Нураах “зүй тогтол”
АН 2012 оных шиг бүх түвшний ялалтыг урьд өмнө хэзээ ч байгуулж байгаагүй юм. Тухайн үед намын дарга асан Н.Алтанхуягаар овоглох ялалтын цуваа Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин баталгаажсан. Хэдийгээр УИХ-д ердийн олонхи болж чадаагүй ч АН-ын Засгийн газар хамгийн зүй ёсны бөгөөд хууль, дүрмийн субьект байлаа.
АН 2012 оных шиг бүх түвшний ялалтыг урьд өмнө хэзээ ч байгуулж байгаагүй юм. Тухайн үед намын дарга асан Н.Алтанхуягаар овоглох ялалтын цуваа Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин баталгаажсан. Хэдийгээр УИХ-д ердийн олонхи болж чадаагүй ч АН-ын Засгийн газар хамгийн зүй ёсны бөгөөд хууль, дүрмийн субьект байлаа.
“Ардын нам, АТГ хоёр ажил хийлгэсэнгүй” гэж Н.Алтанхуяг өөрийн эрхгүй л хэлсэн. Гэхдээ тэр дутуу хэлсэн юм. Дээр нь АН-ыг, бас Ерөнхийлөгчийг нэмэх ёстой. Тэр бүү хэл Нийслэлийн Засаг дарга, ЦЕГ, Rio Tinto-г ч оруулж болно. Яагаад гэвэл Шинэчлэлийн Засгийн газрыг онхолдуулах бүтэн жилийн үйл явц эцсийн дүндээ улс төрийн тогтолцоон дахь гажгийг сууриар нь уудлан гаргаж өглөө.
ГИНЖИН ЦАРЦАЛТ
2014 оны улсын төсвийн давтагдашгүй онцлог нь “царцаалт” байлаа. Урьд өмнөх жилүүдийн бодлогын алдаа, үнэ ханшийн хөөсрөл, хэрэглээний тансаглал, авилга, хээл хахууль, хяналтгүй байдал, дур зоргоороо авирлалт гээд олон хүчин зүйлсийн нөлөө хуримтлагдсаар арга буюу царцмаг үүсгэхэд хүрсэн. Түүнээс биш гэнэтхэн бодоод олчихсон ноу-хау байгаагүй. Энэ царцаалт өнөө хэр эрүүлжин төлөвшиж амжаагүй, улсын төсвийн гүйцэтгэлээс гүнзгий хамааралтай амьдарсаар байгаа хувийн хэвшлийг дам хөлдөөж, өмнөх оноос дамжиж ирсэн эдийн засгийн хүндрэлийг улам гааруулсан. Царцаалтын учир шалтгаан нь улс төржөөгүй байж болох ч үр дагавар нь аймшигтай улс төржив.
Уул нь энэ эдийн засгийн хүндрэл л Засгийн газрыг унагахад хангалттай шалтгаан болж чадахаар. Гэхдээ эх үүтгэл нь бүр өмнөх парламентийн үеийн “68 хувийн татвар” “Занданшатарын хууль”, “Урт нэртэй хууль”, “106 лиценз” гэх мэтээр аль хэдийнээ хийгдчихсэн болохоор ялангуяа МАН-ы хувьд дан ганц Н.Алтанхуягийн Засгийн газар дээр овоолж болохгүй байв. Тиймээс маш олон шалтаг, шалтгаан хэрэглэх зайшгүй шаардлага Засгийн газрыг “намнагчдад” тулгарсныг үндсэндээ байгуулагдсан цагаас нь бүрдүүлж эхлэсэн гэхэд хилсдэхгүй.
ЛАВШРУУЛСАН БАРЬЦ
АТГ-ыг ажилтай байлгасан хүн нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг байв. Бүрэн эрхийнх нь босгон дээрээс шахуу босгосон авилгын асуудал 17 тэрбумаас эхлээд огцрох үед нь 40 тэрбумд хүрсэн байсан. Одоо ч эцэслээгүй эдгээр хэргүүддээ тэр цаашид ч ороогдох нь нэгэнт тодорхой болчихоод байгаа. Огцорсных нь дараа Тагнуул, Эрүүгийн цагдаагийн “Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх” хэлтэс, Авлигатай Тэмцэх газрынхан нэгдэж “Ерөнхий сайдыг шалгах” гүйцэтгэх ажлын комисс байгуулсан шүү дээ.
Охин, хүргэн зэрэг ойр тойрны хүмүүсийг нь оролдох, шалгах ажиллагаа ахлах зөвлөх Л.Гансүхийг баривчлан хорьсон үйл явцаар гүнзгийрсэн нь АН-ын даргын хувьд МАХН-ын даргатай “нууц гэрээ” байгуулсан нь ил болсонтой цаг хугацааны хувьд давхацсан юм.
Засгийн газарт Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг урьсанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхнаасаа таатай хандаагүй. Дээрээс нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулах яриа хэлэлцээг хязгаарлагдмал хүрээнд явуулж, өөртэй нь санал солилцоогүй байх магадлалтай. Бүр сүүлд хоёр дарга гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах үед Нийслэлийн АН-ын хороо уг асуудлыг анх удаа гэнэтхэн дуулсан гэж бодохоор Ерөнхийлөгч ч бас мэдээгүй явсан байхыг үгүйсгэхгүй.
АН, МАХН-ы хооронд гэрээ байгуулсанд бус, Н.Энхбаяртай байгуулсанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд асар том асуудал үүснэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүнд байж ядан бачимдаж байснаас ч илүү цохилт авсан байх. Л.Гансүхийг баривчилсан гэнэтийн үйл явдал гэрээний асуудлыг эцэслэгдэхээс сэрэмжилж шуурхай авсан хариу үйлдэл болов уу гэж харагдуулахуйц цаг хугацааны хамаарал байдаг.
ГОХ ДЭГЭЭ
“Давхар дээл”-ийг тайлъя гэх төрийн тэргүүний санаачилга бүр өмнөх бүрэн эрхийнх нь үеийнх. Харин “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх цогц санаачилга болгон хэлбэршүүлж, үүнд улс төрийн намуудыг уриалан нэгтгэсэн үйлдэлд нь Шинэчлэлийн Засгийн газрыг онилжээ гэж харах өнцөг бас л олдоно. Ардчиллын үе гэж бидний нэрлэдэг сүүлийн 20 гаруй жилийн туршид байгуулагдсан бүх Засгийн газруудаас хамгийн “том” нь н.Алтанхуягийнх. Зөвхөн бүтэц, орон тоогоороо ч бус. Зарцуулсан хөрөнгө, хийсэн бүтээн байгуулалт, өр төлбөр гээд бүх зүйлээрээ үнэхээр “данхар” байлаа. Хэдийгээр сөрөг хүчнүүдийн шүүмжлэлийн гол бай нь энэ болж байсан ч гэлээ урьд өмнөх Засгийн газруудынхаас хамаагүй тодорхой, цэгц бүтэцтэйгээр ажилласан нь давуу тал гэж дүгнэж болно. Чингис бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаад, буцааж зээлэх маягаар ашигласан нь санхүүгийн удирдлагын хувьд хавьгүй зөв хэлбэр байв. Хэрэвзээ улсын төсвийн тогоо руу хийгээд сонгуулийн амлалт санхүүжүүлж дууссан бол бид өнөөдрийнхөөс хэд дахин муу үр дагавар тоочоод сууж байх байсан биз.
Хамгийн энгийн логикоор харахад төрийг “том биш болгох” Ерөнхийлөгчийн санаа “давхар дээлийг тайлуулах” санаачилгатай нь зөрчилддөг. “Том биш” байх гэдэг олон даргатай бус байх гэсэнтэй санаа нэг. Тэгэхээр хоёр даргын үүргийг нэг хүнд үүрүүлээд, тэр хэрээр хариуцлага нэхээд явах нь орон тоог цөөрүүлж буй хэрэг гэж үзэж болно. Ерөөс дээл давхарлаж, Засгийн газрыг чадамжжуулахын үүдэл сэдэл нь бодлогын болон ажлын уялдааг сайжруулж, зөвхөн УИХ-аас батласан шийдвэрийг хэрэгжүүлдэг “ажлын машин” бус, илүү ухаалаг гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх зарчимд тулгуурласан юм. Хамгийн гол нь Засгийн газарт эвссэн хүчнүүд төдийгүй МАН-д ч давхар хаясан “яс” болсон энэ асуудал хоёр жилийн турш Н.Алтанхуягийн багийг байнгын түгшүүрт байлгаж чадсан.
АН “албан ёсоор” олон бүлэглэлтэй. Засгийн газраа дангаар бүрдүүлэх суудлын хүрэлцээгүй нь Н.Алтанхуягт парламент дахь бусад хүчнүүдтэй зөвшилцөж ажиллах шаардлагыг тулгасан. Ингэснээр нам доторх фракцууддаа “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” хувь хүртээх бололцоо буурсан гэсэн үг. Энэ хэрээр намын даргын нөлөөллийн хэр хэмжээ тарамдсан. Аль болох хүртээмжтэй байлгах гэхийн оронд “Алтангадас”-ын зонхиллыг хадгалах, улмаар илүүрхүүлэх зарчим барьсан бол бусад бүлэглэлүүдэд “халдаж зүрхлэхгүй ч хаяж явахгүй” гэгч л болох байсан байх.
Алтангадасыг “алах” ашиг сонирхол АН-д их олон жилийн өмнөөс бий болсон. Зонхилогч гэж томъёолж болохуйц энэ фракц улстөрийн туршлага, мэдлэг, мэдрэмжийн хувьд бусдаасаа хавьгүй илүү. Бүрэлдэхүүний хувьд ч том. Бусад хүчнүүдтэй, ялангуяа МАН-тай бодлогын уялдаа зохион байгуулж, маневрлаж ажиллахдаа гарамгай. Ер нь энэ талаар гаршсан гэж хэлж болно. МАН-д ч Алтангадасыг түшиглэдэг бүлэглэл бий. Ер нь АН дахь Алтангадасыг зөвхөн энэ намынхан биш бусад намууд, тэр дундаа МАН-ынхан анхнаас нь үүсгэж, бүрдүүлж, төлөвшүүлж өгсөн гэж хэлж болно. Харин одоо энэ фракц нам дотроо ганцаардаж эхэллээ. Тэдний эсрэг талд Ц.Элбэгдож, З.Энхболд, Х.Баттулга нарын бүлгүүд өрөөд зогсож байна. “Шонхор”-ыг Алтангадасын эсрэг зогсож байснаа Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах болмогц ташаанд нь наалдаж, урвагчийн дүрд тоглосон гэж зарим хүмүүс харж байна. Гэвч үнэндээ тийм биш.
МУУ ТУСМАА САЙН
Өнгөрөгч зун, тодруулбал наадмын дараахан Ц.Элбэгдорж Их тэнгэр дэх харшдаа З.Энхболд, Х.Баттулга нартай нууцхан уулзсан нь ил болсон. Энэ уулзалтаар Ерөнхийлөгч МоАХ, Шонхор бүлгүүдийг нэгтгэж, УИХ-ын даргын удирдлагад зангидах асуудлыг тохиролцсон байж мэдэх юм. З.Энхболд намын удирдлагыг авах тохиролцоо хийсний цаана Алтангадасын араас жагсах томоохон фракцуудыг нэгтгэх, Ч.Сайханбилэгийг татаж гаргасны нь ард Н.Алтанхуягийн бүлэглэлийг задлах холын бодлого агуулагдаж байгаа гэж дүгнэхэд хүргэж байна.
УИХ-ын чуулган эхлээгүй, энгийн олны нүдээр бол улс төр нам гүм байх үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаа гэнэтхэн мэдэгдсэн. Түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн байх хамгийн магадлалтай хүн бол Ц.Элбэгдорж. Бүтэц, бүрэлдэхүүнийг нь хөндчихвөл эрх мэдэлд тэмүүлсэн Засгийн газрын гаднах бүлэглэлүүдийн нөлөөгөөр хэврэгшиж, аяндаа өөрөө нурж ч болохыг Ерөнхийлөгч тооцоолсон нь мэдээж. Сөрөг хүчин ч шүд нь сугарсан Засгийн газрын сийрэг, сиймхийг ашиглахгүй, зүгээр хараад өнгөрүүлэхгүй нь ойлгомжтой байсан.
МАН 2008 онд АН-ыг танхимдаа урьсны хариуг барина гэж горьдож байсан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орсноор нотлогдсон. Үндсэндээ сөрөг хүчин эрх баригч эвслийг хагаралдуулж, түүн дээр тоглох бодлого барьж ирсэн. Ингэхийн тулд Засгийн газрыг байнга шахуу нуман тулгуурт оруулж байлаа. Засгийн газар догонцох болгонд АН болон “Шударга ёс” эвсэлд зөрчил, тэмцлийн үйл явц өрнөж байв.
ЗӨВ ЗҮГ
Залуу хүн гэхэд Шийдлийн Засгийн газрын тэргүүн МАН-тай нэгдэх гарцаагүй нөхцөл байдал бий болсныг оновчтой харлаа. Энэ нэгдэл зөвхөн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад төдийгүй Алтангадасыг мөхөөчихөлгүй авч үлдэх цорын ганц гарц юм. Нам суурьтай манай улстөрийн системийн хувьд эрх барьж байгаа АН бол цөм нь, харин энэ цөм бүтцийн маань “амин урвал” нь фракц, бүлэглэлүүд. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлийг бий болгож байгаа улстөрийн системийн хямралаа даван туулахыг эрмэлзсэн Шийдлийн Засгийн газрын тэргүүний гараа туйлын зөв юм.
2014.12.29
AOrdiseTwire
Зочин
Зочин
ОРХ
1111
KHUYAG
Зочин
Зочин
kjh
Зочин
Зочин
д тэмүүжин
ОРН
Лхагва
Зочин
mk