З.Ганбаатар: Нормчлолын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй
Геологийн эдийн засгийн асуудлаар МУИС-ийн геологи, геофизикийн тэнхмийн багш З.Ганбаатартай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
МУИС-ийн геологи, геофизикийн тэнхмийн багш З.Ганбаатар: Геологийн салбарт хийх ажил их байгаа учраас нормчлолын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй
Геологийн эдийн засгийн асуудлаар МУИС-ийн геологи, геофизикийн тэнхмийн багш З.Ганбаатартай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Юуны өмнө та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
-Намайг З.Ганбаатар гэдэг, Улаанбаатар хотод төрж өссөн. Хүүхэд нас минь хотын бусад хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн тооны ангийг 1983 онд төгссөн. Улмаар Эрхүү хотод хэлний бэлтгэлд нэг жил сураад, Ленинградын Уулын дээд сургуульд суралцах боломж олдсоныг азтай хувь тохиол гэж бодож явдаг. Лениградын Уулын дээд сургууль нь 1773 онд Екатерина II хатан хааны зарлигаар байгуулагдаж байсан түүхтэй, дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг. Харин эхний байрт Германы Фрайбергийн сургууль ордгийг мэдэж байгаа байх. Анх ямар мэргэжил эзэмших гэж байгаагаа ч сайн ойлгоогүй байхдаа Ленинградад очиж мундаг эрдэмтэн багш нараар хичээл заалгаж геологийн инженер эдийн засагч мэргэжилтэй болсон. Ленинград хотын Уулын дээд сургуульд сурсан таван жил миний амьдралын сайхан мөчүүдийн нэгээхэн хэсэг байлаа.
Бид 1705 индекс кодоор энэ мэргэжлийг эзэмшсэн юм. 1705 индекс код нь уулын инженер эдийн засаг гэж явдаг ч Ленинградын Уулын дээд сургуульд л зөвхөн геологи хайгуулын эдийн засагч мэргэжилтэн бэлтгэдэг онцлогтой байж. Энэ мэргэжил /1705 индекстэй/-ээр Мягмармаа, Ж. Бямбацогт, Ц.Эрдэнэ нар сурч төгссөн. Тэд уул уурхайн эдийн засаг талаараа мэргэшин ажиллаж байгаа. Харин миний хувьд геологийн инженер эдийн засагч мэргэжилтэй болж, тасралтгүй 25 жил ажиллаж байна.
Одоо харж байхад геологийн инженер эдийн засагч мэргэжилтэнг тэр бүр бэлтгэдэггүй юм билээ. Бидний хувьд эдийн засаг гэдэг нэртэй боловч геологийн бүх л хичээлүүдийг судалж байсан.
-Та ажлынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ?
-Би сургуулиа төгсөөд нутагтаа ирээд, ЭХГУУЯ-ны томилолтоор Дорнодын геологийн экспедицийн эдийн засагчаар хуваарилагдан 1989 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 6 жил гаруй хугацаанд ажилласан.
-Монголд тан шиг геологийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн хүн хэр олон байдаг вэ?
-Гадаад оронд энэ чиглэлийн мэргэжил эзэмшиж, зэрэг цол хамгаалсан хүн байдаг байх. Миний танихаас тийм олон хүн байхгүй.
-Ер нь геологийн эдийн засаг гэж чухам ямар мэргэжил байдаг талаар ерөнхий ойлголт өгнө үү?
-Миний хувьд геологийн судалгааны ажлын төлөвлөлт, санхүүжилт, нормчлол чиглэлээр ажиллаж байгаад одоо багшилж байна. Үүнээс үзэхэд олон зүйлээс геологийн эдийн засаг тогтдог юм байна. Үүнийг ойлгомжтой байдлаар тайлбарлахад, захиалагч тодорхой талбайд, ийм хэмжээний ажлыг, төдий хугацаанд хий гэсэн даалгаврыг геологичдод өгдөг. Уг даалгавар нь манай геологичдийн хувьд зөрчиж болшгүй “Үндсэн хууль” гэсэн үг. Тиймээс уг даалгаврыг биелүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний санхүү, материал, хүний нөөцийг зөв оновчтой тодорхойлох нь геологийн эдийн засагчийн үүрэг. Геологийн эдийн засгийг илүү ойлгомжтой болгохын тулд хоёулаа бодит салбартай харьцуулж болох юм. Тухайлбал ямар салбар байж болох уу.
-Барилгын салбараар жишээ авч болох уу?
-Барилга нь төсөлд тусгагдсан материал бүгд хэрэглэгдэж байж сая баригддаг бол манай салбарт анх төлөвлөж байснаараа ажил нь хийгддэггүй, шинээр олж авсан мэдээлэлдээ үндэслээд ажлын төрөл болон хэмжээ өөрчлөгддөг. Үүнийг дагаад нөөцүүд нь бас өөрчлөгдөнө. Зардал нь тухайн ажлыг хийж буй хүний мэргэжлийн ур чадвар, шинжлэх ухааны чиг хандлага, геологийн тогтоц, нэвтрэлтийн зэрэг, газар нутгийн хол ойрын зай буюу байршил зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Үүний дээр геологийн ажлын үе шат гээд мэргэжлийн нарийн зүйлс орж ирдэг. Геологийн ажлын үе шатаас хамаарч өрөмдлөг хийх, дээж авах ажлууд, тэдгээрийн хоорондын зай, судалж тогтоох асуудал нь тодорхойлогдоно. Мөн нөөцийн ангилал, ордын төрөл гээд олон зүйлс нөлөөлнө. Тэгэхээр энэ бүх хүчин зүйлийн уялдаа холбоог харгалзан үзэж байж тухайн талбайд хийх геологийн ажлын зардлыг тодорхойлдог. Тиймээс геологийн даалгавар нь үндсэн баримт бичиг болдог. Үүнээс харахад тухайн геологийн даалгаврыг биелүүлэхэд шаардлагатай төсвийн тооцоо, судалгааг гаргаж өгөх үүрэгтэй хүнийг геологийн эдийн засагч гэж нэрлэнэ гэж хэлж болох юм.
-Эдийн засагч хүн геологийн эдийн засгийн тооцоог гаргах боломжгүй учраас тусгайлсан мэргэжил байх ёстой юм байна?
-Тийм шүү, гурван давхар байшин барихын тулд хэр хугацаанд ямар хэмжээний бараа материал ашиглах нь тодорхой бөгөөд бодитой учир төслийн дагуу барилга баригддаг. Харин геологид арай өөр. Жишээ нь, тухайлсан геологи-хайгуулын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байтал тухайн талбайд захиалагчийн төсөөлж байсан эрдсийн хуримтлал байхгүй нь судалгааны явцад тогтоогдвол уг ажлыг хугацаанаас нь өмнө зогсоодог. Эсвэл, судалж байгаа хүдрийн биет төсөөлж байснаас илүү уртаар сунаж тогтсон бол анх тодорхойлсон цаг хугацаа, санхүүжилт нь дууссан ч геологийн даалгавраа биелүүлж чадаагүй байдалд хүрнэ. Тиймээс энэ мэт эрсдэлийг харгалзан үзэж алхам тутамдаа авсан дээжээ лабораторид шинжилж үзээд дараагийн хийх ажлаа чиглүүлэн, аргачлалаа өөрчлөх шаардлагатай болдог. Тиймээс геологи хайгуулын ажил хийж буй тохиолдолд цаг ямагт бүх мэдээллийг авч, тооцоолж байж зарцуулах зардлаа оновчтой болгох учир барилгын салбараас өөр байгаа биз. Салбарын бус эдийн засагч геологийн мэдлэггүй учраас энэ тооцоо судалгааг гаргахад их төвөгтэй байдаг бол геологичид зардал, санхүүгийн тухай ярихаар хүнд байдаг. Тэгэхээр геологичдийн зорилгыг ойлгож, судалгааны талбайн нөхцлийг үнэлж, тооцоолж байж, богино хугацаанд бага зардлаар, их мэдээлэл авах боломж бүрдэнэ.
-Тэгэхээр геологи-хайгуулын ажил эрхэлж буй хүмүүс геологийн эдийн засгийн тооцоогоо хэрхэн хийдэг вэ. Танаас өөр мэргэшсэн хүн байхгүй гэсэн биз дээ?
-Хуучны ахмад геологичид, геологийн эдийн засагч гэдэг мэргэжилтэн маш чухал хэрэгтэй гэдгийг ойлгодог ч үнэндээ манайд мэргэжилтэн хомс. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зорилгоор би МУИС-ийн геологи, геофизикийн тэнхимд багшилж байна. 2007 оноос хойш 200 гаруй шавьтай болсон ба тэдний тодорхой хэсэг нь геологийн эдийн засгийн чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ тун цөөхөн. Ер нь манай ихэнх компаниуд өөрсдөө л тооцоогоо болгоод явж байна шүү дээ. Тэд, суваг малтах зардлаа хэдээр тооцож байна гэж бие биенээсээ асууж байгаад гаргах тохиолдол ч бий. Гэтэл суваг малтахад тухайн хурдсын хатуулаг, гүн, арга нь талбай бүрт харилцан адилгүй байх тул ижил байх аргагүй. Социализмын үед геологи-хайгуулын ажлыг дагнасан экспедицүүд гүйцэтгэдэг байсан. Тэд бүгд эдийн засгийн албатай байсан учраас хүндрэл гардаггүй байлаа. Харин өнөө үед геологи-хайгуулын компани бүр дэргэдээ эдийн засгийн албатай байх санхүүгийн чадамж бүрдээгүй байна. Аргагүй шүү дээ, эдийн засагчтай байх хэмжээний боломж бага байна. Тиймээс хуучны геологичдийн олонх нь эдийн засгийн тооцоо судалгааг туршлагадаа үндэслэн өөрсдөө хийж байгаа байх.
-Геологи хайгуулын ажлын төсвийн тооцоог баримжаагаар хийнэ гэхээр алдагдалтай ажиллах эрсдэл нь нэмэгдэнэ гэсэн үг үү?
-Манай геологичид энэ нөхцөл байдлыг сайн мэддэг учраас зөвлөгөө авч, асуух нь бий. Ихэнх нь үндэслэл сайтай тооцоолол хийгээгүйгээс хугацаа алдах, мэдээллийн үнэмшил буурч зардал нэмэгдэх эрсдэлүүд гаргадаг.
-Танай сургууль дээр геологийн эдийн засагч бэлтгэж байгаа юу?
-Манай геологи, геофизикийн тэнхим нь геологи, шатах ашигт малтмалын геологи, геологи эрдэс баялгийн менежмент гэсэн гурван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Геологи эрдэс баялгийн менежментийн ангийн оюутнууд геологийн салбарын тал бүрийн онолын мэдлэг эзэмшиж, дадлага хийн, боломжийн хэмжээний мэргэжилтэн болж төгсөж байгаа. Мөн С.Авирмэд багш уурхайн эдийн засаг, ТЭЗҮ зохиох хичээл заадаг. Тиймээс манай оюутнууд геологийн болон уурхайн эдийн засгийн мэдлэгтэй болж төгсдөг.
-Геологийн эдийн засгийн тооцоогоо өөрсдөө хийдэг геологичид таны ярилцлагыг уншиж байгаа байх. Тиймээс геологи хайгуулын ажлын зардлыг төлөвлөхийн тулд ямар зүйлийг анхаарах зайлшгүй шаардлагатай байдаг талаар зөвлөгөө өгнө үү?
-Геологи хайгуулын ажлыг зохион байгуулахад норм чухал үүрэгтэй. Нэгэнт уг салбарын норм байхгүй тохиолдолд өөрийн байгууллагын хэмжээнд мөрдөх нормтой болохыг зорих хэрэгтэй болов уу. Цагийн болон зардлын тооцоо нь төсөл, төсөв зохиох–үйлдвэрлэл–статистик бүртгэл–зардлын дүн шинжилгээ–тохируулга–төсөл төсөв зохиолт гэсэн орчлоор явагддаг. Иймд үйлдвэрлэл явж байхад дүн бүртгэлийг геологийн нөхцөлтэй уялдуулан сайн хийж, түүнийгээ боловсруулж, дүн шинжилгээ хийснээр компани өөрийн нормтой болно. Зардлын нормоос гадна цагийн, хүн хүчний, техник тоног төхөөрөмжийн, материалын нормууд нь бас гараад ирнэ. Харин цаашид чангадаж эсвэл сулдаж байгааг сайн анзаарч байвал дээр ярьж байсан эрсдэл гарахгүй байх боломжтой.
-Монголд геологийн эдийн засагчтай компани бий юу?
-Миний мэдэхийн геологийн эдийн засагчтай байгууллага байхгүй л болов уу. Хуучин хүмүүс маань тэтгэвэрт гарч идэвхтэй үйл ажиллагаа явуулахаа больсон. Харин шинэ залуу мэргэжилтнүүд нь үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа ч тэднийг ойлгож хүлээж авах цаг нь арай л болоогүй бололтой. Уурхайн олборлолтын хувьд бус геологи хайгуулын ажлын тухайд би ярьж байгаа шүү дээ. Нэг жишээ дурьдахад, Дорноговь аймгийн Лугийн голын ГХЭ-ийн орд дээр ажиллаж байгаа миний нэг найз нормчлол хийх чадвартай гурван залуу мэргэжилтэн хэрэгтэй байна гэж надаас нэхэж байгаад авч байсан юм. Түүний хувьд нормчлол гэдэг зүйл ямар чухал хэрэгтэй гэдгийг сайн ойлгосон хүн л дээ. Манай гурван шавь хоёр жилийн дотор тухайн компанийн геологи хайгуулын ажлын нормчлолыг бүрэн хийсэн. Тэгснээр тухайн компанийн ажлын бүтээмж эрс дээшилсэн. Уг нь манайд чадвартай мэргэжилтнүүд байгаа.
-Та ямар ордуудад геологи хайгуулын ажлын эдийн засагчаар ажиллаж байв?
-Миний хувьд төрийн албан хаагчаар ажиллаж байснаас, яг геологийн эдийн засагчаар олон орд дээр ажиллаагүй. Дорнодын геологийн экспедицид ажиллаж байхад, манай байгууллагын геологичид Цавын холимог металлын орд, Цагаанчулуутын алтны шороон орд, Хэнтийн Салхит алтны шороон ордууд, Битүүгийн илрэлд эрэл хайгуулын ажил явуулж байсан.
-Сүүлийн жилүүдэд геологийн салбар хүндхэн байдалд байна. Энэ үед геологи- хайгуулын компаниуд геологийн эдийн засагчаар тооцоогоо гаргуулвал одоо ажиллаж байгаа зардлаа багасгах боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?
-Хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотойгоор геологийн компаниуд хүнд нөхцөлд байна. Эрлийн болон хайгуулын шатны ажлын хөрөнгө оруулалт эрс багассанаар ажил зогсонги байдалд орлоо. Гэхдээ ч арай бас бүр зогсоогүй. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг зураглалын ажил сүүлийн жилүүдэд мөнгөн дүнгээр нэмэгдэж ажлын хэмжээ өсч байна. Ер нь санхүүгийн эх үүсвэр хүндрэлтэй байгаа үед багахан хөрөнгөөр хэрэгтэй мэдээллээ олж авахад нэмэртэй л байх болно.
-Геологийн эдийн засгийн тусгайлсан программ гэж байдаг уу?
-Одоогоор тийм программ алга. Өмнө нь геологийн экспедициүд ажиллаж байхад геологи хайгуулын ажлын төсөв боддог DOC-ийн орчинд ажилладаг программ байсан. Бас нэг зүйл нь манайхан геологи хайгуулын ажлын төсвийн нормоо цаг үетэйгээ нийцүүлэн шинэчлээгүй.
-Ямар учраас цаг үетэйгээ нийцүүлэн нормын асуудлаа шинэчлээгүй юм бол?
-Социализмын үед Геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн харьяа, Б.Адьяа ахлагчтай төсвийн групп ажиллаж байсан юм. Тус группынхэн нормыг боловсруулдаг, хянадаг байсан боловч татан буугдсанаас нь хойш Монголд геологи-хайгуулын ажлын төсвийн норм гэдэг зүйл байхгүй болсон. Зах зээл хурдацтай хөгжиж буй өнөө үед төсвийн нормгүй харанхуй явж байгаа нь харамсалтай. Уг нь үүнийг ойлгодог, мэддэг цөөн хэдэн хүн нь нормоо шинэчлэх гэж янз бүрээр оролддог ч дэмжигддэггүй юм. Уг нь төсвийн нормыг хариуцан нэг баг ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн өвөл яамны мэргэжилтнүүд геологи-хайгуулын ажлын төсвийн нормоо дахин боловсруулахын тулд тендер зарлая гэж ярьж байсан. Гэхдээ тендер зарлаж буй арга нь буруу. Тендерт шалгарсан хуулийн итгээд тухайн үедээ төсвийн норм хийж өгөөд л яваад өгнө. Гэтэл тэр нормыг мөрдөж байна уу, зохих ёсоор нь ажиллаж байна уу, норм нь хатуу байна уу, сул байна уу гэдгийг хянаж, тохируулах тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Тиймээс тендер зарлаж байхаар яам, агентлангийн харьяанд гурван хүний бүрэлдэхүүнтэй норм боловсруулдаг баг гаргаж ажиллуулахад л шийдэгдэх асуудал. Тухайн мэргэжилтнүүд нь нэн шаардлагатай байгаа ажлын нормыг гаргах замаар шинэ дэвшилтэд техник технологидоо тохирсон нормыг тухай бүрд нь боловсруулаад явж болно. Ингэснээр 5,6 жилийн дараа Монгол Улс геологи-хайгуулын ажлын төсвийн нормтой болох бүрэн боломжтой юм. Үнэндээ хүмүүс норм гэхээр ажилтаны өдөрт хийх ажил, цалинг тогтоодог зүйл гэж ойлгоод байдаг. Гэтэл норм бол тухайн ажилтаны ажиллах, амрах цаг, үйлдвэрлэлийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах бүх нөхцлийг нь судалж байж гаргадаг нарийн зүйл. ОХУ-д геологи хайгуулын ажлын норм хариуцсан институт ажилладаг. Бидний хувьд нутаг дэвсгэрээ бүрэн судлаагүй, геологийн салбарт хийх ажил их байгаа учраас нормчлолын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
-Норм шинэчлэх тендер зарлагдсан уу?
-Төсөв мөнгө нь шийдэгдээгүй учраас тэгэс гээд чимээгүй болсон. Угаасаа төсвийн нормын ажил дээр тендер зарлаад нааштай ч үр дүнд хүрэхгүй.
-ЭБМЗ шинээр нээгдсэн ордуудыг бүртгэж авахдаа геологийн эдийн засгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн, төсвийн нормоо яаж гаргасан зэрэг асуудлыг шалгадаггүй юм уу, эсвэл тэдэнд хамаагүй асуудал уу?
-Тус ордыг хайхад гарсан зардал, зарцуулсан хугацааны тухай яригдаад л өнгөрдөг. ЭБМЗ-д хайгуулын ажлын үр дүн чухал учраас энэ талын асуудлыг хөнддөггүй.
-Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй геологи хайгуулын ажлын төсөвт геологийн эдийн засагч ажиллуулж, нормыг нь тогтоодог уу?
-1990-ээд оны эхэн үеийг хүртэл төсвийн группынхэн уг ажлыг хийдэг байсан. Түүнээс хойш хийгдээгүй. Харин өдгөө захиалагчийн зүгээс, 1м2 талбайд ногдох зардлын хэмжээг томсгосон үнэлгээний аргаар гаргаад, түүгээрээ хяналтын төсвийг боддог. Тухайн зардлыг хэрхэн тооцож гаргаж байгааг хэлж мэдэхгүй юм.
-1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажлын тендерийн шалгаруулалт болж байгаа. Төсвийн мөнгө хүрэлцдэггүй учраас хийж буй ажлын чанарт нөлөөлдөг гэдэгтэй та санал нийлдэг үү?
-2014 оны 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажлын техникийн саналуудаа зургаадугаар сарын 16-ны өдрийн өглөөний 10.00 цагт шалгаруулалтын комисс хүлээж авсан. Одоо техникийн саналаа дүгнэх ажил явагдаж байгаа. Төсвийн мөнгө бага байгаа нь ажлын чанарт нөлөөлж байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Геологи хайгуул, тэр дундаа зураглалд эрдэм шинжилгээний ажил давамгайлдаг учраас тухайн хүний мэдлэг, ур чадвараас л шалтгаалах зүйл. Тухайн ажлыг гүйцэтгэж буй геологич алх, дэвтрээ бариад дээжээ авч явдаг. Тиймээс энэ чиглэлд дадлагажиж, хамт олноо сайн зохион байгуулж, чиглэл чиглэлээ хариуцсан геологичдоор багаа бүрдүүлж, тогтвортой ажиллаж байгаа нь илүү чанартай судалгааны ажлын үр дүн гаргаж байгаа нь харагддаг. Энэ онцлогийг тендер шалгаруулахдаа анхаарахгүй бол чанартай үр дүнд тэр бүр хүрэхгүй. Харин төсвийн мөнгө хүрэлцээгүйн улмаас 1:50 000-ны масштабын геологийн зураглалын ажлыг иж бүрнээр нь хийж чадахгүй байгааг бол хүлээн зөвшөөрнө. Мэдээж зүй тогтлоороо зөвхөн ашигт малтмал гэлтгүй геологийн сонирхол татсан цэгүүдэд өрөмдлөг хийж үзвэл хэтийн төлвийг нь тодорхойлох асуудлыг шийдвэрлэх боломжтой. Бас нэг онцлог нь геологи өөрөө газар дор байгаа геологийн ба хүдрийн биетийг судалж дүгнэлт гаргаж байгаа нь магадлалын шинжтэй болохоор хэд хэдэн аргыг цогцоор хэрэглэж байж нэгдсэн бодит байдалд дөхүүлсэн дүгнэлтэд хүрдэг. Иймд төсвийн мөнгө хүрэлцдэггүйгээс иж бүрэн судалгаа хийх боломж бүрддэггүй гэдгийг бол хүлээн зөвшөөрнө.
-Та АМГ-т ажиллаж байхдаа 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажилд ямар байдлаар оролцож байсан юм бэ?
-Би АМГ-ын Геологийн албаны төлөвлөлт санхүүжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тухайн үед тендерт ялж, гэрээ байгуулсан эх үүсвэрийн хэмжээнд багтааж, сар тутмын ажлын санхүүжилтыг гүйцэтгэгч нартаа хүргэх замаар тасралтгүй хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, дарга удирдлагуудыг шуурхай мэдээллээр хангах ажил хийдэг байлаа. Өдөр тутмын процессыг зохицуулах үүрэгтэй байсан гэсэн үг. 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажилд гарч буй геологийн нөхцлийн өөрчлөлтийг даган хийгдэх аргачлалын болон ажлын төрөл хэмжээ тохируулан өөрчлөх замаар зөв мэдээллийг бүрдүүлэх нөхцөл бүрдүүлэхийг хичээн ажиллаж байв. Уг талбайд дахиж зураглал хийнэ гэж хүн очихгүй шүү дээ. Манай улсад 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажил миний тооцоолсноор нийт газар нутгийн 32.7%-ийг хамарсан. Харин манайхны зарим нь кондецийн гэдгээр нь арай өөр тоо гаргасан байна лээ. Бид 30%-тай байгаа уг зураглалын ажлыг 70% хүргээд судалчихвал газар нутгийн маань хаагуур ямар эрдэс, хурдас чулуулаг тархсаныг мэддэг болно. Үүндээ үндэслээд дэд бүтцээ төлөвлөж, шаардлагатай боловсон хүчнээ бэлтгэх, бусад салбарыг хөгжүүлэх боломжтой болох юм. Оюутолгой ордыг ашиглахад үндэсний боловсон хүчний дутагдалд орсон шүү дээ. Тиймээс 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажлыг хийж байж хэтийн төлвөө олон чиглэлд улс орон тодорхойлох боломжтой болно.
-Тэгэхээр 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажилд өндөр ач холбогдол өгч судлах ёстой юм байна шүү дээ?
-Энэ асуудал бол бодлогоор зохицуулагдаж явах ёстой болж таарч байгаа биз. Өнөөдөр манайхан ач холбогдол өгөхгүй байна. Яахав, нэг үеэ бодоход мэдээлэл цугларч байна, удахгүй ашиглаж эхлэх байх. Ер нь геологи-хайгуулын ажлын үр дүнгээ бусад улс орнууд их нууцалдаг. Тухайлбал, Орос, Хятадад очиход геологийн фондынхоо хаалгаар ч оруулдаггүй. Техник технологи өндөр хөгжихийн хэрээр манай геологийн мэдээлэл, тоон хэлбэрт шилжиж, судлаачдад шуурхай, эвтэйхэн болсон боловч нөгөө талдаа мэдээлэл алдагдах аюул нүүрлэж байгаа. Тиймээс энэ асуудалд сэтгэл зовниж явдаг.
-Төрөөс 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажилд ямар бодлого барьж ажилладаг вэ. Өмнө нь хийж байснаас ямар дэвшил гарсан бэ?
-Энэ масштабын зураглалын ажилд хэтийн ба дунд хугацаанд хамруулах талбайг геологийн шийдвэрлэх асуудал болоод ашигт малтмалын тархалтын онцлогийг харгалзан металлогенийн дүүргээр нь урьдчилан хэлэлцэн тогтоод түүндээ хүчээ төвлөрүүлж ажиллаж ирсэн. Харин өмнө нь эхний ээлжинд зураглалд хамруулахаар заасан талбайд 1:50 000-ны масштабтай зураглал, ерөнхий эрлийн ажил явуулаад дууссан. Одоо ойрын жилүүдэд судалгаанд хамруулах талбай, дүүргийг тогтож, системтэйгээр судалгаа хийх хэрэгтэй.
-Гадны хөрөнгө оруулагчид манайд геологийн судалгаа хийгээд буцахдаа мэдээллээ өөрсдөө аваад явдаг. Тиймээс үндэсний геологичдод тухайн судалгааны материал олддоггүй учраас хүндрэл учирдаг гэдэг юм билээ?
-Хувийн хөрөнгөөр хийгдсэн геологи-хайгуулын ажлын үр дүнг фондонд тушаана. Тухайн материалыг хийсэн хүнийх нь зөвшөөрлийн дагуу үзэж танилцаж болно гэсэн хуулийн заалт бий. Хөрөнгө зарж, хугацаа зарцуулж ажилласан мэдээлэл учраас нууцлах нь нэг талаараа зөв. Гэхдээ газар нутгийнхаа мэдээллийг төр яагаад авч болохгүй гэж. Хэн ч үзэж болдоггүй баахан тайлан хураах хэрэг байхгүй шүү дээ. Энэ ауудлыг зохицуулах л хэрэгтэй.
-Манайхан газар нутгийнхаа 30%-д 1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажил хийсэн. Үнэндээ өмнө нь Оросууд газар нутгийг маань бүрэн судлаад тухайн материалаа нууцалсан байх боломж бий болов уу. Миний хувьд геологийн мэргэжлийн хүн биш учраас хардах сэтгэлээр ийн асууж байгааг минь ойлгоорой?
-Яг нарийн зүйлийг нь тэр үед ажиллаж байсан хүмүүсээс асуух нь зөв болов уу. Эрэл хайгуулын ажил түлхүү явуулаад, зураглалын ажил бага явагдсан байдал харагддаг.
-ЗХУ задрах үеэр тэдний геологийн материалтай хамт манай мэдээлэл баруун руу гарсан. Тиймээс барууныхан манай геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтыг мэдэж байгаа учраас орж ирдэг гэж нэг хүн ярьж байсан юм. Ийм зүйл байж болох уу?
-Үгүйсгэх аргагүй, нарийн сайн мэдэхгүй байна.
-Одоо хийгдэж буй геологийн зураглалын ажлууд хэр чанартай хийгдэж байгаа вэ. Хүссэн үр дүндээ хүрч чадаж байгаа болов уу. Нэг ёсондоо бид мэдээллээ цуглуулж чадаж байна уу?
-Одоо хийгдэж буй геологийн зураглалын ажлын чанар миний санаанд хүрдэггүй. Энэ нь бид залуу мэргэжилтнүүдээ туршлагажуулж амжихгүй байгаатай холбоотой. Үүнд тендерийн зарчим саад болдог. Зураглалын баг тогтвортой ажиллаж нь үр дүнтэй ажиллах нэг нөхцөл. Тийм баг мэдээлэл цуглуулах аргаа нарийн оновчтой болгож чадсан байдаг.
-Тэгэхээр тендерийн зарчмаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай юм байна. Үүнийг өөрчилж зохицуулах арга байдаггүй юм уу?
-Одоо явагдаж буй тендерийн зарчим манай салбарт тохиромжгүй байдаг. Тендер тусгай хуулиар зохицуулагддаг. Уг нь манайхан салбартаа тохируулан үнэлгээний зарчмаа өөрчилж болно. Тухайн хуульд ажил гүйцэтгэгч, бараа худалдан авагч, зөвлөх үйлчилгээ гэсэн гурван зүйл байдаг. Манайх талбай дээрх мэдээллийг цуглуулж тайлан болгон мэдлэг дамжуулдаг учраас зөвлөх үйлчилгээ гэж явдаг. Түүнээс бид газар ухаад ажил хийгээд бараа зараад байгаа юм биш. Тиймээс зөвлөх үйлчилгээг хуулийн дагуу тодорхойлох хэрэгтэй байна.
-Жил бүрийн тендерийн ажлын онцлог гэж зүйл байдаг уу?
-Хууль эрхзүйн орчин нь өөрчлөгддөггүй учраас онцлог гэж байхгүй. Өнгөрсөн жил 1км2 талбайд хийгдэх ажлыг 190 мянган төгрөгөөр захиалагч хяналтын төсвийг бодож байсан. Энэ жил 195 мянган төгрөг буюу 2,6 орчим хувиар нэмэгдсэн. Гэтэл энэ жил инфляц хэд болж өссөн билээ, үүндээ тохируулж төсвийг 12%-иар өсгөж бодох учиртай байсан. Энэ хэрээр мэдээллийн төлөөлөх чадвар багасна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид манайхаас гарч явснаар хайгуулын компаниуд ажилгүй болж сул зогсож байна. Тиймээс тэдгээр компаниуд энэ удаагийн тендерт оролцох хүсэлтээ олноороо өгсөн. Гэхдээ 2014 оны тендерийн шаардлага өндөр байсан учраас ихэнх нь больсон байх. Тендерийн хурлын нээлтэн дээр очиход миний төсөөлж байснаас цөөхөн хүн оролцож байсан, ихэвчлэн хуучны хүмүүс харагдсан. Гэхдээ өрсөлдөөнтэй байсан байх. Төсөв нь инфляциа дагаж нэмэгдээгүй учраас чанарын хувьд нэг их өөрчлөлт гарахгүй байх.
-1:50 000-ны масштабтай геологийн зураглалын ажлын тендерт шалгарч ажиллах хүмүүс ямар зүйл дээр анхаарч ажиллах шаардлагатай вэ?
-Энэ асуултанд геологичид илүү хариулах байх. Эдийн засагчийн хувьд хэлэхэд ажлаа богино хугацаанд, зөв зохион байгуулалттай төлөвлөвөл үр өгөөжтэй байж чаддаг. Ямар нэг шалтгаанаар хугацаа сунгагдах тусам зардал нэмэгддэг. Энэ жил 10 тэрбум төгрөг буюу долоо орчим сая ам.долларыг геологийн судалгааны ажилд зарцуулах төсөв гарсан. Хэдийгээр өнгөрсөн жилийнхээс гурав орчим тэрбум төгрөгөөр төсвийн мөнгө нэмэгдсэн ч хийх шаардлагатай ажилтай харьцуулахад бага тоо. Бид 1989 оны үед 31 сая ам.долларын ажил хийдэг байсан. Гэхдээ мөнгийг чамалж болохгүй, сайн зохион байгуулж чадвал бага мөнгөөр богино хугацаанд чанартай ажил хийж болно. Үр дүнгээ сайжруулахын тулд бид залуу боловсон хүчнээ чанаржуулах хэрэгтэй байна. Мөн тендерийн мөнгийг цаг тухайд нь шийдвэрлэж өгөх асуудал маш чухал байдаг. Тендер зарлагдаж, шалгаруулалт нь явагдаад эхний санхүүжилт өгөх гэсээр байтал намар болж цас орж эхэлдэг. Зуны дэлгэр цагт ажиллах ёстой байтал намрын улиралтай золгочихоор цаг уурын өөрчлөлтөөс болоод ажил хийхэд хүндрэлтэй болох нь ойлгомжтой. 1:50 000-ны масштабтай геологи хайгуулын ажлын заавар нь бэлэн байдаг учраас түүнийг харж байгаад гүйцэтгэгч тохирсон аргачлалаа сонгоод ажиллаж болно. Гэхдээ хэрэгжүүлэгч агентлагийнхан тэдэнд сайн зөвлөж тусалж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн санхүүжилтыг нь цаг алдалгүй олгож байх хэрэгтэй. Гэтэл одоо ажил гүйцэтгэгч тал зарлагын падаан цуглуулж өгч байж санхүүжилтээ авдаг болсон гэсэн. Тиймэрхүү цаг барсан зүйл хэрэггүй шүү дээ. Тиймээс энэ тал дээр төрийн байгууллага тусалж дэмжих хэрэгтэй. Миний хувьд төрийн байгууллагад ажиллаж байсан учраас энэ бүхнийг мэднэ. Тухайн үед ахмад геологичид геологийн судалгаа хийж буй байгууллагууддаа зөвлөгөө өгч, гар нийлж ажилладаг байсан. 2000-2004 оны үед манай салбарын баг сангийн яамтай уялдаа холбоотой ажилладаг байсан юм шүү. Сарын эхний өдөр нэгтгэлээ өгөөд 5-ны өдрийн дотор санхүүжилтээ авдаг байсан үе бий. Хөдөө ажиллаж буй геологичдод санхүүжилтыг нь шийдвэрлэж өгөхгүй бол ажил хийхэд үнэхээр хэцүү шүү дээ.
-Яам, агентлагуудын хоорондын уялдаа холбоо алга гэж яриад байдаг. Үнэндээ хамтарч ажиллаж болдог юм аа гэдгийг та бүхэн харуулжээ?
-Яамдууд хоорондоо, агентлагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж чадна, тэгж ажиллаж ч байсан. Хамгийн гол нь итгэлцэл чухал байдаг. Миний хувьд өөрөөс хамаарах ажлыг цаг алдахгүй хийж, холбогдох мэргэжилтнүүдэд судалгааны талбайн уялдаа холбоо, ач холбогдол үр өгөөжийн талаар танилцуулж байсан нь цаг алдаж, санхүүжилт зогсохгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд нэмэр болж байсан болов уу. 2002 онд УИХ-аас баталсан төсвөөс, гүйцэтгэл 67 мянган төгрөгөөр дутаж, нэгдсэн гүйцэтгэл гарч байсан. Энэ бол 100%-ийн биелэлт гэсэн үг. Энэ нь улсаас олгосон хөрөнгийг мэдээлэл болгож байсан гэж ойлгож болно.
-Таны хувьд эзэмшсэн мэргэжлээ түгээхийн тулд багшилж хувь нэмрээ оруулж байгаа юм байна. Мөн өөр ямар байдлаар геологийн эдийн засаг гэдэг зүйлийг Монголд бүрэн утгаар нь нэвтрүүлэх боломж бий вэ?
-Бид газар нутгийнхаа 70 орчим хувийг 1:50 000-ны масштабын зураглалын түвшинд судлаагүй байна. Тиймээс бидэнд хийх ажил, хэрэгцээ маш их байна. Тэр ажлыг гүйцэтгэх мэргэжилтнүүд нь ч байгаа. Тэгэхээр энэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхэд төрийн зөв зохицуулалт, дэмжлэг хэрэгтэй юм. Ядаж гурван хүний ажлын байр гаргаад геологи хайгуулын ажлын төсвийн нормтой болох хэрэгтэй.
-Геологичид болоод хувийн хэвшлийнхэнд геологийн эдийн засгийн мэдлэг олгох сургалт семинар болдог уу?
-ШУТИС-ийн мэргэшсэн геологич зэрэг олгох сургалтан дээр эдийн засаг талын хичээл ордгоос өөр сургалт болдоггүй. Харин хувийн хэвшлийнхэн 1-2 цагийн хичээл заалгах хүсэлт тавьдаг.
-Цаашид зураглалын ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах, үнэлэмжийг нь өсгөх ямар арга зам бий вэ?
-Үүний тулд геологичдоо тогтвортой ажиллуулах, чадваржуулах, зураглалын ажлыг зааврын дагуу хийх хэрэгтэй байна. Геологийн хайгуул судалгааг зөвхөн ашигт малтмалын өнцгөөс харах бус газрын шинжлэх ухаан гэдэг талаас нь харж чиглэл, аргачлалыг сонгож ажиллавал үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн манай сургуулиудад геологийн зураглалын анги нээж зураглалын геологич бэлтгэж болох юм.
-Та МУИС-д багшлахаас гадна хувийн хэвшилд геологийн эдийн засагч чиглэлээрээ ажилладаг уу?
-Ажилладаггүй.
-Их сургуулийн хувьд сургалтын хөтөлбөрийг цаанаас нь боловсруулж өгсөний дагуу багш нар хичээл зааж байгаа. Гэхдээ таны хувьд оюутнууддаа геологийн эдийн засаг талын мэдлэгийг түлхүү өгөх зорилгоор нэмэлт хичээл заадаг уу, та одоо яг ямар хичээл зааж байгаа вэ?
-Геологийн эдийн засаг, менежмент, геологи хайгуулын ажлын төсөл, геостатистик, эрдсийн түүхий эдийн чанарын менежмент, нөөцийн тооцоо зэрэг хичээл зааж байна.
-Сүүлийн үеийн төгсөгчдийн ур чадварт дунд болон ахмад үеийн геологичид хангалтгүй дүн тавьдаг. Сурган хүмүүжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Ер нь танай сургууль ШУТИС, Газарчин их сургуулиудаас ямар давуу тал, боломжийг оюутнууддаа олгодог вэ?
-Уулын мод урттай богинотой байдаг гэдэг шиг юм болоод байна. Нөгөө талаас тэр өндөрлөгөөс шинэхэн төгсөгчид маань муу харагдаж магадгүй. Ер нь манай оюутнууд хуучин шиг таван жил биш, дөрвөн жил суралцаад харьцангуй чанартай төгсдөг. Манай сургуулийн хувьд илүү судлаач тал руугаа хандаж ажилладаг.
-Геологийн салбарт ямар шинэчлэл хийх шаардлагатай байна гэж эдийн засагч хүнийхээ хувьд боддог вэ?
-Аливаа зүйлийг хөдөлгөх гол хүчин нь хүн байдаг. Тиймээс хүндээ чиглэсэн бодлого барьж ажиллах хэрэгтэй байна.
-Гэхдээ залуу мэргэжилтнүүдийн хувьд зарим зүйл дээр туршлага дутах зүйл бишгүй тохиолддог шүү дээ?
-Энэ бол цаг хугацааны асуудал. Тиймээс залуу үедээ туршлагатай ахмад үе нь зөвлөж дэмжээд ажиллах л хэргтэй.
-Геологи, уул уурхайн хөрөнгийн бирж байгуулснаар хүнд байгаа салбарыг эргэлтэнд оруулах боломж бий гэж үзэх хүмүүс байна. Мэргэжилтний хувьд та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Бирж байгуулах нь яах аргагүй гарц. Хугацаа нилээн орох байх.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
-Миний хувьд залгамж халаа маань алдагдаж байгаад сэтгэл зовниж явдаг. Геологийн зураглалын Ш.Лхүндэв, Б. Чулуунбат, Х. Далилхан гуай нар тэтгэвэртээ гарахад араас нь залгаад авах мэргэжилтэн ховор байна шүү дээ.
Д.ОЮУНЖАРГАЛ
Baldan
Баяраа
b.atdelgr
Жо
Шавь
zochin
Зочин