Атилла хааны мөрөөр Альпийг “байлдан дагуулсан” 7 хоног
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Альпийн уулсыг арлаж, өвөрлөн гурван улсад хийсэн албан болон ажлын айлчлалыг дагасан сурвалжлага, аян замын тэмдэглэлээ ийн гарчиглалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Альпийн уулсыг арлаж, өвөрлөн гурван улсад хийсэн албан болон ажлын айлчлалыг дагасан сурвалжлага, аян замын тэмдэглэлээ ийн гарчиглалаа. Хоёр мянган жилийн тэртээ Атилла хааны их цэрэг Европын улс түмнийг дагжин чичрүүлж, хот балгадыг ээлж дараалан буулгаж, газрын хөрснөөс арчсаар Альпийн цаст нурууг даган “Тэнгэрийн ташуур”-аа тачигнуулан довтолгосон яг л тэр замаар XX зууны төгсгөлд Төв Азийн зүрхэн дээр ардчилалын анхны гэрэлт цамхаг, галт бамбар болон гялалзсан Монгол Улсын төрийн тэргүүний хийсэн долоо хоногийн айлчлал минийхээр бол үнэхээр л “байлдан дагуулалт” мэт болж өнгөрснийг албаныхан өөрсдийнхөө хэлээр маш амжилттай хэмээн дүгнэсэн нь түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нь лавтай. Төр, засгийн тэргүүнүүдийн гадна, дотно хийж буй айлчлал амжилттай, амжилтгүй, бүтэлтэй, бүтэлгүй янз бүр л болдог байх. Тэгвэл энэ удаа амжилттайгаар барахгүй ТҮҮХЭН гэж хэлэх үйл явдлын гэрч болох хувь айлчлалын багт багтсан бүх хүмүүст тохиосон бөлгөө. Монгол бол үүх түүхээ мартсан зарим нэгний төсөөлдөг шиг нүүдэлчин “чукча” нар биш, агуу түүхтэй, агуу амбицтай, том улс, үндэстэн, бид хэнтэй ч найрсаг нөхөрсөг, нээлттэй харилцаатай, олон тулгуурт бие даасан гадаад бодлоготой, бүс нутагтай төдийгүй, дэлхий нийтэд тулгамдсан эмзэг асуудлуудыг шийдвэрлэхэд зүгээр нэг “кноп” дарагч бус идэвхтэй, эерэг санал санаачлага гарган оролцогч улс шүү гэдгээ төрийн тэргүүн энэ айлчлалаараа дэлхий даяар дахин нотолсон. Энд би айлчлалыг дагаж явсан сэтгүүлчийнхээ хувьд нэг зүйлийг тухайлбал, улс орнуудын харилцаанд хувь хүний чадвар,нэр хүнд, овсгоо, зан араншин, мэдрэмж гэдэг ямар чухал байдгийг, бүр шийдвэрлэх ач холбогдолтой болохыг анзаарснаа зориуд онцолж тэмдэглэхийг хүслээ. Өөрөөр хэлбэл энэ айлчлал манай улсын төрийн тэргүүний Европт хийсэн тун амжилттай “байлдан дагуулалт” байлаа.
Монголын Ерөнхийлөгчид зориулж шөнө эгшиглэсэн Моцарт
Европын дээвэр Альпийн сүрлэг уулс ямар үзэсгэлэнтэй гээч. Хутганы хурц ир лүгээ тэнгэр өрлөсөн шовх оргилууд угалзарсан цав цагаан үүлсийг нэвтлэн ромын легионы жад лугаа гялалзан сэрийх нь загварын сэтгүүл дээрх цагаан ороолт хүзүүндээ донжтой ороосон дэгжин залуутай төстэй мэт. Австричууд яг Альпийн уулс шигээ ихэмсэг, бардам, хээнцэр хүмүүс. Өөрсдийгөө Европын үе үеийн хаад, хатдын шууд угсаа гэж үзнэ. Агуу Моцарт, Шуберт, Штраусийн эх орон. Энд Бэтховен, Хайдн нар амьдарч, Штраницки, Рэймунд, Нэстрой, Элфридэ Елинэк нар утга зохиолын сод бүтээлүүдээ туурвисан болоод тэрүү Австри орон, Вена хот тэр чигээрээ нэг тийм гэгээлэг, уянгалаг. Австрийн хаад улс орноо урлаг, соёл, сонгодог болон театрийн урлагийн төв болгон өндөр түвшинд хөгжүүлэхэд заавал хувь нэмрээ оруулж ирсэн гэдэг. Яагаад ч юм, Вена хот бүхэлдээ ихэс дээдсийн асар ганган, хээнцэр, вальс бүжгийн аялгуу эгшиглэсэн танхим лугаа санагдах юм билээ. Австри улс Монгол улсын хооронд ижил төстэй зүйл олон юм. Нэгдүгээрт түүх, газар зүйн байрлалаараа. Австричууд нэгэн цагт төв, зүүн Европыг дагнасан Прусс, Австри-Унгарын эзэнт улсаа байгуулж явсан бол бид дэлхийг засаглаж явлаа. Бидний хэн хэн нь далайд гарцгүй, эх газрын түгжигдмэл улс. Бас хоёулаа Үндсэн хуулиараа төвийг сахисан бодлого явуулахаа батлан тунхагласан улс. Ялангуяа төв Европын орнуудын гол зангилаа болсон орныхоо хувьд Австри нь газар зүйн байршлаа хөгжил, аюулгүй байдлынхаа давуу тал болгож чадсанаас бид суралцах юм их байна.Аялал, жуулчлал, гадаад худалдаа, олон улсын транзит тээврээс олж буй ашиг нь монголчуудад үлгэр болохоор. Хойд болон өмнөд Европыг холбосон автомашины гол зам энэ улсаар нэвт дайран гардаг. Өнгөрсөн онд энэхүү дамжин өнгөрөх тээврээс жар гаруй тэрбум еврогийн орлого Австрийн эдийн засагт орсон байх жишээтэй. Өнөөдөр дэлхийн хамгийн том хоёр зах зээлтэй хаяа залгасан атлаа үүнийгээ чулуу болгож чадахгүй суугаа бидэнд Австри орон шууд copy-past хийчихмээр жинхэнэ сонгодог загвар байж чадахаар санагдсан. Ази, Европыг монголчууд холбон, дэлхийн улс орнуудыг анх интеграцчилсан түүх биднийх. Тэгэхээр дэлхийн хамгийн олон улс орон, хамгийн том эдийн засаг, газар нутгийг холбосон алтан байршил маань бидний сул гэхээсээ илүү давуу тал болохыг Моцартын нутгаас харж болно. Австрийн Ерөнхийлөгч Хайнц Фишер арван хоёр жилийн өмнө улсынхаа парламентийн дарга байхдаа манай оронд айлчилж байсан Монголд элэгтэй эрхэм байна билээ. Хоёр Ерөнхийлөгчийн уулзалт хатан хаан Мария Терезагийн ордонд болсон юм. Дашрамд дуулгахад тухайн цаг үед Европын хамгийн гоо үзэсгэлэнт хатагтай гэгдэж асан Сиси хатан хааны хадам ээж болох Мария Терезагийн ордонд Австрийн Ерөнхийлөгчийн ажлын алба байрладаг аж. Ер нь Австри төдийгүй Итали, Унгарт хийсэн айлчлал, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гаднын төрийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид хувь хүнийх нь хувьд асар хүндэтгэлтэй хандаж байгаа нь илт анзаарагдаж байсныг дурдах нь зөв байх. Минийхээр энд хэд хэдэн шалтгаан байна гэж бодлоо. Нэгдүгээрт Баруунд Монголын ардчилал үнэхээр гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг юм байна. Бид өөрсдөө л үнэ цэнийг нь ухаардаггүй болохоос биш Монголын ардчилал дэлхийн олон улс оронд мөрөөдөл бахархал , дагаж дуурайх загвар нь болж байна. Бидэнтэй хамт ардчилалыг сонгон зэрэгцэн алхсан олон улс орон замаасаа буцсан. Тэнд буцаад тотилатор засаглал тогтож байна. Эмх замбараагүй байдал, хямралд автаж, эрх чөлөө хумигдаж байгаа бол Монголчууд ардчилалаа бөөцийлж, арчлан тордсоор өдий амжилттай яваад дэлхий дахин хүндэтгэлтэй ханддаг юм байна. Ирэх жил бид Ардчилсан хувьсгалынхаа 25 жилийн ойг тэмдэглэнэ. Хорин таван жилийн өмнө өлсгөлөн зарлан тэмцэж, нийгэмд тайван замаар энэ хувьсгалыг удирдан ялалтад хүргэсэн хүн өнөөдөр Монгол Улсынхаа Ерөнхийлөгчөөр улиран сонгогдон ажиллаж байна гэдэг нь гүн сэтгэгдэл, хүндэтгэлийг бусдад төрүүлдэг аж. Яг үнэндээ манай төрийн тэргүүн өнөөдөр дэлхийд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн лидер болж. Тэмдэглэлийн эхэнд хувь хүний нөлөөллийн талаар дурдсан маань ийм учиртай буюу. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ардчилалын талаар лекц уншуулах хүсэлтийг гаднынхан өөрсдөө их тавьдаг юм байна. Энэ удаа ч гэсэн Унгар улс дахь Төв Европын их сургуульд зочилж лекц уншсаныг дараа өгүүлэх болно. Австри бол Өрнөдийн улс орнуудаас манай улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон болохоор уламжлалт харилцаа бидэнд бий. Монголчууд соц нийгмийн үед барууны бараа бүтээгдэхүүнтэй анх австри гутлаар л дамжуулж танилцаж байлаа шүү дээ. Одоо бол Австриас худалдаа, нийтийн хоол, хөнгөн үйлдвэр, геологи , уул уурхай, малын гаралтай түүхий эд боловсруулах, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарт 2,9 сая ам. долларын хөрөнгө оруулалт бүхий 22 компани Монголд үйл ажиллагаа эрхэлж, 2,1 сая долларын бараа бүтээгдэхүүнийг манайхаас экспортолж, Австриас 6,9 сая долларын бүтээгдэхүүнийг манайд нийлүүлсэн байна. Тус улсаас мөн 40 сая еврогийн хүүгүй зээлийг 40 жилийн хугацаатайгаар олгохоор болж шат дараатай хэрэгжүүлэхийг энэ айлчлалаар шийдвэрлэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч АСЕМ-ийн дээд хэмжээний дараагийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулах саналаа тавьж байгаагаа дуулгахад ноён Хайнц Фишер ихэд гайхахын зэрэгцээ, хэрэв танай улс энэ эрхийг авч чадвал бахархал, бид бүхий л талаараа дэмжих болно гэж хэлж байсан. Ирэх арваннэгдүгээр сард Вена хотноо болох Далайд гарцгүй орнуудын чуулганд Монгол Улс оролцох бөгөөд энэ үед хоёр орны хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд ярилцаж болно гэдгийг Австрийн тал илэрхийлсэн юм. Вена хот нь НҮБ-ын салбар төв болох Олон улсын атом энергийн агентлаг, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба зэрэг НҮБ-ын системийн байгууллагууд төвлөрсөн олон улсын олон талт хамтын ажиллагааны Нью-Йорк, Женевийн дараа тооцогддог дэлхийн гурав дахь төв бөгөөд энд мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авилгын эсрэг тэмцэх олон улсын байгууллага байдаг юм билээ. Айлчлалын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч энэ бүх төвүүдэд зочлон манай улсын хамтын ажиллагаа, өнөөгийн нөхцлүүдийн талаар ярилцсаныг тухай бүрд мэдээлсэн болохоор давтан нурших илүүц гээд орхилоо. Австрийн нэгэн гайхамшиг болсон сонгодог хөгжмийн “Вийнер Мюзикфэрайн” театр дэлхийд алдартай. Энд жилд ердөө дөрөвхөн удаа тоглогддог Моцартын төгөлдөр хуурын концертыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс тэмүүлдэг. Үзэхийн тулд тасалбарыг нь хагас жилийн өмнөөс урьдчилан захиалахгүй бол хэзээ ч амжихгүй. Тасалбарын үнэ нь ч өндөр энгийн суудал нь гэхэд 160 евро байдаг юм байна. 1863 онд Австрийн эзэн хаан Франц Жозефийн шийдвэрээр бариулсан энэ театр 1870 онд нээлтээ хийж байж. Нээгдмэгцээ л “Алтан танхим” –ын акустик, хөгжмийн аялгууг хүмүүст хүргэх чанар дэлхийн сонгодог урлагийн мэрэгжилтнүүдийг шуугиулсан гэдэг. Европын эзэн хаад, хатад, ихэс дээдсийн цугларч сонгодог урлагийн сор бүтээлүүдийг сонсч асан тэр л алтан танхимд Моцартын гайхамшигт аялгууг сонсох завшаан бидэнд олдсоныг дурдахгүй өнгөрч боломгүй билээ. Хэдийгээр айлчлалын хөтөлбөрт албан ёсоор тусгагдаагүй ч Австрийн Ерөнхийлөгч Х.Фишер Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг тоглолтыг хамтдаа үзэхийг урьсан нь бидэнд ийм боломжийг олгосон хэрэг. Ийнхүү цагийн зөрүүгээс хамаарч шөнийн 4 цаг болж байхад дэлхийн гайхамшиг болсон театрт тухлан Моцартын аялгууг сонссоноо хэрхэн мартах билээ. Хайнц Фишер манай Ерөнхийлөгч хоёр тэр үдэш Венийн гудамжаар эртний дотно найз нөхөд шиг алхаж явлаа.
Маргааш өдөр би Австрийн хэвлэлүүдээр бидний талаар юу гарч байгааг тус улс дахь манай элчингийн ажилтнаас сонирхоход, Монголын Ерөнхийлөгчийг “чанга гар” гэсэн утгаар бахдан бичиж байна гэж өгүүлсэн билээ. Нээрээ ч төрийн тэргүүн маань хаана, хэнтэй ч уулзсан ярианы санаачлагыг тэр дороо авч, хэрэгтэй газраа зөв олон хөнгөнөөр хошигнон хүмүүсийг инээлгэн, оновчтой зүйрлэлээр жишээ татан нижигнэтэл алга ташуулан тун чөлөөтэй уур амьсгалыг хавь орчиндоо бүрдүүлчих юм. Хоёр улсын Ерөнхийлөгч уулзалтынхаа дараа хэвлэлийнхэнд зориулан мэдээлэл өгөх хоромд Австрийн сэтгүүлчид манай Ерөнхийлөгчөөс монголчууд яаж нэг ч цонх хагалалгүйгээр ардчилсан хувьсгал хийж чадсаныг, авилгын эсрэг хэрхэн тэмцэж байгааг, Монголд айлчилсан Путин, Си Жинпэн нарын тухай , Душанбед болсон Монгол-Хятад-Оросын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын талаар ихэд сонирхон асууж байлаа. Энэ намар Монголд болсон тэрхүү айлчлал, уулзалт дэлхий дахины сонорт байсныг дээрх асуултууд нотлох буй за. Ардчилал, хувь хүний эрх чөлөө, эрх тэгш байдал, төрт ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санаа монгол хүний цус генд нь уг язгуураасаа байдаг болохоор монголчууд ардчилсан хувьсгалаа амжилттай хийсэн, энэ зарчмаасаа монгол хүн хэзээ ч буцахгүй ээ. Ерөөсөө Европыг Дорно дахинтай холбосон чөлөөт худалдааны анхны суваг алдарт торгоны замыг монголчууд бий болгон, шашин шүтлэг, үзэл бодлоор хэзээ ч бусдыг ялгаварлалгүй, төрт ёс, хуул цаазыг тогтоон дэлхий дахинд хамгийн анх ардчилалын дэг журмыг тогтоож явсан үндэстэн бол бид юм. Монголын гүн ухаанд хувь хүн хүчирхэг байж, хүчтэй төр засгийг бий болгодог гэж үздэг. Тиймээс эхлээд биеэ,дараад гэрээ, удаад төрөө засах ёстой гэсэн сургаалийн дагуу хүмүүжин төлөвшдөг хэмээн Ерөнхийлөгч хариулж байна билээ. Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн улс орнуудын жагсаалтад байраа 26-гаар урагшлуулсан мэдээллийг баруунд алга ташин хүлээн авч сонсож байлаа. Сүүлийн хоёр жилд Монголд авилгын индекс хоёр оронтой тоогоор буурч байгаа нь бидний бас нэгэн том бахархал. Энэ бүх мэдээллийн дараа Австрийн бизнес эрхлэгчид Монголд уул уурхай, хөдөө, аж ахуй, аялал жуулчлал гээд бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа шууд илэрхийлж байна билээ.Түүнчлэн Ерөнхийлөгч маань З000 жилийн өмнө монгол удмын хаан Атиллагийн өвөг дээдэс хэдэн арван жилээр нүүдэллэн хүрч ирсэн энэ газарт өнөөдөр би Монголын тал нутгаасаа ердөө наймхан цаг нисэн хүрч ирээд та бүхэнтээ харилцаагаа улам, идэвхжүүлье, худалдаа наймаагаа харилцан ашигтай өргөжүүлье хэмээн айлчилж байна гээд улс хоорондын харилцаанд итгэлцэл хамгийн чухал, монголчуудад , бидэнд итгэж болно оо, бид хэнд ч хамгийн сайн нөхөр,түнш байж чаддаг ард түмэн гэдгийг нүүр бардам хэлнэ гэсэн нь Венад гүнзгий сэтгэгдэл үлдээсэн дээ. Эзэн богд Чингис хааны “Хүмүүний сэтгэлийг хураахуй дор бие нь хаа одохуй ” хэмээх билигт сургаал юутай үнэн билээ.
Үргэлжлэл бий