VI гэсэн шалгуураар соёлын өвөөр тодорхойлсон. Ингээд нэр дэвшүүлэх номинацдаа 1) Бурхан Халдун уул; 2) Тахилгат Биндэр уул болон соёлын дурсгалт газрууд; 3) Балдан Бэрээвэн хийд болон тахилгат газрыг сонгон авсан. Тэд Монголд ажилласан тайлан илтгэлээ дээд газартаа мэдүүлсэн. Шинжээчдийнхээ дүгнэлтэд үндэслэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо аливаа өвийг бүртгэх асуудлаар шийдвэрийн төслийг оруулж хэлэлцүүлдэг журамтай, түүгээрээ л асуудал явсан.
- Тэгээд хэлэлцүүлэг нь цаашаа жигдэрсэн үү?
Үгүй ээ. Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хоёр талаасаа ихээхэн чармайлт тавьж харилцан ажилласан л даа. Асуудал анх манай талд ашигтайгаар шийдэгдэхгүй нөхцөл байдал ч үүссэн. Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы хэлэлцэх хэргийн жагсаалт, шийдвэрийн төсөлд “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг тухайн улсад нь эгүүлэн буцаахаар тусгагдсан нь нэг том бэрхшээл байв. Хэрэв буцсан бол бидний чармайлт нэг хэсэгтээ талаар болж дахиад хэдэн жилийг алдах байсан байх. Ер нь дэлхийн өвийн Конвенцийг хэрэгжүүлэх удирдамжийн дагууд бол байгаль, соёлын аливаа өвийг хэлэлцэж шийдвэрлэхдээ: 1. Бүртгэх; 2. Бүртгэхээс татгалзах; 3. Эгүүлэн буцаах; 4. Хойшлуулах буюу түр азнах гэсэн 4 шийдвэр гаргадаг.
Дэлхийн өвийн хороо нь шинжээчдийн саналаар 39 дүгээр чуулганд хэлэлцүүлэхээр оруулж байгаа манай өвүүдтэй холбоотой зарим заалт, тухайлбал, хууль эрх зүй орчныг улам боловсронгуй болгох, уул уурхайн аливаа үйл ажиллагаа Бурхан Халдун уулын ойр хавиар явуулахгүй гэсэн эрх зүйн баталгаа байхгүй, цаашид Бурхан Халдун уулын хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг шинэчлэн гаргах гэхчлэн 6 заалтаар үндэслэн уг өвийг бүртгэхээс татгалзан буцаах шийдвэр гаргасан байсан.
Хөшөө дурсгал, газар нутгийн олон улсын зөвлөлийн шинжээчдийн баг Улаанбаатараас сайхан сэтгэгдэлтэй буцсанд бид талархаж, урьдчилан баяр бахдал болоогүй нь ч оносон. Учир нь уг зөвлөл болон Байгаль хамгаалах олон улсын холбоо, тэдгээрийн шинжээчид олонхиороо манай өвийг эгүүлэн буцаах санал дээр хатуу зогсож байсан.
- Энэ ч харин ноцтой явдал болох дөхжээ. Тэгээд яаж давж гарав?
Хөшөө дурсгал, газар нутгийн олон улсын зөвлөл болон Байгаль хамгаалах олон улсын холбоо, тэдгээрийн шинжээчдийн зөвлөмжид үндэслэн Дэлхийн өвийн хорооны гишүүд шийдвэр гаргадаг. Гэхдээ манай төлөөлөгчид идэвхтэй ажиллаж чадвал манай улсад нааштай шийдвэр гаргуулах боломжтой хэмээн манай ГХЯ, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа манай Байнгын төлөөлөгчийн газраас үзэж бэлтгэл ажлыг маш эрчимтэй хийсэн л дээ. Ганц дипломатчид төдийгүй Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БСШУЯ, БОНХАЖЯ-ны мэргэжлийн, албаны хүмүүсийг оролцуулсан нь үр дүнгээ өгсөн. Дэлхийн өвийн хороонд 4 жил тутамд сонгогддог 21 гишүүн орны төлөөлөгчидтэй нэг бүрчлэн тулж ажиллахаар Парис дахь Элчин сайдын яам шургуу ажилласан. Одоо энэ сонгуульт 21 улс нь Алжир, Колумб, Хорват, Финланд, Герман, Энэтхэг, Ямайк, Япон, Казахстан, Ливан, Малайз, Перу, Филиппин, Польш, Португал, Катар, Өмнөд Солонгос, Сенегал, Серби, Турк, Вьетнам юм. Хурлын үеэр дэмжлэг хүсэх зорилгоор Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Турк, Сенегал, Герман, Казахстан зэрэг орны төлөөлөгчдийн тэргүүн нартай нь уулзаж шууд дэмжлэг хүссэнийг дурдахад хангалттай. Ер нь манай талаас ухуулга сурталчилгаа, ятгалгыг хангалттай хийсэн. Эзэн Чингисийнхээ хөрөг зургийг хүртэл хурлын танхимд өлгөж байгаад тайлбарласан.
- Тэгээд хүссэн дэмжлэгээ авч чадсан юм байна, тийм үү?
Чадсан. Манай талын чармайлтын үр дүнд ХБНГУ-ын Бонн хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны саяын 39 дүгээр чуулган дээр 21 гишүүн улсыг бүрэн эргүүлсэн хэмээн Парис дахь Элчин сайдын яамнаас мэдээлж байна. Хуралдааны үеэр Бурхан Халдун уулыг Дэлхийн өвд бүртгэх нь зүйтэй гэсэн шинэ тогтоолын төслөөр санал хураасан. Тэгэхэд Дэлхийн өвийн хорооны 21 орны 17 нь дэмжиж үг хэлсэн, үлдэх 4 нь дэмжиж саналаа өгсөн. Үг хэлсэн 17 орны төлөөлөгчид манай улсын талаар сэтгэл хөдлөм дэмжлэгийн үгийг хэлсэн гэсэн. Бурхан Халдун уулыг ийнхүү Дэлхийн өвд бүртгэснээр Монгол Улсын хувьд төдийгүй Дэлхийн өвийн хорооны гишүүн орнуудын хувьд нэр хүндийн хэрэг, дэлхийн түүх, соёлын өвд монголчуудын оруулж буй бодит хувь нэмэр гэхчлэн. Үнэхээр л Чингисийн үр сад нь өнөөгийн монголчууд мөн гэдэг дээр эргэлзээгүй болсон юм билээ. Туркийн төлөөлөгчийн хэлсэн үг сэтгэл хөдөлгөсөн хэмээн саяын хуралд очсон манай төлөөлөгч ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Далайжаргал сэтгэгдлээ надтай хуваалцсан. Энэ залуу бол миний шавь нарын нэг, өмнө нь ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын аппаратыг даргалж байсан, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан, асуудлыг анхнаас нь гардаж хөөцөлдсөн хүн л дээ.
- Үнэхээр бахархмаар үйлсийг бүтээжээ? Цаашаа бид яах ёстой вэ?
Бахархмаар үйлс бүтээсэн. Гэхдээ дутуу. Тэр анх номинацдаа 1) Бурхан Халдун уул; 2) Тахилгат Биндэр уул болон соёлын дурсгалт газрууд; 3) Балдан Бэрээвэн хийд болон тахилгат газрыг сонгон авсан боловч зөвхөн Бурхан Халдун уулыг бүртгээд дараагийн хоёрыг нь бүртгүүлж чадаагүй. Энэ асуудал нээлттэй үлдлээ. Гэхдээ Бурхан Халдунаа бүртгүүлсэн нь энэ удаа хангалттай. Хэвлэлийн мэдээнээс үзвэл, төрийн тахилгат Бурхан халдун хайрханыг Дэлхийн соёлын өвийн IV ба VI дугаар шалгуураар бүртгэж авсан байна. IV шалгуураар бол Бурхан Халдун хайрхан маань хүн төрөлхтний түүхийн тодорхой үеийг харуулсан баталгаа нотолгооны үлгэр жишээ болжээ. Бурхан Халдун нь Монголын эзэнт гүрэн, их эзэн Чингис хааны түүхийг өлгийдсөн газар нутаг гэдэг талаасаа. Харин VI шалгуураар бол хүн төрөлхтний нэгэн үеийн үзэл бодлын илэрхийлэл, урлаг соёлын бүтээлтэй холбогдох ёстой болж байна. Бурхан Халдун нь хөлгөн судар “Монголын нууц товчоо”-той шууд холбогдоно, энэ түүхэн сударт Бурхан Халдун нь 27 удаа нэр нь дурдагдсан байдаг.
Нэгэнтээ Дэлхийн өвд бүртгүүлсний дараа бидний хувьд хүлээх томхон үүрэг хариуцлага гэж бас бий. Манай улс Дэлхийн өвийн хорооноос гаргасан шийдвэрийг хүндэтгэх ёстой. Үндэсний хэмжээнд энэ өвөө хадгалж, хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах, хамгаалалтын менежментийн цогц ажил хийх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Дэлхийн өвийн Конвенцийн дагуу дэлхийн өвд бүртгэгдсэн өвийн хадгалалт, хамгаалалын тайлан илтгэлийг гишүүн орны хувьд манай улс гаргаж өгнө, тэнд дахин хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргана. Иймд Бурхан Халдун хайрханы ойр орчимд бизнесийн үйл ажиллагаа явуулах, уул уурхай хөгжүүлэх ямар ч бололцоо байхгүй, тэгэх гэсэн оролдлогыг төр-засгаас тас цохих хэрэгтэй гэсэн үг юм.
- Дүгнэж хэлэх зүйл Танд байна уу?
Дүгнэлтээ би дээр хэлчихсэн дээ. Чингис хаан бол яалт ч үгүй монгол хүн, өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт эрт үед төрж өссөн, насаа элээсэн, ясаа тавьсан хүн мөн байна, маргах зүйл алга аа гэдгийг л дэлхийн хамтын нийгэмлэгээр баталгаажуулаад авлаа шүү дээ. Үүнд л хамгийн гол ач холбогдол нь оршино.
– news.mn сайтын 2015.07.09-ний архиваас