Залуусынхаа ард нуугдсан хуучцуул нь шинэчлэл хийж чадахгүй
Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд олон зүйлийг илчилж өглөө. Цаанаа зодолдож хэрэлдсэн ч хэдийнээсээ олон түмний нүдэн дээр хамтдаа маасайгаад сууж чаддаг хамт олонсог нам байлаа. Хэд хэдэн удаагийн сонгуульд дараалан ялагдсан нь харин тэдний үнэн нүүр царайг илчилж орхив.
Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд олон зүйлийг илчилж өглөө. Цаанаа зодолдож хэрэлдсэн ч хэдийнээсээ олон түмний нүдэн дээр хамтдаа маасайгаад сууж чаддаг хамт олонсог нам байлаа. Хэд хэдэн удаагийн сонгуульд дараалан ялагдсан нь харин тэдний үнэн нүүр царайг илчилж орхив. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг л байлаа, сая болж өнгөрсөн сонгуулиар. Фракцууд нь тохирсон мэт хөдөлсөнгүй. Нөгөө намын лидерүүдийнх нь бараа ч харагдсангүй. Эрх барьж байх үедээ албан тушаал хуваалцаж болдог байсан бол одоо намын удирдлагаас өөр булаацалдаад байх юм тэдэнд үлдээгүй. Өнгөрсөн сонгуулиар АН-ынхан нэр дэвшигчийнхээ төлөө олуулаа хөдөлсөн бол МАН-д нэр дэвшигчээ уначихаасай гэж бодож байсан нь цөөнгүй байж. Сонгууль, сонгуулиас хойшхи үйл явц үүнийг бэлээхэн олон нийтэд харуулаад өглөө. МАН-аас нэр дэвшигч хувь хүнийхээ нэр хүндээр санал авсан гэхэд чамлахааргүй байсан. Хэрэв нам нь үнэхээр сайн ажилласан бол үр дүн яагаа ч билээ. Аваргыг унагахаас гадна Ө.Энхтүвшинг намын даргаас нь ховхолж унагах сонирхол байж. Тэртэй тэргүй сонгуульд ялагдал хүлээвэл намын удирдлагатай хариуцлага тооцох нь тодорхой байсан. Ингээд л сонгууль ч дууслаа. Хүссэнээр нь нэр дэвшигч нь уналаа. Булаацалдаад байх албан тушаалгүй хоцорсон МАН-ын фракцууд хариуцлага тооцох нэрээр хэн нь дараагийн намын дарга болох, хэн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдох, хэн нь намын нарийн бичгийн даргын суудлыг авах вэ гэж хэмлэлдэж эхэллээ.
Б.Бат-Эрдэнээ ч унагачихлаа, одоо Ө.Энхтүвшинийг энэ далимаар нь тонгорчихвол өөрсдөө оронд суух дотоод өрсөлдөөн энэ намд хүчээ авлаа. Үүндээ намынхаа амбицтай залуусыг турхирчихлаа. Нам дагаж л амжилтанд хүрэх мөрөөдөлтэй байсан олон залууст дараалсан ялагдал нь үнэндээ хүнд цохилт байлаа. Тиймээс ч “Дараагийн үе та нар минь л намдаа шинэчлэл хийх хэрэгтэй” гэсэн ах нарынх нь дөгөөсөн зөвөлгөө загатнасан газар нь маажаад өгөх нь тэр. Ингээд сэлэм эргүүлэх нь холгүй хэвлэлийн хурал зарлаж, элдэв бичиг үйлдэн гарын үсгээ зурцгаав. Мэдээж халаасандаа мөнгөтэй, цээжиндээ амбицтай хэдэн залуу гарч ирээд чанга дуугарахаар нам шинэчлэгдчихдэг юм биш. Тэд Удирдах зөвлөлийг огцруулж, намын удирдлагатай хариуцлага тооцох, шинэчлэлийн эсэргүүцэгчдийг намаас хөөж, цоо шинэ залуу үеийнхэн гарч ирвэл нам аврагдана хэмээн зарлав. Ахмад үеийнхнийг залуу үеэр нь солиод л Ө.Энхтүвшингийн оронд Н.Номтойбаяр ч юмуу, О.Содбилэг, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын хэн нэгнийг гаргаж тавихаар цоо шинэ МАН бий болох мэт ярьж байгаа нь хэтэрхий гэнэн ойлголт юм. Хөгшнийг залуугаар солилоо гээд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүйтэй адил. Шинэчлэл яриад байгаа эдгээр залуус энэ намын буянаар өдий зэрэгтэй яваа, тэр байтугай намын удирдлагын бүрэлдэхүүнд олон жил явсан нөхөд харагдана лээ. Тэдний дэвшүүлээд байгаа зүйлд нам шинэчлэчихээр зүйл нэг ч алга. Тэртэй тэргүй сонгуульд ялагдсан намын удирдлага хариуцлага хүлээх нь тодорхой шүү дээ. Бага хурлаа хийх нь тодорхой. Үүнийг л улстөржүүлсэн, цаг хугацааг нь наашлуулах гэсэн л арга шиг санагдлаа. Намын шинэчлэлийг энэ хэдэн залуус ч анх яриад гаргаад ирсэн юм биш. Өмнө нь хичнээн ч удаа энэ нам шинэчлэгдэх гэж оролдлоо. Бүтэлтэй болж байсан түүх үгүй. Харин ч шинэчлэл ярьсан нөхдийн тэргүүлэгч нь ямар нэг албан тушаалд очоод л дагуулж явсан нөхөд, намын шинэчлэл хоёроо таг мартддаг байсан. Одоогийн энэ шинэчлэл яриад байгаа залуус ч шинэчлэл нэртэй албан тушаал ашиг хонжоо хайгчдын хувь заяаг давтах гээд байна. МАН дүрэм, үзэл баримтлал, үйл ажиллагааны, сэтгэлгээний, боловсон хүчний бодлогын гээд олон шинэчлэл хийх тухай ярьж болох байсан. Байдлыг ажиглах нь ээ яаж ч өөрчлөх гээд шинэчлэгдэхгүй нь тодорхой байна. Угтаа одоо унагах гээд байгаа Ө.Энхтүвшин нь ч шинэчлэл ярьж гарч ирсэн шүү дээ. МАН-ын залуусын өнөөдрийн дүр зураг хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо дугаарлаж байгаа мэт л харагдаж байна. Сандал, ширээний хойноос хөөцөлдсөн л арга бололтой. Ард нь намын гол фракцуудын толгойлогч нар сууж дохто зангаагаараа хөдөлгөж, чиглүүлж байгаа гэдгийг ч намын зарим нөхөд нь ил цагаан хэлээд эхэллээ. Өөр нэг хээг нь залуучуудаа дэмжиж байна гэсэн битүү утгатай үг хэлж байгаа нь ч бий. Үнэн чанартаа залууст зааварлагч, дэмжигч нь намын нөгөө л хуучирсан арга барилтай, өнөөдрийн энэ байдалд хүргэхэд үүрэг ихтэй оролцсон нөхдүүд. Өөрсдөө тэд дуугарч болохгүй байна л даа. Намын гишүүд нь тэр, нийгэм ч тэднийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр намын залуусаа баг болгож ашиглаад өөрсдөө ард нь инээж суугаа. Харамсалтай нь эдгээр залуус нас нь залуу ч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ хоцрогдчихсон байна. Шүүмжлэл хүлээж авах тэнхээгүй, намынхаа төлөө буруу, зөвгүй цээжээ дэлддэг, ийм л залуус энэ намын дараа үеийнхэн болж хүмүүжсэн. Тэднийг сонгуулийн маргааш гэнэт ухаарч, шинэ хүн болчихсон гэдэгт итгэмгүй.
Улс төрөөс хол байгаа гэх У.Хүрэлсүхийг залуучуудын энэ ажиллагаанд оролцоогүй гээд сандран мэдээлэл цацах болсон нь бас нэгийг хэлээд байна. Улс төрд нэг орсон хүн гарч чаддаггүй гэж МАН-ынхан өөрсдөө ярьдаг биз дээ. У.Хүрэлсүх шиг гүнзгий орсон хүн улс төрөөс бүр гарна гэдэгт хэн итгэх юм. Дээрх залуусын ард У.Хүрэлсүхээс гадна Ерөнхийлөгч асан Н.Багабандийн нэр ч дуулдана лээ. Хотын фракцын удирдлагууд ч байгаа гэнэ. Энэ мэдээлэл МАН-ынхнаас өөрсдөөс нь гарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ардын намд чадалтай залуучууд бийг үгүйсгэхгүй. С.Бямбацогт, Ж.Сүхбаатар Д.Цогтбаатар, О.Одбаяр нар яагаад дуугарахгүй байна. Тэд намын шинэчлэл хэрэгтэйг үгүйсгэхгүй мөртлөө шинэчлэл ярьж буй залуустайгаа яагаад хамтрахгүй байна. Хүссэн ч яаж шинэчлэх учраа олохгүй, арга барил нь буруу байгааг л мэдэж байгаа. Энэ янзаараа арай дөнгүүр гэх дээрх залуус ч сэтгэлгээний хоцрогдолд орж, мөн адил уусах вий.
Шинэ залуу үе гарч ирэх нь буруу биш. Улс төрийн намд үе солигдох явц явагдаж л байдаг. Ялангуяа МАН-ын хувьд үалуу үеэ гаргаж ирдгийг үгүйсгэх аргагүй. Гагцхүү тэр залуус нь хэний гар хөл болж байна гэдэг нь л сонин байгаа юм. Нэгэнт шинэчлэл нэртэй хуучин аргаа хэрэглэх гэж байгаа бол энэ хол явахгүй. Ээлжит нэгэн улс төрийн жүжиг л болж хувирна. Оролцон тоглогчдын заримынх нь дүр өөрчлөгдсөнийг эс тооцвол дэглэлт, үйл явдал, өрнөл нь бараг л адил. Төгсгөл нь ч тодорхой харагдаж байна. Эцэст нь энэ нам байдгаараа л байна. МАН-ын залуус авлигачдаа шахан зайлуулна гэж байна лээ. Өөрсдийг нь гар хөл болгоод байгаа нөхөд ч тэдний л өрөөсөн шүү дээ. Залуусын шинэчлэлийн тухай яриа гарахтай зэрэг намын дарга хэн болох вэ гэдэг уралдаан зарласан мэт, хэвлэлүүдээр элдэв нэрс цуварсан.
МАН-ын өнөөдрийн доройтол намын нэрээ худалдаж амьдарч ирсэнтэй нь холбоотой. Ингэж амьдрагсадын эхний ээлжийнхэн, гол авторууд нь шоронд явсан бол, дараагийн ээлжийнх нь илчлэгдэж эхлээд байна. Муугаар бодоход одоогийн МАН эдгэршгүй өвчин тусчихаад байна. Олон жил барилдсан тамирчин цагаа болохоор үнэнтэй эвлэрч зодог тайлдаг шиг МАН-ын зодог тайлах цаг болж. Яаж ч барилдаад энэ нам явцгүй болсон нь шинэ үеийнхнийх нь гаргаж тавиад байгаа зүйлээс харагдлаа. Үеийн үед МАН-д шинэчлэл нэртэй ийм жүжиг тавигдаж л байсан. Тэглээ гээд улам дордсоноос сайжирсан нь үгүй. Гайхах юм энд огт алга. Залуусын ард нуугдсан хуучцуул нь шинэчлэл хийж чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байна.
Зочин
urbaanik
ИРГЭН
судлаач ганхуяг
Зочин
Зочин
Зочин
Person
Зочин
Зочин
Зочин
Зочин
би
zochin
zochin
zochin
5656
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Монгол
ДОВДОН
Иргэн
д тэмүүжин
д тэмүүжин
mmmmmmmmm
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
уншигч