Хоёр дахь хэвлэлийн өмнөтгөл

Соёлын довтолгооны түүх бол манай өнгөрсөн үеийн хамгийн сэтгэл татам хэсэг билээ.  Нэгэн үе дэлхий дахиныг засан тохинуулж, алдар цуугаа түүхэнд үлдээсэн тал нутгийн баатрууд өөрийнхөө оюун сэтгэлгээг шинээр засан тохинуулах оролдлого энэ байв.  Дэлхийг байлдан дагуулах амархан ч өөрийгөө өөрчлөн шинэтгэх, нураан түрэмгийлэгч, орхин одогчоос бүтээн босгогч, оршин суугч болгох нь амаргүй бөгөөд түвэгтэй байсныг энэ ном харуулна.   

...Шөнө дөлөөр бүлэг этгээд хаалга үүдийг түрэмгий нүднэ. Цагдаа,  төрийн  төлөөлөгчид байх боловч чамайг баривчлахын оронд хэрхэн унтаж байгааг шалгана. Тэд улаан шугамтай бичиг үзүүлэх боловч тэр нь прокурорын баривчлах ордер, нэгжлэг хийх шүүгчийн захирамж биш, харин чиний хэрхэн аж төрж байгааг шалгах, зааварлах эрх байна. Тэд харанхуй шөнөөр хэн нэгнийг орноос босгоод дагуулан гарахдаа шоронд хорихын оронд эмнэлэгт аваачин тарилга хийлгэнэ. Түүнийг байцаан “хамсаатнуудаа илчлэх”-ийг шаардана.  Гэхдээ их аллагын үеийнх шиг  хувьсгалын эсэргүү бүлэгт нэгдсэн хамсаатнаа бус дотно харилцаанд орсон, нэг оронд унтсан хамсаатныг нь л хэлүүлнэ. Албадуулан дагаж гарсан тэр этгээд ялын хугацаагаа дуусгаад бус, арьс өнгөний өвчнөө эдгэрэхээр сая суллагдан харих болно...

Хувьсгалт засаглал  хүн ардаа иргэншүүлэн соёлжуулах ажлыг хүч хэрэглэн, төрийн албадлагын дор хэрэгжүүлсэн юм.  Гэхдээ  л хувьсгалт соёлын хүчирхийлэлд иргэд сэтгэл хангалуун үлдэж, өнөө ч түүнийг инээд хөөртэйгээр дурсдаг. Ийм сонин, этгээд түүхийг инээж хөхрөн  судалж, наргиантайгаар таниулж яагаад болохгүй билээ.

2007 онд  анх гарсан эл бүтээлийг дахин хэвлэхдээ хэд хэдэн дэд бүлэг нэмж, шинэ баримтаар баяжуулан, өнгөрсөн үеэ дахин нэг хөгжөөнтэйгээр эргэн харж, инээмсэглэл дүүрэн дурсах саналтайгаар толилуулж байна.

Зохиогч. (2015.04.24)


Ганц шүдэнд зориулсан сойз буюу оршлын оронд

Аргалд явахаар гарсан эмээ маань миний мэдэх хамгийн аймшигт зүйлс болох хадны мангаа, чоно хоёрын аль нэгэнд хөөгдвөл л ингэх болов уу гэмээр амьсгаа нь дээр гарчихсан сандран орж ирлээ.

- За болохоо байлаа. Таван морьтой хүн манайхыг чиглээд ирлээ. Нөгөөдүүл чинь яг мөн.

Ээж энэ үгийг сонсоод царай нь барсхийн бослоо. Миний сониуч зан хөдлөн гарч харахаар ухасхийсэн боловч айдас төрөн зогслоо. Кинон дээр гардаг гамин, бароны цэрэг ч юм билүү гэсэн юм санаанд орлоо. Мэдээж мангас ч, чоно ч тавуулаа морь унаад айл хэсэхгүй гэдэгт би итгэлтэй байсан юм. Айсандаа ээжээсээ зууртал:

- Алив холдоод өгөөч. Ядаж байхад... хэмээн түлхлээ. Ээждээ гомдоод эмээ рүүгээ хартал “намайг гамин, бароны гарт үрэгдвэл ч үрэгдэг” гэсэн шиг тоох янз алга. Ингээд миний сэтгэлд гоморхол, сониуч зан хоёр байраа булаалдан хүлээлээ.

Эмээ маань хоймрын авдар дээр байсан бурхнаа шүүрч аван түлээний дөрвөлж рүүгээ хийгээд дээрээс нь аргал асгаж байх юм. Харин ээж ойрмогхоноос манай хананаас зүүлттэй байх болсон “Ариун цэврийн булан” хэмээх олон хармайтай даавуун уутнаас шүдний нунтаг оо-гоо гарган талыг нь асгав. Надаас юугаа ч хайрладаггүй эмээ маань бурхандаа л хавьтуулдаггүй байв. Би дөрвөлжин жаазных нь ард лав нэг сонин юм байгаа гэж итгэчихээд нээж үзэхийн мөн болчихсон байлаа. Авдарнаас буудаггүй, нүүхэд хүртэл толгойн тэмээнд ачдаг бурхан үүдэнд очих, зүгээр л үзэх гэхээр асгачихна гээд хавьтуулдаггүй шүдний оо зэргээ зориуд асгах зэргийг бодоход довтолгон айсуй морьтонгууд гамин, баронтой ч эгнэшгүй амьтас бололтой. Үнэхээр тэд бол монголчуудын амьдралын хэвшлийг орвонгоор эргүүлсэн их үйл явдлын төлөөлөгчид, сумын Соёлын довтолгооны комиссынхон байсан юм.

Эмээ нохой хорьж өгөхөөр гарахдаа үүдэнд асгасан ооны дээгүүр том ултай гутлаараа үрчин шороотой хольж, ээжийн хийсэн ажлын ул мөрийг баллаж байх аж. Довтолгон ирэгсдийн боловсон зарим нь ширэн цүнх үүрч, тэдний энд хүрэхгүй бригадын дарга болохоор бичиг цаасаа цагаан бааданд ороон бүсэлжээ. Соёлын довтолгооныхон манайд “Ариун цэврийн булан” гэдэгт байх ёстой зүйлс болох сойз, шүдний оо, нүүр гарын саван зэргийг бүртгээд зогсохгүй, тогтмол хэрэглэж байгаа эсэхийг нь элэгдэл хорогдлын байдлаар нь шалгах аж. Ээж маань шүдээ угааж сайн хэвшээгүй байсан учраас л оогоо зориуд асган дундруулдаг байсан юмсанж. Манайх “оо сойз”-ны тал дээр овоо үнэлгээ аваад байтал эмээ маань хамаг юмыг баллах дөхлөө. Соёлын довтолгооны морин цэргүүдийн нэг нь гэнэтхэн:

- Ингэхэд Содномдамба гуай (эмээгийн нэр) таны сойз хаана байна гэж асуув. Эмээ өмнөөс нь уртаашаа ганц шүдээ харуулан инээж:

- Шүдний сойз хэрэггүй ганц хүн чинь би байна аа гэв. Гэтэл манайд овоо дүн тавьж байсан Соёлын довтолгооны морьтон баатрын царай хувьсхийж:

- Намзасгаас ард нийтээрээ соёлоор довтолж, хүн бүр ариун цэвэр и бичиг үсгийн хувьд нэг нэг шат ахисан байх шийдвэрийн хажуугаар нэг ч хүн үлдэж болохгүй гэж байгаа даа, полоох, полоох хэмээн ширүүлэв.

Эцсийн дүндээ эмээ маань үлдсэн ганц шүдэндээ зориулан сойз авах, авахаар барахгүй намзасагтаа хувиршгүй үнэнчийн илэрхийлэл болгон уртаашаа ганц шүдээ өнгөтэй өөдтэй авч явахаар болов. Ер нь бол тэр ганц шүд өнгө алдах юм уу, уналаа гэхэд төр засагт нөхөшгүй гарз учрах царайтай болоод явчихлаа. Дараа нь тэр хүмүүс манай ор дэрийг онгичиж гарлаа. Мэдээж гэгээн цагаан өдрөөр ор засаж унтах гээгүй хэрэг. Харин манайх шөнө хөнжил нөмөрч унтдаг, тэр хөнжил нь сольдог даавуутай эсэхийг шалгаж байгаа нь тэр. Учир нь нүүдэлчин монголчууд үндсэндээ дээлээ нөмөрч унтдаг байсан юм. Энэ хэсэг дээр эмээ маань аанай л паактлав. Эмээ маань бие хайраад дулаацуулдаггүй гэж шалтаглан хөнжил нөмөрдөггүй байсан юм. Уул нь Соёлын довтолгооныхонд үзүүлэх бэлэн зэхээний хөнжил эмээд маань байсан боловч огт үрчийж хорчийгоогүй, даавууных нь нугалаас бүхэн шинээрээ байсан нь илэрчээ.

Соёлын довтолгооныхон намайг гэрээс хөөж гаргалаа. Би тэднийг хамгийн хайртай хүмүүсийг маань идчихгүй гэдэгт итгэж байсан боловч сониуч зандаа хөтлөгдөн хатавчаараа завсар гарган шагайв. Гэтэл эвлэлийн тэмдэг зүүсэн нэг ах айлын хүүхэд ингэх гээд байдгийг мэддэг бололтой урьдаас өрсөж шагайн:

- Цаашаа бай, яасан хэрэгт дуртай хүүхэд вэ хэмээн загналаа. Сүүлд мэдэхнээ манайхны дотуур өмд цамц өмсөж хэвшсэн эсэх болон биеийн ариун цэврийг нь шалгасан юм байж.



Соёлын довтолгооныхон манайхыг гайгүй үнэлээд, дараа ирэхэд хөнжилдөө унтаж заншсан байхыг сануулаад бас эмээг маань “бурхан шүтэхээ больсныг” нь нэмж магтаад мордлоо. Шүтдэг бурхнаа нуучихсан болоод тэр. Тэднийг явсны дараагаар эмээ маань дөрвөлжөө уудлан аргалын хогонд дарагдсан бурхнаа гаргаж ирээд, гүнээ наманчлан зулайдаа хүргэн адис аваад хоймортоо заллаа. Жараад оны энэ явдлаас хойш он жилүүд өнгөрсөөр би сургуульд орлоо. Ээж оогоо асгахаа хэдийнэ больжээ. Түүгээр барахгүй голигор савтай шахдаг оо дэлгүүрээс авдаг болов. Ганц төрлийн оог монголчууд олон жил хэрэглэсэн болохоор түүн дээр байсан бичиг нь хүртэл миний санаанд үлджээ. Тэр нь “Болгарын Мери Члери гэдэг рашаан усанд найруулж хийсэн энэ оо шуд хорхойтохоос сэргийлж, буйлнаас цус гарах явдлыг зогсооно”. Төрийн дарамт шахалт байсан хөнжил ба орны даавуу бидний амьдралын нэг хэсэг болжээ. Харин эмээ маань хэзээ ч хөнжил нөмрөөгүй, бурхандаа итгэл алдаагүй, үхтэл хамт байсан ганц шүдээ сойздоогүй боловч биднийг шинэ цагийн соёлын элемент бүрийг эзэмшихийг албадагч, түүнийг дэмжигч байсан юм. Эмээтэйгээ хамт сургуульд суухаар төвлөсөн миний бие ангийнхаа үлгэр жишээ ариун цэвэрч хүүхдийн нэг байлаа. Уламжлалт хуучин амьдралын хэвшлийг нь албадан өөрчилж, монголчуудыг иргэншилд дасгасан энэхүү “Соёлын довтолгоо” гэж чухам юу байв аа. Алдаа завхрал уу? Эсвэл хүчээр хийсэн дэвшил үү? Ата Тюркийн шинэчлэл, Мэйжийн хувьсгал-тай эн зэрэгцэхүйц үйл явц уу?

НЭПКО хэвлэлийн газар