Нарт ертөнцөд эрдэнэт хүний биеийг олж төрөхийг сая ширхэг арвайг агаарт цацахад ганц нь л зүүний үзүүрт тогтохтой адилтан зүйрлэдэг. Азаар олж авсан энэ их хувь заяаныхаа эзэн байх, өөрөө өөрийнхөө амьдралын гол дүр болж явах эсэх нь тухайн хүнээс л шалтгаалдаг. Тэдэн дунд нэг эсээс хоёр, гурав, дөрөв, тав, бүр наймаараа ихэрлэн төрсөн ховорхон заяа олон. Одоогоор дэлхийд АНУ-ын иргэн Надя Сулейман гэж эмэгтэй 2009 онд хамгийн олон буюу найман ихэр төрүүлжээ. Тэрээр ихрүүдээ үр тогтоох аргаар олсон бол, Хятадын Гуандун мужийн хүүхэд хүсэмжилсэн нэгэн гэр бүл хуруу шилний аргаар мөн л найман ихэртэй болж, улсынхаа “нэг гэр бүл-нэг хүүхэд” хуулийг зөрчсөн тухай хэвлэлийн шуугиан болж байлаа. Харин Монголд хамгийн олон буюу анхны дөрвөн ихэр 2013 онд мэндэлсэн юм. Ихрүүдийн ээжийг Хандсүрэн, аавыг Баттулга гэдэг бөгөөд тэд  Сэлэнгэ аймгийн Ерөө сумынх. Энд тэдний тухай биш, дөрөв төрөхдөө дөрвүүлэнд нь ихэрлэсэн ховроос ховорхон хувь заяатай нэгэн гэр бүлийн тухай өгүүлнэ.

Б.Энхтөрийнх тэрсхэн гэмээр  найман хүүхэдтэй. Эхнэр Ц.Ундрах нь дөрөв төрөхдөө дандаа ихэрлэж, Монголын хүн амыг хоёр хүү, зургаан охиноор бүл нэмжээ. Тэд араасаа ихэр дүү нар дагуулах “булган сүүлтэй” анхны ихэр охидоо 2003 онд өлгийдсөн бол одоо гурван сартай дөрөв дэх ихрүүд бас л охид. Тэдний дундахь хүү-охин, хүү-охин гэсэн хоёр төрөлтийн дөрвөн хүүхэд нь аль хэдийнэ сургуулийн сурагч болжээ.  Монголын анхны дөрвөн ихэр ч, дандаа ихэрлэсэн дөрвөн төрөлтийн найман хүүхэд ч үр тогтоох юмуу, “хуруу шил”-ийнхэн биш. Баттулга, Энхтөр нарын гэр бүл шинжлэх ухааны аргаар бус, бурхны бэлгээр ихрүүдтэй болсон гайхалтай гэмээр хувьтай хүмүүс. Тийм учраас л дэлхийд ч ховорт тооцогдох их хувь тохиолд, энэ гэр бүлд Монголын төр засаг, хувийн хэвшлийнхний анхаарлыг хандуулах гэсэн юм. Б.Энхтөрийнх буруу зуршилгүй, үг үйлдэл зөвтэй сайхан гэр бүл. Ихэрлэн төрсөн ижил найман үр нь эрүүл энх сайхан өсч буй. Тэгэхдээ л тэдний өмнөөс учирлахад энэ гэр бүлийн амьдрах орчин, эдийн засаг нь арван ам бүлд арай л чамлалттай. Тэднийх Сүхбаатар дүүргийн гэр хороололд нэг өрхөд ногдох 0.07 га-гаас хамаагүй бага талбай бүхий жижигхээн хашаанд амьдардаг. Тэр нь Б.Энхтөрийн эзэмшлийнх биш. Түүний аавынх. Гэр бүлийн сарын орлого ердөө сая төгрөг. Ц.Ундрах өмнө нь гурван удаа төрөхдөө хуулийн хоёр жилээ гэртээ бүрэн суусан удаагүй.  Ихрүүдээ өлсгөхгүйн тулд төрөөд хагас жил орчим болоод л Эх нялхасын сувилагчийн ажилдаа ордог байв. Ийм үед өрхийн орлого нь сардаа 1.5 сая төгрөг болж нэмэгдэнэ. Одоо бол хоёр багыгаа хараад гэртээ суугаа учир өрхийн орлогоо Б.Энхтөр ганцаараа олно. Тэрээр Спортын төв ордон, Дуурийн театрт сантехникчээр давхар ажиллаж сардаа нийлээд  сая төгрөгийн цалин авдаг байна. Нэг байгууллагад ээлжээр хоногтоо хорин дөрвөн цаг ажиллаж 48 цаг амардаг тулдаа ингэж “хоёр нутагтан” явах бололцоо гардаг хэрэг. Өөрөөр хэлбэл, Спортын төв ордны 48 цагийн амралтынхаа 24 цагт Дуурийн театрт, Дуурийн театрын 48 цагийн амралтынхаа 24 цагаар Спортын төв ордонд ажилладаг. Түүний аав Спортын төв ордонд мөн л сантехникчээр ажиллаж байсан бол, ээж нь эхнэр Ц.Ундрах шиг нь сувилагчийн мэргэжилтэй гэнэ. Өрхийн тэргүүний цалингаас өөр орлого эднийд байхгүй. Харин зарлага бол юу эсийг энд тоочих нь илүүц биз ээ.



Иймэрхүү амьдралтай, эднийхээс бага орлого, илүү олон хүүхэдтэй айл өрх Монголд цөөнгүй л байх. Гэхдээ тийм өрхүүд ч барьцахааргүй шалтгаан бүхий бурхнаас дараалан ирсэн ихрүүдтэй учраас л энд онцлоод байгаа юм. “Мандухай сэцэн хатан” кинон дээр бага залуу Батмөнх жонон хаан ширээ булаацалдсан ноёдоос зугтан хар болж хацар халтар, хөл нүцгэн явахыг харсан айлын эмгэн “ийш, их хааны удам ингэж ч явах гэж” хэмээн уулга алддаг даа.  Үүн шиг дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн дэлхийд ховор ийм өндөр тавилан ингэж амьдарна гэдэг арай л харамсалтай, аргагүй чамлалттай.  Дөрвөн төрөлтийн найман ихэр зөвхөн Б.Энхтөрийн гэр бүлд бус, Монголд, монголчууд бидний дунд ирсэн бурхны ховорхон бэлэг. Иймд байгаа боломждоо тааруулан бусдаас гуйхгүй, үрс нь ээж аавынхаа хайранд өлгийдүүлэн, эцэг эх нь ихрүдийнхээ инээдээр эрч хүч нэмэн амьдралын төлөө зүтгэж байгаа тэдэндээ, энэ гэр бүлд тусалъя.

Ихрүүдийн ээж Ц.Ундрах байр хүсч хөөцөлдөөгүй биш, хөөцөлдөж 2006 онд тэр үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхий сайд С.Баяр нарт хандаж байжээ. Таны хүсэлтийг  хотын удирдлагад шилжүүллээ гэж С.Баяраас бичгээр хариу ирүүлсэн бол, Ерөнхий сайдаасаа өргөдөл хүлээж авсан тухайн үеийн хотын орлогч дарга  Цогзолмаа  “танд туслалгүй яах вэ, тусална” гэсээр сонгуультай золгон сураг алдарчээ. Тэгэхэд Б.Энхтөрийнх зургаан хүүхэдтэй байж. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн, найман хүүхэдтэй, ам бүл арвуулаа болсон.  Монголдоо ганц энэ онцгой тохиолдлыг илүү гэр бүлсэг, илүү монгол ахуйтай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ойлгон тусална гэж найдъя.   Өөрөө олуулаа өсч, одоо олон хүүхэд өсгөж байгаа өндөр аав, Монгол төрийн тэргүүн Ц.Элбэгдорж танаас дөрвөн төрөлтийн найман ихрийн арван халуун амь амьдрал, байртай болоход туслахыг гуйж байна.

Монголчууд бид ингэ ихэрлэхэд улсын Ерөнхийлөгчид  албан ёсоор  мэдэгдэж ихэр ботгыг нь мөнгөн буйлаар буйлдаг уламжлалтай. Бараг төрийн зарлигтай.  Тэгвэл малаасаа дор хувь заяатай  монгол хүн гэж байж болохгүй. Дөрвөн удаагийн найман ихэр үрстээ Монголын төр байр өгч яагаад болохгүй гэж. Хоёр, гуравхан жилийн өмнө  Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын малчин Н.Амарсанаагийн улаан зүсмийн ингэ ихэрлэснийг тэр үеийн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд мэдэгдэн Ерөнхий сайддаа ихэр ботгоны зургийг хүлээлгэн өгч байлаа. Ихэр ботго төрөх нь ховор тохиол, монголчуудын бэлгэшээл мөн л дөө. Тэгэхдээ л дөрөв төрөхдөө дандаа ихэрлэх нь үүнээс ч ховор тохиол, хүмүүний амьдралд мөн л зүүний үзүүрт тогтох ширхэг арвай адил хосгүй хувь заяа мөн билээ. Баянхонгорт ихэр ботго төрөхөд өнгө зүсээр нь Засгийн газрын хэмжээнд ярьдаг мөртлөө аав ээж нь Баянхонгорын уугуул Б.Энхтөрийнх дандаа ихэр хүүхэдтэй болж байхад засгаа байг гэхэд энэ нутгийн том бизнесмэнүүд харж үзэж яагаад болдоггүй юм.  Засгийн газар нь ботгоны зураг хүлээж авч байхаар өөрийн мэдлийн “Буянт-Ухаа” хорооллоосоо хүндээ, ихэр иргэддээ байр өгөх нь илүү хүндэтгэлтэй хэрэг биш гэж үү. Жил жилийн наадмаар л түрүү бөх, түрүүлсэн морьдоо байр машинаар байлж, нутгийн зөвлөлүүд бэл бэнчингээрээ уралддаг. Олон сайн бөхчүүдтэй учраас увсынхан энэ уралдааныг үргэлж өнгөлдөг.  Энэ жил гэхэд түрүү бөх Н.Батсуурь арсланд таван өрөө байр бэлэглэж байна лээ. Нутгийнхаа нэрийг монгол түмний баяраар гаргасан тамирчин хүний хөдөлмөрийг үнэлснийг буруутгах юм алга. Тэгвэл Монголдоо нэг удаагийн түрүү бөхөөс хамаагүй илүү хувь нэмэр оруулж дөрвөн удаа ихэр хүүхэд төрүүлсэн ээжээрээ Увсын харьяат Ц.Ундрахын хөдөлмөрийг увсынхан яагаад үнэлж болдоггүй юм. Үгийн далимд Ерөнхийлөгчид аминчлахад Ц.Ундрах ааваараа Ховдынх юм билээ шүү.

Нутгийн зөвлөлүүд бөх, мориор монголчуудаа талцуулдаг бол ихэр төрүүлдэг ээж-Ц.Ундрах өөртөө заяасан ховор генээр Монголдоо хүн нэмж байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг нь том утгаараа эдийн засаг өснө, эх орон хөгжинөө л гэсэн үг. Харин эмэгтэй хүн нутаггүй гэдэг нь харьяалах аймаггүй, харж үзэх эх оронгүй гэсэн үг биш шүү дээ.

Амьдралд хайртай энэ гэр бүлийг амьдрал өөрөө шагнанаа. Амьдрах байртай болоход нь л туслаач, Ерөнхийлөгч өө. 

http://toimsetguul.mn