Компаниуд татвар, санхүүгийн өршөөл үзүүлэхийг хүлээж байна. Бүр зунаас. Учир нь зургадугаар сард Засгийн газар "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай" хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төслийг "ЭЗЭН-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ерөнхий сайдын дэргэдэх зөвлөлийн оролцоотой боловсруулжээ. Монголын бизнесийн зөвлөлийн даргаар удирдуулсан уг "Эдийн засгийг эрчижүүлэх зөвлөл"-д хувийн хэвшлийнхэн үнэмлэхүй оролцоотой байв. 100 дахь хоногийн орчимд энэ зөвлөл тайлан тавихдаа, "төр, хувийн хэвшил хамтран ажиллах маш сайн механизм болсон, бид 180 компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн" гэхчлэн мэдээлснийг уншигчид сайн санаж байгаа.

Сүүдэрт буй хөрөнгө

"Зөвхөн татварын асуудал биш" гэж Засгийн газрын түшмэд төслийн тухай тайлбарлаж байлаа. Харин энэ нь хууль батлагдахад улам тээг болж байна. Төсөлд хуулийн зорилго, хамрах хүрээг "...хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаж шинээр мэдүүлсэн, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх" хэмээн томъёолжээ. Тодорхой тооны улс төрийн болон удирдах албан тушаалтнуудад л хамаарах "хөрөнгө орлогын мэдүүлэг"-тэй холбоотой асуудлыг өршөөлд хамруулахаар заасан нь сөрөг хүчний зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан. Мөн 2007 онд хэрэгжүүлсэн татварын өршөөлийн явцад нийгмийн даатгал төлөгчид хохирол амсаж хоцорсон сургамж бий. УИХ дахь МАН-ын бүлэг "татвараа үнэнч шударгаар төлж ирсэн иргэд хохирч, нуун дарагдуулж байсан хүмүүс өршөөгдөж байгаа нь шударга бус хэрэг болно" гэсэн байр суурь илэрхийлээд байна.

Энэ хууль бүх төрөл, шатны бүртгэл, хяналт, мэдээллийг сайжруулна гэж Засгийн газар үзэж байгаа юм. Үүний тулд татвар, нийгмийн даатгалаас гадна эд хөрөнгийн, хуулийн этгээдийн болон нягтлан бодохын зэрэг бүх төрөл, шатны бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийг хамруулж, илүү өргөн хүрээтэй зохион байгуулах нь зүйтэй гэж шийдэж. Үр дүнд нь огт илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, цаашид тэдгээрт татвар ногдуулах боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулж чадна тооцсон байна. Өнгөрсөн онд Татварын ерөнхий газрынхан албан хэрэгцээнд зориулсан судалгаа хийхдээ далд эдийн засаг буюу сүүдрийн эдийн засгийн цар хэмжээг ДНБ-ий 34 орчим хувьтай тэнцүү байна гэж үзжээ. Түүнээс өмнөхөн Дэлхийн банкныхан бас нэг судлаад "40 хувь" гэж тогтоосон байх юм. Зарим судлаачид, статистикчид 20 гаруй хувьтай гэж тооцдог. ҮСХ-ны мэдээгээр 2013 онд манай улсын ДНБ оны үнээр 19.1 их наяд төгрөг байсны 30 хувиар тооцоход л далд эдийн засгийн хэмжээ 5.73 их наяд төгрөг болж байна. Энэ бол асар их хөрөнгийн урсгал юм. Үүнийг ил болгож, тооцоо бүртгэлд хамруулснаар Монголын санхүүгийн систем эрүүлжиж, шинэчлэгдэнэ.

Засгийн газрын бас нэг тооцсон зүйл бол албан бусаар гадаад руу урсч байгаа хөрөнгийн урсгалыг сааруулах, хилийн чанадад байгаа хөрөнгийг улс орондоо буцааж авчрах явдал. "Статистикийн мэдээллүүдийг нэгтгээд үзвэл барагцаагаар манай улсын иргэдийн 1.0 тэрбум ам.доллар гадаадад байгаа гэсэн тооцоо гарч байна" гэж Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Батмөнх хэлсэн юм.



Үгүйсгэл ба зөвтгөл

Татварын өршөөл үзүүлж байсан орнуудын туршлагыг авч үзэхэд энэ нь ихэвчлэн татвар төлөгчдийг дэмжихийн зэрэгцээ татварын орлогыг огцом нэмэгдүүлэхэд чиглэж байсан. 2008 онд манай улсын хэрэгжүүлсэн өршөөлийн дүнд 3.0 тэрбум төгрөгийн татвар ноогдох орлого шинээр илэрч байсныг ТЕГ-ын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраа жишээллээ. Хамгийн гол уг өршөөлийг Татварын ил тод байдлын тухай хууль болон "дөрвөн 10"-ын бодлоготой уялдуулан хэрэгжүүлснээр үр дүнтэй болсон гэж тэр тайлбарлаж байна. Манай компаниуд "Уучлаарай тайлан" гэдгээр нь мэддэг ил тод байдлыг дэмжих арга хэмжээ нягтлан бодох бүртгэлийн орчин нөхцлийг багагүй сайжруулж. Аливаа улс орнууд татварын өршөөл хэрэгжүүлэхдээ, хууль тогоомж болон татвар хураах, хяналт шалгалт явуулах механизмд зарчмын шинэчлэлт өөрчлөлт хийхийн өмнө юм уу, эсвэл тийм шинэчлэлтэйгээ нэгэн зэрэг хийж ирсэн нийтлэг туршлага байдаг аж. Ялангуяа бодлого, хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа улам чангатгахдаа ийм арга хэмжээ авбал үр дүнтэй байдаг нь нотлогджээ.

Бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж буй "Урбанек" ХХК-ийн захирал Б.Лхагважав хугацаа богино, мэдээлэл муу байснаас компаниудын дийлэнх нь өршөөлд хамрагдаж чадаагүй гэж хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хэдэнтээ дурдсан. Түүний нотолж байгаагаар, 2000 гаруй компани буюу манай улсын нийт аж ахуйн нэгжүүдийн ердөө 2.0 хувь нь өршөөгджээ. Үлдсэн 98 хувь нь энэ арга хэмжээнд хамрагдаж чадаагүй болохоор санхүүгийн асуудал, бэрхшээлээсээ гарч өсөж, өндийж чадахгүй байна гэж тэр үзэж байгаа юм. Харин Д.Баяраа, нууж далдалсан орлогыг ил болгох сайн талтай ч татварын өршөөлийг ойр ойрхон үзүүлж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Хөрөнгө, орлогоо нууж хааж яваа цөөн аж ахуйн нэгжийн эсрэг талд шударгаар татвараа төлөөд явдаг олонхи байгааг тэр сануулж байна. Байсхийгээд өршөөл үзүүлээд байвал нийт татвар төлөгчдөд дараагийн өршөөлийн хуулийг хүлээх сэтгэлгээ төрүүлж мэдэх сөрөг талтай. Аргентин, Боливи, Бразил, Итали, Португали улсад өршөөлийг ойр ойрхон давтан үзүүлж, нөхөх аргагүй хохиролт байдалд хүрч байсан сургамж бий.

Өршөөхийн хүчин зүйлс

Онцгой, ноцтой эдийн засгийн нөхцөл үүсэхээс бусад үед татварын өршөөл үзүүлэхээс Засгийн газрууд аль болох зайлсхийдэг. Авч хэрэгжүүллээ гэхэд тухай тухайн нөхцөлд тохируулан олон янзын арга хэлбэрийг сонгоно. Түүнчлэн өршөөлийг хэнд үзүүлэх вэ, ямар үүрэг, хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх вэ гээд аргачлалын нарийн хэлбэр, төрлүүд бий. Тухайлбал, Австрали Улс зөвхөн татварын тайлангаа тушаагаагүй иргэд, аж ахуйн нэгжид өршөөл үзүүлж, төлөх ёстой байсан татвараа л нөхөн төлөхийг уриалж байжээ. Үүнтэй адил тайлангаа тушаасан боловч орлогоо бууруулж мэдүүлсэн, эсвэл үнэн зөв тайлагнасан боловч хугацаанд нь татвараа төлөөгүй комданиудад зориулан хязгаарлагдмал хүрээний өршөөлийн арга хэмжээ хэрэгжүүлж байсан баримтууд байна. Түүнчлэн өршөөл нь хүү торгуулиас хэлтлэх үү, захиргааны хариуцлагаас ч юм уу, эрүүгийн хариуцлагаас мултлах уу гэх мэтээрээ ялгаатай. Нэг бол татвар, төлбөрийн тодорхой хувь хэмжээг хөнгөлөх өршөөл байдаг. Португал Улс ийм хэлбэрийн өршөөлийн арга хэмжээ хэрэгжүүлэхдээ тодорхой хугацаа зааж, тэр хугацаанд төлсөн бол зохих хувийг буцаан олгох байдлаар хэрэгжүүлсэн байдаг.

Ямар ч арга хэлбэрийг сонголоо гэсэн татварын өршөөлийг олон хоног, сарын өмнөөс зарлаж хийдэггүй нийтлэг зарчим бий. Энэ төрлийн арга хэмжээ үндсэндээ нууцын тодорхой зэрэглэлд бэлтгэгдэж, гэнэтийн байдлаар хэрэгжиж эхлэдэг. Ихэнх улс орнууд өршөөлийн арга хэмжээг зарлахаас өмнө татвар хураалтаа эрс чангатган сайжруулж, шат дараатай ажил хийдэг байна. Ингэснээр хураах боломжтой орлогууд өршөөлд хамрагдахаас урьдчилан сэргийлдэг. Хамгийн гол нь өршөөлийн арга хэмжээний үр дүнд нэмэгдэх орлогыг цаашид үнэнч татвар төлөгчид үзүүлэх сөрөг нөлөөлөлтэй жишиж үзэх ёстой. Өршөөлийн арга хэмжээний дараагаар татварын хяналт шалгалт, сургалт сурталчилгаа мэдэгдэхүйц сайжирсан тохиолдолд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжид дахин татвараа нуух эрмэлзэл эрс буурдаг. Ялангуяа өршөөлийн арга хэмжээг зөвхөн нэг удаагийн арга хэмжээ гэдгийг хатуу чанд тогтоон сурталчилсан тохиолдолд илүү үр дүнтэй байдаг.

Татварын баазаа дэнслэх нь

Улсын төсвийн орлого энэ оны наймдугаар сарын байдлаар 623.8 тэрбум төгрөгөөр дутуу биелж яваагийн дотор татварын орлого 718.1 тэрбумаар тасарсныг Сангийн яамнаас саяхан мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал улам бүр муудаж байгааг мэргэжилтнүүд сануулсаар байгаа. Зах зээл хоног хоногоор царцан зогсох шахаж, долларын ханшийн өсөлт бизнесийн секторынхны сүүлийн дөрвөн жилийн ашгийг хуу хамж байгааг бизнес эрхлэгчид бүхий л сувгаар ярьж, бичиж байна. Гэхдээ энэ хүндрэл татвар ноогдох орлого, ашгийг бууруулж байгаагаас биш хураалт, төлөлтийг хумьж, бааз суурийг багасгасан зүйлгүй гэж Татварын ерөнхий газрынхан баталж байна. Засгийн газрын тэргүүн болон салбарын сайд нар "аж ахуйн нэгжүүд олноороо үүдээ бариагүй" хэмээн УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэтгэлцлээ. Үнэхээр компаниуд дампуураагүй юм бол татварын өршөөл хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байхгүй юм биш үү гэх асуулт ургана.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт энэ оны наймдугаар сарын байдлаар 292 хувьцаат компани (ХК), 89789 хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) бүртгэлтэй байна. Оны эхэнд 290 ХК, 90721 ХХК байжээ. Зөрүү нь ХК-ий тоо хоёроор нэмэгдэж, ХХК-ий тоо 932-оор цөөрсөн дүнтэй байна. УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүд, Шинэчлэлийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан төдийгүй зөвхөн "Эзэн 100" хөтөлбөр хэрэгжсэн 100 хоногийн хугацаанд 2000 гаруй аж ахуйн нэгж дампуурсан гэсэн мэдэгдэл хийв. Гэвч энэ нь дэгс юм. Учир нь Сү.Батболдын Засгийн газар 2011 онд "Компаний засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг баталж байхад ХК 348, ХХК 56700 байжээ. Эдгээр компаниуд бараг бүгдээрээ буюу 54 мянга нь дампуурвал үндэсний хэмжээний гамшигт байдалд орох байсан нь гарцаагүй.

Хэдийгээр улсын бүртгэлд 90 мянга орчим компани бүртгэлтэй ч тэдний ердөө 300 гаруй нь улсын төсвийн 90 хувийг бүрдүүлдгийг статистик тодорхой зүйл харуулж байна. Ажлын байруудын 90 хувийг ч саяхь 300 компани хадгалж байгаа. Энэ хэрээрээ төсөв бүрдүүлэгч компаниуд салбар салбартаа харьцангуй монополь байдалтай болсныг үгүйсгэх аргагүй. Зонхилол, нөлөөлөл хийгээд үйл ажиллагааныхаа цар хүрээнээс хамааралтайгаар Монголын том компаниуд арилжааны банкнуудын гол харилцагчид болцгоож, санхүүгийн урсгалын дийлэнх хэсгийг атгаж байгаа. Цаашлаад улс төрд гүнзгий оролцдог ба ихэнх нь УИХ, Засгийн газарт өөр өөрийн төлөөлөлтэй нь нууц биш. Зах зээлийн дүр зургийг энэ бүдүүвчээр харвал "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай" хуулийн төслийг Засгийн газар өөрийн эрхээр санаачилжээ гэх үнэмшил төрөхгүй. Боломжтой орлогыг хэлтрүүлчих нөхцөл нэгэнт үүсчихсэн өнөөдрийн тохиолдолд өршөөлийн 90 хувийг том компаниуд хүртэж, арга хэмжээ зорьсон үр дүндээ хүрэхгүй байх магадлал бүр ч өндөр хувьтай гарч мэдэх юм.

2014.10.03