М.Саруул-Эрдэнэ “АНУ-ын Монгол судлаачид” номоос.

Жон Хопкинс, Лийдсийн их сургуульд Монгол судлалыг үндэслэгч
Олон Улсын Монгол судлалын холбооны анхны Ерөнхийлөгч
Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн анхны гадаад гишүүн
“Монгол нийгэмлэг”-ийн анхны Ерөнхийлөгч


АНУ, Англид Монгол судлалыг үндэслэгчдийн нэг энэ агуу эрдэмтний намтар үйл хэргийн тухай бичихдээ бусад судлаачдын тухай бичсэнээсээ арай өөрөөр, тодруулбал амьдралыг нь эхнээс нь хэдэн онд төрснөөс нь тоочин явах биш, төгсгөлөөс нь эхлэн, урьд өмнөх учирзүй, холбоосыг нь хөөх маягаар явлаа, болгоон соёрхоно уу!  

Гурван Сайхан Хангай байгаад л байвал Монголчууд таныг санаад л байна

АНУ-д Монгол судлалыг үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн Оуэн Латтимор 1989 оны 5 сарын 31-ний өдөр Провиденс хотноо таалал болсон юм. 1900 онд төрсөн тэрбээр наян есөн насыг зооглоход хорин есөн хоног дутуу байжээ. Хөдөөлүүлэхэд нь эрдэмтний эртний анд Онон Өргөнгөө гуай ирж ийм нэгэн шүлгийг монгол бичгээр бичсэнээ монгол, англиар уншсан байна.  

Нэг мянга есөн зуун наян есөн оны зургадугаар сарын арван долооноо

Хаврын салхин Хангайд салхилахад
Зуны зэрэглээн Говьд зэрэглээтэхэд
Алтан намарт, таван хошуу малын дуунд
Өвлийн цасанд, цэнгэлтэй хөгжмийн дуунд

Ла багш та, Гурван Сайхан Хангайн
энгэрт, энх төвшнөөр амарч буй.

Алсыг харж, холыг санаж, халуун хайраан
Ах дүү болсон монгол хүнд өгөв, та

Мөнх хөх тэнгэр хөнжил чинь болж,
Шимтэй ногоон өвс дэвсгэр чинь болж,

Гурван Сайхан Хангай байгаад л байвал
Монголчууд таныг санаад л баймой.

Таны овог төрөл
Онончууд
Өргөнгөө
Нарангэрэл

Хүүхэд
Солонгоо
Уянгоо
Тэмүжин
Толи нараас чинь

Англиар харин ийн буулгаж:

When the spring wind blows in Khangqai,
When the summer mirage appears in the Gobi,
When the five kinds of livestock make sounds in the golden autumn,
When the joyful music sounds on the winter snow

La bagshi, rest peacefully on the sunlit side of Gurban Saikhan Khangqai.
Thinking and gazing from afar,
You have given your love to the Mongols
Who have all become your brothers.

The blue sky is now your quilt,
The green grass your blanket;
As long as Gurban Saikhan Khangqai stands,
The Mongols will remember you.




Тавиагүй илтгэл, дуусаагүй ном


1987 он Латтиморын амьдралд нэг том баяр баясгалан, нэг том гай зовлон авчирчээ. Нэг сарын 27-ны өдөр АНУ-ын Засгийн газар БНМАУ-ыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоов. Ингэж их удсаны шалтгаан АНУ талд ч байсан, манай талд ч байсан, ЗХУ ч нөлөөлсөн, Чан Кайши ч оролцсон тал байдаг. Ямар боловч насаараа чухам АНУ-аар Монголыг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцсэн, түүнийхээ төлөө “коммунист” хэмээн хараалган, хавчигдаж явсан хүний хувьд яах аргагүй амьдралынх нь хамгийн том ялалт энэ болсон юм. Энэ сайхан явдалд урамшсан өвгөн эрдэмтэн баяраа Монголд очиж, хуралд илтгэл тавин тэмдэглэхээр шийдсэн аж. Есөн сард нь Улаанбаатар хотноо Олон Улсын Монголч Эрдэмтний Их Хурал болох гэж байв. Латтимор “1929 онд Киринд тэмдэглэж авсан Манжийн нэгэн домог түүх” гэсэн сэдвээр илтгэхээр бэлдэн, хүү Давид, ач охин Кларе нартайгаа явахаар зэхэж байлаа. Гэтэл харамсалтай нь долоодугаар сарын 17-ны өдөр цус харван, бараг ярьж чадахгүй болжээ. Өгүүлбэрээ эхлээд дуусгах чадваргүй болов. Монгол явж илтгэл тавих талаар боллоо. Латтимор өөрөө гэхээсээ илүү эрдэм судалгааны ертөнц энэ явдалд хохирсон гэж хэлж болно. Учир нь “Түүхэн дэх Хятад” номоо, тэмээн жингийн тухай томоохон өгүүлэл эхлүүлснээ, өөрийн намтраа, Ж.Самбуу гуайн номын орчуулгаа тус тус дуусгаж чадсангүй.   

Латтимор хэмээх үлэг гүрвэл буюу Кэмбрижид өнгөрөөсөн жаргалтай жилүүд

Латтимор гуай ер нь нэлээд хожуухан л сайхан амгалан, аз жаргалтай амьдарсан хүн дээ. (Ид туурвих насандаа хэрхэн хавчигдаж явсныг нь дараа өгүүлэх болно) Лийдсээс тэтгэвэртээ гарчхаад Кэмбрижид Монгол судлалыг нь дэмжин ажилласан жилүүдийг нь буюу 1979-1985 оныг хэлж байна л даа. Каролина Хамфри тэргүүтэй Монгол судлаач нөхдийнхөө дунд байж, бичиг цаасныхаа ажлыг эрхлэн тайван суусан байдаг юм. 1981 онд Ардын хувьсгалын жаран жилийн ой болоход ШУА-ийн анхны гадаад гишүүн болохын хувьд хүндэт зочноор уригджээ. Энэ аялалдаа тэрбээр Мариа хэмээх яруу найрагч ач охиноо дагуулан явсан байна. Хятадаар дамжин галт тэргээр Монгол явах замдаа хил дээр нэгэн зоогийн газар хооллосон тухайгаа Мариа дурссан байдаг. Монголын хил дээр нарийн царигт зориулсан дугуйг өргөн царигийнхаар солиход цаг их удсан тул зорчигчид төмөр замын зоогийн газар хоолоцгоож. Ширээнд нь нэг франц, нэг малай, өөр бусад хэд хэдэн үндэстэн таарсан, бүгдийнх нь хятад хэл сайнгүй гэнэ. Латтиморын ёстой онгод нь орно гэдэг нь болж хоолны цэсийг таван өөр хэл рүү гарамгай орчуулан өгч, бүх хүнд хүссэн хоолыг нь захиалж өгсөн байна.

Латтимор жаран жилийн ойн хамгийн хүндтэй зочдын нэг байж, Цэдэнбал дарга түүнийг ач охинтой нь биеэр хүлээн авч, бүтэн цаг хуучилсан байдаг. Бал дарга Латтиморт Хятадын тагнуулуудаас, ялангуяа монгол бүсгүйчүүдтэй гэрлэсэн хятад эрчүүд олноор нэвтрэн ирж, цэрэг армийн нууцыг тандах вий гэхээс ихэд эмээж байгаагаа ярьсан байна. Мариа харин Бал даргад нэг шүлгээ зориулан уншиж, даргад ч шүлэг нь ихэд таалагдсан гэнэ. Учир нь Мариа тэр шүлэгтээ монгол хүн сансарт ниссэн тухай оруулжээ. Дараа нь Латтимор ШУА дээр илтгэл тавив. Замдаа нэлээд сайн бэлдэж байгаад монгол хэлээр огт тэмдэглэл харалгүй ярьсан хэмээн Мариа хожим дурсжээ. Цагаан хэрэмний тухай тэрхүү илтгэлдээ Латтимор сонин санаа хэлсэн байдаг. Талын нүүдэлчдээс зүгээр нэг хамгаалах, хил тогтоох гэсэн зорилготой төдийгүй цаанаа хятадуудын суурьшаагүй байсан хойд зүгт олон хүн авчирч, нутгаа тэлэх бодлого бас байсан гэж. Учир нь тэр их ажлыг хийхэд асар их хүч, мянга мянган хүн, эд материал хэрэгтэй.

1982 онд Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их Хуралд оролцохоор Монголд ахин ирэв. 1986 оны зун Монгол улсаас нэн сонирхолтой, мөн таатай мэдээ ирсэн нь Төв Музей шинээр олдсон нэг үлэг гүрвэлийг Goyocethale Lattimorei хэмээн Латтиморын нэрээр нэрийдсэн явдал байлаа. Тэр жил төрсөн өдрөөр нь Британи дахь манай Элчин сайдын яамнаас утас цохин мэндчилгээ хүргэсэн байдаг. Үүний дараахан АНУ Монгол улстай дипломат харилцаа тогтоосон баярт мэдээ ирсэн тухай өмнө өгүүлсэн билээ. Одоо харин Кембрижээс өмнө, харин Лийдсийн дараа Монголтой холбоотой ямар сонин сайхан явдал тохиосноос та бүхэнд сонирхуулъя...

Үргэлжлэл бий.