ГЕОЛОГИ МИНЕРАЛОГИЙН ШУ-НЫ ДОКТОР, АКАДЕМИЧ, ГЭБХ-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨХ О.ТӨМӨРТОГОО: Ашигт малтмалын зургийг шинэчлэхийн зэрэгцээ минерагенийн 1:1000000-ын машстабын зургийг шинээр зохиох цаг болсон

Монголын геологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан геологи минералогийн ШУ-ны доктор, академич, ГЭБХ-ийн захирлын зөвлөх О.Төмөртогоо гуайтай ярилцсанаа илүү үг нуршилгүйгээр уншигч танд хүргэе.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та аль нутгийн хүн бэ, өсч төрсөн нутгийнхаа тухай ярина уу?
-Би Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул. Манай нутаг Ноён Хутагт Данзанравжаа тэргүүтэй хутагт хувилгаад, төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, ардын авьяастнуудын төрж өссөн газар. Дэлхийн газарзүйн мужлалтаар манай сумын нутаг Тото-Шань буюу Халзан уулын мужид хамаарагддаг. Түүний оргил цэг–далайн төвшнөөс дээш 1436 м өндөрт өргөгдсөн Хутаг уулынхаа өвөрт өсч, сумынхаа 7 жилийн сургуульд суралцаж эрдмийн гараагаа эхэлсэн.

-Геологич мэргэжлийг хэрхэн сонгосон бэ, хүсэл сонирхлоороо сонгов уу, хувь тохиол байв уу?
-Сурагч байхдаа жил бүр зуныхаа амралтаар тэмээн сүрэг хариулж нутгийнхаа байгалийн өвөрмөц тогтцуудын дунд өнгөрөөсөн бага насны дурсамж, анх Говьд бий болсон Зүүнбаянгийн газрын тосны цамхгуудын бараа л геологичийн мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэж боддог. Гэхдээ би анхандаа одон оронч болохыг мөрөөдөж явсан үе бий.

-Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэн одоо ямар төслүүд дээр ажиллаж байгаа вэ?
-ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэн (ГЭБХ) Монголын Геологи судлалын төвийн хувьд дэлхийн геологийн шинжлэх ухааны онол, аргазүйг өөрийн орны геологийн судалгаанд нэвтрүүлэх үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ геологийн тогтоц, түүний хувьсал хөгжлийн түүхийг шинжлэх ухааны үүднээс танин мэдэх үндсэн зорилготой байгууллага.  1967 онд байгуулагдсан тус хүрээлэнгийн тулгын чулууг тавилцаж, 1997 оны “Өөрчлөн байгуулалтын дайрга”-ыг даван туулж дахин амилуулж чадсандаа баяртай байдаг.

Сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний ажлын санхүүжилт багассантай холбогдоод ГЭБХүрээлэнгийн үйл ажиллагааны цар хүрээ эрс хумигдсан. Өнөөгийн байдлаар тус хүрээлэнгийн эрдмийн хамт олон зөвхөн Хэрлэн, Ононгийн бүсүүдийн региональ геологийн судалгааг гүйцэтгэж байна. Уул нь хүрээлэн Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамарсан өргөн хүрээтэй судалгааны ажлыг олон чиглэлээр гүйцэтгэх ёстой шүү дээ.  

-Та Монголын региональ геологи болон тэр дундаа тектоникийн ихэнх зургийг зохиоход гар бие оролцсон шүү дээ. Хамгийн сүүлд ямар зураг, судалгаан дээр ажиллаж байна вэ?
-Миний эрдэм шинжилгээний ажлын гол чиглэлүүд региональ геологи, тектоник, геологийн зурагзүй. Энэ л хүрээнд Монгол орны олонх офиолитот бүсүүдийн геологи, тектоникийн судалгааг хийж, Монгол Улсын геологи, тектоникийн зургуудыг зохиож ирсэн. Харин сүүлийн жилүүдэд Ашигт малтмалын газраас хэрэгжүүлж буй олон улсын төслүүдэд оролцож Төв Азийн болон Монгол Улс, БНХАУ-ын хилийн бүсийн геологи, тектоник, минерагенийн бүлэг зургуудыг, мөн ШУА-ийн шугамаар Ази тивийн олон улсын геологийн 1:5000000-ны масштабын зургийг тус тус зохиолцлоо. Мөн сүүлийн жилүүдэд "УГЗ-200” төслөөр зохиогдож байгаа геологийн зургуудын редакцийн зөвлөлийг толгойлж байгаа. 

-Монгол орны Ашигт малтмал ба тектоникийн зураг шинээр зохиох шаардлага байгаа юу. Энэ талаар таны хийж байгаа зүйл юу байна вэ?
-Орчин үед геологийн шинжлэх ухаан их өрнөлттэй хөгжиж байгаа нь Монголын геологи судлалд ч хүчтэй нөлөөлж, энэ утгаараа геологи, тектоник, ашигт малтмалын болон нэн ялангуяа минерагенийн зургуудыг доод тал нь 10 жил тутамд шинэчлэн зохиож байх шаардлагатай болж байна. Геологийн зургийг шинэчлэхийн хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Улсын геологийн 1:200000-ын масштабын иж бүрдэл зургийг зохиох “УГЗ-200” төсөл хэрэгжиж байгаагаас гадна өнгөрсөн онд УУЯ Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн 1:500000-ын масштабын зургийг зохиох ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсний дагуу төслийг Геологийн судалгааны төв хэрэгжүүлэх болсон. Харин Улсын ашигт малтмалын зургийг шинэчлэхийн зэрэгцээ минерагенийн 1:1000000-ын масштабын зургийг шинээр зохиох цаг болжээ. Гэвч үүний тулд мэргэжлийн судлаачдыг бэлтгэхэд багагүй хугацаа шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр, минерагенийн зургийг геодинамикийн онолд тулгуурлаж зохиох учраас тектоник, магматизмын судалгааг эрчимжүүлэх үндсэн дээр Улсын тектоникийн 1:1000000-ын масштабын зургийг ч 2016-2020 онуудад шинэчлэх хэрэгтэй гэж үздэг. Энэ чиглэлд ГЭБХүрээлэнгийн зэрэгцээ их сургуулиудын геологийн салбарууд ч өргөн хүрээнд судалгааны ажлыг өрнүүлэх нь чухал. ГЭБХүрээлэнгийн хувьд геодинамикийн судалгаанд онцгой анхаарал хандуулж эхлээд байгаа ч улсын хэмжээнд изотоп-геохимийн болон геохронологийн судалгааг гүйцэтгэх лабораториуд байдаггүй. Мөн региональ геофизикийн судалгаа өргөн цар хүрээтэй хийгдэхгүй байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байна. 

-Цаашид Монгол орны хэмжээнд геологи, ашигт малтмалын зургуудыг ямар түвшинд хүргэж, сайжруулах боломж байгаа вэ. Үүний тулд юуг түлхүү анхаарах шаардлагатай байна вэ?
-Манай улсын хувьд уул уурхайг эрчимтэй хөгжүүлэх боломж ч, шаардлага ч их. Гагцхүү үүний тулд геологийн судалгааг 15-20 жилээр түрүүлүүлж хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлд УИХ-аас баталсан “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг”-ийг үндэслэн Монголын Геологийн Албыг яаралтай байгуулж үйл ажиллагааг нь зөв гольдролд оруулахын зэрэгцээ нэг талаас геологийн 1:50000-ны масштабын зураглал-ерөнхий эрлийн ажлыг эрс чанаржуулах, нөгөө талаас ШУА, их сургуулиудаас цаашид хэрэгжүүлэх геологийн эрдэм судлалын ажлыг орчин үеийн лабораториудаар хангаж “Шийдвэрлэх асуудлын урт хугацааны хөтөлбөр”-ийн үндсэн дээр эрчимжүүлэх шаардлагатай байна.

-Монгол оронд ялгаад байгаа террейнүүдийн бүрэлдэн бий болсон геодинамик нөхцөл, геологийн тогтцын онцлог, бүсүүдийг нэг бүрчлэн ярих юм бол цаг хүрэлцэхгүй. Тиймээс Монгол орны тектоник мужлалын асуудлаар таны судалгааны талаар ерөнхийд нь ярилцах гэсэн юм.
-Монгол орон Төв Азийн (“Урал-Монголын” ч гэж нэрлэдэг) Атриат Бүслүүрийн бүх муж, бүсүүдийн үлэмж хэсгийг өөртөө багтаадаг учраас геологийн шинжлэх ухааны тулгуур шийдвэрлэх асуудлын нэг болох эх газрын үүсжилт ба хувьслын зүй тогтлыг танин мэдэх боломжийг илүү хадгалсан орон. Энэ ч үүднээс дэлхийн геологийн шинжлэх ухаанд Монголын геологичид ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Тийм ч учраас Оросын алдарт геологич Лев Павлович Зоненшайн Монгол, Казахстанд олон жилийн туршид хийсэн региональ тектоникийн судалгааныхаа үндсэн дээр Эртний Азийн (Палеоазийн) далайн тухай шинжлэх ухааны ойлголтыг дэвшүүлсэн нь өнөө үед Төв Азийн геологийн тогтоц ба тектоник хөгжлийн түүхийг плейттектоникийн онолын үүднээс тайлбарлах боломжийг нээж өгсөн билээ. Тэр гайхамшигт эрдэмтэнтэй Гурвансайхан, Хан Тайширийн нуруудад хамтарсан судалгаа хийснээр миний бие 1967 оноос эхлэн доктор А.А.Моссаковский багштайгаа хамтран гүйцэтгэж байсан. Монгол орны хожуупалеозой-эхэнмезозойн хотгоруудын тектоникийн судалгаанаасаа хөндийрч Монгол орны атриат мужуудын тектоникийн өргөн хүрээтэй судалгаа руу шилжиж, юуны өмнө тэдгээр мужуудад тархалттай эртний далайн царцдасын үлдцүүдийг судалж эхэлсэн маань их завшаантай үйл явдал болсон юм.



-Тектоник мужлалыг ялгахад юуг илүү анхаарах ёстой вэ. Тектоник мужлалыг сайн ялгаснаар ямар ач холбогдолтой бөгөөд ямар чухал асуудлыг шийдэх боломжтой вэ?
-Монгол орны тектоник мужлалтыг Террейний үзэл баримтлалын үүднээс шинэчлэх нь зүй ёсны асуудал байсан. Учир нь, 1970-аад онуудад дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинээр дэвшигдсэн Плейттектоникийн онол урьд нь Геосинклиналийн тухай сургаальд суурилж боловсруулагдсан Монгол орны тектоник мужлалтыг 1980-аад онуудад Канад, Америкийн эрдэмтдийн боловсруулсан Террейний задлал (Terrane analysis)-ын аргачлалд тулгуурлан шинэчлэх шаардлагыг бий болгосон юм. Тийм ч учраас би 1996 онд Монгол орны террейний мужлалтын анхны схемийг боловсруулж тэр ондоо Бээжинд зохион байгуулагдсан Олон Улсын Геологийн Конгрессын ХХХ чуулганд танилцуулж, илтгэлүүдийнх нь эмхэтгэлд хэвлүүлсэн юм. Түүний дараа Монгол орны тектоник мужлалтыг Террейний задлалын зарчмаар шинэчилсэн схем АНУ-ын Геологийн Албанаас дэвшүүлж 1997-2002 онуудад хэрэгжүүлсэн Олон улсын “Зүүнхойд Азийн тектоник, металлогени ба эрдэс баялаг” төслөөр зохиогдсон геодинамикийн зурагт тусгагдсан. Хожим нь 2002 онд миний зохиосон Монгол Улсын тектоникийн анхны 1:1000000-ын масштабын зурагт болон Г.Бадарч нарын олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн дэлгэрэнгүй өгүүлэлд тус тусдаа улам бүр нарийвчлагдсан байгаа.

Монгол орны тектоник тогтцод олон төрлийн террейнүүд оролцсон нь маргаад байх асуудал биш. Гагцхүү террейний тухай ойлголт болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн террейнүүдийн ангиллыг зөв авч хэрэглэх нь чухал. Манай зарим эрдэмтэд террейн гэдгийг зөвхөн эртний далайн аль нэг хэсгээс эх газар руу хэдэн зуун км-ийн алс зайнаас “Хөвөн ирж” мөргөлдсөн геологийн биет гэсэн явцуу хүрээнд ойлгож байгаа нь харамсалтай. Террейний ангилалд тийм төрлийнхийг “Харь террейн” буюу “Сэжигтэй террейн” (suspect terrane) гэж нэрлэдэг. Гэвч түүнээс гадна өөр олон төрлийн террейнүүд ялгагддаг. Одоогоор Монгол орны тектоник структурт “Харь террейн” тогтоогдоогүй. Харин бусад төрлийн террейнүүд олон бий. Тухайлбал, сүүлийн үед Монголд террейнүүд ялгахыг шүүмжлэх болсон доктор Ж.Бямба ч өөрийн “Литосферийн плит тектоник” номондоо Монгол орны атриат мужуудад цөөнгүй “Сүбдүкц-аккрецийн призм”, “Арлан нум”, “Эх газрын нум” ялгасан нь үнэн хэрэгтээ террейнүүд байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

-Монгол оронд прокембрийн хурдас газар нутгийн нилээд хувийг эзэлдэг. Прокембрийн стратиграфийг цаашид нарийвчлан ялгах боломж хэр байна вэ?
-Тектоник мужлалтыг нутгийн стратиграфи, магматизмын ба структурын геологийн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулдаг учраас юуны түрүүнд талбайн геологийн зураглал чанарын шаардлагыг бүрэн хангаж хийгдсэн байх учиртай. Гол анхаарах зүйл нь стратиграфийн нэгжүүд болон интрүзив бүрдлүүдийн байршил, өөр хоорондын харьцаанууд, насжилт болон структурыг зөв тогтоосон байх явдал юм. Монгол орон эртний эх газрын тарамцгууд болон их төлөв тохоост-атриат структуруудыг бүрдүүлэгч эртний далайн янз бүрийн морфоструктур (арланнум, аккрецийн шаантаг, симаунт болон бусад)-ийн үлдцүүд элбэгтэй учраас нэн нийлмэл тектоник тогтоцтой. Тэр хэрээр геологийн зураглал нарийвчлан тогтоох олон асуудалтай тулгардаг. Сүүлийн жилүүдэд олноор хийгдэж байгаа 1:50000-ын масштабын геологийн зураглалын ажлын тайлангуудтай танилцахад урьд 1:200000-ын масштабын зураглалаар зохиогдсон геологийн зургуудад стратиграфийн ба структурын талаас дорвитой тодотгол хийгээгүй. Палеогеодинамикийн холбогдолтой дүгнэлтийг баталгаажуулах баримт материалыг сайн бүрдүүлээгүй зэргээсээ болоод нутгийн тектоник хөгжлийн түүхийг мобилист үзэл баримтлалын үүднээс тайлбарлах асуудалд хайнга хандсан байдал харагддаг. Ийм байдлаас гарахын тулд зураглалын геологичдод Плейттектоникийн онол болон түүнд суурилсан судалгааны шинэлэг аргачлалуудын талаарх мэдлэгээ эрс сайжруулах хэрэгтэйг зөвлөмөөр байна.

-Прокембрийн стратиграфийг танин мэдэхийн тулд метаморфизмын зэрэг, структур, палеонтологи зэрэг Монголдоо бидний шийдэж чадах асуудал бий байх. Харин шийдэхэд хүндрэлтэй, зарим тохиолдолд чадахгүй байгаа изотоп-геохимийн судалгаа, лабораторийн шинжилгээний талаар таны бодол?
-Манай улсын нутаг дэвсгэрт урьдкембрийн хувирмал чулуулгийн бүрдлүүд ихээхэн талбайд тархалттай. Анхны нарийвчилсан судалгааг 1967-1990 онуудад ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн хамтарсан геологийн эрдэм шинжилгээний экспедици хийж архейн настай “Саарал” гнейсийн бүрдлийг Байдраг голын ай савд илрүүлсэн нь одоогоор манай орны хамгийн эртний чулуулагт тооцогдож байгаа. Урьдкембрийн стратиграфийг танин мэдэхэд тулгуур гаршнуудын структур-геологийн зураглал, чулуулгийн петрологи, геохронологийн болон изотоп-геохимийн судалгааг хослуулан хийх шаардлагатай. 

-Дэлхийн улс орнуудын тэр дундаа Монгол орны эртний далайн царцдасын үлдцүүд буюу офиолитийн талаар сүүлийн жилүүдийн судалгааны ололт, дэвшил юу байна вэ?
-Монгол оронд эртний далайн царцдасын үлдцүүд, тэр дотроо офиолит эвшил буюу бүрдлүүд элбэг тархалттай. Тэдгээрийн бүтэц, бодисын найрлага, структурын хэв шинжийг нарийвчлан судлах нь Монгол орны тектоник тогтоц болон эртний геодинамик хөгжлийн түүхийг үнэн зөв тайлах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Тэр ч утгаараа минерагенийн мужлалт ба прогнозыг зөв гаргахад шууд нөлөөлөх болно. Судалгааны өнөөгийн төвшинд Нуур, Дорнод Хөвсгөл, Баянхонгор, Хэрлэнгийн бүсүүдэд “Зэрэгцээ дайкийн сери” бүхий кипр-төрлийн офиолит, Өмнөд Монголын бүсүүдэд лигүр-төрлийн офиолит тус тус тархалттай нь лавтай тогтоогдсон байгаа. Тэдгээрийн аль алинд нь хромит, асбест, зэсийн ордууд үүсэх нөхцөлтэй. Зарим тийм орд, илэрлүүд Монголд тогтоогдсон. Тухайлбал, Хан Тайширийн ба Сулинхээрийн офиолит эвшлийн гипербазит дотор болон меланжийн бүсэд хромитын хүдрийн илэрлүүд, зарим орд ч тогтоогдсон. Мөн доктор Д.Доржнамжаа Баянхонгорын офиолитод зэсийн колчеданы төрлийн хүдрийн орд илрүүлсэн мэдээлэл бий. Ер нь манай улсад офиолитын металлогенийн судалгааг эхлүүлэх шаардлагатай байна.



-Та бүгдийн судалж байгаагаар Монгол орны аккрецийн бүрдлүүд буюу Хэнтий, Хангай, Их нууруудын хотгор, Баруун Хөвсгөл, Замын-Үүд, Сулинхээр гээд бий байх. Эдгээрээс таны сонирхлыг илүү татсан онцлогтой объект гэвэл аль нь байх бол?
-Түрүүнд нэр нь дурьдагдсан Л.П.Зоненшайн Монгол-Агнуурын атриат бүслүүрт, түүний дотор Хангай-Хэнтийн атриат тогтолцооны структурт аккрецийн бүрдэл тархалттайг анх тогтоосон байдаг. Үүнийг ч Хангай, Хэнтий төдийгүй таны нэрлээд байгаа бусад олон газарт сүүлийн жилүүдэд явуулсан бидний болон профессор Ч.Минжингийн санаачлагаар Японы судлаачидтай хамтран зохион байгуулсан экспедицийн судалгаанууд тодорхой хэмжээнд нотолж эхлээд байгаа. Харин аккрецийн бүрдлүүдийг ялгах асуудал одоогоор манай улсын геологийн зураглалын практикт сайн нэвтрээгүй байгааг анхаарах хэрэгтэй. Ер нь аль ч газар аккрецийн бүрдлийг илрүүлэх нь тектоникийн асуудлыг тодруулахад чухал учраас сонирхолтой.

-Төв Азийн хэмжээнд 1:2500000-ны масштабтай зургийг та болон манай бусад эрдэмтэд, геологичид гадаадын эрдэмтэдтэй хамтран зохиосон. Уг ажлын талаар товчхон таницуулна уу. Уг зураг бэлэн болсон уу?
-Плейттектоникийн онол Ази тивийн геологийн судлалд эргэлт гаргасан. Үүнтэй холбогдоод Урал, Казахстан, Монгол, Умард Хятад, Оросын Алс Дорнодын геологи, тектоник, металлогенийн асуудлуудыг фиксист үзлээс мобилист үзэл рүү хөрвүүлж шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсноор Төв Азийн зурагзүйн синтез бүтээлүүдийг зохиох ажлыг БНХАУ, ОХУ, Монгол, БНСУ, Казахстаны геологийн албадууд санаачлан урт хугацааны төсөл боловсруулж хэрэгжүүлсээр байна. Одоогоор Төв Ази ба зэргэлдээх нутгуудын геологи, тектоник, металлогени, эрчим хүчний баялгийн зургууд тус бүр 1:2500000-ын масштабаар зохиогдож, анхны хувилбарууд нь Санкт-Петербург, Бээжинд хэвлэгдэж олны хүртээл болж эхлээд байгаа. Эдгээр зургуудыг зохиолцоход Монголын талаас надаас гадна доктор О.Чулуун, доктор Г.Дэжидмаа, Ц.Энхбат, Л.Алтангэрэл нар оролцсон. Дээр нэрлэсэн зургуудыг зохиосноор Төв Азийн ерөнхий структур, түүний палеогеодинамик хувьсал хөгжил болон эрдэс баялгийн тархалт ба байршлын зүй тогтлууд их тодорсон. Зургуудад Монгол орон бүрэн багтсан учраас Монголын геологичдод өргөн хүрээнд харьцуулах тектоникийн болон минерагенийн анализыг хийх боломжийг нээж өгсөнд ач холбогдол нь оршино.

-Төв Азийн нийлмэл структур, геологийн хөгжил бүхий давхацмал тогтоцтой нутаг дэвсгэрт манай нутаг оршдог учир гадаадын эрдэмтэд судлаачдын сонирхлыг зүй ёсоор татдаг гэж ойлгодог. Манай геологич эрдэмтэд гадаадын судлаачидтай хамтран, мөн бие даан судалгаа хийж олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулсан. Цаашид Монгол орны региональ судалгааны чиглэлээр гадаадын судлаачидтай хамтран ажиллах ямар бололцоо бидэнд байна вэ?
-Манай улс ардчилал, зах зээлийн нийгмийн байгуулалд шилжсэнээр даян дэлхийд нээлттэй болж, аль ч тивийн аль ч улстай төрөл бүрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж нээгдсэн. Энэ хүрээнд геологийн салбарын олон талын хамтын ажиллагаа өрнөж, улам бүр өргөжин тэлж байгаа нь сайн хэрэг. Манай ШУА-ийн ГЭБХ ч энэ чиглэлээр тодорхой ажлууд хийж ирсэн. Тухайлбал, Оросын ШУА-тай уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүрээнд тектоник, магматизм, металлогенийн төслүүдийг хэрэгжүүлсээр байгаагийн зэрэгцээ БНХАУ-ын ШУА, Хятадын Геологийн ШУА, БНСУ-ын Солонгосын геосудлал, эрдэс баялгийн хүрээлэн, Японы их сургуулиуд, Чехийн Геологийн алба болон Бээжингийн их сургуультай хамтарсан экспедициүдийг ажиллуулж байгаагийн зэрэгцээ эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэж эхлээд байна. Нөгөөтэйгүүр, ШУА-ийн шугамаар Олон Улсын Геологийн холбоо, ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн “Олон Улсын Геологийн Харьцуулалтын Хөтөлбөр”-ийн зарим төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, олон улсын хэд хэдэн симпозиум-хээрийн экскүрсийг Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутагт амжилттай зохион байгууллаа. Энэ мэтээр региональ геологийн чиглэлээр гадаад орнуудтай хамтран ажиллах нь судалгааны шинэлэг аргачлалуудыг Монголын Геологи судлалд нэвтрүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлж байгаа учраас цаашид ч үргэлжлүүлэх, өргөжүүлэх чиглэлд Хүрээлэн онцгой анхаарах болно.

-Монгол орны ашигт малтмалын сэдэвчилсэн судалгааны талаар таны бодлыг сонсох гэсэн юм.  Одоо улсаас тендер зарлан баруун Монголд цул сульфидын хүдэржилтийн чиглэлээр сэдэвчилсэн судалгааны ажил хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, баруун Монголд нэн түрүүнд ямар ашигт малтмалын чиглэлээр сэдэвчилсэн судалгаа хийх шаардлагатай байна вэ. Ер нь ашигт малтмалын чиглэлээр сэдэвчилсэн судалгааг ямар хугацаанд, хэрхэн хийвэл илүү үр дүнтэй байх вэ?
-Ашигт малтмалын судалгааг Монголын Геологийн алба, түүний байгууллагууд хийх үүрэгтэй. Манай ШУА-ийн хувьд региональ геологийн судалгааг эрчимжүүлэх үндсэн дээр Монгол орны палеогеодинамик хөгжлийн загварыг боловсруулахад гол анхаарлаа хандуулах болно. Ер нь 1:200000-ны масштабын геологийн зураглалаар нутаг дэвсгэрээ бараг бүрэн бүрхээд байгаа манай улсын хувьд “Стратегийн” гэгч ангилалд багтаах ашигт малтмалын ордуудыг нээх асуудалд шинэ хандлагаар хандаж, далд ордуудыг нээх чиглэлийг барих цаг болсон. Үүнийг ч Оюутолгой ордыг нээсэн түүх тод харуулсан. Тиймээс баруун Монголд төдийгүй улсын нутаг дэвсгэрийн бусад хэсгүүдэд ч гүний геофизикийн судалгааг структурын өрөмдлөгтэй хослуулан хийх нь чухал. Геологи-хайгуулын ажлын стратегийг ийнхүү өөрчилснөөр зардал их өсөх ч үр өгөөж нь ихсэх нь дамжиггүй. Харин ашигт малтмалын сэдэвчилсэн судалгааг хөгжүүлэх асуудлын хувьд эдийн засгийн эргэлтэд орсон ордуудын загваруудыг боловсруулж төрөлжүүлэх нь чухал бөгөөд өнөөгийн эдийн засгийн болон судлаачдын хувиарлалтын бодит нөхцөлд энэ чиглэлийн судалгааг их сургуулиуд санаачлан богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой.

-Геологийн судалгааны ажилд гадны хөрөнгө оруулалтыг түшиглэх асуудалд та ямар байр суурьтай ханддаг вэ?
-Геологийн судалгааны ажилд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ашиглах нь чухал ч сонирхлыг нь яаж өдөөх ба ямар чиглэлд ашиглахыг л сайн бодолцох хэрэгтэй. Олон улсын практикаас үзэхэд региональ геологийн судалгааг академийн байгууллагууд болон их, дээд сургуулиуд илүүтэй сонирхдог ч хөрөнгө оруулалт хийх боломж нь нэн хязгаарлагдмал байдаг.

-Та олон ном, сурах бичиг хэвлүүлсэн нь дамжиггүй. Сүүлд ямар бүтээл туурвисан бэ?
-Миний хэвлүүлсэн “Монгол орны дээд палеозой”, “Монгол орны триас” номнууд бий. Мөн Монголын шинжлэх ухааны цуврал бүтээлийн “Геологийн шинжлэх ухаан”-д зориулагдсан "Боть 53"-ыг бүтээх ажлыг зохион байгуулсан ба гадаад, дотоодод хэвлүүлсэн 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бий. Судлаачийн хувьд “Нэг зураг мянган үгнээс үнэтэй” гэдгийг зөвшөөрч геологийн зургуудыг зохиоход илүү анхаарч Монгол Улсын геологи, тектоникийн анхны 1:1000000-ын масштабын зургуудыг зохиож нийтийн хүртээл болгосноороо бахархдаг. Үүнийг маань ч Монголын геологийн мэргэжлийн холбоод үнэлж “Алдарт геологич” цолыг надад хүртээсэн гэж боддог. Өнгөрсөн жил дээр дурьдагдсан Төв Азийн геологийн иж бүрдэл зургуудын тайлбар бичгүүдийг зохиолцох ажлын хүрээнд “Төв Азийн региональ металлогени” ном (доктор Г.Дэжидмаа нарын хамтын бүтээл, Орос хэлээр)-ыг бүтээж хэвлүүлэхэд оролцсон. Мөн “Төв Азийн тектоник” ном (хамтын бүтээл, англи хэлээр)-ыг зохиолцож хэвлэлд шилжүүлсэн. Ойрын үед “Монголын геологи” ном хэвлүүлэх бодолтой, одоогоор ноороглож л байна. Энэ номыг зохиож хэвлүүлэх тал дээр хүлээлт байгааг мэдэрч байгаа ч “Насны бүтээл” болгохын тулд тархиа гашилгах үедээ явж байгаагаа нуулгүй хэлье.

-Хийж бүтээсэн, сурч мэдсэн зүйлээ хойч үедээ өвлүүлж үлдээх нь нэг талаараа ахмад эрдэмтдийн үүрэг гэлтэй. Та өнгөрсөн хугацаанд хичнээн доктор төрүүлсэн бэ, мэдээж олон гарын шавьтай байх?
-Хөдөлмөрийн гараагаа МУИС-д багшлах ажлаар эхэлсэн болохоор шавь нар цөөнгүй бий. Гэхдээ шавийн шавь, шавийн шавийн шавь нар их олон болжээ. Геологийн салбараас зургаан хүн “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол хүртсэний эхний дөрөв (Д.Тогтох, Л.Мөнхтогоо, Д.Гарамжав, Ж.Сумъяа) нь ууган шавь нар маань учраас “Би шавь нараараа гоёдог” гэж хэлэх эрхтэй. Шавь нараас маань цөөнгүй эрдэмтэд төрсөн. Мөн дөрвөн судлаачийн эрдмийн ажлыг удирдаж докторын зэрэг хамгаалуулсан. Бэлтгэсэн магиструуд 10 гаруй бий.

-Манай залуу геологичдийн ихэнх нь ашигт малтмалын эрэл, хайгуулын чиглэлээр ажиллаж байна. Таны ажигласнаар геологичид ямар зүйлийг анхаарч ажиллах хэрэгтэй вэ, та энэ талаар тэдэнд юу гэж зөвлөж сургадаг вэ?
-Залуу геологичдод юуны түрүүнд мэргэжилдээ эзэн болж, судалгааны ажилдаа шинжлэх ухаанчаар хандахыг л эрхэмлэж зөвлөдөг. Геологичийн мэргэжил байгалийн нууцыг танин мэдэх, газар бүхэнд шинэ нээлт хийх боломж олгодгоороо давуу талтай, үлэмж сонирхолтой. Тийм болохоор геологич бүр хээрийн ажиглалт хийхдээ гярхай ханддаг, мэдлэг чадвараа бүрэн дайчилж чаддаг байх хэрэгтэй. Залуу судлаачдад хандаж бас “Ахмад үе чинь хийдгээ хийсэн, одоо та нарын ээлж ирсэн” гэж хатуу анхааруулдаг болсон. Энэ ч үүднээс саявтар болж өнгөрсөн ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэхээс сайн дураараа татгалзаж залуу эрдэмтдэд сонголт хийх боломжийг нь нээж өгснөөр ГЭБХ-ийн захирлаар доктор Д.Одгэрэл шилэгдэж томилогдсон.

-Та Монголын геологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Та ойрын жилүүдэд ямар ажлууд амжуулахаар төлөвлөж байгаа вэ. Цаашид ямар зүйлийг хийж үлдээхийг хүсдэг вэ?
-Ойрын жилүүдэд бүтээх ажлынхаа талаар түрүүнд тодорхой хэлсэн. Нөгөөтэйгүүр, судлаачийн хувьд хээрийн судалгааны ажлаа орхихгүйн зэрэгцээ академчийн хувьд Монголын Геологи судлалын хөгжилд санаа тавьж ГЭБХүрээлэнгийн залуу судлаачдын мэдлэг чадварыг жигдрүүлэн сайжруулах, геологийн салбарын бүх байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах болно. 

-Цаг зав гаргасан танд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Д.ОЮУНЖАРГАЛ

http://toimsetguul.mn