“Цэдэнбалынхан”-аас зай барив
НЭПКО хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Д.Баярхүүгийн бичсэн “Батмөнх” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
НЭПКО хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх
цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Ширэндэв,
Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Д.Баярхүүгийн
бичсэн “Батмөнх” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
Батмөнхийн өөрчлөн байгуулалт юунаас эхлэв? Горбачевын перестройка халаа сэлгээнээс эхэлсэн шиг л эхэлсэн. Коммунист тоталитари нийгэмд өөрөөр эхлэх арга байхгүй. Гэхдээ Монголын хувьд арай өөр. Горбачев халаа сэлгээг хайр найргүй хийсэн, харин Батмөнх тийм зориг дутсан. Улс орныг гуч, дөчин жилээр удирдаж байсан тэр л хүмүүсээр перестройка хийлгэнэ гэж горьдсон. Цэдэнбалтай хамтран зүтгэж, хожим “тойрон хүрээлэгчид” хэмээн зэм ял сонссон нөхдөөс шинэ, шинэлэг ажил үйлс шаардахын ч аргагүй байсан биз, бодвоос. Т.Рагчаагийн онож хэлсэнчлэн шинэ сэтгэлгээгүй хуучин хүн яаж өөдтэй шинэ сэргэг ажил хийх юм бэ?
... Халаа сэлгээ мэдээж Цэдэнбалд хэт үнэнч, авгайд үнэнч, “1984” оны зуны үйл явдлыг үймүүлэх, үгүйдээ саармагжуулах талынхан руу эхлэн хандсан нь нууц биш ээ. Сэтгэлдээ бөөр хар юм тээсэн, занасан зүхсэн хүмүүстэй хэн ч цаашаа нэг баг болж байхын аргагүй. Тэсрэх бөмбөгөн дээр хэн сандайлан суухыг хүсэх билээ.
... Өмнөхөн эшлэлд дурдагдсан Д.Майдар:
- Танай Брежнев сүүлийн жилүүдэд яг ийм байдалд байсан, өмнөөс нь өөр хүмүүс ажилладаг байсан. Цэдэнбал ч гэсэн бидний хувьд билэг тэмдэг болсон хүн, тэр амарч л байг, бид өмнөөс нь ажиллахад бэлэн байна. Яаран шийдвэр гаргахгүй байвал яасан юм бэ? Цэдэнбал Төв Хорооны бүгд хуралд ирвэл яасан юм? Түүнийг чөлөөлөх болсныг би ойлгож байна. Гэхдээ энд ирэг л дээ. Бид түүнийг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар нь байлгаж болно шүү дээ.
Ингэж хэлснийхээ төлөөсийг тэрээр мөдхөн хүртсэн ба түүнийг халах асуудал Москвад мэдэгдэлгүй өнгөрөөгүй нь ойлгомжтой. Тэр үед Товчооныхонд хэлмэрчилж байсан Кручкины дурсан ярьснаар ганцхан Майдар л эцсээ хүртэл Цэдэнбал, Анастасия Ивановна хоёрт үнэнч явдгаа харуулжээ. Гэлээ гээд хичнээн үнэнч байгаад, хичнээн орос эхнэртэй байгаад, хичнээн сайн хүргэн (Зөвлөлтийн) байгаад орос гэргийтэй Майдар, Гомбожав нарыг тэсгээгээгүй юм...
... Харин Майдар, Гомбожав, Рагчаа, Адьяа нарыг хэнээр солив оо, ингэхэд? Тэдний оронд гаргаад ирсэн хүмүүс сэтгэл онгойлгох нөхөд байгаагүй гэдгийг хожмын түүх харуулсан. “Батмөнхийн команд” хэрхэн бүрдсэнийг Баабар номдоо онож томъёолон бичжээ.
- СССР-ийг дагаж болдоггүй, дагахгүй байж болдоггүй гацаанд орчихсон газрын нэг нь Монгол байлаа. Энэ үед УТТ-ноос хамгийн аймшигтай хутган үймүүлэгч Д.Майдарыг хөөж гаргасан байсан боловч олон жилийн турш Цэдэнбалын боловсон хүчнийг хариуцаж бүхний зүрхэнд шар ус хуруулсан Б.Ламжав шинээр ороод ирчихсэн байлаа. Цэдэнбал олон жил төр барихдаа дээш нь гаргахгүй мөртөө хэдхэн хүнд итгэж илүү ач холбогдол өгдөг, тэднээрээ бусдыгаа айлгадаг байжээ. Төв Хорооны боловсон хүчин Б.Ламжав, хэлтсийн эрхлэгч генерал С.Батаа, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Бадарч, ГЯЯ-ы орлогч сайд Д.Ёндон зэрэг хүмүүс Цэдэнбалын дэглэмийг тогтоож байх тулгын чулуу болж байжээ.
“Бүхний зүрхэнд шар ус хуруулсан” Б.Ламжав гэгчийг ихэд тоож дэвшүүлсэн явдал нэг оньсого мөн. Үнэнчийн шалгуураа Ж.Батмөнх онож тавиагүй тал байж болно. Эсвэл бүр ч оносон байж болно. Адьяаг (1934 оных) түүнээс 6 насаар ах догматик хуучинсаг коммунист Ц.Балхаажаваар (1928 оных) сольсноор нам, улсын үзэл суртал, урлаг соёлын бодлого огцом ахих нь юу л бол? 1986 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны XII бүгд хурлаас Б.Дэжидийг Намын хянан шалгах хорооны даргаас өөрчилж, Төв Хорооны хөдөө аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга болгож, хянан шалгахын тэр эмзэг тушаалыг мөнөөх “бүхний зүрхэнд шар ус хуруулсан” Б.Ламжавт шилжүүлсэн байх юм. Энэ тухай Батмөнх ингэж хэлжээ.
- Амьдрал нэг хэвэндээ зогсож байдаггүй болохоор аливаа өөрчлөлт хийж байх нь зүйн хэрэг. Дэжид мэргэжлийн чиглэлийнхээ ажил эрхэлье гэдэг хүсэлт тавьсан. Оронд нь Ламжавыг болгосон. Хорооны нэгдүгээр орлогчоор нэлээд хэдэн жил ажилласан, бас хашир хүн тул энэ ажлыг хийж чадна гэж үзсэн. Сүүлд Лувсангомбо тэтгэвэртээ гарсан.
1920 он төрсөн, дайны үеийн ардын цэргийн эвлэлийн товчооны дарга, 1986 он гэхэд 66-тай өтөл настан, бүр 1962 оноос Намын Төв Хорооны боловсон хүчний хэлтсийг толгойлсон тэр ахмад дайчин коммунистаас өөрчлөн байгуулалтын ямар шинэ сэргэг юм гарна гэх билээ. Тэгтэл бүр дэвшүүлээд байв. 1986 онд Улс төрийн Товчооны орлогч гишүүн болгосон бол жилийн дараа Төв Хорооны III бүгд хурлаас (МАХН-ын XIX их хурлаас сонгогдсон Төв Хороо) Улс төрийн Товчооны гишүүн болгон жинхлүүлжээ. Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар Товчооны гишүүн Б.Алтангэрэл, мөн Цэдэнбалын үеийн сайд асан П.Жасрай, Ш.Гунгаадорж нарыг шинээр дэвшүүлсэн нь ч хуучин гвардын нөхөд байв. Ийм хүмүүсээс өөрчлөн байгуулалтын үр дүнг нэхэж зүрхэлнэ гэж үү хэмээн хожим бид харамсацгаасан даа.
“Цэдэнбалынхан”-аас зай барив гэсэн гарчгийн дор Цэдэнбалд өөрт нь хэрхэн хандсан талаархи түүх бас багтана. 1988 оны хүртэл таг чиг байсан. Нийгмийн шаардлагаар 1988 оны сүүлчээс Цэдэнбалын булхайг илчилж эхэлсэн ба тэр илчлэлт нь сүүлдээ хэт туйлшрал болж хувираад 1984 оны ээлжит бус бүгд хурлын дүгнэлтийг ор тас үгүйсгэхэд хүрсэн билээ.
Цэдэнбалыг залгамжлагчид (Батмөнхийн команд) түүнээс жийрхэж, “Танилын нүүр халуун” гэдэг шиг цэрвүү хандаж, басхүү хийсэн хэргээсээ (огцруулсан) болж хулчийж байсан юм уу гэмээр нэгэн баримтаас эшлэе. Тухайн цаг үед хэн нь хэн байсан бэ, асуудалд аль өнцгөөс хандаж байсан бэ гэдгийг өнөөгийн өндөрлөгөөс харахад энэ баримт нэгийг хэлэх байх. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлын 1986 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн протокол бүрэн эхээрээ байна.
Хуралдаанд Ж.Батмөнх, Б.Алтангэрэл, Б.Дэжид, Д.Моломжамц, Ц.Намсрай, Д.Содном, Т.Рагчаа, Н.Жагварал бүрэлдэхүүнтэй, хуралдааныг Ж. Батмөнх даргалав. Мөн Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга П.Дамдин, М.Даш, Ц.Балхаажав нар суув. С.Лувсангомбо өвчтэй байв.
Сонссон нь: Нөхөр Ю.Цэдэнбалын хүсэлтийн тухай
Ж.Батмөнх:
- Өнөөдөр хотын намын бага хурал болж байна. Маргааш армийн намын бага хурал болно. Үүгээр аймаг, хотын бага хурал дуусах юм. Нөхөр Цэдэнбалыг намын их хурлын төлөөлөгчөөр сонгох эсэх тухай авч үзэхгүй бол болохгүй асуудал бас байна. Нөгөө авгай нь хамт ирнэ. VIII бүгд хурлаас хойш тэр авгай “эргэлт хийсэн”, “хуйвалдсан” тухай хоёр жил ярилаа. Өвгөн ч намайг төлөөлөгчөөр сонгож өгөөч гэж 7 удаа ярьсан байна.
- Авгай ирээд будлиан тарьж, нам будилж мэдэх юм. Иймээс сонгохгүй байхаас өөр арга алга. Би эрүүл хүн гэж батлаад байх юм. Авгай хэлж өгч бичүүлээд түүнийг нь Цэдэнбал Гүрбадамд уншиж шаардлага тавьдаг юм шиг байна. Их эвгүй үг яриа гаргаж байгаа. Сонговол сонгох л юм. Үүнийг Товчоонд хэлэхгүй, Товчоо шийдэхгүй бол болохгүй юм. Дэжидэд авгай ярихдаа “Цэдэнбал эрүүл, түүнийг энэ хурлаар намын дарга болгох хэрэгтэй” гэж шаардсан байна. Эрүүл хүн гэж байгаа гэнэ.
Т.Рагчаа:
- Авгайн бичүүлсэн юмыг хараад уншдаг юм. Надад ч өгсөн юм бий. Би түүнийг Ерөнхий хэлтэст өгнө.
Ж.Батмөнх:
- Будлиан гаргахгүй гэсэн талаас нь ярьсан дээр.
Д.Моломжамц:
- Цэдэнбалын тухайд бол төлөөлөгчөөр ирэхэд болохгүй юм алга. Гэхдээ VIII бүгд хурлаас хойш бол тийм сайн байр суурьтай байж чадаагүй шүү дээ. Одоо бол Төв Хорооны бүрэлдэхүүнд орох шаардлагагүй юм. Тэр байдал одоо үргэлжилж байгаа юм байна. Иймээс Төв Хорооны бүрэлдэхүүнд оруулах нь зарчимд таарахгүй юм. Ирэхдээ зорилготой ирэх нь байна.
Ж.Батмөнх:
- Ингэж шуугиан гаргах гэж байгааг нь мэдсээр байж ирүүлэх нь эвгүй юм.
Ц.Намсрай:
- VIII бүгд хурал нөхөр Цэдэнбалын нэрийг хамгаалж үлдэхийн тулд шийдвэр гаргасан. Одоо ч гэсэн түүнийг ирүүлэхгүй байгаа нь өөрийн нь будлиулахаас хамгаалсан хэрэг гэж үзэж байна. Намаа ч хамгаалж байна. Разумовский надтай ярихдаа их хуралд Төв Хорооны гишүүд заавал оролцох шаардлагагүй гэсэн юм.
Б.Алтангэрэл:
- Янз бүрийн яриа их байдаг. Иймд нэг хариулт өгч байх нь зүйтэй. Өвчтэй учир сонгоогүй л гэсэн тайлбар өгөх нь зүйтэй.
Тогтоосон нь:
- Нөхөр Ю.Цэдэнбалыг намын XIX их хурлын төлөөлөгчөөр сонгох, Төв Хорооны бүрэлдэхүүнд оруулах шаардлагагүй гэж үзэв.
Хэлтсийн эрхлэгч Я.Лосолсүрэн
Хурлын төгсгөлд Ерөнхий хэлтсийн эрхлэгч Я.Лосолсүрэн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн нэр дээр Цэрэндорж гэсэн нэрээр (нэр нь тогтоогдоогүй) ирсэн захидлыг Товчооны гишүүдэд уншиж танилцуулав...
чимэд