Монгол Улсыг тойрсон бүс нутгийн хамтын ажиллагааны нэгэн шинэ бүтэц бий болсон нь “Шанхайн тав” буюу Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) билээ. Энэ форум юунаас үүдэлтэй, бий болох анхны түүхэн алхмууд нь юу байсан, бүс нутгийн энэ чухал форум бий болох хөрс нь Зөвлөлтийн армийг Монголоос гаргасан тэр түүхэн үйл явдлаар нөхцөлдсөн тэрхүү үнэний түүхээс өгүүлсү.




ЗСБНХУ оршин тогтнож байх үед Төв Азийн  бүс нутаг  нь хоёр их гүрэн-Зөвлөлт Холбоот Улс, БНХАУ-ын  хилээр зааглагддаг байжээ. Хилийн бүсэд итгэлцлийг (цэрэггүй, айх аюулгүй) бэхжүүлэх асуудал бүр ЗСБНХУ-ын үеээс эхлэн Зөвлөлт-Хятадын хооронд хурцаар тавигдаж ирсэн байна. Энэ нь 1970-1980-аад онд хоёр улсын харилцаанд яригдаж, Хятадын талаас болзол болгож тавьсан “Гурван харш саад” гэгчээр илэрхийлэгдэж байв. Тэр гурав нь 1) Хятадтай залгаа хилийн дагуу Зөвлөлтийн цэргийг 1964 оны өмнө түвшинд хүртэл хорогдуулах; 2) Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах; 3) Кампучиас Вьетнамын цэргийг гаргуулах зэрэг хөндүүр асуудал байснаа 4) Дөрөв дэх харш саад болж Афганистанаас Зөвлөлтийн цэргийг гаргах асуудал нэмэгдэж орсон байв.

Эхний хоёр ба 4 дэх тулгалтыг Зөвлөлт хүлээн аваад дөнгөж шийдвэрлэж байтал ЗСБНХУ гэнэт задарснаар Зөвлөлт-Хятадын хил маргаантай үлдэж, ОХУ-аас гадна Төв Азид биеэ даасан тусгаар гурван улс тэр хилийг өвлөн авчээ. ОХУ болон Төв Азийн гурван улстай хилийн хэлэлцээр байгуулах нь БНХАУ-ын хувьд нэн тулгамдсан асуудал байв. Үүнийг бүх талууд хүлээн зөвшөөрч нааштай хандав. Нэг талаас БНХАУ, нөгөө талаас ОХУ, Казахстан, Тажикистан, Кыргызстан нь өвлөн авсан яриа хэлэлцээг үргэлжлүүлэв. Үр дүнд нь 7000 гаруй км урттай хилийн бүсэд итгэлцлийг бэхжүүлэх тухай олон талт хэлэлцээрийг 1996 онд Шанхай хотод 5 улс хоорондоо байгуулсан  юм.

Итгэлцлийг бэхжүүүлэх тухай тэрхүү хэлэлцээрээс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага хүртэл хөгжих үйл явц шулуун замаар эрчимтэй урагшилж өнөөгийн түвшинд хүрчээд байгаа нь энэ юм. Үүнд  зонхилох нөлөө бүхий  улсууд тухайлбал, ОХУ, БНХАУ-ын ашиг сонирхол нэгэн цэгт сүрхий төвлөрч, тэр нь ч хэлэлцээрт оролцогч бусад талуудын дэмжлэгийг хүлээсэнтэй холбож үзэхийн зэрэгцээ тухайн үеийн ОХУ-ын гадаад бодлогын зорилт, чиг хандлагатай уялдуулан үзэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал НАТО-г дорно зүг тэлэх чиг шугам дээр хатуу зогссон өрнөдийн байр суурь, НАТО-гоос айж балмагдсан Оросын дотоодын улс төрийн хүчний шаардлага тулгалт, Чеченийн дайндаа Орос барьц алдаж байсан, ОХУ нь их гүрэн учраас дэлхийн хэмжээний бодлого явуулах ёстой гэсэн  уламжлалт байр суурь гэх мэт нь жанжлалын эсрэг (хэний? АНУ-ын) тэмцэх уриан дор Хятадтай ойртож “Шанхайн тав” байгуулах үндэс тавигджээ. Орос-Хятадын 1997 оны Хамтарсан тунхаглалд хоёр орон стратегийн түншлэлийг хөгжүүлж, олон туйлт ертөнц байгуулахын төлөө хамтран тэмцэхээ илэрхийлжээ.

Манай улсын хувьд энэ түүх шинэ юм биш ээ. Бид, тухайлбал манай ГХЯ маш гярхай ажиглаж байсан билээ. Оростой 3485 км, Хятадтай 4780 км газраар хил залган оршдог Монгол Улс  аюулгүй байдлаа бататгахад “Шанхайн тав”-ын үйл ажиллагаа нааштай нөлөө үзүүлж болно хэмээн бүр 1990-ээд оны сүүлээр бид дүгнэж байв. Түүнээс бид юу олж харахыг хичээсэн бэ гэвэл: бүс нутгийн аюулгүй байдлыг хөндөж байгаа энэ механизмыг бид дэмжин сайшаана, хөрш хоёр оронтойгоо итгэлцлийг бэхжүүлэх асуудлаар шинэ яриа хэлэлцээ явуулах үүд хаалга нээгдлээ гэж бид үзсэн. “Шанхайн тав” үүссэн цагаас л түүнд нэгдэж орохыг оросын тал бидэнд санал болгосон. “Шанхайн тав” нь дээд хэмжээнд болон сайд нарын хэмжээнд үе үе уулзаж  аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж байдаг тул мэдээлэл олох боломжийг нээж өгөх нь ойлгомжтой. Хар тамхины наймаа, терроризмтэй тэмцэх асуудлаар хамтын хүч чармайлт тавьдаг нь манай улсын хувьд ч ашигтай, “Шанхайн тав”-д тэр үед нэгдэж орсон бол манай талаас хүлээх онцын хариуцлага гарахгүй, Монгол Улс бол Зүүн хойд Азийн орон гэдэг олон улсын статус нэгэнт биеллээ олсон боловч Төв Ази руу хандахад энэ байгууллага шинэ гарц болж болно, хэрэв “Шанхайн тав”-д нэгдэж орвол Монгол Улсын хувьд аюулгүй байдлын асуудлаар дипломат үйл ажиллагаа явуулах нэмэлт бололцоо бий болно хэмээн бид үзэж байв.

Асуудлыг эцэслэн шийдвэрлэхийн өмнө “нэгдэн орох” гэж юуг хэлээд байгааг бид, ГХЯ-ндаа тодруулга хийхээр ажиллаж байв. Таван орон цэргийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх олон талт эрх зүйн актад гарын үсэг зурсан. Үүнийхээ цар хүрээг өргөтгөж бүс нутгийн бусад улсыг түүндээ оролцуулах юм уу, “ажиглагчаар”, “урилгаар” оролцуулах тухай тэдний гаргасан шийдвэр байна уу, тийм шийдвэр байдаг бол түүнийг эш үндэс болгож энэ асуудлыг ярих хэрэгтэй. Тийм шийдвэр гарсны дараа л, энэ тухайгаа бидэнд албан ёсоор мэдэгдэж урьсны дараа л оролцох боломжийг судална хэмээн бид үзэж байв. Энэ бол 2001 оны өмнөх манай байр суурь байлаа.

Тэгтэл 2001 оны зун     “Шанхайн тав”-д ордог 5 улс – Казахстан, БНХАУ, Киргиз, ОХУ, Тажикстан нь Узбекстаныг урьж элсүүлэн 6-уулаа болоод Төрийн тэргүүн нар нь Шанхай хотноо хуралдаад Хамтын ажиллагааны Шанхайн байгууллага байгуулсанаа зарлав. Анхлан манай ГХЯ-ны баримт бичгүүд яг ингэж бичсэн байв. “ХАШБ” гэдгээ бид 2004 онд ажиглагч гишүүн болохдоо ШХАБ хэмээх томъёоллоор хэвшүүлсэн юм.

Ийнхүү 2001 онд ШХАБ албан ёсоор байгуулагдсанаар манай улсыг элсээч хэмээн уриалах, зарим талаар шахах байдал ажиглагдах болов. Монгол Улс уг байгууллагад нэгдэн орох эсэх асуудлыг юуны өмнө Монголын үндэсний эрх ашгийн үүднээс авч үзэх нь зүйтэй гэдэг дээр ГХЯ зогсож байсныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ үүднээс авч үзвэл тэр үед Монгол Улс уг байгууллагад элсэн орох шаардлага байхгүй гэдгээ ч дээш нь төр засагтаа илэрхийлж байлаа.

Бид тэр үед ийм дүгнэлтийг хэд хэдэн үндэслэлд тулгуурлан хийсэн билээ. Юу хэмээвээс “Шанхайн тав” бол анхнаасаа эдгээр орнуудын хоорондын хилийн маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгоор үүссэн бөгөөд харин Монгол Улс хөрш хоёр оронтой хил хязгаарын ямар нэг маргаангүй, энэ асуудал бүрэн хэмжээгээрээ шийдвэрлэгдсэн. Иймд “Шанхайн тав”-ын үндсэн зорилго Монгол Улсад  хамаарахгүй гэж үзэв. 2001 оны Тунхаглалд зааснаас үзвэл Шанхайн байгууллагын үндсэн зорилгуудын нэг болох – терроризм, салан тусгаарлах ба хэт даврах үзэл, зэвсэг, хар тамхины хууль бус наймаа, дүрвэгсдийн миграц зэрэг асуудалтай Монгол Улс тэр үед тулгараад байгаагүй, иймд эдгээр асуудлаар гишүүн улсуудтай харилцах бодит үндэс байхгүй гэж бид дээш нь уламжилж байв.

2001 оны Тунхаглалын 9 дүгээр зүйлд заасан худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбогдсон заалтуудыг үндсэндээ хоёр талын шугамаар хэрэгжүүлж болох бөгөөд харин манай эрх ашигт нийцэхүйц нефть, хийн хоолойн төслүүдийг нэгэнтээ Монголыг тойруулан  хэрэгжүүлэхээр шийдсэн байсан учир Монгол Улс эдийн засгийн ашиг тооцож уг байгууллагад нэгдэх нь тэр үедээ бол манайд ашиггүй тусахаар байсныг тэмдэглэж байв.

Тунхаглалын 4 дүгээр зүйлд гишүүн орнууд бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааны асуудлар нягт зөвлөлдөн хамтран ажиллах, олон улсын стратегийн тэнцвэр, тогтвортой байдлын тухай заасан нь гишүүн орнууд, ялангуяа ОХУ, БНХАУ-ын зүгээс бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар бусад жижиг гишүүддээ байр сууриа тулгаж хүлээлгэж магад гэсэн болгоомжлолыг тухайн үед төрүүлэхээр байв.

Тунхаглалын 5 дугаар зүйлд заасанчлан энэ байгууллагын гишүүн орнууд дээд хэмжээний уулзалтын сацуу яамд, шинжээчдийн түвшинд элдэв уулзалт зөвлөлдөөн зохион байгуулах бөгөөд иймэрхүү олон шатлалт, хүн суртлын механизмд оролцох бодит бололцоо, шаардлага тэр үед бидэнд нэмэлт ачаа дарамт болохоор байв. Шилжилтийн хүнд үеийн ачаа дарамтнаасаа салаагүй байсан манай улсын хувьд 2001 оны үед бол уг байгууллагын олон уулзалт зөвлөлгөөнд оролцох, үндэсний зохицуулагч, түүний аппаратыг томилж ажиллуулах тийм зардал, төсөв хомс байгааг бид учирлаж байв.

Төв Азийн орнуудтай Монгол Улс шууд хиллэдэггүй, хоёр талын идэвхтэй харилцаа гэхээр юм байхгүйг ч мөн давхар тооцоолох нь зүйтэй гэж бид үзэв.

2001 оны Тунхаглалд заасанчлан, Шанхайн байгууллагын зорилго, зарчим, хэлэлцэх асуудал зэргийг тусгасан Шанхайн Харти гэдгийг хэтдээ байгуулах бөгөөд чухам ямар баримт  бичиг гарах нь тодорхойгүй, ерөнхийдөө энэ байгууллага дүр төрхөө олоогүй, эхлэлийн  шатандаа яваа гэдгийг бид тэр үед бодолцсон юм.

Хамгийн гол нь уг байгууллагын  гол хоёр гишүүн – ОХУ, БНХАУ-ын албаны хүмүүс тэр үед өөр хоорондоо зөрчилтэй элдэв мэдэгдэл хийсээр байсан нь бидний толгойг үлэмж эргүүлж байсныг санаж байна.  

XXI зуун дөнгөж гараад ийм үзэгдэл өрнөж байжээ. Тэр үед Монгол Улсын гол хандивлагч орнууд тухайлбал, АНУ, Европын Холбоо, Япон нь “Шанхайн тав”-ын талаар эргэлзсэн, тандсан байр суурьтай байсныг бид харгалзахаас аргагүй байв. Ийм нөхцөлд энэ байгууллагыг Монгол Улс хэт сонирхсон байр сууриа илээр илэрхийлэхээс зайлсхийхийг манай дипломатчид төрдөө санал болгосоор 2004 он хүргэсэн билээ.

Тус байгууллагын төлөвшилт, олон талт үйл ажиллагааных нь хандлага тодрохын хэрээр манай талын байр суурь хувьсаж ирсэн бөгөөд анх 2004 онд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун Бээжинд ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад зочноор, мөн ондоо Ташкентын дээд хэмжээний уулзалтад тэрээр Ерөнхийлөгч Н.Багабандийн бие төлөөлөгчөөр оролцсон ба Ташкентын тэр уулзалтаас Монгол Улсад ажиглагчийн статус олгосон шийдвэр гаргажээ. 2005 оны зун Ерөнхийлөгч Н.Энхбаяр Астана хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, мөн оны сүүлээр Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Москва хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд ажиглагчаар оролцсоноор Монгол-ШХАБ-ын түүх маань эхэлсэн юм аа.

“Засгийн газрын мэдээ”, 2015.06.29  № 122 (146)