Тэр Монголынхоо нэрийг мөн ч их гаргасан даа
Гарчиг бол сэтгүүлзүйн л технологи. Энд өгүүлэх хүний тухай оносон тодорхойлолт ерөөсөө биш. Түүний хэн болохыг тодотгохын өмнө сэтгүүлчийнхээ хувьд нүдээр үзсэн нэгэн түүхэн үйл явдлыг сийрүүлье.
Гарчиг бол сэтгүүлзүйн л технологи. Энд өгүүлэх хүний тухай оносон тодорхойлолт ерөөсөө биш. Түүний хэн болохыг тодотгохын өмнө сэтгүүлчийнхээ хувьд нүдээр үзсэн нэгэн түүхэн үйл явдлыг сийрүүлье.
Монгол Улс тусгаар тогтнолоо НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлж, тус байгууллагын бүрэн эрхэт гишүүн болох өргөдлөө 1946 онд гаргажээ. Зорилгодоо хүрэхийн тулд 15 жил зарцуулж, энэ завсар нийтдээ найман удаа санал хураалгасны эцэст 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх бүрэн эрхэт гишүүн улс болов. Энэ түүхэн үйл явдал-Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой 2011 онд тохиов. Аравдугаар сарын 27-нд нь Монгол Улсын ойгоос нь гадна НҮБ-ын түүхэнд ч түүхэн гэж болох нэгэн арга Нью-Йоркт боллоо. НҮБ-ын байранд, чуулганы танхимд, дэлхийн лидерүүд үгээ хэлдэг ногоон гантиган индэр дээр Морин хуурын чуулга гоцолж Монголын уран бүтээлчид тоглолт хийлээ. Үндэсний хөгжмийн найрал нь НҮБ-ын танхимд тоглосон анхны тохиолдол, анхны улс нь Монгол боллоо. Тайзан дээр морин хуурын найрал Монголынхоо болон дэлхийн сонгодогуудыг эгшиглүүлж, танхимд улс орнуудын дипломат төлөлөөгчид бас л “найрал”-аар “Wow” хэмээн бахдан биширснээ уулга алдсан үнэхээр гайхалтай, сүрлэг тоглолт болсон юм. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй албаны төлөөлөгчид, хэвлэлийнхэн, Нью-Йоркийн монголчуудын төлөөлөл ч тоглолтыг үзсэн. Тэнд бидний монголчууд хоёрхон чавхадасаараа хорвоог уяраах хосгүй чадалтай морин хуурынхаа гайхамшгаар бахархаж, монгол хүн болж төрсөндөө омогшиж заримынх нь аньсага чийгтэж суухад, Нью-Йоркт удаан амьдарсан зарим нь “эх орноо, гэрээ саначихлаа, ерөөсөө харинаа” хэмээн үнэн сэтгэлийнхээ үгийг барьж чадалгүй унагаж байв. Монголчууд ээжтэйгээ хүйн холбоотой. Тэгвэл эх оронтойгоо ч хүйн холбоотой бөгөөд үүнийг хамгийн тод мэдрүүлдэг нь морин хуур хэмээх гайхамшигт хөгжим болохыг танхимд суусан хөх толботой хүн бүр тэр үдэш мэдэрсэн биз ээ.
Морин хуурыг ингэж монгол гэрийн хоймороос НҮБ-ын танхимд хүргэж, дэлхийд гаргахад түүхэн үүрэг гүйцэтгэж, түүчээ нь болж яваа хүн бол Морин хуурын чуулгын удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуун юм. Тэрээр алдарт морин хуурч Г.Жамъян багшийн гарын шавь ажээ. Ц.Батчулуун багшийгаа төрмөл авьяастай, морин хуурын төлөө төрсөн хүн гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл Ц.Батчулуун өөрөө сургууль төгссөнөөсөө хойш хадагдсан гадас шиг ганцхан газарт ажиллаж, төрсөн заяагаа ганц морин хуурын төлөө зориулж яваа нэгэн юм. Морин хуурыг найрал хөгжимд гоцолдог болгосон, Морин хуурын дөрвөл, улмаар Морин хуурын чуулгыг анх байгуулсан гэдэг утгаараа Ц.Батчулуун хэмээх эрхэм Монголын соёлын өвийг тээгч, соёлын том зүтгэлтэн билээ. Энэ бол урлагийн цаад нарийн учир начрыг олж мэдэхэд мэдлэг дутах сэтгүүлч миний л өнгөцхөн тодорхойлолт. Харин үнэнийг онож хэлэх цөөн хүмүүсийн нэг болох ардын жүжигчин Н.Жанцанноров “Ц.Батчулуун бол соёлын том зүтгэлтнээс гадна Монголоо монголоор нь авч үлдэх гэж яваа эх оронч юм” гэж тодорхойлов. Монголчууд соёл дээрээ нэгдэж чадвал Монголоороо үлдэж чадна. Орчин цагт буутай цэргээр бус, соёлоороо улсаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлнэ. Энэ үйлсийг манлайлагч нь Ц.Батчулуун юм гэж Н.Жанцанноров нэмж хэллээ. Эрхэм ахтай энэ хүний тухай ярилцсаны учир гэвэл Морин хуурын чуулгыг санаачлагч, удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулуун хүндээр өвджээ. Түүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж эмчилгээний зардлыг олохоор урлагийнхан хандивын тоглолт хийх гэж байна. Ард түмэндээ ч ханджээ. Тоглолт зохион байгуулах, хандив цуглуулах аяны ерөнхий зохицуулагчаар Н.Жанцанноров ажиллаж байгаа юм. Тэрээр, “Батчулуун маань өвдсөн, хагалгаа хийх шаардлагатай гэдэг хүнд мэдээг бид сонссон, ойлгочихсон. Харин үүнээс цааш, энэ өдрөөс хойш өрнөж байгаа үйл явдалд би их баяртай байгаа. Монголчууд бид цөөхөн. Монгол хүн бүрийн амь үнэтэй. Тэдэн дундаас Монголоо дэлхийд мэдрүүлэх гэж яваа нэгэн амь аюулын өмнө ирлээ, туслаач гэж ард түмэндээ хандаж байгаа. Монголчууд маань үндэсний соёл урлагаа ойлгодог, үнэ цэнийг нь мэдэрдэг болжээ. Бидний зохион байгуулж буй сэтгэлийн аян, түүнд хандах хандлагаас илт харагдаж байна. Ц.Батчулууны маань хагалгаанд 260 орчим сая төгрөг хэрэгтэй гэж урьдчилсан тооцоо гарсан. Гурван удаагийн тоглолт хийнэ. Бас Япон,АНУ, Өвөрмонголд шавь нар нь тэндээ тоглоно гэж байгаа. Хүмүүс их хандаж байна. Их хурлын гишүүн Ц.Нямдорж, Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх зэрэг олон хүн тоглолтын тасалбарыг бөөнөөр нь авч борлуулж байна. “MCS” компани 25 сая төгрөгөөр нэг удаагийн тоглолтын тасалбарыг бараг бүгдийг нь аваад, дээрээс нь ажилчдаа үзүүлнэ гэлээ. Пүрэвдорж сан, үндэсний том компаниуд ч олноор хандах жишээтэй. Миний бүдүүн бараг тооцоогоор 180 орчим сая төгрөгийг нь олчих юмшиг байна. Ард түмэн, аж ахуйн нэгжүүд ингэж хандаж байгаад, эмчилгээнд шаардалагатай мөнгөний нэлээдийг нь олчих найдвар төрсөнд би их баярлаж, басхүү том уран бүтээлч болохыг нь мэдэрч найзаараа бахархаж сууна даа” гэсэн юм.
Түүхийн нугачаанд, зах зээлийн шилжилтийн үед Монголын соёлын олон үнэт өв гадагшаа ч, гудамжинд ч гарсан. Тэр дундаас морин хуурыг тусгай дэг сургууль, дэлхийд оркестрын хэмжээнд үнэлэгдэх бүтэц болгон авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бол яахын аргагүй Ц.Батчулуун мөн билээ. Үүнтэй хэн ч маргахгүйн нэгэн адил Латин Америкийн голдуу зарим улсын үндэсний урлаг нь гудамжинд гарснаас болж “тэр улсынх” гэх таних тэмдэггүй, улс нь тусгаар болохоо илтгэх нэрийн хуудас бүхий соёлын өвгүй болсонтой санал нэгдэх хүн бас олон биз ээ. Магадгүй, морин хуур гудамжинд гарах, бусад улсын энэ жишээ Монголд давтагдахад хаалт хийсэн хүн нь Ц.Батчулуун удирдаач юм. Хэрвээ тэрээр 1992 онд Морин хуурын чуулгыг санаачлан байгуулж, гардан хөгжүүлээгүй, морин хуурыг зах зээлийн хөлд зөнд нь орхисон бол морин хуур өнөөдөр дэлхийн соёлын өвд Монголын нэрээр бүртгүүлж, НҮБ-ын танхим, Австрийн алтан тайзан дээр тоглох байсан үгүйг хэн ч мэдэхгүй. Ингэж дэлхийд гардаггүй юмаа гэхэд монголчууд дотооддоо төрийн хан хуураар өргөмжилж, айл өрх бүр хоймороо залах төрийн тэргүүний зарлиг гарах байсан үгүйг бас л мэдэхгүй. Тэр бүхэнд Морин хуурын чуулга түүхэн үүрэг гүйцэтгэж, Ц.Батчулуун тугч болж явсан гавьяа нь хүн хүндээ туслах монгол хүний сэтгэлийг улам өрдөөж байна. Сэтгэлийн өглөг багаддаггүйтэй адил бас ихэддэггүй билээ.
Морин хуурын чуулга тэнд тоглохоор явлаа, тийм хаан, хатан хааны урилгаар өргөөнд нь тоглолоо, дэлхийн сонгодог ийм аяз, хөгжмийг морин хуураар тоглолоо гэх мэдээ байнга л гардаг. Морин хуурын чуулгын тоглосон улс орон, дэлхийд нэр алдартай театр, тайзыг тоолсноос, тоглоогүйг нь нэрлэбэл илүү цөөхөн жагсаалт гарах байх. Тэдний очсон улс орон болгонд, тоглосон тайз бүрээс Монгол Улсын нэр үргэлж сайнаар гардаг. Энэ утгаар нь Морин хуурын чуулгынхныг дэлхийд Монголоо сурталчилж явдаг ардын дипломатчид ч гэж болно. Монголчууд амь нэгтэй гэдэг энэ!
XIII зууны үед монголчууд морин туурайгаар газрын цээжинд тамгалан Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлдэг байлаа. Орчин цагт морин хуураар тархинд нь тамгалан Монгол Улсаа дэлхийд таниулах, хүлээн зөвшөөрүүлэх “их аян дайн”-ыг Морин хуурын чуулгынхан хийдэг. Монгол үндэстэн, Монгол Улс гэж байгаа цагт хэзээ ч ялагадшгүй энэ “арми” хэрвээ бурхан дуудаагүй л бол жанжингүй байж болохгүй билээ. Монгол хүн бүрийн амь үнэтэй гэдэг энэ!