Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
Л.Оюун-Эрдэнэ “тооноор оруулсан гийчид”-дээ ноцуулж, галзуу шийдвэрийнхээ горыг амсаж байна
-
Оргилмаа
“Халзан бүрэгтэй” төслийн талаарх Засгийн газрын байр суурийг дахин тодотгохыг хүсэж байна, Ерөнхий сайд аа!
Анхны ардчилсан сонгууль
Энэ жил Монгол орон ардчилсан хөгжлийн замд эргэж буцалтгүй орсны болоод байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Миний бие 1990-1992 онд байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсны хувьд эдгээр үйл явдалтай холбогдуулаад өөрийн зарим бодлоо хуваалцах гэсэн юм.
Энэ жил Монгол орон ардчилсан хөгжлийн замд эргэж буцалтгүй орсны болоод байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Миний бие 1990-1992 онд байнгын ажиллагаатай анхны парламент болох Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсны хувьд эдгээр үйл явдалтай холбогдуулаад өөрийн зарим бодлоо хуваалцах гэсэн юм.
Монгол орон ардчилсан хөгжлийн замд эргэж буцалтгүй ороход БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийг баталсан Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн есдүгээр чуулган чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Чуулган 1990 оны 5 дугаар сарын 10-нд хуралдаж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбат “БНМАУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх тухай БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийн төсөл” гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Гэхдээ энэхүү чуулганы өмнөхөн буюу 3 дугаар сарын 23–нд хуралдсан Ардын Их Хурлын наймдугаар чуулган МАХН “төр, нийгмийг удирдан чиглүүлэгч”-ийн үүргээсээ татгалзсаныг ёсоор болгосноор манай оронд олон намын систем үүсэх Үндсэн хуулийн үндэслэл бий болсон билээ. Иймээс П.Очирбат гуай илтгэлдээ “намын дээд, төв байгууллагын шийдвэрлэж байсан олон асуудлыг эдүгээ төрийн эрх барих дээд байгууллага бүрэн эрх мэдэлдээ авч шийдвэрлэх хэрэгтэй боллоо” гэж тэмдэглээд Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хуулийн төсөлд “төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал; хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах байнгын дээд байгууллага нь Улсын Бага Хурал байх, түүнчлэн БНМАУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, эдгээртэй уялдаатай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлохыг зорьсон” гэжээ. Уг чуулганы өмнө П.Очирбат дарга, тухайн үед Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын хуулийн хэлтсийн дарга байсан Б.Чимид болон ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч болох Баабар нарын зэрэг хүмүүс засаглалын ямар хэлбэр манай оронд тохиромжтой талаар удаа дараа зөвлөлдөн ярилцаж парламентын хэлбэрийг илүү зохимжтой гэдэг дээр санал нийлж байсан юм билээ. Ийм ч учраас П.Очирбат даргын илтгэлд “нэг хүний засаглал зонхилсон биш...дэлхий нийтийн хэлээр парламент гэдэг төлөөлөгчдийн дээд байгууллагын засаглалтай Бүгд Найрамдах Улсын хэлбэрээр оршин хөгжих нь илүү зохистой гэж үзэж байна” гэсэн байдаг. П.Очирбат даргын илтгэл болон хуулийн төсөл дээр ажилласан гол хүн нь Б.Чимид байсан юм.
Тус чуулганаар баталсан Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль нь “БНМАУ-ын төрийн дээд эрх барих ёс”, “БНМАУ-ын Засгийн газар” гэсэн хоёр бүлэг, 22 зүйл бүхий бие даасан хууль байсан юм. Энэхүү хууль нь сонгуулийн хуучин тогтолцоог халж шинийг төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн билээ.
Ардын Их Хурлын сонгуулийг олон намын оролцоотой мажоритар зарчмаар, Улсын Бага Хурлыг Ардын Их Хурлын депутатууд пропорциональ зарчмаар сонгохоор тогтсон нь шинэ сонгуулийн онцлог байв.
Ардын Их Хурлын сонгууль 1990 оны 6 дугаар сарын 29-нд болов. Зарим тойрогт бүр 70 гаруй хүн нэр дэвшсэн байдаг. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 хүнийг өрсөлдүүлэн дахин санал хураах журам тогтоосон байв. Ингээд анхны санал хураалтаар 430 тойргоос 402 депутат сонгогдлоо. Үлдсэн 28 тойрогт мөн оны 8 дугаар сарын 15-нд дахин санал хураалт явуулсан байдаг. Энэ сонгуулиар МАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 хүн нам бусчуудаас нэр дэвшин сонгогдов.
Шинээр сонгогдсон Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны 9 дүгээр сард болж байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, 50 гишүүнийг сонгон батлав. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын ардчилсан нам 13, Монголын социал-демократ нам 4, Монголын үндэсний дэвшлийн нам 3 суудал авсан байдаг.
Ийнхүү анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал, түүнээс сонгож бүрдүүлсэн Улсын Бага Хурал 2 жил орчмын хугацаанд шинэтгэлийн үр үндсийг тавьж, шинэ Үндсэн хууль батлан Монгол орныг ардчиллын замд эргэж буцалтгүй оруулсан учир Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль баталсан болон анхны ардчилсан сонгууль болсон өдрийг онцлон тэмдэглэх учиртай гэж бодож байна. Постсоциализмын орнууд, тухайлбал Польшид анхны чөлөөт сонгууль болсон өдөр (1989 оны 6 дугаар сарын 4)-ийг заавал тэмдэглэдэг гэсэн.
Зочин
Б.Ширнэн /1990, АИХ-н 191-р тойрогт нэр дэвшигч/
Б.Ширнэн /1990, АИХ-н 191-р тойрогт нэр дэвшигч/
Б.Ширнэн /1990, АИХ-н 191-р тойрогт нэр дэвшигч/