"INTERVIEW" СЭТГҮҮЛ | Я.БАЯРАА: УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ
"Interview" сэтгүүлийн 24 дүгээр дугаарт сэтгүүлч Б.Алтанхуягтай ярилцсан "УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ" ярилцлагаасаа цувралаар хүргэж байна.
ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА:
УРАН ЗОХИОЛ БОЛ ЯЛ, ЭХ ХЭЛ БОЛ ДӨНГӨ ГЭЖ ОЙЛГОСОН ИРЭЭДҮЙ АЙСУЙ
СҮҮЛЧИЙН ХИЧЭЭЛИЙНХЭЭ ТӨГСГӨЛД БАГШ МИНЬ БАЙСАНГҮЙ
-Та өдгөө СУИС-ийн Театрын урлагийн сургуульд багшилж байна. Оюутнууд тань таны суралцаж байсан үеийнхээс өөр үү?
-Тэдэнд сурах хүсэл эрмэлзэл бий. Бидэнд ч байсан. Энэ талаараа бол адилхан. Харин манайд зохиолчийн чиглэлээр суралцахаар орж ирсэн оюутнуудын утга зохиолын боловсрол тун хангалтгүй байгаа. Хангалтгүй байгаагийн цаана олон шалтгаан байхгүй. Юун түрүүн дунд сургуульд хэрэглэгдэж байгаа сурах бичгүүд, түүний ард байгаа хөтөлбөртэй холбоотой. Ялангуяа уран зохиолын сурах бичгүүдийг үзэхэд уран зохиолын мөн чанар, төрөл зүйлийн онцлогийн талаар мэдлэг өгч, хүсэл эрмэлзлэл төрүүлэхүйц агуулга алга. Зохиолын сонголт, зааж байгаа арга барил нь аль эрт хуучирсан. Хүүхдийг эх хэл, уран зохиолын хийсвэр сэтгэлгээний гайхамшгаас холдуулах чиглэлд хичээл зүтгэл гаргасан мэт хоцрогдмол, догматик аргазүйтэй сурах бичгүүд олон болж. Жишээлбэл Францын зохиолч Альфонс Додегийн “Сүүлчийн хичээл” хэмээх дөрвөн нүүр өгүүллэг байлаа гэхэд түүнтэй холбоотойгоор хийх дасгал нь дөрвөөс таван нүүр дамнасан байх жишээтэй.
Гэтэл сурахыг зохиогч өөрөө бүтэн өдөр суугаад ч хийж амжихгүй, хийхэд илүүц баахан дасгал байгаа юм. Уран зохиол уг нь өөрийнхөө мөн чанарыг таньж, хүний нийгмийн харилцааны суурийг олж авахад зориулагдсан асар хүчтэй зэмсэг. Гэтэл түүнийг нь ял гэж ойлгуулаад байна шүү дээ.
Эх хэлнийхээ шалтгалтад улс даяараа уналаа гэж мэдлэгтнүүд, эцэг эхчүүд хүүхдүүдээ баахан хэмлэдэг. Зохиолчид ирээдүй үе үндэстний уран зохиолоосоо алсарч буйг бие сэтгэлээрээ мэдэрдэг, ярьдаг. Энэ асар муудсан, эх хэлэндээ хайргүй болсных биш. Зааж буй систем, арга зүй нь бидний үр хүүхдийг бичгийн соёл, эх хэлнээс нь таслаад хөөчихсөн байна. Бүтээвэр зүй, өгүүлбэр зүй зэрэг хэлний нарийн мэргэжлийн эрдэмтэд судалмаар, яг үнэндээ крилл бичиг л байхгүй бол онц ач холбогдолгүй дайвар асуудал, ай категориудыг эх хэлний хичээл дээр зааж байна.
Ингээд үр дүнд нь хэлнийхээ ай савыг ойлгож, үгээр ертөнц бүтээхийн гоо сайхныг мэдэрч, хэлийг чөлөөтэйгөөр сурах шатанд яваа хүүхдүүдэд ийм бүтэлгүй тогтолцоогоор зааснаар монгол хэлээ сурах байтугай жигшдэг болчихоод байна. Чин үнэндээ монгол хэлний сургалтанд байгаа тийн ялгалын айг ч Б.Ринчен гуай шүүмжилсэн байдаг шүү дээ. Ер нь манай сурагчдын эх хэлээрээ авч байгаа дүн нь эх хэл, уран зохиолын хичээлд ирээдүй нь өнөөдөр тавьж байгаа дүн.
-Та өөрөө сайн багш байж, өөрийн зүгээс хүүхдүүдэд зөв системтэй мэдлэг олгож чаддаг гэж хэлж чадах уу?
-Үүнийг би биш шавь нар маань хэлэх байх. Багш болохын тулд асар их тэвчээр, хичээл зүтгэл хэрэгтэйг би багшийгаа өнгөрснөөс хойш л ойлголоо. Миний багш Пүрэвхүүгийн Батхуяг бол өв тэгш, төгс багш байлаа. Үндэсний уран зохиол, онолын өргөн мэдлэгтэй. Дээр нь найруулан бичих өндөр чадвар, нээлттэй заах арга, эерэг хандлагатай хүн. Багшийнхаа эзгүй хоёр дахь намрыг угтах гэж байна. Багшид минь байсан үнэт чанарууд эзгүйд нь улам их тодорч, өөрт минь дутмаг байгааг илүү ихээр анзаарч
байна.
-Тэгвэл багшийн зүгээс оюутнууддаа сайтар ойлгуулахыг чухалчилдаг, заасан зүйлээс маань үүнийг л авч үлдээсэй гэж хүсдэг үнэт зүйл, зарчим тань юу вэ?
-Надад дотроо боддог нэг зарчим бий. Ямар ч уран бүтээлийг туурвихад гурван “Э”-гийн зарчим баримталвал илүүдэхгүй юм шиг. Эстетик, этик, эпик гурав. Дэлхий даяар түгсэн, амжилт олсон бүтээлүүдийг харахад гоо зүйн хувьд шинэлэг эсвээс цогц, өвөрмөц байдгаас гадна хүн төрөлхтөнд ёс зүй санал болгодог. Энэ бол этикийн асуудал. Өөрийн дотоод дахь ямар нэгэн байгууламжийг сүндэрлүүлж, агуулгыг, өгүүлэмжийг бий болгох нь чухал.
Харин эпик бол хүн бүрт байдаггүй. Энэ нь туульсийн чанар юм. Найруулагч Күэнтин Тарантиногийн сүүлийн үеийн бүтээлүүд бол эпик байхгүй юу. Америкийн иргэний дайн болоод хоёрдугаар дайны үеийн түүхийг тэрбээр туульсийн аргаар харуулж байна. Тэр солиотой ч юм шиг, суутан ч юм шиг найруулагчийн гараар Америк гэдэг шинэ үндэстний шинэ туульс бичигдэж байна. Америкчууд дэлхийн хоёрдугаар дайнд дэндүү хожуу орсон, Оросууд Рейхстагийн дээр тугаа түрүүлж хатгасан. Гэхдээ Тарантиногийн туульс өөрийг хэлж байна. Америкчууд Гитлерийг Парисын жижигхэн кино театрт шатааж алсан байна. Шатаасан хүн нь Нацистуудад эцэг эхээ хядуулсан нэг туяхан бүсгүй.
Америкчуудын Орост өгсөн амин чухал дайны тусламж, “Лэнд лийз”, Хирошима, Нагасакид хүнийг амьдаар нь хуйхалж байж энэрэлгүй, туйлширсан сэтгэлгээг нухчин дарсан түүхийг Тарантино сануулж байна. Хүчирхийллийг дарахын тулд илүү хорон, харгис хүчирхийлэл хэрэгтэй болдгийг хүмүүст санууллаа. Харах өнцөг, хэлэх санааны төгс жишээ.
-Туульсын бүтээлийг цаг хугацааны дэнс тодорхойлдог шүү дээ...
-Хамгийн том чанар, таних тэмдэг нь тэр. Туульсийн бүтээл цаг хугацааг ялж гардаг. Уран бүтээлийн дээд шалгуур энэ. Уг гурван зарчмыг сургалтдаа барихыг хичээдэг. Тэгээд ч ер нь хамгийн хатуу, үнэн шалгуурыг уран бүтээлч хүн өөртөө тавина. Үүнийг л би хүүхдүүддээ эзэмшүүлэхийг хүсдэг. Багш минь надад үүнийг томьёолж, нарийвчлан заагаагүй ч өөрийн үйл хэрэг, зам мөрөөрөө ойлгуулсан.
-Уран бүтээл цаг хугацааг ялах, эсрэг мөн чанартай гэсэн үг үү?
-Ерөөсөө тийм. Эсрэг урсгал, цаг хугацааны эсрэг мөн чанартай. Багшийн “Эсрэг цаг” гэдэг концепц ерөөсөө тэр. Энэ бол туульсийн бүтээлийн мөн чанар. Туульсийн мөн чанартай, туульсийн бүтээл хийх нь уран бүтээлчийн дээд эрмэлзэл. П.Батхуяг багшийг уншигчид, шавь нар, талархан дэмжигчид байтугай үзэн ядагч, илтэд үгүйсгэдэг байсан хүмүүс нь хүртэл нь өдгөө тэнгэр болсных нь хойно найз нөхөд байсан мэтээр ярьдаг болчихож. Энэ бүхэн магадгүй П.Батхуяг гэдэг бүтээлч байсны илрэл байх л даа. Би багшийг уран бүтээлчийн болоод жүжгийн зохиолчийн хувьд хамгийн гол бүтээлүүдээ хийж эхлэх шатандаа зуурдаар өнгөрчихлөө гэж санадаг.
Саяхан гэхэд багшийн залуухан шавь болох С.Баатарцогт жүжгийн туурвилзүйг нь судалж магистрын зэрэг хамгаалсан. Мэдээж багш үзэхүйеэ тодорхой өв үлдээсэн. Харин гол бүтээлүүдээ хийж амжсангүй. Багшийн бүх бүтээлийг жагсааж үзэхэд нарт хорвоогийн дээр хүмүүн бие эзэмшиж дөчин ес наслахдаа дөчин есөн ном гаргасан юм билээ. Түүнээс гадна өөрийнхөө амьдралын цаг хугацааг уран бүтээл, сурган хүмүүжүүлэх үйлс, нийгмийн шүүмж зэрэг өргөн талбарт зориулсан. Цаашид бүр ч хүчтэй, эрчтэй бүтээлүүд туурвих байсан. Энэ нь харамсалтай ч бүрэн дүүрэн, үр бүтээлтэй амьдарсанд нь бахархаж байна. Сайн багшийн үхэл хүртэл хичээл байдаг аж. Хамгийн сүүлийнхээ хичээлийн төгсгөлд харин багш минь өөрөө байсангүй.
Сэтгүүлчийн хүүрнэл
“Өөрийгөө итгүүлэх гэж үүнийг бичиж сууна. Эрхэм хайрт ахыгаа, эрдмээр амьдрахад сургасан ч дэргэдээс төөнөсөөр буй сүнсний анд холбирч одсон гэдэгт итгэж чадалгүй долоо хоног үлгэн салган явлаа. Гэхдээ итгэх хэрэгтэй. Цогц бие нь үгүй болсныг ухаарвал мунхаг хүмүүн оюун санаатай нь холбогдож чадах нь юуны магад”.
Я.Баяраа багшийнхаа тухай ингэж бичиж, ингэж дурсжээ. Яг одоо бид тэрхүү оюун санаатай холбогдож чадах уран бүтээлийнх нь тухай яриа дэлгэн хуучилж сууна. Ярилцагчийн маань нүд чийгтэж нулимс хацрыг нь зүсэх мөч дурсамжаар дотор луу нь эргэн цутгах хагацлын гашууныг сануулна. Харин тэр дурсамж зөвхөн хамт туулсан амьдралын хором мөчүүд бус П.Батхуяг хэмээх эрхэм өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн уран зохиолын хичээл болохыг нь би ч мөн энэ л цаг хугацаанд ухаарч суунам.
-Багш тань танд яг ширээний наана, цаана суугаад хичээл орж, нарийвчлан онолын мэдлэг олгож байгаагүй байх аа?
-Манай багш их сургууль төгсөнгүүтээ олон сургуульд багшилсан. Ухамсарт амьдарлынх нь тэн хагас хүний хүүхдийг сургах, залуу уран бүтээлчдэд уран бүтээлийн чиг баримжаагаа олгоход зориулагдсан. Багш минь надад тусгайлан хичээл орж байгаагүй. Нэг удаа "Орос 3"-ын тэнд байх гэрт нь очлоо. Тэгэхэд багш минь гал
тогооныхоо өрөөнд зогсчихсон нэг гараараа хавиргатай шөл хутгаж, “Туурвил зүй”-г эхнээс нь системтэйгээр уншиж, категориудыг нь тайлбарлан зааж өгч байсан. “Туурвил зүй”-г надад ойлгуулж асан тэр дүр зураг санаанаас минь огт гардаггүй. Яруу найргийн эрдмийн ширээ зүрх сэтгэлд байдаг юм байна.
-Багшийн тань үүсгэн байгуулсан, таны одоо багшилж буй энэ тэнхимээс улсын тайз, дэлгэцийн шүүмжийн улсын уралдааныг жил бүр хийж ирсэн. Тус уралдаан бий болсноор хүмүүс театрын шүүмж, рэвью бичих, адаглаад жүжгийн талаарх сэтгэгдлээ цахимд илэрхийлэх хандлага ихэссэн. Тэр нь театрын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан болов уу гэж боддог. Энэ жилээс өөрийнх нь нэрэмжит болгож зарласан шүү дээ...
-Багш бол Монголын утга зохиол болоод нийгмийн шүүмжлэлт сэтгэлгээ төлөвшихөд чухал үүрэг оруулсан хүн. Энэ дагуу хоёр уралдааныг СУИС дээр бий болгосон. Гол шалгаруулалтад нь оролцож, концепц, үзэл санааг нь боловсруулахад хамжилцсан. Эхнийх нь Театрын Урлагийн сургуульд зохион байгуулдаг “Тайз дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмжийн улсын уралдаан”. Үүнийг багш санаачилсан. Энэ онд манай Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэнгийн санаачилгаар уг уралдааныг өөрийнх нь нэрэмжит болгосон. Энэ нь зүй ёсных болов уу. Яах аргагүй амьдарлынхаа арван жилийг зарцуулсан ажлыг удирдлага нь хүндэтгээд өөрийнх нь нэрэмжит болгосонд шавь нарынх нь зүгээс тун их баяртай байгаа. Уралдаанд олон залуучууд оролцсон, шүүмжүүд нь тун сонирхолтой байсан. Тус уралдаан цаашид үргэлжилж, улам хөгжих нь тодорхой. Харин нөгөөх нь СУИС-ийн харьяа Радио Телевиз, Медиа урлагийн сургуулийн зохиодог “Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн шүүмжийн уралдаан”. Багш энэ уралдааныг эхнээс нь зохион байгуулалцаж, шүүж байлаа.
-“Шүүмж өөртөө үнэнч байхын нэр” гэж та нэгэнтээ хэлж байсан. Театрын шүүмж утга зохиолын бусад төрлийн шүүмжүүдээс онцлох шинж чанар нь юу вэ?
-Театр бол маш нийлмэл урлаг учраас олон талаас нь тухайн бүтээлийг харж, шинжих хэрэгтэй болдог. Жишээ нь тайз засал, гэрэлтүүлэг, хөгжим, дүрийн сонголт, дүрийн ажиллагаа, зохиол, найруулагчийн ажиллагаа, жүжгийн ерөнхий дэвшүүлсэн санаа, философи. Энэ бүхнийг нэг бүрчлэн гоо зүйн үүднээс үнэлэх цогц ажиллагаа юм. Театрын шүүмж өөрөө бичигчээ цэцэрхэл, хуурмаглалаас туугаад гаргачихдаг л даа.
-Өөрөө иймэрхүү харах өнцөг, төрлийн шүүмжүүдээс онцлох шинж үзэл бодлыг үзэгчдэд хүртээх жүжиг бичээд гаргачих юмсан гэж бодож, тээж явдаг санаа танд бий юу?
-Миний дотроо тээж явдаг зөрчил бол энэ нийгмийг бүрэлдүүлэгч, “эс ширхэг” болсон хүмүүсийн амьдралыг, тэдний дунд бий зөрчлийг гаргаж тавихсан гэх хүсэл. Түүнээс бус есөн шидийн гаж абсурд шийдэл, хүн төрөлхтний сэтгэлгээний ололтыг авчирч дүрүүд дээр наах, өвөрмөц содон харагдах санаа дэвшүүлэх нь дэд асуудал. Манай нийгмийн эгэл амьдралын гүнд гүн гүнзгий зөрчил хангалттай бий.
Ярилцсан Б.Алтанхуяг
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Sarnai
Bat
Зочин
Уншлаа.