МАН-ын үе үеийн дарга нар болон, генсекүүд  нэгдэж экс Ерөнхийлөгч Намбарын Энх­баярт хандан нэгэн шаардлага хүргүүлжээ.  Мэ­дээж  Намын төв хорооны дар­га асан Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Монгол Улсын Ерөн­хийлөгч асан Н.Багабанди нарын эдүгээ ч нэр нөлөө нь буураагүй байгаа ланж­гаруудаар тэргүүлүүлсэн есөн хүн  гэнэт гарын үсэг зуран дуу хоолойгоо нэгтгэсэн эл явдал араасаа шуугиан дагуулах нь зүйн хэрэг.

Нэг талаас МАН-ын зүгээс МАХН-ын түр штаб гэгчийн эсрэг авч буй хориг арга хэмжээнүүд хэтэрхий ил тод болж, түүнийх нь хэрээр цаадуул нь ч сүрхий зохион байгуулалтад орон идэвхжиж ирсэн тул арга буюу хүчтэй цохилт өгөхөөр шийдсэн нь илт харагдаж байна. МАХН хэмээх томъёоллыг  ямар ч аргаар хамаагүй авч үлдэх гэсэн нэг хэсэг, мөн ямар ч аргаар болов хааж хаалт болон зогсох гэсэн нөгөө хэсэг сүүлийн хэдэн сарын турш үзэлцэж байгаа.

Уг нь бол энэ маргаан шальтай юм биш. Хувьс­­галт нам нэрээр алдаршихдаа алдар­шиж, адлагдахдаа адлагдаж түүхийн бүхий л бартааг туулсан энэхүү ууган улс төрийн хү­чин сүүлийн 20 гаруй жилийн турш нэрээ со­лих тухай ярьж ирсэн. XX зуунаас эхэлж яриад тохироо нь бүрдэж өгөхгүй явсаар сая нэг солиллоо. Нам бус миний мэтийн нөх­дүү­­дэд бол эдний нэр хэн байх тийм ч сонин биш. Гэхдээ л сольсон нь талархууштай алхам гэж үздэг юм.  Учир нь улс төрийн амьд­ралыг цөөнгүй жил сурвалжлан нийтэлж явах­даа МАХН-ын дарга нар дотроос Г.Очирбат гуай, Н.Багабанди гуай нараас бусадтай нь намын нэр солих эсэх тухай сэдвээр үзэл бо­дол солилцож явжээ. Энэ талаар ярьж бай­сан эрхмүүдийн дотор талийгаач Л.Энэ­биш дарга ч бий, одоо энэ асуудал дээр эрс өөр байр суурь баримтлах болсон Н.Энхбаяр дар­га ч орно.  Бүгд л “ Нам маань одоо нэрээ со­лих цаг болсон. Гэхдээ энэ ажлыг шууд дай­раад хийх боломжгүй юм. Учир нь манай ах­мадууд жаахан дурамжхан байна. Гэхдээ тун удахгүй бид ойлголцоно” гэдэгсэн.

Цаг хугацаа яралзан урссаар нэг мэдэхэд XXI зуун гараад бүхэл бүтэн арван он өнгөр­чих­жээ. Ярьж, хэлцэж явсаар нэг мэдэхэд 20 жил өн­гөрчихсөн гэсэн үг. Гэтэл бараг ний­тийн хүсэл шахуу болчихсон байсан ийм зүйл дээр  дотооддоо байр суурь нь нэгдээгүй бай­сан гэхэд итгэх боломжгүй ийм хэрүүл дэгд­дэг байжээ. Яггүй цул гэгддэг энэ айлаас сон­сог­дох бол­сон сална хагацна гэсэн хашги­раан­тай, аяга тавганы хангир жингэр чи­мээ­тэй улаан хэрүүл үргэлжилсээр уриалга шаард­лагадаа тулсан нь энэ.

МАХН-ыг аварч үлдэх хөдөлгөөн өр­нүүл­сэн түр штабынхны ард хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байна гэсэн хардлага бараг эхний өдрөөс улс төр орчимд дэгдсэн. Учир нь түүний хувийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүдээр нэлээн түлхүүхэн уг асуудлыг “дэмжсэн” болохоор ингэж үзэхээс ч аргагүй байсан байх. Хэрэг явдал ийнхүү үргэл­жилсээр  ужигарсан нь энэ. Бодитой тодорхой бол­сон нэг зүйл бол энэ нам хоёр хуваагдаж байгаа юм байна. Бас л мань мэтэд хамаагүй асуудал. Дээлээ л уралцана биз, дэлхийг урчих биш. Тийм болохоор яана аа, нам маань сүйд боллоо гэж манай иргэд нулимс уна­гахгүй шүү дээ. Энийгээ нэг их Монголын ард түмнийг үймрүүлчих хэмжээний юм болоод байна гэж аль аль талдаа хийрхэж байгаа нь надад хувьдаа хошин л харагддаг.

Дараагийн нэг тодорхой болсон зүйл Н.Энх­баярыгаа хөөх улс төрийн шийдэлд МАН бараг л хүрчихжээ. Цаадахь нь ч “Салъя гэж салсангүй, салаа замын эрхээр салах нь байна шүү” гэсэн зангирсан үгийг захидлаар чулуудлаа.
 
Н.Энхбаярт хандсан есөн даргын гарын үсэг­тэй мэдэгдлийн гол агуулга хувийнх нь эзэмшлийн мэдээллийн хэрэгслүүдийн явуулж буй бодлогыг буруушаасан, МАХН-ын нэрийг авч үлдэхээр үгссэн хэсэг нөхдийг араас нь турхирч байна гэж үзсэн, түүнийгээ зог­соохыг шаардсан явдал. Мэдээж мэдэгдэл уч­раас сүржигнэсэн, хэтрүүлсэн өнгө аяс ч цу­хал­заж байна. Өнгөрсөн зуунд бол МАХН-ын дотоод үймээн улс орны хэмжээний асуудал байсан байж болно. Одоо бол тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр улс орны үн­дэс­ний аюулгүй байдалд аюул занал учруу­лах…энэ тэр гэсэн нь хэтийдсэн сүржигнэл.

Н.Энхбаяр руу илгээсэн шаардлагын дотор өөр нэг инээдтэй юм байна. Дарга нар түү­ний хувийн өмчөө захиран зарцуулах эр­хэнд айхтар гүнзгий халджээ. Н.Энхбаяр өө­рийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэ­нийг нулимж, хэнийг үнсэх нь цэвэр өө­рийнх нь эрхийн асуудал. Нэгэнт хүн өөрөө нэ­рэл­хэж эрээлхэлгүй явуулах юмаа явуулж, хийх юмаа хийж  байхад хөндлөнгөөс ингэтэл шаар­даж, уриалах нь зохисгүй явдал. Хувийн өм­чийн мэдээллийн хэрэгслийг цагдаж занд­рах эрх хэнд ч байхгүйг түрүүчээсээ зарим хэв­лэл анхааруулж байна. Тэр ч бүү хэл эрх мэ­дэлтэй, эр бяраа гайхуулж яваа дарга нар бүлэглэн Н.Энхбаяр руу дайрсан явдал нь чухамхүү бөөсөнд хутга гэгч болж байна хэ­мээн дүгнэжээ. Ингээд босс явсан Энх­баяр бөөс болсон байдаг байжээ. Манай мон­­голчууд хэн бөөрлүүлж байна тэр­нийг өрөвддөг зантай. Яг энэ сэдвээр МАХН-ын дарга байхад нь  Н.Энх­баяр­тай ярил­цаж байсан маань санагдаж байна.

“Намайг ид улайран гүтгэж байх үед нэг хүн манай туслах руу дахин да­хин утасдаад заавал яримаар бай­на, тун удахгүй ганцхан минут л яри­на гэсээр байгаад надтай ярьсан юм. Утсаа автал нэг өвөө байсан. Тэгээд надад “За хүү минь цаад муу нох­дууд чинь чамайг мөн ч боорлож ха­нах­гүй юм даа. Чи залуу хүн, төрийн том хүн. Иймэрхүү нохдын үгийг бит­гий тоож бай. Жингэр нохой хуцаж л бай­даг, жингийн цуваа хөвөрч л бай­даг гэсэн үг байдаг юм. Үүнийг бодоод л ураг­шаа зүтгээд бай. Өвгөн ах нь үүнийг л хэлэх гэ­сэн юм” гээд утсаа тасалчихсан. Би тэгээд гүт­гэлэг гүжирдлэг гаараад ирэхээр энэ хөгш­ний үгийг санаад тайвширдаг. Манай ард тү­мэн гүтгэж гүжирдүүлсэн, бөөрөлхүүлсэн нэг­нээ айхтар хамгаалдаг шүү дээ…гэж тэр­тээх нэгэн өдөр сэтгүүлч миний ярилцлагад орох­доо хэлж байж билээ. Одоо ч гэсэн өвөө­гийн үгийг бодоод тайван байгаа байх даа гэж бодож байтал тийм биш бололтой. Хоёр хо­ногийн дараа л минчийтлээ уурласан ха­риуг мэдээллийн хэрэгслүүдээр барьжээ.

Ард түмэндээ “өрөө” төлөх үү, үгүй юү гэсэн тэрхүү хачин гарчигтай хариузахид­лыг нь багагүй нухацтай уншиж танилц­лаа. “Өр” гэсэн асуудал энд ямар хамаа­тай юм бол. Тэр гэнэт яагаад өрний ту­хай, тэр дундаа бүрмөсөн цэглэж гавьяа бай­гуулсан гэдэг өөрийнх нь үндсэн сэдэв, Н.Энхбаяр гэдэг нэрийн нөгөө тал шиг болтол нүдэж, түмэнд цээжлүүлсэн Оро­сын их өр биш, учир битүүлэг өөр өрний ту­хай яриа гарч ирэв. Хэн хэнээс авсан өгсөн өр юм бол. Энийг тодорхой хэлбэл сайнсан. Эс бөгөөс одоогийн төр засгийн толгойд бай­гаа нөхдүүд болон экс Ерөнхийлөгч Н.Энх­баяр нарын дунд өрийн асуудал байгаа юм бо­лов уу. Хэрэв тийм бол нэгэнт иймдээ тул­сан улсууд юм чинь ард түмэндээ хэлчих ёс­той юм биш үү. Үүнийг яагаад ингэтэл онц­лоод байгааг ажиглагчид  мэдэрч байгаа байх. Учир нь манай экс Ерөнхийлөгч нэг удаа өр­гөөнд нь хүн дайрч орж ирээд 500 сая төг­рө­гийн авилга өгөх гээд зүтгэсэн тухай, аргаа бараад хөөж гаргасан тухайгаа ярьж түмний нүдийг орой дээр нь гаргаж байсан удаатай.  Ёстой аймшигтай том сенсаац байсан. Аль аль нь бөх зүрхтэй улсууд. Тухайн үеийн Мон­гол орны албан ёсны шахуу эзэн хаан бай­сан Энхбаяр дээр тууж ороод авилга өгөх гэж зүтгэж байдаг. Мань хүн ч тэрийг нь дэл­гэж байдаг. Гэхдээ нэрийг нь хэлэхгүй тас гүрийж олон хүнийг дээлтэй нь хатаасан даа. Миний мэдэх цөөнгүй хүн 500 саяыг өгөх гэ­сэн эзнээр “тодрон” ил далд сэрдэгдэж үхт­лээ шаналж байж билээ.  Ахиад тийм юм бо­лох вий гэж үнэхээр зовниж байна.

Тэрбээр бас Монгол орон хэт баян хэт ядуугийн ялгаанд автлаа гэж бичжээ. Ажил­гүй­дэл, ядуурал газар авлаа, авилга их байна гэж мөн гайхширчээ. Арван хэдэн жил төрийн дээд сэнтийд заларч байсан түүнийг буугаад ганц­хан жил болонгуут улс маань элгээрээ хэвт­чихлээ гэж үү. Энэ арай л сэтгэл хөд­лөлтэй дүгнэлт болчихжээ.
С.Баярыг Москвагаас ирсний дараа намын­хан нь “Ланд”, “Ланд”-аар хүрч ирээд гом­дол ярьж л дээ. Тэгэхэд мань хүн ур­даас нь “Хүүш та­минь ээ, тэ­гээд энэ на­мыг чинь хэн ийм  бол­го­чих­сон юм бэ” гэж хаш­гир­сан гэдэг. Яа­гаад ч юм энэ явдал санаанд орж ирж байна. Одоогийн дарга нар нь эргээд “Хүүе найз аа, тэгээд хэн энэ бүх байдлыг цэцэглүүлэн хөгжүүлсэн юм бэ дээ” гэж хор­жоонтойгоор асуувал яана аа.

Бас нэг зовлонтой сэдвийг тэр ахиад л хөнджээ. Тэр нь “Энэ хүмүүсийг би бүгдийг нь гаргаж ирсэн” гэх гоморхол. Монголын төрд ирэх нь ирж л байдаг. Бас явах нь явж л байдаг. Ямар хувийн компани биш. Юунд бүгдийг өөртөө хамаатуулж, өр ширийн шинжтэй өрөвдөлтэй үгсийг унагадаг юм бол. Хэний ч өр лүү өшиглөж яваагүй хүнд бол иймэрхүү хонзонгийн шинжтэй гом­дол баймааргүй юм. Эсвэл мань хүнд хийж явсан үйлийн үр бас байгаа юм болов уу. Эргэлзэх юм энүүгээр дуусахгүй их байна.

Н.Энхбаяр дарга эхнээсээ л намын нэрийг солих ёстой гэсэн байр суурин дээр зогсдог, шинэлэг хүмүүсийн нэг байсан. Тэрний амнаас урагшаа явъя, урагшаа харъя гэдэг үг нэг биш унадагсан. Дандаа урагшаа харж явсан Энхбаяр одоо харин яагаад арагшаа хараад унав. Энэ хачин биш байна гэж үү. МАХН-ыг хувьс­галт, коммунист нам хэмээн чичлүү­лэхээс тэр дотроо тун эвгүйцдэг байсан гэж би хувь­даа боддог. Тэгээд яагаад… Анг­лийн мон­гол судлаач Алэн Сан­дэрс гэж Энх­баяр­тай гэмгүй танилцсан нэг өвгөн байдаг гэдэг. Тэр хүн Британика тольтой хамтарч ажил­ладаг. Тэд­ний сайхан нөхөр­лөлийн ул мөр болж Бри­­тани­кагийн  2002 оны хавсралтад “Н.Энх­баяр нь үхширсэн коммунистуудыг шахан зай­луулж намаа цэвэрлэн, улмаар социал де­мок­рат нам болгосон” гэх тодор­хойлолт би­чигдсэн байдаг гэсэн.  Энэ тухай нь Баабар нэгэн ярилц­лагадаа нүүр түлэгд­тэл хэлсэн байсан нь санаанаас гардаггүй. Со­нин юм. 

Ийм их зөрчил нэг хүний дотор яаж багтаж явдаг юм бол. Үнэхээр гайх­шир­маар байгаа биз… Дайрч давших гэсэн­гүй. Бусадтай нийлж буланд шахаж увай­гүйтэх ч гэсэнгүй. Зүгээр л гайхширлаа хуваал­цах гэсэн юм…