-2012 ОНООС ХОЙШ, АРДЧИЛСАН ЗАСГААС ГАРГАСАН ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛИЙГ БООМИЛОХ ХУУЛЬ, ТОГТООЛ, ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ-

2012 оны сонгуулийн үр дүнгээр бий болсон шинэ төр засаг байгуулагдсан цагаасаа эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халтай шийдвэрүүдийг гаргаж ирлээ. Яавал ардчиллын амин сүнс болсон чөлөөт хэвлэлийг устгах вэ гэсэн шүд зуулттай ч юм шиг. Өнөөдөр МАН-АН хоёрын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр унаж байна. Өнгөрсөн 20 жилийн түүхэнд АН-ын нэр хүнд доошлоход зөрөөд МАН-ын нэр хүнд өсч байдаг байлаа. Одоо зэрэгцээд унаж байна даа.

Үнэндээ Монголд ардчилсан засаг төр гарч ирэх нь ард түмний хүлээлт байсан юм. Ялангуяа сэтгүүлчид, сэтгэгчид нийтээрээ ардчилсан төр засагтай болохын төлөө тэмцэж, 2012 оны сонгуулийн дүнг нүдэндээ нулимстай сонсч байлаа. Гэвч баярлах болоогүй байсан юм байна. Ардчиллынхан засгийн эрхэнд гараад, эрх мэдлийг авсан цагаасаа эхлэн чөлөөт хэвлэлтэй дайн зарлаж эхэлсэн. Энэ дайн өнөөдөр үргэлжилсээр, маргааш ч М.Батчимэг нар үргэлжлүүлэх бололтой. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон чөлөөт хэвлэлийг сүйрүүлж, боомилж байгаа хууль тогтоомжуудыг дор жагсаая.

Чөлөөт хэвлэлийн эсрэг дайн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн хувилбараар эхэлдэг. Тус хуулийн 33 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа гэсэн заалтын 33.5.4-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудас ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно” гэсэн заалтаас эхэлнэ. Дээр нь “Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулах хоёр хэвлэлийн хуудас, бас хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сэтгүүл л байна” гэж заасан байгаа. Хэвлэлийг айхавтар хумиж базсан заалт шүү. Монгол Улсын төрийн тэргүүнд өрсөлдөх хүн хэн байна, ямар замналтай, ямар үзэл бодолтой хүн бэ гэдгийг ард түмэн хэвлэл мэдээллээс л авна. Сонин сэтгүүлийн хоёр хуудаснаас удирдагч болох хүнийхээ мэдээллийг гүйцэд авах ямар ч боломжгүй. Сонин хэвлэлийн мэдээлэл бол ултай суурьтай, хүний олж хараагүйг харсан, зөв бурууг ард түмэнд хэлж өгсөн, хөдөлмөр зарсан бүтээгдэхүүн байдгаараа ялгаатай. Дээр нь хэзээ ч алга болдоггүй. Төрийн эрхэнд суусан нөхөр дөрвөн жилийн дараа миний юу гэж залж байсныг сонгогчид мартсан байлгүй гэж бодоод давхиад очтол тэр үеийнх нь сонин хэвлэлийг гаргаж ирээд амыг нь асуудаг. Энэ мэтээр үнэ цэн өндөртэй сэтгүүл зүйн бүтээгдэхүүн юм. Гэтэл ингээд хазаарлаж эхэлсэн дээ. Хэнд ашигтай байв.

Ингэж чөлөөт хэвлэлийг багалзуурдсаны дараа өнөөх улстөрчид чинь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр баахан цахим сайт байгуулж, үржүүлсэн. Барьж авах эзэнгүй, редакцигүй, хариуцлага хүлээх ямар ч чадамжгүй ийм сайтууд улстөрчдөд хэрэгтэй байсан. Захиалга өгч өрсөлдөгчдөө хэмлэж, гутааж байх  мэдээллийн сувагтай боллоо гэж тэд үзсэн. Гэвч тэдгээр сайтууд нь сэтгүүл зүйн хэмнэлд орж, төлөвшиж эргээд эздэдээ халтай болж эхэлсэн юм. Зарим нь төлөвшсөн боломжийн мэдээллийн суваг болсон. Зарим нь шууд тэдний муу муухайг уудалж эхэлсэн. Сошиал ертөнц гэсэн бие даасан, хараат бус, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг талбар нь улстөрчдөд дэндүү халгаатай болсон тул нөхдүүд эргээд төрийн нэрээр, хууль тогтоох эрх эрх мэдлийнхээ хүрээнд сайтууд руу дайн зарласан. Сайтуудын сэтгэгдлийг хянах “Цахим сүлжээг журамлах тухай” хуулийн төсөл гээчийг оруулж ирсэн. Цөөнгүй сайтыг хаасан. Энэ нь чөлөөт хэвлэл мэдээллийг устгах чөдөр тушаа болсон. Үндсэн хуулиар олгогдсон иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хумигдсан. “Өдрийн сонин”-ы редакци манлайлан үүний эсрэг тэмцсэнээр арайхийж сэтгэгдэл хянах тэр аймшгийг таслан зогсоосон ч сэтгэгдэл бичиж буй хаяг тодорхой, бичиж буй эзнийхээ сери дугаартай байхаар шийдвэрлэсэн юм. Хэн юу бичив гэдгийг хянах боломжтой болсон гэсэн үг. Энэ бол чөлөөт хэвлэл мэдээллийг тушсан чөдрийн тоо нэгээр нэмэгдсэн хэрэг.

Удалгүй УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Төсвийн мөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн тогтоолыг батлууллаа. Түүнийг нь АН-ын эрх баригчид дэмжиж байгаа юм даа. Ардчиллынхан хэний хүчинд засгийн эрхэнд гарсан юм бол. Та бүгдийн үзэл баримтлал, үйл хөдлөл, сонгуулийн  хөтөлбөр, хувь хүн талаасаа хэн бэ гэдгийг чинь хэвлэл мэдээллийнхэн бүтэн 20 жил нийгэмд мэдээлж байж та нарыг сонгуулсан. Төр засаг нь үйл ажиллагаагаа нийгэмд хүргэхдээ хэвлэл мэдээллээр дамжуулахгүй өөр юугаар хүргэх юм бэ. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байх нь хуулиар хориотой. Тийм болохоор өнөөдөр бүгд хувийнх, бүгд бизнесийн байгууллагууд учир төлбөр тооцоотой явагдах нь зах зээлийн зарчим. Нэгэн үе Монголын хаан байсан Н.Энхбаярын хууль бус үйлдлүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагууд ил гаргасан. Үүнд хамгийн их дургүйцсэн хүмүүсийн нэг бол Ц.Оюунбаатар. Хууль тогтоох эрх мэдлийн байгууллагад байгаагаа ашиглан энэ хуулийг санаачилж чөлөөт хэвлэлийн эдийн засгийн чадавхийг нэг талаас нь хумиж хавчсан үйлдэл юм. Цаанаа ийм санаатай тэр тогтоолыг ардчиллын эрх баригчид дэмжсэн. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гээчийг ардчиллын нэрээр сонгогдсон эрх баригчид харуулсан. Энэ бол чөлөөт хэвлэлд мундаг том чөдөр болсон юм.

Залгуулаад Монгол контент гэсэн хөтөлбөрийг зарлаж олон тэрбум төгрөг төсөвлөв. Телевизүүдийн эфирийн хөтөлбөрийн 50 хувь нь монгол контент байх заалт юм. Энэ чинь нэг талаас үзэл суртал шүү дээ. Соц нийгмийн үед барууны кино, барууны соёл, барууны үзэл суртлыг Монголын нийгэмд огтхон ч нэвтрүүлж болохгүй гэсэн хууль журамтай яг адил хэрэг. Зөвхөн монгол кино үзэж, монгол хүмүүсийн хийсэн уран бүтээл үзэж хараад суух юм гэнэ. Ардчилсан нийгэмд амьдарч байж төрөөс уран бүтээлчдэдээ ийм тулгалт хийнэ гэж байх уу. Энэ бол яавч ардчилсан үзэлтэй хүмүүсээс гарах шийдвэр биш. Хүн төрөлхтөн даяаршиж, бие биенээсээ хамааралтай амьдарч байхад “Зөвхөн Монголынхоо юмыг л үз” гэж хуульчилсан үзэгдэл Ардчиллынхан засаглал эрх барих энэ он жилүүдэд гарч ирлээ. Үүний хор нөлөө нь хөгжиж буй дэлхий ертөнцөөс хол тасарсан ирээдүй үеийг бид бэлдэнэ гэсэн үг үү. Хэвлэл мэдээллийн дотоод хэрэгт төр засгаас шууд гар дүрсэн, байж боломгүй үйлдэл энэ байлаа. Бас л нэг чөдөр.

Сая бүр нэг солиотой хууль баталсан нь Монгол хэлний тухай хууль. Энэ хуулиар бол бид кирилл-уйгаржин гэсэн хос бичигтнүүд болж гийгүүлэх юм байна. Бусад улсын хос бичигтэн хөтөлбөр нь англи-казак, англи-орос, хятад-англи... гэж явдаг бол манайх ингэж хосолж байгаа юм байна. Уйгаржинг төрийн албан ёсны бичиг болгоно гэж байгаа. Энэ хуулийг санаачилсан гишүүдээс “Тэгээд тоо нь ямар байх юм бэ. Уйгаржин тоог албан хэрэгт орууллаа гэхэд олон улсын стандартад яаж нийцүүлэх вэ. Уйгаржин тоог дэлхий мэдэхгүй, Монголын хүн амын гурван хувь л гадарлах төдий байна. Үүнийг яаж шийдэх вэ” гэхэд өнөө хууль санаачлагчид чинь “Нээрэн юу билээ” гэсэн аястай сууж байх жишээний. Энэ хууль бол Монголын ирээдүйг дэлхийгээс тасалсан, бичиг үсэггүй, мэдлэг боловсролгүй болгох гэсэн, монголчуудыг эргээд харанхуй бүдүүлэг рүү түлхсэн, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг уншигчгүй болгох гэсэн, гадныхны захиалгатай, гар хөл бологсод нь айхавтар лобби хийж батлуулсан хууль юм.

Одоо энэ хаврын чуулга­наар Зөрчлийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулийн төслийн 10.4.3-т “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэ­рээр зар сурталчилгаа байр­луулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заасан. Энд дурдагдсан “Тооцооны нэгж” гэсэн нэр томьёог ам.доллар гэж ойлгох ёстой. Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, сэтгүүлчдийг ардчилсан төр засгийн үед монгол төгрөгөөр торгохгүй юм байна. Доллараар торгох юм байна. Ам.доллараар хэвлэл мэдээллийг, сэтгүүлчдийг торгож ялладаг хууль батлагдана чинээ даанч нэг зүүдэлсэнгүй явлаа даа. Тэгээд бүр ардчиллынхан засаглалд олонх болсон үед шүү.

УИХ-ын гишүүн М.Батчимэ­гийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга байна. Түүний шинээр найруулсан хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчийн зүгээс сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улс төрийн цензур тавих, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно”, 8.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэн байгуулагч нь... сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах гэрээ байгуулж, байгууллагын дотоод дүрэм, журамд тусгах үүрэг хүлээнэ” гэхчлэн цааш нь олон заалтыг тусгасан байгаа. Эдгээр бүх заалтуудыг харахад Монголын ардчилсан чөлөөт хэвлэл мэдээллийн ачааны хүндийг үүрч, хөрөнгө мөнгө, оюун ухаан, хамаг нервээ зарж байгаа эздийг ил тод зарлаж, муулж баалж, гол бай болгож, сайн муу бүхний ард байдаг хүн болгож, эмзэг цэг мэт муухайгаар харагдуулах юм байна. Ингээд эзнээсээ, бодлого барьдаг хүнээсээ тусдаа редакци бий болгох гэнэ. Энэ хууль бол эзэн-сэтгүүлч хоёрыг хагалан бутаргасан, эздийн эсрэг сэтгүүлчдийг турхирсан хууль гэж судлаачид үзэж байгаа юм билээ. Судлаачид бүр ноцтой дүгнэлтийг хийсэн байна лээ. Сэтгүүлчдийг эздийн эсрэг турхирч байгаа нь эргээд Монголын нийгмийг тэр чигт нь хоёр хуваана гэж. Хэвлэл мэдээллийн бүх байгууллага эздийнхээ эсрэг босвол үүнээс өөр үр дүн гарахгүй гэж улс төр судлаачид, эрдэмтэд үзэж, ихэд эмзэглэсэн нийтлэлүүдийг бичиж, ярилцлага өгч эхэллээ. Ийм л хууль хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна даа. Ийм хуулийг батлан гаргах нь хэнд ашигтай вэ. Захиалагч нь, гүйцэтгэгч нь хэн бэ. Бодож үзмээр байгаа биз. М.Батчимэгийн энэ хууль хэрэгжиж эхэлбэл Монголд чөлөөт хэвлэл устана (хоёрхон заалтыг нь сая дурдсан, цаана нь чөлөөт хэвлэлийг чөдөрлөсөн олон зүйл заалт бий). Чөлөөт хэвлэлгүй ард­чил­сан нийгэм гэж байдаггүй. Энэ бүхний эцэст үнэндээ эзэд хохирохгүй, редакциа түгжээд яваад өгнө. Энэ олон сэтгүүлчид яах болж байна. Мэдээллээр цангах олон түмэн хэрхэх болж байна.