Си Зиньпиний эрин үе
Хятад улсын дарга Си Зиньпин Хятадын сүүлийн хэдэн удирдагч дотроос хамгийн их хүч нөлөөтэй нь гэгдэж байгаа бөгөөд түүнийг Маотай харьцуулах нь олонтаа, гагцхүү ялгаа нь Си Зиньпин фракцуудыг дарах тэмцлийг өөрийн биеэр удирдан түүчээлж буй лидер ажээ.
89 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том улс төрийн нам Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурал өнөөдөр час улаан туг, алтан шар алх хадуур бүхий нүсэр зааланд нүжгэр эхэлж байна. Энэ удаагийн Намын их хурал 2354 төлөөлөгчтэй.
Намын их хурал 5 жил тутамд нэг хуралдана. Хоёр асуудлыг голлон хэлэлцдэг. 1-д, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын өнгөрсөн 5 жилийн (хэрэв улиран сонгогдсон бол 10 жилийн) ажлын тайлан илтгэлийг сонсоно. 2-т, Улс төрийн товчооны Байнгын гишүүдийг сонгоно.
Хятад улсыг Коммунист нам жолооддог, харин намыг Улс төрийн товчооны 25 гишүүн, тэр дотроо Байнгын гишүүн 7 хүн жолооддог, өөрөөр хэлбэл Хятадыг 7 хүн удирддаг гэж хэлж болно.
Энэ удаагийн хурлын гол анхаарал татаж байгаа зүйл бол Улс төрийн товчооны (УТТ) байнгын гишүүнд хэн хэн сонгогдох вэ гэдэг асуудал. Тэдэн дотор 2022 оноос Си Зиньпиний залгамж халааг авах дараагийн удирдагч орж ирэх учиртай. Намын дүрэмд зааснаар намын Ерөнхий НБД-ыг УТТ-ны байнгын гишүүдээс л сонгодог.
Үүнтэй адил УТТ-ны байнгын 7 гишүүнийг ч бас сонгох шалгуур бий. Байнгын гишүүнийг УТТ-ны 25 гишүүн эсвэл бэлтгэл гишүүдээс сонгоно, насны хувьд 67-оос доош байна гэх мэт шалгууртай тул дээд удирдлагад орох хүн карьерийн олон шат дамжлагаар нухлагдсан нөхөд байдаг.
Одоогийн 7 гишүүнээс 5 нь 68-аас дээш настай болсон тул тэтгэвэрт гарна, тэдний оронд шинэ хүмүүс орж ирэх ёстой. Шинэ 5 хүнийг УТТ-ны 25 гишүүн юмуу бэлтгэл гишүүд дотроос л сонгох ёстой учраас хэн хэн орж ирэх вэ гэдгийг таамаглаж болдог, өөрөөр хэлбэл огт танигдаагүй цоо шинэ товарищ томилогдоно гэсэн ойлголт байхгүй. Ер нь Хятадад удирдлага солигдох, эрх мэдлийг шилжүүлэх үйл явц харьцангуй төлөвших хандлагатай байгааг сүүлийн гурван үеийн удирдагчаас буюу 30 гаруй жилийн үйл явцаас харж болохоор байгаа юм.
Гэхдээ Си Зиньпиний үед зарим нэг тал дээр Дэнгийн үеэс эхэлж тогтсон, бичигдээгүй дүрэм өөрчлөгдөж магадгүй байгаа тухай ч яриа бий. Тухайлбал, 2022 онд намын даргын суудлаа өгөхгүй ч байж магад, мөн Дэн Сяопиний үеэс хойш тогтсон өөрийн залгамжлагчаа үе алгасан тогтоож ирсэн “дүрмийг” өөрчилж Си өөрийнхөө залгамжлагчийг өөрөө тодруулах магадлалтай гэх мэт мэдээ мэр сэр гардаг.
Үүнийг Си нам доторх фракцуудыг дарж авсантай холбож тайлбарлаж болох юм. Ер нь Коммунист нам дотор гурван фракц байдаг гэдэг. Гуравдахь үеийн удирдагч Зян Зөминий Шанхайн бүлэг, дөрөвдэх үеийн удирдагч Ху Зиньтаогийн Коммунист залуучуудын эвлэлийн бүлэг, мөн Хунтайжийн буюу элитүүдийн хүүхдүүдээс бүрдсэн бүлэг байх бөгөөд Си Зиньпин урьд энэ бүлэгт хамаардаг байв. Гэвч одоо шинээр Си Зиньпиний бүлэг гэсэн хэллэг бас бий болсон ба Си-гийн бүлэг голдуу түүнтэй урьд нь хамт ажиллаж байсан шалгарсан шадар нөхдүүдээс нь бүрдэж буй бөгөөд сүүлийн хэдэн жил гол албан тушаал дахь томилгоонуудыг харахад дандаа Си-гийн бүлгийн хүмүүс байгаа юм.
Си Зиньпин өөрийн бүлгийг ийнхүү идэвхтэй бүрдүүлж, хүч нөлөөгөө зузаатгасан тул өмнөх удирдагчдын үгийг сонсох шаардлагагүй болсон ажээ. Си-г залагамжилна гэж тооцогдож байсан хоёр хүний карьер бүрхэг болсноос үүнийг харж болно. Залгамжлагчаар яригдаж байсан Сүнь Жөнцай (Зян Зөминий Шанхайн бүлгийн хүн, Чунцин хотын намын дарга байсан) өнгөрсөн зун намын хурлын өмнөхөн авлигын хэргээр шийтгэгдэж ачигдлаа. Нөгөөх нь Ху Чуньхуа, тэрбээр Ху Зиньтаогийн Коммунист залуучуудын эвлэлийн фракцынх бөгөөд түүнд хэдийгээр энэ удаагийн их хурлаар дэвшиж байнгын гишүүн болох магадлал байгаа ч Си-г залгамжилж “хаан ширээнд заларч” чадахгүй гэж судлаачид үзэж байгаа юм.
Хятадыг удирдан жолооддог УТТ-ны гишүүдийн тоо өмнөх удирдагч Ху Зиньтаогийн үед буюу 16, 17 дугаар их хурлын үед 9 байсан бол Си-гийн үе болох 18-р их хурлын үед 7 болсон, энэ удаагийнхаар 5 гишүүнтэй ч болж магад тухай яриа бий. Юутай ч шинээр орж ирэх магадлалтай хүмүүст Ли Жаньшү, Жао Лөзи, Ван Хунин, Чөн Миньар, Ху Чуньхуа, Ван Ян, Ханьжөн гэсэн 7 хүний нэр яригдаж байна.
Ингээд энэ удаагийн намын их хурлаар ирэх 5 жилийн удирдлагын багийн нэрс тун удахгүй тодрох гэж байна. Ямар ч байсан энэ хурлын гол үр дүн нь Си Зиньпиний хүч нөлөө улам баттах баг тодорно, учир нь Си-гийн итгэлт хүмүүст л дэвших боломж байгаа юм. Өөр фракцын хүн орж ирлээ гэхэд тэр нь фракцуудын тохирооны үр дүн гэхээс илүү тэрхүү дэвшигч өөрөө Си-д мөн нүүр тал олсон этгээд гэсэн үг юм.
Хятад улсын дарга бөгөөд ХКН-ын Ерөнхий НБД Си Зиньпин Хятадын сүүлийн хэдэн удирдагч дотроос хамгийн их хүч нөлөөтэй нь гэгдэж байгаа бөгөөд түүнийг Маотай харьцуулах нь олонтаа, гагцхүү ялгаа нь Мао фракцуудыг хооронд нь сөргөлдүүлээд өөрөө зохицуулагчийн дүрд тоглодог байсан бол Си Зиньпин фракцуудыг дарах тэмцлийг өөрийн биеэр удирдан түүчээлж буй лидер ажээ.
Зочин
Зочин
санаа зовомтгой
нано
Зочин
зочин
Сэр