-МАХН-ын их хурал гурав хоногийн дараа эхлэх гэж байна. Миний ажиглаж байгаагаар энэ хурлыг товлох хүртэлх МАХН доторхи улс төрийн амьдралыг харсан ч, хурлын дараахь үр дүнг тооцсон ч, алдаа онооны эрсдэлийг нь бодсон ч энэ удаагийн их хурал их үнэтэй, танай намынханд зардал өндөртэй хурал болох гэж байх шиг байна. Та үүнтэй санал нийлэх үү ?
-Ерөөнхийдөө нийлнэ. Энэ их хурлын үр дүнгээс манай намын ирээдүйн дүр төрх, нийгэмд эзлэх байр суурь хамаарна. Энэ бол үнэн. Цаашилбал, МАХН бол Монголын төрийн бодлого, төрх тодорхойлдог улс төрийн нэг гол хүчин. Их хурлаа хийснээр МАХН чанаржвал төрийн бодлого, үйл ажиллагаа ч чанаржина. Төрийн бодлого сайжирвал улс орон маань урагшилна, монголчуудын амьдрал цэгцэрнэ. Энэ мэтээр манай намын их хурлын ач холбогдолыг тал бүрээс нь тайлбарлаж болно. Таны хэлснээр “үнэтэй хурал” ч гэж нэрлэж болно. Гэхдээ асуудалд заавал тийм сүртэй тодорхойлолт, зүйрлэл, хүчтэй томъёолол талаас нь хандах хэрэггүй гэж боддог. Хурал бол ажлын л хэлбэр. Ажил болгон зорилготой, үр дүнтэй, тэр нь шалгууртай байдаг. Тэр талаас нь хандвал МАХН хийх естой ажлаа хийж , тодорхой үр дүнд хүрэх гэж зорьж байна.

- Хэрэв сүржигнэх хэрэгггүй, ажлаа хийж, үр дүн гаргах гэж байна гэж харвал
МАХН-ын их хурлаас тодорхой ямар шийдвэр, ямар үр дүн гарна гэж нийгэм   хүлээх естой вэ ?

-Энэ асуултын бүрэн хариултыг намын XXV их хурлаас гарах багц шийдвэрүүд өгнө. Товчхон хэлбэл, намын их хурал хийснээр дараахь асуудлууд илүү тодорхой болох ёстой. МАХН, Монгол орноо ямар замаар яаж хөгжүүлэх бодолтой байна вэ. Монгол хүнээ эрүүл бие, саруул ухаантай байлгаж элбэг хангалуун амьдралтай болгох бодлого, хандлага нь юу юм. Монголын төрийнхөө чадавхи боломжийг яаж нэмэх бодолтой байгаа юм. Хулгай зэлгий, булхай луйвраас төр, нийгмээ яаж салгаж эрүүлжүүлэх вэ. Энэ бүгдийг хийж бүтээхийн тулд давын өмнө өөрийгөө яаж чадваржуулж, цаг үетэйгээ уялдуулан яаж шинэчлэх гэж байна. Эдгээр болон тулгамдсан өөр бусад асуултад хариу олох, түүнийгээ хамтаар хэлэлцэхийн тулд л бид их хурлаа зарлан хуралдуулах гэж байна.

- МАХН их хурлаа хийснээр өнөөдрийнхөөс яаж шинэчлэгдэх, ямар үр дүнд хүрэх гээд байгааг л асуугаад байна л даа. Өөрөөр хэлбэл, намын их хурлын дараахь МАХН-ын нэг зураглаач гэвэл ?
- Намын шинэчлэл гэж бид олон жил ярив. “Шинэчлэнэ” гэж чухам яахыг хэлээд байна вэ гэхээр хүн, хүн өөр өөрийнхөө хэмжээнд яриад байдаг байлаа. Тиймээс “намаа шинэчлэнэ” гэж чухам юуг хэлж байгаа талаар намын хэмжээндээ нэгдсэн ойлголт төсөөлөлтөй болъё гэж ярилцсан. Намын XXV их хурлаас “МАХН-ын шинэчлэлийн үзэл баримтлал” гэсэн нэртэй бичиг баримт гаргахаар бэлтгэж байна. Төсөл нь үндсэндээ бэлэн болсон. Түүнийгээ их хурлын төлөөлөгчид хэлэлцэж батална. Батлаад гарсаны дараа МАХН яаж өөрчлөгдөж шинэчлэгдэх, ямар үр дүнд хүрэх гэж байгаа нь тодорхой болно. Их хурлаас өөр бусад баримт бичиг ч гарна. “Хүний хөгжлийн үзэл баримтлал”, “Төрийн шинэтгэлийн үзэл баримтлал” , намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөр гээд цаана нь олон юм бий.

- Их хурлаас гарах бичиг баримт чухал л даа. Гэхдээ энэ их хурлаар МАХН-ын даргыг өөрчлөх асуудал яригдах уу, үгүй юу гэдэг л олны анхаарлыг илүү татаад байх шиг. МАХН-ын дарга өөрчлөгдөнө, өөрчлөгдөхгүй гэж гадуур шуугиад л байна. Намын даргад өрсөлдөх хүмүүсийн дотор таны нэр ч байна. Өөр хэн хэн өрсөлдөх бол. Хэрэв танхимаас таныг намын даргад нэр дэвшүүлбэл та өрсөлдөх үү, нэрээ татах уу ?
-Намын их хурал болж байхад намын дарга, удирдах бусад бүрэлдэхүүний асуудал зайлшгүй яригдана. Намын дүрэм маань тийм юм. Намын их хурлаар одоогийн бүх удирдлагын бүрэн эрх дуусгавар болно. Намын дарга, Бага хурал, удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн дарга гээд бүгдээрээ ажлаа өгнө. Хэнийгээ шинээр сонгохыг намын их хурал, түүнээс сонгогдох Бага хурал л мэдэх асуудал шүү дээ. Өрсөлдөх эрх нээлттэй байдаг. Харин чухам хэн хэн өрсөлдөхийг хэлж мэдэхгүй байна Үүнээс илүүг одоохондоо хэлмээргүй байна, Отгонбаяр аа.

- Тэгвэл бусдын тухай ярихаа болье. Та өөрөө өрсөлдөх үү. “Дөрвөн жилийн холимог концерт өндөрлөх дөхөж, хөшиг хаах гэж байгаа мөчид тайзан дээр гол дүрээр гардаг нь би биш” гэж таныг хэлсэн гэсэн. Энэ үнэн үү ?
- Ам дамжсан зохиол байх шиг байна наадахь чинь. (инээв). Намын даргын алба гэдэг бол өнөөдөр эрх ямба гэхээсээ...

- Ял гэж үү ?
- Ял гэх нь ч хаашаа юм. Том л хариуцлага.

- Хариуцлагаас айж байна уу, та ?
-Хариуцлагаас айдаггүй хэн байгаа юм. Хариуцлагаас айдаггүй хүн аюултай гэж би боддог. Гэхдээ айх бол нэг асуудал. Зайлах бол өөр асуудал. Би хариуцлагаас зайлж байгаагүй, одоо ч зайлахгүй. Энэ бол тодорхой. Ингэсгээд энэ сэдвээ орхие, тэгэх үү. Хуралдаагүй байгаа их хурлын, эхлээгүй байгаа сонгуулийн талаар одоо яриад суух нь утгагүй.

- Болоод өнгөрсөнийх нь дараа тэгвэл ярилцъя, болох уу ?
- Тэр болно, ярилцлага өгье.

- Тэгвэл арай өөр сэдвээр ярилцъя. Монголын өнөөгийн улс төр ч тэр, улстөрчид нь ч тэр өнөөдөр “нэг л биш ээ” гэх хүн олон таарах болж. Улстөрчид нийгэмдээ гологдож эхэлж байгааг та мэдэрч байна уу ?

 

- Нийгэм улс төрчдөө магтана гэж хаана ч байдаггүй бололтой юм. Ази, Африк, Латин Америк гээд тоочдог доо. Хаана л бол хаана улс төрчдөө мөнхөд шүүмжилдэг, гоочилдог юм билээ. Би өөрөө энэ салбарт хамаатай учраас хань хамсаатнуудаа өмөөрч байгаа юм биш шүү. Шүүмжлэлийг бол хүлээж авна. Гэхдээ өнөөдрийн Монголын улстөрчид харь гаригаас ирээгүй. Монголынхоо л энэ нийгмээс төрсөн, эндээ л хүмүүжиж бойжсон кадрууд. Иргэний ардчилсан нийгэм дор хаяж 200-300 жилд төлөвшдөг юм байна. Манайд энэ үйл явц эхлээд 20 жил ч болоогүй байна. Нялх балчир хүүхдийг нас тогтсон хүнтэй харьцуулснаа голоод, адлаад байдаггүй биз дээ. Бид нэгээс нөгөө рүү дөнгөж шилжиж эхэлж байна. Хэд хэдэн үе солигдож байж амьдрал өөрөө, амьдралыг цэгнэх хүний үнэлэмж, за тэгээд нийгэм өөрөө, нийгмээ удирдах арга барил, бүтэц бүрэлдэхүүн гээд аажим аажмаар өөрчлөгддөг юмшиг байна. Энд ямар нэгэн “субботник” хийж, жилийн газрыг өдөртөө товчлох арга байхгүй. Тиймээс төрүүлсэн хүүхдээ нэг их голоод байх хэрэггүй л дээ. Тордож өсгөх хэрэгтэй, хүмүүжүүлэх хэрэгтэй, тэвчээртэй төлөвшүүлэх хэрэгтэй шүү дээ.

- Гэхдээ л манайд өрнөж байгаа улс төр дэндүү бүдүүлэг, эрээ цээргүй болж байна шүү дээ. Ер нь Монголын улс төрийн эрээвэр хураавар амьдралыг юутай зүүрлэж болох бол ?
- Манай улс төрийн амьдралыг юутай ч зүүрлэмээр юм бэ дээ. “Броуны хөдөлгөөн” гэж физикт нэг ойлголт байдаг даа. Заримдаа тэр санаанд ордог. Эсвэл хотын замын хөдөлгөөн оргил ачааллын цагт ямар байдаг билээ түүнтэй адилтгаж болох байх. Манайх үнэхээр олон машинтай болжээ. Машины тоо гудамжныхаа хэмжээ, багтаамжаас аль хэдийнээ давчихсан. Тэгээд та ажиглаарай. Сэв суугаагүй машин бараг үгүй. Бүгд л энд тэндээ зурагдаж хонхойчихсон, эмтэрж навсайчихсан явж байгаа харагддаг. Яагаад тэр вэ. Дүрмээ мэддэггүй, мэдсэн ч баримталдаггүй учраас. Дээр нь бие биедээ зай тавин хүндэлж, найрсаг өгөөмөр хандана, ойлголцоно гэж бараг үгүй. Сөөм зай, алга дарам газрын төлөө амиа тавьчихна. Гурван хором хожих гэсэндээ осолд орж гурван цаг, магадгүй гурван өдөр шал дэмий барах бол энүүхэнд. Гарз хохирол нь цаашлаад гурван сая төгрөг, гурван хүний аминд хүрэх нь ч бий.

- Тийм шүү?

- Бас нэг зүйл илт харагддаг. Хаашдаа навсайсан машинтай хүн өөрийгөө, тэгэх тусмаа өрөөлийг хайрлана гэж ёстой үгүй юм билээ. Эсвэл гэрэлгүй уулзвар дээр зохицоод сайхан зөрөхийн оронд тулгаж очоод түгжиж орхино. “Би урагшлахгүй байх нь хамаагүй. Чамайг л урагш хөдөлгөхгүй дээ” гэж байгаа юмшиг шүд зуугаад гөжчихнө. Манай улс төр заримдаа үүнтэй дэндүү төстэй санагддаг. Угтаа бол машин барих сайхан л даа. Дүрмээ баримтлаад, өөрийгөө ч, өрөөлийг ч хайрлаж хүндэтгээд явбал хүрэх газраа элдэв саадгүй, тааваараа хүрч болох л арга шүү дээ машин барих гэдэг чинь. Даанчиг…

- Замын хөдөлгөөний зовлонг та сайн мэддэг юм байна. Ингэхэд та өөрөө машин барьдаг уу ?
- Барих нь баринаа. Би 1980-аад оны дундуур цаг, шаардлага хатуу байх үед жолооны эрхийн үнэмлэх авсан хүн. Бага залуугаасаа л машин барих хорхойтой байсан. Одоо бол нэг л дургүй. Гарцаагүй шаардлагатай үед л амралтын өдрөөр жолоо барина. Хотын замд хааяа нэг гараад тэр эх захгүй, дүрэм жаяггүй “тоглоомонд” оролцохдоо ихээхэн бухимддаг, ядардаг. Тийм учраас сэтгэлийн таваа бодоод машин барихаас болж л өгвөл зайлсхийдэг болчихсон байна билээ. Дасаагүй учраас тэр гэж хал үзсэн жолооч нар хэлдэг. Магадгүй л байх. Өдөр бүр машинаа өөрөө барьдаг байсан бол тэр дүрэмгүй тоглоомонд нь дасчихаад, сөөм зайны төлөө бусадтай адил зоригтой үзэлцээд л, шөргөөцөлдөөд л давхиж байх байсан байлгүй дээ (инээв).

- Тэгвэл өнөөдрийн дүрэмгүй улс төр тэгээд хаашаа яваад байна вэ ?
- Мэдэхгүй. Улс төр хаашаа явж байгааг улс төр судлаачдаас асуувал дээр биз ээ. Харин улс төр хаашаа яваасай гэж хүсч байна вэ гэж надаас асуу л даа. Эрүүл ухаантай, дүрэм жаягтай орчин руу яваасай билээ л гэж хариулмаар байна. Уг нь бол энгийн л зүйлүүд шүү дээ.