• Орон бүхний пролетариуд ингэхэд яагаад нэгдэж чадаагүй юм бол? Өчнөөн л дуудуулаа биз дээ?
  • Яагаад гэвэл цаад Маркс чинь хаана нэгдэхээ хэлээгүй шүү дээ.



Карл, Маркс хоёрын хэн нь урт сахалтай вэ? гээд л бага байхад улс төрийн нэн ээдрээтэй асуулт тавьж зовоодог нэг хүү байж билээ.
“Тэр хоёр чинь нэг хүн биш юм уу?”
“Биш ээ, биш”
“Тэгвэл Маркс нь” гэхээр “Үгүй ээ, Маркс гэдэг нь аав нь байхгүй юу” гэж бүр тэнэгтүүлнэ.

Тэр урт сахалт Карл Маркс, өөрөөсөө бүр илүү урт сахалтай Фридрих Энгельстэй нийлж 1848 онд “Коммунист намын тунхаг” гэдэг ном бичиж, Лондон хотноо герман хэлээр хэвлүүлсэн нь өнөөдөр 20-р зууны хамгийн хор хөнөөлтэй номоор шалгараад байна. 19-р зууны дунд үед бичсэн ном 20-р зуунд хор хөнөөлөө учруулсаар байсныг бодоход мөн ч хүчтэй бүтээл байжээ дээ.

Ном ингэж эхэлдэг:
Хий үзэгдэл Европоор тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл…

Харин ийн төгсөнө:
Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!

Энэ сүүлчийн үгийг хориод оныхноос эхлээд наяад онд мэндэлснийг хүртэлх монгол хүн бүр цээжээр мэднэ гээд бодохоор Монголын түүхийн лавтайяа дөрвөн үе тэр чигээрээ Маркс, Энгельс хоёрын лоозонгоор “хүмүүжсэн” аж.

Харин монгол хэлнээ “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн яг энэ хэлбэрээ олтлоо бас чиг удсан ажээ. Угаасаа анхнаасаа манайд орж ирэхдээ л жинхэнэ утгаасаа бага зэрэг гажиж ирсэн байна. Том толгойтойгоороо Ленин л алдарт Маркс, Энгельсийн үгийг засварласан байгаа юм. 1920 онд хуралдсан Коммунист Интернационалийн 2-р Их Хурал дээр Дорно зүгийн ард түмэнд зориулан Ленин “Орон бүхний пролетари нар болон үгээгүй ардууд нэгдэгтүн” хэмээн өөрчилжээ. Үнэхээр ч пролетари буюу ажилчин анги гээч нь манай энэ хавиар байхгүй байж л дээ. Энэхүү өгүүлэлд дээрх алдарт хэллэгийг манайхан хэрхэн орчуулан, ойлгож, хэрэглэж ирсэн тухай тоймлон үзэх болно.      

Хамгийн анх энэ лоозон герман хэлнээс англи хэлэнд орчуулагдсан юм байна. Ингэхдээ Workers of the world, unite! болж. Англи хэлээр өөр бас нэг хувилбар орчуулга бий. Марксыг Лондонд оршуулахдаа чулуун дээр нь герман эхтэй нь илүү ойр, махчилсан орчуулгаар буюу Workers of all lands, unite! гэж сийлжээ.

Орос хэлэнд харин Proletarier хэмээх үгийг нь утгачлан орчуулсангүй, тэр чигээр нь авч “Пролетарий всех стран соединяйтесь!” хэмээгээд ЗХУ төрийн сүлдэндээ залсан билээ. Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улс бүгд төрийн сүлдэндээ, за тэгээд сонин сэтгүүл, улс төрийн холбогдолт бараг бүхий л хэвлэгдмэл материал ийм уриатайгаар гарч байсан юм. Бүр бага сургуулийн хүүхдийн ханын сонин хүртэл шүү дээ. Зөвлөлт ах нар ингэж хэрэглэж байхад бид бас мэдээж дагаж л таарна. Гэхдээ манайд пролетари гэх мэт гадаад үг орж ирээгүй үед өөрийн гэсэн хувьсгалын уриатай л байсан байх ёстой доо. Үүнийг эрэн сурвалжилбаас харин сонин зүйл олдож байна.

“Монгол Ардын Нам” хэмээх сэтгүүлд, өөрөөр хэлбэл МАХН болоогүй байсан гэж бодохоор лавтайяа 1924 оноос өмнө гарсан нэгэн сэтгүүлд хоёр ч уриа байгаагийн нэг нь:

Ардын эрх бадартугай.

Нөгөө нь:

Ардын зориг агуу гайхамшиг

гэж байна. Гэтэл 1929 оны 2 сарын 8-ны “Үнэн” сонин дээр:

Ардын зориг агуу гайхамшиг хэмээх хуучин уриа эхэндээ, мөн хамгийн ард нь

Бүх дэлхийн үгээгүй ардууд нэгдэгтүн гэсэн Марксын шинэ уриатай хослон гарчээ.



Тун удалгүй тэр жилдээ “Монгол Ардын Үнэн” сонины 9 сарын 9-ний дугаарт:

Дэлхийн үгээгүй нар нэгдэгтүн гэсэн өнөөх Марксын уриа

Монголын ядуу ардын эрх чөлөө бадартугай гэсэн монгол уриатай хамт хэвлэгдсэн байна.

Энд нэг зүйлийг онцлон өгүүлэхэд энэхүү “Монгол ардын үнэн” хэмээх сонины тухай мэдээ хаана ч байхгүй юм. “Үнэн” сонин нэгэн цагт ийм нэр гарч байсан гэх мэдээ алга, тэгсэн атлаа чухам ийм нэртэй бие даасан сонин гарч байсан ч гэх мэдээ байдаггүй. Ямар ч байсан “Монгол ардын үнэн” нэртэй сонин зохиогчийн хувийн архивт хадгалагдаж байгаа нь ёстой “монгол ардын үнэн” болох юм шүү.

“Намын байгуулалт” хэмээх сэтгүүл дээр эхний дугааруудад

Бүх дэлхийн үгээгүй нар нэгдэгтүн гэж байснаа сүүлдээ Орон бүхний пролетари нар нэгдэгтүн болгож сольсон байна.



“Ардын үндэсний эрх” сэтгүүлийн 30 оны буюу аргын 1940 оны 2 сарын 13-ны дугаарын уриа бүр сонирхолтой. Лениний засварласан мөнөөх санааг шингээн, латин үсгээр

Doronod zygiin daralagdasan araduud negeden erke cөlөөgөөn temecegtyn

хэмээн уриалжээ. “Дорнод, дарлагдсан, нэгдэн” гэх мэт үгэнд балархай эгшгийг гээгээгүй нь, Ч үсгийг латин С-гийн доор хэл шинжлэлд сэдилла хэмээдэг тэмдгийг зүүн хэрэглэсэн, Ө-г харин өнөөгийн маягаар бичсэн нь өвөрмөц харагдана.



“Залуучуудын үнэн” сонин бас латин үсгээс дутсангүй. 1940 оны 7 сарын 2-ны дугаарыг нь авч үзвэл:

Орон бүхний пролетари нар нэгдэгтүн гэж монгол бичгээр бичээд дараа нь түүнийгээ латин гар бичмэлээр Oron bukenu proletari nar negedegtyn гэж галиглажээ.        



“МАХН-ын байгууллага” хэмээх сэтгүүлийн уриа монгол бичгээр:

Бүх дэлхийн үгээгүй нар нэгдэгтүн гэж байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь үүнийгээ латинчлахдаа “үгээгүй нар” гэснийг нэгтгэн ygyynar гэсэн байна.



“Нийгэм журмын зам” сэтгүүлд харин “Бүх дэлхийн” ч гэсэнгүй, “Орон бүхний” ч гэсэнгүй, латин үсгээр Gazar buriin ygeegyyner negdegtyn гэжээ. Ygeegyyner хэмээсэн нь монгол бичгийн хэлний олон тооны “нар, нэр” хэмээх хоёр хувилбарт нөхцөлийг эм үгэнд чухам зөв дагуулсан хэрэглээ юм. Кирилл үсгийн дүрэмд эм үгэнд хүртэл нар хэмээн залгах болсон нь эгшиг зохицох ёсыг зөрчсөн дүрэм болсон билээ.



30, 40-өөд оны үеийн бас нэгэн чухал хэвлэл болох Цэргийн яамны “Улаан од” сонины нэгэн дугаарыг сонирхож үзье. Монгол бичгээр:

Орон бүхний пролетари нар нэгдэгтүн гэсэн атлаа кирилл үсгээр “Орон бүхний” гэсэнгүй, “Бүх дэлхийн” гэсэн байна. 



“Үнэн” сонины 1940 оны нэг дугаарт тэгвэл бүгдийг нэгтгэн “Бүх дэлхийн пролетари нар ба газар бүрийн дарлагдсан ардууд нэгдэгтүн” хэмээжээ.

Ер нь тавиад оноос өмнө сонин хэвлэлийн уриа ийм олон янз, хэвшээгүй тусмаа сонирхолтой байж гэмээр. Жар, дал, наяад оных шиг “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэж улиг болтол бүх зүйл дээр давталгүй, бас чиг агуулгадаа тохирсон сонин сайхан уриатай байсан байгаа юм. Жишээлбэл, 1928 онд хэвлэгдсэн “Эмэгтэйчүүдийн санал” хэмээх сэтгүүл “Эмэгтэйчүүдийн эрх чөлөө бадартугай”, 1924 онд гарсан Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны “Манай үнэн” сонин “Хувьсгалт залуучууд мандтугай”, 1938 оны 9 сарын 1-нд гарсан “Онц сайн сургуулийн төлөө ард түмэн бүгдээр” хэмээх бичиг “Ардын үндэсний соёл боловсрол хөгжтүгэй” гэсэн уриатай байгаа бол дайны ээдрээтэй жилүүдэд “Ардын үндэсний эрх” сонин цаг үедээ тохируулан “Монголын олон түмэн ардууд аа, тус улсын тусгаар тогтносон байдлыг бататгах хийгээд эзэрхэг түрэмгий ба феодалыг эсэргүүцэх хувьсгалын тугийн доор нэгдэгтүн” гэсэн нэн урт уриатайгаар гарч байжээ.    

Энэ бүхнийг нэгтгэн үзвэл, Марксын ганцхан богино өгүүлбэрийг Монголын сонин хэвлэлийн түүхэнд уриагаа болгон хэрэглэхдээ монгол, латин, кирилл гурван өөр бичгээр арав илүү өөр хувилбараар хөрвүүлэн буулгасаар сая “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн хэлбэр дээр тогтсон сонирхолтой түүх харагдана. Үүнд,

Латин хэлний proletarius буюу “доод буурай ангийн иргэн” гэсэн утгатай үгээс гаралтай, Баруун Европод бол “ажилчин анги” хэмээх утгыг илэрхийлдэг тэрхүү үгийг л гэхэд “үгээгүй нар”, “daralagdasan arduud”, “proletari”, “ygeegyyner”, “ygyynar”, “пролетари”, “үгээгүй ардууд” хэмээн дор хаяж долоон янзаар,

Aller Lander нь орос хэлэнд “Всех стран” болсныг монгол хэлэнд “бүх дэлхийн”, “орон бүрийн”, “дэлхийн”, “орон бүхний”, “газар бүрийн” хэмээн таван өөр янзаар буулгасан ба энэ бүх хувилбар, хэрэглээний цаана монгол бичгээс кирилл, латин бичигт үеийн өвөрмөц бичлэг, балархай эгшгийг гээх гээхгүй ёс, эгшиг зохицох ёс зэргийг хэрхэн авч үзэж байсан зэрэг монгол хэлшинжлэлийн олон сонин асуудал давхар харагдах ажээ. Монголын сэтгүүлзүйн түүхийн хувьд ч сонин баримт болох магадлалтай юм.

Орон бүхний пролетари нар харамсалтай нь (“азаар” гэсэн нь ч дээр юм уу) нэгдэж чадаагүй ч нэгтгэх гэсэн уриаг орчуулан хэрэглэсэн түүх нь харин бидэнд олон сониныг дуулгаж байгаа нь энэ бөлгөө.