“ГЕОСАН” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ГЕОЛОГИЧ Ж.ТОГТОХ: Ашигт малтмалын лицензэт талбайн хайгуулын ажлын сүүдэрт региональ судалгааны бодлого алдагдсан

Монголын эрдэс баялгийн салбарт 34 жилийн турш хүчин зүтгэж буй Ж.Тогтохыг сэтгүүлийнхээ энэ удаагийн зочноор урилаа. Тэрээр “ГЕОСАН” ХХК-ийн ерөнхий геологичоор ажилладаг билээ. Түүнээс геологийн зураглалын ажил болоод энэ салбарт хамгийн их дутагдаж буй тулгамдсан асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжийн талаар асууж тодруулсан юм.



-Геологичдийн ажил мэргэжлийн уралдаанд танай компанийн баг геологийн зураглал, эрлийн ажлын төрлүүдэд нэгдүгээр байр эзэлж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлсэн. “ГЕОСАН” компанийн геологичдийн давуу талыг та нэрлэнэ үү?
-Манай компанид залуу, дунд, ахмад гээд бүх үеийн геологичид ажилладаг. Тиймээс харилцан бие биенээсээ суралцах зүйл их гардаг. Тухайлбал, ахмад үеийнхний туршлага, дунд үеийнхний мэдээлэл сайтай байдал, залуу үеийнхний орчин үеийн технологийг эзэмшсэн зэрэг нь бие биенээ нөхөхөд нөлөөлдөг болов уу. Манай компани геофизик, топо зураглал зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэдэг учраас уг комплекс судалгааны байдал ч бас нөлөөлдөг биз. Манай компани 2003 оноос хойш Ахар уул-50, Алтанбулаг-50, Могойтхайрхан-50, Наран сэвстэй-50, Урандөш-50 зэрэг геологийн 1:50 000-ны масштабтай зураглалын ажлын хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо Ихэрийн хярын талбайд геологийн зураглалын ажил явуулж байна. Мөн Баруун өмнөд Монголын Алтайн өвөр говь, Монгол Алтай, Говь-Алтайн нуруудын зарим хэсгийг хамарсан 1048450 км2 талбайд 1:200 000-ны масштабын улсын геологийн иж бүрдэл зураг зохиох ажил дуусгах шатандаа явж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх явцад манай геологичид тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан гэж боддог.

-Геологич мэргэжлийн нэг онцлог нь албан тасалгаанд бус хөдөө хээр ажилладаг. Та сүүлийн үед хээрийн ажилд гарсан уу?
-Сүүлийн хоёр жил Баруун өмнөд Монголын бүс нутагт 19 хавтгайн хэмжээнд 1:200 000-ны масштабын улсын геологийн иж бүрдэл зураг зохиох төсөл дээр ажиллалаа. Угаасаа энэ ажлын дийлэнх хэсэг нь өмнөх судалгааны ажлыг нэгтгэх суурин боловсруулалтын ажлаас бүрддэг тул хээрийн ажил харьцангуй бага байсан. Гэсэн ч жилдээ нэгээс хоёр сарын хугацаанд хээрийн ажил хийж байсан.

-Та геологийн судалгаа, эрэл хайгуул хийж яваад эртний түүхийн дурсгалт олдвор олж байсан уу?
-Надад шинээр олж тогтоосон түүхийн дурсгалт олдвор байхгүй. Харин нийтээрээ мэддэг хөшөө, дурсгал дээр бол очиж байсан. Маршрутанд явж байхад хадны сүг зураг, хирэгсүүр мэтийн зүйлс таардаг л юм. Тэдгээрийн солбицлыг нь аваад экологи-геологийн зурагтаа тэмдэглэдэг.

-Геологийн зураглалгүйгээр энэ салбарыг төсөөлөхийн аргагүй. Таны бодлоор манай улсын геологийн зураглалыг явуулж байгаа бодлого ямар байна вэ. Засч сайжруулах зүйлээ юунаас эхлэх хэрэгтэй вэ?
-Тантай санал нэг байна, энэ салбарыг геологийн зураглалын ажилгүйгээр яаж төсөөлж болох билээ. Сүүлийн хэдэн жил ашигт малтмалын лицензэт талбайн хайгуулын ажлын сүүдэрт региональ судалгааны бодлого алдагдсан гэж хэлэхэд хатуудахгүй болов уу. Харин өнгөрсөн жилээс хувийн хөрөнгөөр хийдэг геологи-хайгуулын ажлын хөрөнгө оруулалт зогссонтой холбоотойгоор компаниуд зураглалын ажлыг нэлээд сонирхож байх шиг байна. Геологийн судалгааны ажил нь олборлох, боловсруулах салбарын үйл ажиллагаанаас 15-20 жилээр түрүүлж явдаг жишиг байдаг тул үүнийг салбарын хувьд төрөөс баримтлах бодлогын үндэс суурь болгох ёстой мэт санагдах юм. Региональ судалгааны ажлыг орчин үеийн жишигт нийцүүлэн явуулахын тулд чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох болон палеонтологийн шинжилгээний төрөлжсөн лаборатори байгуулах зайлшгүй шаардлагатай. Мөн зураглалын ажлыг явуулах хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Учир нь сүүлийн үед геологийн зураглалын ажилд хууль эрхзүйн орчинтой холбоотой саад бэрхшээл их гарах болсон. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын эрэл хайгуулын ажил болон улсын хөрөнгөөр гүйцэтгэдэг региональ судалгааны ажлын ялгаа заагийг төрөөс баримтлах бодлого болон “Ашигт малтмалын тухай хууль”-д маш тодорхой тусгаж өгөх ёстой гэж миний хувьд боддог. Геологийн зураглалын ажилд хүний хүчин зүйлийн үүрэг тэргүүн зэрэглэлд тавигддаг. Гэтэл манай гайгүй чадвартай залуу геологичид гадны хөрөнгө оруулалттай компанид ажиллалаа шүү дээ. Тиймээс боловсон хүчний залгамж халааг бэлтгэх асуудлыг анхааралдаа авч цэгцлэх шаардлагатай байна.

-Геологийн зураглалын ажилд зориулан улсаас мөнгө төсөвлөдөг ч хамгийн бага зардал тусгасан байгууллага нь тендерт ялж байна. Бага мөнгөөр геологийн зураглалын ажил хийхэд гүйцэтгэвэл зохих шаардлага, стандарт, ажлын чанарт сөргөөр нөлөөлөх сул талтай. Ер нь энэ хэр зөв шийдэл вэ?
-Миний бодлоор геологийн ажлын тендерт мөнгөн дүнг харгалзах асуудал бусад салбартай харьцуулахад харьцангуй бага байдаг болов уу. Геологийн зураглалын тендерийг шалгаруулахдаа эхлээд техникийн санал буюу төслүүдийг өрсөлдүүлдэг. Хэрэв техникийн саналын оноо тэнцсэн тохиолдолд санхүүгийн саналыг харгалздаг. Гэхдээ тухайн төсөл болоод төсөв нь бодитой байх ёстой гэдэгтэй санал нийлж байна. Тендерт ялах гээд бодит бус үнэ хэрэглэж салбарын хэмжээнд ажлын бодит өртгийг бууруулдаг явдал байгаа нь нууц биш. Үүнтэй уялдуулан хэлэхэд геологийн салбарын хөдөлмөрийн нормчлол, цаг зарцуулалт, үнэлгээний асуудлыг мэргэжлийн түвшинд судалгаа явуулан эргэж харах зүйлүүд байгаа нь үнэн.

-Манай судалгааны байгууллагууд дээрээс нь хувийн компаниудийн зураглалаар бэлтгэгдсэн нийт геологичид болон боловсон хүчний байдлыг харахад улсын хэмжээнд нэг жилд хэдэн анги зохион байгуулах бололцоотой гэж бодож байна вэ?
-Өнөөгийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсоны улмаас маш олон геологич ажилгүй болж байна. Тиймээс геологийн зураглалаар бэлтгэгдсэн геологичдийг нэгтгэн хэд л бол хэдэн анги зохион байгуулах бололцоотой байгаа шүү. Ингэж баг бүрдүүлэхдээ нэг ангид геологийн зураглалын ажлаар мэргэшсэн дор хаяж хоёр геологич байх ёстойг мартаж болохгүй. Мэргэшсэн геологич гэснээс манайд мэргэшлийн зэрэг олгож буй үйл ажиллагааны агуулга нь шулуухан хэлэхэд надад огт таалагддаггүй юм. 14 хоногийн сургалтанд суугаад л мэргэшсэн геологич гэсэн сертификат авч байна. Тус сургалтынх нь төлбөр 800 мянган төгрөг гэж байгаа. Бас болоогүй гурван жил тутамд тэр сургалтанд нь сууж мэргэшсэн геологич гэсэн зэргээ сунгуулж байх ёстой гэсэн. Ингээд бодохоор мэргэшсэн зэрэг олгох нэрийдлээр бизнес хийгээд байгаа юм шиг санагддаг. Гэтэл насаараа геологийн зураглалын ажил хийсэн хэрнээ сургалтанд сууж сертификат аваагүй хүмүүс олон бий. Ер нь геологичдийг ажилласан жил, удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хамгаалсан тайлан, тэдгээрийн чанар зэргийг нь харгалзан үзэж мэргэшсэн буюу зөвлөх зэргийг яагаад олгож болохгүй гэж. Тэр чиглэлээрээ тасралтгүй дагнан ажиллаж байгаа хүмүүс яагаад заавал сургалтанд сууж сертификат аваад түүнийгээ гурван жил тутамд сунгуулж байх ёстой юм бэ. Энэ мэтчилэн яривал их юм бий л дээ.

-Бид геологийн зураглалын ажлаа гүйцэтгэж дуусаад тайлангаа уламжлагдаж ирсэн байдлаар хамгаалдаг. Улс тайлан хүлээж авч байгаа тогтолцоондоо өөрчлөлт оруулах цаг болсон. Олон улсын жишигт хүрсэн байдлаар тайланг хүлээж авахын тулд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай гэж та боддог вэ?
-Геологийн зураглалын тайлан хүлээж авах тогтолцоо хуучнаа бодвол боловсронгуй болж байгаа гэж миний хувьд бодож байна. Өмнө нь Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөл нөөцийн тайлан, региональ судалгааны ажил хоёрыг адилхан бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж хүлээж авдаг байсан юм. Харин одоо мэргэжлийн чиглэлээр нь төрөлжүүлсэн байна лээ. Энэ тал дээр мэргэжлийн холбоодууд идэвх санаачлага гарган ажилласан нь сайшаалтай санагддаг.

-Манай улс газар нутгаа бүрэн гүйцэт судлахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Манай улс одоогийн байдлаар 1:50 000-ны масштабын геологийн зураглалаар газар нутгийнхаа 30 хүрэхгүй хувийг бүрхжээ. Газар нутгийнхаа үлдсэн 70 хувьд геологийн зураглалын ажил хийхийн тулд нэлээд цаг хугацаа, мөнгө шаардсан ажил болох нь тодорхой.Тиймээс энэ ажилд хэдэн төгрөг зарцуулагдах талаар өнөөдөр тооцоолж ярих нь утгагүй юм. Харин миний түрүүн хэлсэнчлэн хангалттай байгаа боловсон хүчин дээрээ тулгуурлан улсын төсвөөс хэдэн төгрөг хувиарлаж өгнө, тэр хэмжээгээр 1:50 000-ны масштабын геологийн зураглалын ажил хийж болно. Гэхдээ тооны хойноос хэт хөөцөлдөх нь ажлын чанарыг бууруулах сөрөг үр дагавартай байдаг учир нэг жилд хэрэгжүүлдэг геологийн зураглалын ажлын төслүүдийн тоог нэмэгдүүлэхээсээ илүү ажлын нэгжийн өртгийг өсгөж олон улсын жишигт тохирсон ажил хийх цаг болсон. Тухайлбал, геологийн зураглалын ажлын үед геохими, геофизикийн судалгаануудыг шаардагдах хэмжээнд хийдэг. Лабораторийн зохих шинжилгээнүүдийг өндөр түвшний лабораториудад хийлгэдэг. Тухайн масштабын зураг зохиох шаардлагыг хангасан өндөр нарийвчлалтай агаар сансрын зураг ашигладаг. Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглах нөхцөл хангагдсан байх ёстой. Үүний тулд ажлын нэгжийн үнэлгээг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байгаа юм. Түүнчлэн геологийн зураглалын ажлаас гадна тодорхой ашигт малтмалын чиглэлээр хийх төрөлжсөн судалгааг улсын төсвийн хөрөнгөөр хийж болох юм.

-Оюутолгой, Эрдэнэт зэрэг ордуудтай эдийн засгийн хувьд дүйцэхүйц хэмжээний орд илрүүлэхийн тулд геологийн ямар судалгааг ямар үе шаттай хийх хэрэгтэй вэ?
-Томоохон ордыг илрүүлэхийн тулд тодорхой төрлийн ашигт малтмалын прогноз металлогений төрөлжсөн судалгаа хийдэг. Мөн геологийн зураглалаар хэтийн төлөвтэй гэдэг нь тогтоогдсон газар нутгуудад геологи, геофизик, геохимийн судалгааг цогцоор нь хийн, өрөмдлөг хийж шалгаснаар орд илрэлүүдийг шинээр илрүүлэх боломжтой. Дашрамд хэлэхэд сүүлийн үед геологийн судалгааны үе шат, дэс дараалал алдагдсан. Уг нь геологийн зураглалын ажлаар ялгагдсан хэтийн төлөвтэй талбайнуудад том масштабын зураглал, эрлийн ажил, эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул гэсэн дэс дарааллын дагуу ажиллах ёстой юм шүү дээ.

-Геологийн зураглалаар хэдэн жилийн турш дагнан ажилласан нэг геологич “Геологийн зураглалын ажлын тендерт өрсөлдөхийн тулд нэгж үнэлгээгээ бууруулахаас өөр арга байдаггүй. Хоёр сарын хугацаанд тендерт бэлдээд материалаа явуулахад нээж үзсэн эсэх нь мэдэгдэхгүй хэрнээ аль хэдийн шалгаруулалт болоод өнгөрсөн байдаг. 1:50 000-ны геологийн зураглалын ажлын батлагдсан төсвийн тал хувь нь геофизикийн судалгаа болон лабораторийн шинжилгээнд зарцуулагддаг. Хөдөө очоод ажиллахад өдрийн 20000 төгрөгний цалингаар суваг ухах ажилчин олддоггүй” гэж учир байдлаа хэлж байсан юм. Энэ мэт хүндрэлүүд манай геологичдод тулгардаг. Та уг асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?
-1:50 000-ны масштабтай геологийн зураглалын төслийн төсвийн хэдэн хувийг нь лабораторийн шинжилгээнд, хичнээн хувийг геофизикийн судалгаанд зарцуулах вэ гэдэг нь тухайн талбайн тогтцоос хамаардаг. Гэхдээ бодит байдал дээрээ дээрх зүйлс нь төсвийн 30 орчим хувийг эзлэх байх. Нэгжийн үнэлгээний хувьд би түрүүн санаагаа хэлсэн. Тендерийг урьдчилан шалгаруулдаг гэдэг асуудлыг миний хувьд ёстой мэдэхгүй юм. Арай үгүй байлгүй дээ гэж л хэлье дээ. Геологийн судалгаа хийх байгууллагыг сонгохдоо сүүлийн жилүүдэд яг зураглалын чиглэлээр дагнан ажиллаж мэргэшсэн байх, боловсон хүчин, программ хангамж, техник тоног төхөөрөмжийн чадал зэргийг харгалзан үзэх ёстой гэж бодож байна.

-Ер нь геологийн зураглал, гадаргуугийн судалгааг хөгжүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах боломж бидэнд бий юу?
-Гадны компаниуд региональ судалгааны ажилд хөрөнгө оруулна гэж байхгүй л дээ. Учир нь тэд тодорхой ашигт малтмалын орд олоод тэндээсээ ашиг хүртэх зорилготой байдаг. Харин Засгийн газрын хамтын ажиллагааны түвшинд бол геологийн зураглалын ажил дээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийлгэх боломж бий.

-Энэ жил геологийн компаниуд ажил багатай, ихэнх нь сул зогсолтын байдалтай байлаа. Танай компанид энэ байдал хэр мэдрэгдэв?
-Мэдрэгдэж байгаа. Манайх 1:50 000-ны масштабтай нэг төсөлтэй 15 геологичтой боловч халаа сэлгээ хийсэн зүйлгүй, одоогоор болгоод л явж байна.

-Манай улс нэг үе ашигт малтмалын нөөцөөрөө олон улсын анхаарлын төвд байсан. Харин одоо “моод”-ноос гарч байгаа нь “Дисковер Монголиа-2013” чуулга уулзалтаас харагдаж байлаа. Бид өөрсдөө боломжоосоо зугтацгаасан юм шиг санагддаг. Энэ цаг үед бид хэрхэх ёстой вэ?
-Энэ асуудлыг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороход нэг талаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн савалгаа, нөгөө талаас манай хууль эрхзүйн орчны тогтворгүй байдал нөлөөлсөн. Миний бодлоор манай улсын хууль тогтоомжууд муу байгаадаа учир нь байгаа юм биш. Харин гаргасан хуулиа дуртай үедээ эс хайхарч чадаж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээхэд түлхэц болсон. Тиймээс хамгийн гол нь төр засаг гаргасан шийдвэрээ олон дахин өөрчлөхгүй тогтвортой чиг шугамыг баримтлах ёстой байх. Харамсалтай нь хууль эрхзүйн орчны тогтвортой байдал геологич биднээс хамаарахгүй юм даа.

-Баялгаа зүй зохистой, үр бүтээлтэй ашиглахын тулд бид одооноос ямар бодлого гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-Монгол орны хөгжил дэвшил, цаашдын бүтээн байгуулалт нь эрдсийн түүхий эд экспортлохоос өөр арга замаар мөнгө босгох гарцгүй байгаа нь бодит үнэн. Тиймээс татвар, хууль эрхзүйн орчин, байгаль орчноо нөхөн сэргээх асуудлыг анхаарлын төвд авч үзэх ёстой. Ихэнх уурхайнууд нөхөн сэргээлтийг ном ёсоор нь хийдэггүйгээс байгаль орчин ихээхэн сүйдэж, салбарын нэр хүндийг унагаах сөрөг үзэгдлүүд газар авлаа. Бид уул уурхайн салбарт гадныхантай хамтарч ажилласнаар материаллаг баялаг бүтээхийн зэрэгцээ шинэ техник, технологи эзэмшиж сурч байгаа нь хамгийн том баялаг гэж боддог. Гадныхан манайхаас явлаа гэхэд бидэнд технологи нь үлдэнэ. Сүүлийн хэдэн жилийн турш хайгуулын геологичид төрөл бүрийн ордын хайгуулын ажилд барууны геологичидтой хамтарч ажилласнаар тэднээс олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хайгуулын ажлын аргачлал, техник технологийн дэвшлээс суралцаж ур чадварын хувьд тэднээс дутахааргүй хэмжээнд хүрсэн. Энэ чинь л том зүйл шүү дээ.  Ер нь региональ судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгээд тодорхой ордын хайгуулын ажлыг гадны хөрөнгөөр хийдэг байх бодлогыг баримтлах нь зөв юм шиг санагддаг. Гадны хөрөнгө оруулагчид эрсдлээ үүрээд хайгуулаа хийнэ биз. Харин орд олсны дараа хэрхэн олборлож ямар хэмжээний ашиг олж болохыг нь манайхан хуулиндаа маш тодорхой тусгаж зохицуулж өгөх хэрэгтэй юм.

-Манай улсын геологийн салбарт дутагдаж буй хамгийн чухал хүчин зүйл юу вэ?
-Манай улсын геологийн салбарт дутагдаж буй нэн тэргүүний асуудал бол геологийн судалгааны ажил явуулах хууль эрхзүйн орчин боловсронгуй болгож гадны хөрөнгө оруулалтыг татах юм.

-Засгийн газар, яам, агентлагийн геологийн салбарт хэрэгжүүлж буй бодлогыг харж байхад огт хэрэггүй хэрнээ байнга байдаг ямар зүйл байдаг вэ?
-Энэ тухайд бол тендер шалгаруулах хугацааны асуудлыг ярьж болно. Тендерийн шалгаруулалт долоогоос наймдугаар сард дуусдаг. Гэтэл энэ чинь геологийн судалгааны ажил хийхэд хамгийн тохиромжтой үе шүү дээ. Тиймээс геологийн даалгавар хугацаандаа биелэгдэхгүй асуудал үүсдэг. Хугацаагаа сунгуулах гэхээр хууль эрхзүйн ямар актанд үндэслэх нь мэдэгдэхгүй үл ойлгогдох асуудал үүсдэг. Үүнийг эргэж харах шаардлагатай.

-Манайхан геологич гэхээр ашигт малтмалын орд нээдэг хүн гэж ойлгодог. Үнэндээ геологийн шинжлэх ухаан нь асар өргөн цар хүрээтэй ажил. Гэтэл манайд геологийн шинжлэх ухааны салбаруудаас ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлд л анхаарал хандуулдгаас бусад чухал зүйлсийг орхигдуулдаг. Манай улс геологийн салбарын бодлогынхоо хэдэн хувийг ашигт малтмал руу чиглүүлвэл зохистой гэж та үздэг вэ?
-Манай улс геологийн шинжлэх ухааны судалгааг орхигдуулдаг гэж ойлгож болохгүй л дээ.  Шинжлэх Ухааны Акедемийн Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэн дээр энэ талын судалгаанууд явагдаж, төслүүд хэрэгждэг. Гэхдээ уг ажилд улс хангалттай хэмжээний төсөв гаргаж өгдөггүй бололтой. Мэргэжлийн бус, өөр салбарын хүмүүс геологи гэхээр ашигт малтмалын ордын эрэл хайгуул гэж ойлгодог нь үндсээрээ буруу. Геологи гэдэг нь эх дэлхий, гараг ертөнц, тэдгээрийн эволюци хөгжлийг судалдаг шинжлэх ухаан бөгөөд дотроо маш олон салбар шинжлэх ухаантай. Геологийн зураглалын ажил нь хэдийгээр үйлдвэрлэлийн ажил боловч шинжлэх ухаан талдаа арай дөхүү байдаг. Харин ашигт малтмалын эрэл хайгуулын ажил нь шууд хэрэглээ буюу эдийн засаг талдаа ойр юм даа. Гадаадын орнуудад геологийн шинжлэх ухааныг хүрээлэн буй орчны байгалийн болон техногийн өөрчлөлт, цунами, газар хөдлөл зэрэг экологийн сүйрлүүдийг тайлбарлах, прогноз хийх талаас нь маш эрчимтэй судалдаг болсон. Манай улсад энэ чиглэлийг шинжлэх ухааны байгууллагууд их анхаарч тодорхой төсөв мөнгө зарцуулж судалгаа явуулмаар юм шиг санагддаг. Ашигт малтмалын ордын хайгуулын ажил нь асар их хөрөнгө шааарддаг. Ганцхан ордын хайгуулын зардал хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигддэг тул энэ чиглэлийн ажилд гадны хөрөнгө оруулалтыг татсан нь оновчтой юм. Харин маш чухал стратегийн чиглэлийн ашигт малтмалын ордын хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх нь зөв байх гэж би хувьдаа боддог.

-Геологичдийн судалгаа мэдээллийг уул уурхайн үйл ажиллагаанаас гадна барилга, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг бусад салбарт хэрхэн ашигладаг вэ?
-Уг нь улс орнуудад геологичдийн судалгааны мэдээллийг барилга хот байгуулалт, дэд бүтэц зэрэг бусад салбаруудад ашигладаг гэсэн. Харин манайд ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Барилга, автозамын ажил хийхэд инженер геологийн судалгаа гэж хийгддэг. Гэхдээ тэд геологийн зураглалын ажлын мэдээллийг авч ашигладаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Инженер геологийн судалгаа хийж байгаа геологичид нь геологийн салбараас илүү барилгын салбарт ойр байдаг болов уу.

-Төвлөрсөн хот суурин газрыг байгуулахаасаа өмнө тухайн газар нутгийн геологийн тогтоц болоод газар доор нь баялаг байгаа эсэх, бусад олон төрлийн судалгаа хийдэг байх. Гэхдээ зарим улс оронд хотынх нь доор томоохон хэмжээний орд байсан тохиолдол гарсан. Улаанбаатар хотын дор ямар нэг ашигт малтмалын орд бий болов уу. Ер нь дөрвөн уул, Туул голын хөндий буюу Улаанбаатарын суурийг геологичид хэр сайн судалсан юм бол?
-Их сонирхолтой асуулт байна. Төвлөрсөн хот сууринг барихаасаа өмнө тухайн газар нутгийн геологийн судалгааг маш нарийн гүйцэтгэсэн байх шаардлагатай. Учир нь энд ашигт малтмалын хуримтлалаас гадна, хүн амын амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх байгалийн ямар хүчин зүйл байж болохыг тодруулах хэрэгтэй болдог. Мөн тухайн газарт дахин давтагдашгүй геологийн тогтоц, хурдсын тодорхой зүсэлт, ховор сонин эрдсийн хуримтлал, эртний амьтан, ургамлын ховор үлдвэр зэрэг зүйлүүд байхыг үгүйсгэх аргагүй. Харамсалтай нь манайд яг энэ чиглэлээр тусгайлан судалгаа явуулж байгаагүй. Улаанбаатар хот орчимд хийгдсэн хамгийн том масштабын геологийн зураглалын ажил нь 1:50 000-ны масштабтай зураглалын ажил бөгөөд энэ нь хот баригдсан хойно буюу бүр саяхан 1993 онд хийгдсэн. Инженер геологийн судалгаанууд нь байшин барихад хэр тохиромжтойг нь үзэж байснаас цаашгүй. Энэ нь ганц Улаанбаатараар зогсохгүй бусад хот суурингуудад ч гэсэн ийм л байдалтай байгаа.

-Геологич хүн шинэ орд нээж ашигт малтмалын илэрц олно гэдэг шинжлэх ухааны үндэстэй, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн байдаг. Гэхдээ санамсаргүй байдлаар орд илрүүлэх тохиолдол байх уу?
-Өнөөгийн судалгааны түвшинд ил байгаа хэсгүүд нь бараг бүгд илэрсэн тул санамсаргүйгээр орд олно гэж бараг л байхгүй болов уу. Орд олоход мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэй цогц судалгаа хэрэгтэй. Одоо “нинжа” нар гэхэд л геологичоос илүү болсон байна гэж хүмүүс ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Учир нь нэгдүгээрт, тэдэнд тухайн газарт нэг кг алт байхад л ордын хэмжээний ойлголт болно. Хоёрдугаарт, тэд геологичдийн судалгааны мэдээллийг бүрэн дүүрэн ашигладаг болсон. Гуравдугаарт, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

-Та олон шавьтай юу. Залгамж халаагаа хэр бэлтгэж байна даа. Тэдний ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Миний хувьд хамт ажиллаж байгаа залуустайгаа өөрийн туршлагаа чадах чинээгээрээ хуваалцахыг хичээдэг. Мөн эрээд тэднээс ч суралцдаг. Манай компаний хувьд ШУТИС, МУИС-ийн геологийн тэнхимтэй хамтран ажиллаж жил бүр оюутнуудыг дадлагажуулах ажил зохион байгуулдаг. Манайд дадлага хийсэн залуусын зарим нь сургуулиа төгсөөд буцаж ирж ажиллаж байна. Мөн манайд дадлага хийж ажлын дөртэй болоод өөр байгууллагад амжилттай ажиллаж байгаа залуус ч бий. Хэдийгээр салбарын хэмжээнд ажлын олдоц хүндхэн байгаа ч гэлээ залгамж халаа болсон залуусынхаа ирээдүйг сайхнаар төсөөлдөг шүү.

-Таны сургууль төгсч байсан үеэс хойш цаг үе, эдийн засаг, техник технологийн дэвшил, шинжлэх ухааны ололт амжилт гээд олон зүйл өөрчлөгдсөн. Хэрэв та яг одоо их сургуулиа төгсч буй будаг нь ханхалсан инженер, 22 настай шинэхэн геологич байсан бол 2063 он хүртэл 50 жилийн хугацаанд геологийн аль салбарт ажиллаж, юу сурч мэдэж, ямар амжилтанд хүрэхээр төлөвлөх байсан бэ?
-Одоо хийж байгаа ажлаа л хийх байсан болов уу.

-Геологичдийг залуу, дунд, ахмад үе гэж гурав ангилаад тэдэнд тухайлсан ямар бодлогоор дэмжвэл үр өгөөжтэй байх вэ?
-Аль ч үеийн геологичдийг ажлаар хангах хэрэгтэй. Үүний тулд гадны хөрөнгө оруулалтыг татах хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хамгийн чухал асуудал юм.

-Геологич хүний хобби их сонирхолтой байх болов уу. Таны хоббиг сонирхох гэсэн юм?
-Миний хувьд мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалан уран зохиолын ном унших, уул хадаар явах хоббитой.

-Цаг зав гаргаж ярилцан танд баярлалаа. 


Д.ОЮУНЖАРГАЛ