Г.Бат-Эрдэнэ: Эпитермаль төрлийн ордууд эрс тэс ялгаатай нөхцөлд үүсдэг
Эрдэнэ Монгол ХХК-ийн ахлах геологич Г.Бат-Эрдэнээс эпитермаль орд, түүний төрөл, судалгаа болон манай оронд энэ төрлийн орд олдох боломж хэр байдаг тухай ярилцлаа. Тэрээр эпитермаль төрлийн ордын талаар судалсан туршлагатай геологич билээ.
ЭРДЭНЭ МОНГОЛ ХХК-ИЙН АХЛАХ ГЕОЛОГИЧ Г.БАТ-ЭРДЭНЭ: Ус шингэн, хий, хатуу төлөвт шилждэг шиг эпитермаль төрлийн ордууд эрс тэс ялгаатай нөхцөлд үүсдэг
Эрдэнэ Монгол ХХК-ийн ахлах геологич Г.Бат-Эрдэнээс эпитермаль орд, түүний төрөл, судалгаа болон манай оронд энэ төрлийн орд олдох боломж хэр байдаг тухай ярилцлаа. Тэрээр эпитермаль төрлийн ордын талаар судалсан туршлагатай геологич билээ.
-Та манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Г.Бат-Эрдэнэ гэдэг, Эрдэнэ Монгол ХХК-ийн ахлах геологич. Миний хувьд Улаанбаатар хотод төрж өссөн, аав минь Дорноговь, ээж минь Хэнтий аймгийн харьяат. Эцэг, эх маань МУИС болон хуучнаар БДС-д тооны багш, профессор байсан. Дунд сургууль төгсөхөд намайг Москвагийн их сургууль (МГУ)-ийн олон улсын банк санхүү, эдийн засгаар шалгалт өгөхөөр яамнаас сонгон шалгаруулаад байсан боловч энэ нь миний сонирхол биш байлаа. Нэг удаа хуучны геологичдийн сайн мэдэх Геологийн Институтийн захирал асан Жамсран гуай эхнэртэйгээ манай гэрт айлчилж таарсан юм. Манай аав Жамсран гуай хоёр нэг нутгийх л даа, тэгээд геологич мэргэжлийг манай аав ээж хоёрт магтсанаар, аав маань надаас “Чи ер нь ямар мэргэжил сонгомоор байна?” гэж асуухад нь, “Би хөдөө хээр явдаг мэргэжил сонгомоор байна” гэж билээ. Ийнхүү шалгалт өгөх группээ сольж геологийн мэргэжлээр шалгалт өгч МГУ -ийн 0101 дугаартай геологи-хайгуулын ангийн хуваарийг авсан ч хэн нэг эрх мэдэлтэнд алдчихсан. Гэхдээ би үүнд харамсдаггүй. Харин ч геологийн ухаан өндөр хөгжсөн, арвин туршлагатай Эрхүүгийн их сургуулийг 1986 онд амжилттай төгсөн, өнөөг хүртэл мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна.
-Та ажлынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ?
-Эрхүүгийн Их сургуулийг төгсөөд ирэхэд Түмэнбаяр гуай анх намайг Шинжлэх ухааны академын геологийн хүрээлэнд авч ажиллуулсан. Тухайн үед Б.Лувсанзандан, Р.Барсболд, О.Төмөртогоо, П.Хосбаяр зэрэг гайхамшигтай хүмүүстэй хамт ажиллаж байлаа. Ер нь шинжлэх ухаан хүний оюуны цар хүрээг тэлж, аливаа зүйлийг олон талаас нь харах боломжийг хөгжүүлдэг. Тэнд зургаан жил ажиллахдаа академич О.Төмөртогоо, доктор П.Хосбаяр, ОХУ-ын эрдэмтэд Н.А.Берзин нартай хамт ажиллах завшаан тохиосонд би өөрийгөө геологич хүний хувьд их азтай гэж боддог. Тэднээс маш их юм сурсан.
-Та геологийн салбарт 30 орчим жил ажиллахдаа сурсан хамгийн чухал зүйлээ нэрлээч гэвэл юуг онцлон хэлэх вэ?
-ШУА-ын Геологийн хүрээлэнд региональ геологи-тектоникоор, Монгол Газрын Тос компанид геологич-седиментологич, Геобагц компанид 1:50 000-ны машстабтай геологийн зураглал, мөн голдуу гадны геологи-хайгуулын компаниудад алт болон бусад ашигт малтмалын эрэл, эрэл-хайгуулын чиглэлээр ажиллаж олон талын арга туршлага хуримтлууллаа. Ажлын шугамаар Австрали, АНУ, Хятад, ОХУ-ын ордууд тэр дундаа Балейд хүртэл очсон. Мөн олон сургалтанд хамрагдаж, хамтран ажиллагсдаасаа суралцсан туршлага маань надад юугаар ч орлуулшгүй чухал зүйл байлаа.
-Таныг Монголын эпитермаль системийн талаар нэлээд түлхүү судалсан хүний нэг гэж ойлгодог. Таны хувьд аль орд, илрэл дээр ажиллаж байсан бэ?
-Миний ажиллаж байсан компаниуд алт, зэсийн хайгуулын чиглэлээр голдуу дагнадаг байсан, одоо ч энэ чиглэлээрээ ажиллаж байна. Дэлхий дээр алт олборлож буй ордуудын дийлэнх нь эпитермаль байдаг. Мөн Өмнөд Африкт дэлхийд цор ганц байдаг Витватерсранд гэдэг орд бий. Уг орд нь дэлхийн алтны олборлолтын 50 хувийг дангаараа хангадаг. Түүний дараа орох төрөл бол эпитермаль юм. Алтны хайгуул хийхэд энэ төрлийн ордын судалгааг оновчтой төлөвлөж, таньж мэдэх шаардлагатай болдог. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд бага сульфидтэй эпитермаль алтны орд их чухал. Порфирийн ордуудаас дагавар маягаар бас алт олборлодог. Мөн интрузивтэй холбоотой болон ороген алтны ордууд чухал байр суурь эзэлдэг.
Эпитермаль систем манай орны зүүн-хойд хэсэг Монгол-Агнуурын бүс гэдэг, зүүн өмнөд хэсэг–Сулинхээрийн бүс зэрэг өргөн муж нутгийг хамран тархсан байдаг. Эдгээр бүсүүдийн хүрээнд Дөч голын хүдрийн зангилаа, Цагаан Чулуут, Ононгийн эпитермаль бүлэг илрэлүүдийг судалж Монгол-Агнуурын заадас бүсийн хүрээн дэх алтны тархалтын зургийг Зорин нар гаргасан байсныг ашиглан Монгол руу үргэлжлүүлэн энэхүү зургийг зохиосон. Мөн өмнөд Монголд Үнэгтийн хүрэн толгод, Номгон уул гэх мэт газруудад ажиллаж зарим шинэ илрэлүүдийг олж тогтоосон.
-Витватерсранд орд геологийн ямар тогтоцтой болоод дэлхийн хаана ч байдаггүй цор ганц юм бол?
-Тус ордын геологийн тогтцын тухайд дэлхийн олон геологичид, эрдэмтэд олон янзын таамаг дэвшүүлсэн боловч өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа. Эртний түүхэн судруудад ч энэ ордын тухай сонирхолтой мэдээлэл их гардаг. Витватерсранд ордын гарал үүсэл маш өвөрмөц, Архейн насных бөгөөд брекч гэхэд брекч биш, конгломерат гэхэд конгломерат ч биш, өвөрмөц сонин гарал үүсэлтэй хосгүй орд юм. Эндээс алтнаас гадна очир эрдэнэ, цагаан алт бас олборлодог.
-Эпитермаль системийн орд гэж ямар ордыг хэлэх ерөнхий ойлголтыг манай уншигчдад өгнө үү. Үүнд ямар ямар ашигт малтмалууд үүсдэг вэ?
-Эпи гэдэг нь гадаргуун, термаль гэдэг нь температур гэсэн утгатай. Эпитермаль ордууд гадаргууд ойр, ойролцоогоор нэг км хүртэлх гүнд, бага температурт үүсдэг бөгөөд дотроо хэд хэдэн төрлүүдтэй: бага сульфидтэй, дунд сульфидтэй ба их сульфидтэй гэж ангилагддаг. Энгийнээр тайлбарлахад гүнд царцсан магматай холбоотой магмын төрлийн ордууд үүснэ. Халуун магма дэлхийн царцдасын хагарлаар дээш нэвчин орж жижиг биетүүд болж царцахад түүнтэй холбоотой порфирийн төрлийн ордууд үүсэж болно. Харин түүнээс дээш, гадаргууд ойр эпитермаль төрлийн ордууд үүсдэг.
Ус шингэн, хий, хатуу төлөвт шилждэг шиг эпитермаль төрлийн ордууд харилцан адилгүй, бие биенээсээ эрс тэс нөхцөлд үүсдэг. Үүнийг геологичид бид судалдаг. Эпитермаль түвшинд голдуу алт, алт-мөнгө хоёр давхацдаг. Мөн мөнгөн ус бүүр гадаргуугийн түвшинд үүснэ. Сурьма байж болох ч олборлох түвшинд хүрдэггүй. Түүнчлэн полиметалл болох цайр, хар тугалга гарч ирдэг учраас дагавар хэлбэрээр олборлодог. Шинжлэх ухаан өндөр хөгжихийн хэрээр бага хэмжээтэй сарнисан элементүүдийг олборлодог болоод байгаа.
-Та эпитермаль ордыг хичнээн жил судалж байгаа вэ?
-Миний хувьд үйлдвэрлэлийн геологи-хайгуулын салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа хойш эпитермаль ордыг судалж эхэлсэн. 1995 онд Улсын Геологийн фонд Рио Тинто компанийн төсөл дээр ажиллаж байсан. Уг төслийн хүрээнд Англи руу явж энэ чиглэлийн сургалтанд сууж байлаа. Лондонгийн Байгалийн түүхийн музейд эрдэм шинжилгээний төв байдаг. Тэнд эпитермаль алтны орд, зэс-порфирийн ордын сургалтанд сууж, ордын сонгодог загваруудтай танилцсан. 1997-1998 онуудад Рио Тинто компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар хайгуулын геологичиор ажилласан. Манай удирдагч Крис, С.Оюун, Ц.Цэрэнжав, П.Батчулуун, Ж.Лхагвасүрэн бид нартай хамт АНУ явж Бингемын зэс-порфирийн орд, Крийпл Крик эпитермаль алтны орд, Карлины төрлийн алтны ордуудтай танилцах хээрийн аялалд оролцож байлаа. Түүний дараа Рио Тинто компани Монгол дахь төлөөлөгчийн газрыг хааснаар бид Австралийн 100 хувь хөрөнгө оруулалтай Трой Монгол Алт Ресорсиз компанид орж ажилласан. Тус компани үнэхээр сайхан хамт олон бүрдүүлсэн байсан учраас би их зүйл сурч, бид нэлээд амжилтанд хүрсэн. Тус компани хэдийгээр Австралийн компани байсан ч бүх эрэл-хайгуулынхаа ажлыг монголчууд бид өөрсдөө бие даан гүйцэтгэдэг байсан. Трой Ресорсиз манай Австралийн эцэг компани тухайн үед ОХУ-ын Балей-Тасеевын алтны ордын лицензийг эзэмшиж байсан учраас геологич Ж.Лхагвасүрэн бид хоёрт тухайн ордыг нүдээрээ үзэж, танилцах ховор боломж тохиосон юм. Хэдийгээр тэнд 2-4 хоносон ч Чита орж, Балей тосгонд очиж олон зүйл үзэж, англи, орос хэл дээр олон тайлан судалж, кернүүдийг нь хүртэл үзсэн. Балей тосгонд энэ ордын тухай хосгүй геологийн музей байдаг. Далд уурхайн өндөр агуулгатай хүдрийн дээж, агуулагч чулуулгуудыг малталтын горизонт бүрээр дэлгэн тавьсан үнэхээр ховор сайхан музей. Боломж гарвал манай геологичид Балей тосгонд очиж энэ музейг үзээрэй гэж зөвлөж байна. Мянга сонсохоос нэг удаа үз гэдэг байх аа. Улмаар Улаан-Үд, Эрхүүд болсон олон улсын хурал цуглаанд би “Балей бол бага сульфидтэй эпитермаль ордын сонгодог жишээ” гэсэн илтгэл хэлэлцүүлж байсан. Оросууд надаас Балейд очиж байсан уу, гэхэд би хоёр хоног болсон, гэхэд богино хугацаанд ямар их зүйл судлаа вэ гэж гайхаж байсныг санахад сонирхолтой байна.
-Энэ төрлийн хүдэржилтийг танаас өөр ямар хүмүүс дагнан судалсан бэ?
-Миний хувьд эпитермаль ордыг дагнаж судалдаг гэж хэлэхэд хэцүү. Ер нь алтны хайгуулын геологич бүр эпитермаль ордын талаар судалгаа хийдэг гэж хэлж болно. Олон хүмүүс бий. Тэр болгон бүгдийнх нь нэрийг би тоочиж мэдэхгүй байна. Юуны өмнө Ш.Батжаргал багш агсан эпитермаль хүдэржилтийн талаар дагнан Дорнод Монголын хүрээнд сэдэвчилсэн судалгаа хийж, тайлан бичсэн байдаг. Түүний шавь нар энэ чиглэлээр болон зэс-порфирийн ордын судалгааны салбарт өндөр амжилт үзүүлж байгаа. Мөн Г.Дэжидмаа, Г.Жамсрандорж гуай нар алтаар дагнан олон жил судалгаа хийсэн нэртэй судлаачид билээ. Өмнөд Монголын хэмжээнд өргөн тархсан хувирлын бүсүүдэд их сульфидтэй эпитермаль ордын эрэл-хайгуулын ажлыг Э.Батмөнх нар гадны компанийн хүрээнд хийсэн боловч энэ төрлийн орд тогтоогдоогүй. Бас геологич П.Батчулуун, С.Баярдалай, Ганцэцэг, Ж.Лхагвасүрэн нарыг дурьдах нь зүйтэй. Бид Монгол-Агнуурын бүс, Сулинхээрийн бүс, Өмнөд Монгол болон Монгол Алтайн зарим газруудаар зэс-порфир болон эпитермаль алтны хүдэржилтийг судлан олон жил хамтран ажилласан.
-Эпитермаль орд ямар төрлүүдтэй байдаг вэ?
-Сүүлийн үед эпитермаль ордын төрлүүд нэлээд цэгцтэй болсон. Плиттектоникийн онолыг Оросууд хүлээж авдаггүй, нэлээд ширүүн маргаан үүсгэдэг байсан нь саяхан. Одоо ч гэсэн Оросын нэртэй доктор, профессорууд эпитермаль ордоо сайн ойлгодоггүй тохиолдол бий. Харин барууны хандлага маш цэгцтэй байдаг. Оросууд ордыг эрдсийнх нь найрлагаар нэрлэдэг нь будилаан үүсгэдэг. Гэхдээ Орост геологийн шинжлэх ухаан хэтэрхий нарийн тал руугаа хэт их орсон байдаг. Харин барууныхан ордуудыг судалж цогц загвар гаргасан. Монголын геологичид Оросын мэдлэг дээр барууны мэдлэгийг давхар эзэмшсэнээр давуу талтай болсон. Тиймээс манайхан олон улсын түвшинд гарч ажиллаж чадаж байна. Одоо эпитермаль ордыг их болон бага сульфидтэй хэмээн ялгаж байгаа. Бага сульфидтэй гэдэг нь эх үүсвэрээсээ алслагдмал, тодорхойгүй, РН нөхцөл нь саармаг, гадаргууд их ойр орчинд үүссэн байдаг. Энэ нь гидротермаль уусмал буюу газар доорх ус хоёрын нөлөөгөөр чулууны хэлбэр, найрлага нь өвөрмөц тогтоцтой байдаг онцлогтой. Харин их сульфидтэй эпитермаль орд нь порфир ордынхоо дээд талд үүсдэг учраас РН нөхцөл нь хүчиллэг байдаг. Мөн сүүлийн үед дундаж сульфидтэй эпитермаль гэдэг нэр томьёо гарч ирсэн. Монголд ийм төрлийн орд гэвэл Цав, Алтан нар зэрэг полиметаллтай орд, илрэл байна.
-Манай оронд эпитермаль ордын эдгээр гурван төрлөөс аль нь түлхүү байдаг вэ?
-Дэлхийн хэмжээнд олборлож буй эпитермаль ордуудын дийлэнх нь бага сульфидтэй байдаг бөгөөд их сульфидтэй нь бага. Өмнөд Монголын хэмжээнд ийм төрлийн хувирлын бүсүүд их байдаг. Манайхан их сульфидтай эпитермаль ордын алтны хайгуул олон жилийн хугацаанд хийсэн ч олж тогтоож чадаагүй. Дунд сульфидтэй эпитермаль ордууд Монголд харьцангуй түгээмэл байх хандлагатай. Энэ төрлийн хүдэржилтийг өмнө нь цайр, хар тугалганы гэж тусад нь авч үзэж судалдаг байсан тул, одоо бас зарим нь тодорхойгүй хэвээр байгаа.
Ер нь орд нийлмэл бүтэцтэй хэцүү зүйл. Тухайлбал, таван сая унц буюу 150 тн-ын нөөцтэй алтны үндсэн орд үүсэхэд ойролцоогоор 5км3 талбайг эзлэх хэмжээний гидротермаль уусмал тэр ордыг агуулагч багахан хэмжээтэй газраар (жишээ нь 500м х 500м талбайг) дамжин өнгөрөх ёстой байдаг. Тухайн уусмалд алтны агуулга 3 мл байдаг. Тиймээс 3-хан мл уусмал тэр их алтны нөөцтэй ордыг үүсгэхэд хэцүү байгаа биз. Харин илрэл олон байдаг ч Балейн дайны агуу том орд ховор тохиолддог. Дорнод Монголын зүүн хойд хэсгийг дамнан хэдэн зуун км үргэлжилж буй Монгол-Агнуурын бүс нь эпитермаль алтны ордын маш том систем хэдий ч Балейгаас өөр их том орд олдоогүй л байгаа. Манайд алтны шинж тэмдэг, мөнгөн усны бага зэргийн илрэлүүд байгаа. Судалгаа хийсэн ч одоогоор орд олдоогүй байна шүү дээ. Балей бол бага сульфидтэй эпитермаль ордын сонгодог жишээ. Тус орд 140тн-ы нөөцтэй, Балейн урд байрлах уг ордын үргэлжлэл болсон Тасеевын нөөц 246тн алт.
Тиймээс эпитермаль ордын, ялангуяа бага сульфидтэй эпитермаль ордын онцлог нь асар өндөр агуулгатай, маш их нөөц бүхий ордуудыг үүсгэж болдогт оршино. Тухайлбал, Балей ордын 316 судал нь 318кг/тн-ы (маш ховор тохиолддог өндөр агуулга юм) агуулгатай. Харин Тасеевын нэг судлын алтны агуулга 315г/тн. Харин Японы Хишикари ордын алтны агуулга 70г/тн, мөнгөний 49г/тн тус тус байдаг.
-Тэгэхээр манайд одоогоор бага сульфидтай эпитермаль орд тогтоогдоогүй гэсэн үг үү?
-Манайд мөнгөн усны илрэл, сурьма, бага зэргийн алттай илрэл, эрдэсжсэн цэгүүд бол бий. Зөвхөн эпитермаль гэлтгүй ороген алтны илрэл Ононгийн хойд хөвөө Төөрдөгийн шил зэрэг нь эпитермаль биш ч ороген гарал үүсэлтэй ордууд байдаг. 100тн-оос дээш нөөцтэй, өндөр агуулга бүхий эпитермаль алтны орд манайд одоогоор олдоогүй байгаа. Харин Сентерра Гоулд компанийн нээсэн Алтанбаянцагаан дэлбэрэлтийн хоолой нь эпитермаль төрөлд хамаарагдана.
-Монгол орны геологийн тогтоц нөлөөллийг харахад Балей шиг их нөөцтэй эпитермаль орд олдох боломж бий юу?
-Нэгэнт манайд бага сульфидтэй эпитермаль бүс байгаа тул том орд олдох боломж нээлттэй хэвээр. Тиймээс энэ талаас нь түлхүү судалж байгаа ч асар их хөрөнгө, мэдлэг, туршлага шаардлагатай л даа. Эрж, хайж, судалвал олдоно уу гэхээс харамлаад байх юм бол олдохгүй шүү дээ.
-Улс хөрөнгийг нь шийдвэрлээд өгөхөд тус судалгааг хийх мэргэжилтнүүд манайд бий юу?
-Японы Хишикари ордын хувьд гадаргуу дээрээ бага хэмжээтэй илрэл байсан. Япончууд энэ дүүрэгт орд олох үүднээс биш, харин бүх талаас нь геологи, геохими, геофизик түүндээ хүндийн хүчний судалгааг цогцоор нь хийж, өрөмдсөнөөр уг ордыг илрүүлсэн түүхтэй. Энэ нь газрын гадаргууд ил гараагүй хэдэн зуун метрийн доор, далд байгаа ордыг нээсэн гайхамшигтай гэхдээ тун ховор жишээ билээ. Тиймээс их хөрөнгө зарж, системтэй судалгаа хийх шаардлагатай. Манайд ажиллах мэргэжилтнүүд хангалттай бий.
-Ер нь дан ганц Дорнод Монгол ч гэхгүй Монголын бусад хэсгүүдэд энэ төрлийн орд, илрэлүүд тогтоогдох боломжтой юу?
-Дорнод Монголоос гадна бусад хэсгүүдэд бага сульфидтэй эпитермаль төрлийн эрдэсжилт өргөн тогтоогдсон. Тухайлбал, Эдрэнгийн бүсэд анх илрүүлсэн манай Алтан нар төсөл байна. Мөн цаашлаад брекч судалтай холбоотой жижиг ордууд бий. Зүүн Монгол тэр чигтээ эпитермаль ордын хэтийн төлөвтэй нутаг. Учир нь эпитермаль орд нь арлан нум, эх газрын захад үүсдэг боловч мөн эх газрын рифтийн бүс, халуун булгийн гарал үүсэлтэй байдаг. Дорнод Монголд энэ халуун булгийн гаралтай эпитермаль систем түрүү Мезозойн үед бүрэлдэн тогтсон газар нутаг юм.
Өмнөд Монголын хэмжээнд ийм бүс өргөн. Ялангуяа Сулинхээрийн бүсэд эпитермаль төрлийн илэрц их олон бий. Бидний ажиллаж байсан Үнэгтийн Хүрэн толгод, Номгон уул, Барчин уул зэрэг илрэлүүд нь сонгодог бага сульфидтэй эх газрын халуун булгийн эпитермаль тогтолцоо билээ. Харамсалтай нь судалгааны ажлаа дуусгаж чадаагүй. Орд гэдэг нь маш их хэмжээний хуримтлалыг хэлж байгаа юм. Харин систем бол өргөн тархалттай байдаг. Тиймээс Монгол орон эпитермаль ордын өндөр хэтийн төлөвтэй.
-Монголд тогтоогдсон эпитермаль төрлийн орд, илрэлүүд өөр бусад улс орнуудад тогтоогдсон ордуудын нас, геологийн тогтоцын ялгаа хэр их байдаг вэ?
-Эпитермаль ордууд хүний нүдэн дээр, геологийн насжилтаар хамгийн сүүлд үүссэн онцлогтой. Өөрөөр хэлбэл гуравдагч-орчин үеийн настай. Хамгийн хожуу үүссэн учраас шижиржилт нь ч бага.
Балейн орд 130 сая жилийн настай буюу түрүү цэрдийн үеийнх. Монголын эпитермаль ордууд халуун булаг, рифттэй холбоотой, гарал үүсэл болон насны хувьд Балейн настай адил. Халуун булаг орчимд ургамал арвин ургадаг байсан учраас тэдгээр ургамлын үлдэгдэл агуулагч чулуулгуудад их байдаг онцлогтой. Мөн халуун булгаас дан цахиурын уусмал бялхан гарч, өвөрмөц чулуулгийн хучаас үүсгэдгийг барууны хэвлэлд “синтер” гэж нэрлэдэг. “Синтер” нь хучаас байдлаар тогтдог үелэг тогтоцтой цахиур юм. Энэ нь Үнэгтийн хүрэн толгод-Номгон уулын дүүрэгт бас л түрүү цэрдийн байдаг учир одоо үеллэг тогтоцтой мана, гартаам болон чулуужсан болохыг бид анх тогтоосон. Бас энд “гейзерит” гэдэг халуун булгийн боргилтоор үүссэн дугуй хэлбэртэй чулуулгийн хэлбэршлийг бас анх тогтоосон. Түүнийгээ бид Шовон уулын синтер, гейзерит гэж нэрлэсэн.
Төв Монголын хэмжээнд синтер байдгийг А.Готовсүрэн гуай тогтоосон. Сүүлийн үеийн судалгаагаар олон сохирхолтой сайхан зүйл нээгдэж байгаа. “Синтер” нь бага сульфидтэй эпитермаль системийн хамгийн дээд, гадаргуун түвшинд үүсдэг, хайгуулын хувьд их чухал ач холбогтой тогтоц юм. Орчин үед үүсэж байгаа тогтоцыг 130 гаруй сая жилийн тэртээд үүссэнтэй нь харьцуулахад нэн сонирхолтой байж билээ. Эпитермаль ордын шинжээч Австралийн геологич Грег Корбет Үнэгтийн хүрэн толгодын Шовон уулын синтерийг үзчихээд дээр нь гарч кофе уун суухдаа их л сэтгэл нь хөөрөн хуучилж билээ.
-Манай оронд эпитермаль төрлийн ордын сэдэвчилсэн судалгаа хийгдэж байсан уу. Манай улсын газар нутгийн геологийн хөгжил, өнөөгийн геологийн тогтоцыг харахад хэтийн төлөв ямар байдаг вэ?
-Ш.Батжаргал багш Зүүн Монголын хэмжээнд сэдэвчилсэн судалгаа явуулсан, ялангуяа олон тооны мөнгөн усны илрэлүүдийг нарийвчлан судалсан байдаг. Мөн Баруун Монголын нутагт сэдэвчилсэн судалгааг Дарханы экспедиц хийсэн. Өмнөд Монголын хүрээнд өргөн тархалттай шаврын хувирлын бүсүүдийг Э.Батмөнх нар судлаад их сульфидтэй эпитермаль орд олоогүй гэж ярьж байсан.
Ашигт малтмалын зурагнуудыг харж байхад мезозойн идэвхжилттэй нь холбож судалсан зүйл ховор байдаг. Саяхан болж өнгөрсөн “Монголын геологи-хайгуул” чуулган дээр Тектоникийн мужлал болон ашигт малтмалын зүй тогтлын зураг хоёр хоорондоо уялдаа холбоо тааруу байна гэж хэд хэдэн илтгэгч нар ярьж байсан.
Тектоник нь тухайн газар чулуу хэрхэн үүсч хөгжин тогтсоныг судалдаг. Гэхдээ үүнийг хил зааг, дотоод бүтэц, чулуулгийн найрлага, гарал үүслийг ерөнхий хөгжлийнх нь талаас нь харан тайлдаг. Тухайлбал, Арлан нумын нөхцөлд үүссэн бол түүнийг дагасан металлогений онцлог, ордын хуримтлагдах зүй тогтлыг нь судалж хооронд нь холбохгүй байна гэж шүүмжилж байсан. Оюутолгой зэс-порфирийн ордыг агуулж буй Гурван сайханы арлан нумын террейний үргэлжлэл хаана байгааг өнөөг хүртэл нарийвчлан судлаагүй байгаа. Эртний чулуулаг нь хэв гажилд эрчимтэй орсон байдаг учир хүндрэлтэй. Энэ талын структур, металлоген хоорондоо холбоотой байдаг. Миний түрүүн ярьсанчлан цогц загвар байдлаар судлахгүй нэг талыг нь барьж өрөөсгөл хандсаны улмаас дутуу дулимаг зүйл бий болж байна.
“Жижгээс жижиг, томоос том хоёр адил” гэсэн байгалийн хууль бий. Тухайлбал, атомын болоод нарны аймаг хоёрын тогтоц адил байдаг шиг том хэмжээний тектоник хөдөлгөөн алгын чинээ дээжинд ч бас хуулбараа олсон байдаг. Тиймээс тэр аргыг өргөн ашиглах ёстой гэж боддог. Уг нь геологичид үүнийг мэддэг ч судалгаандаа ашиглаж байгаа нь хэр бол. Геологичид эпитермаль зэрэг тодорхой нэгэн ордын тогтоцыг судлахдаа газар дэлхийн үүсэл хөгжлийг судалж байж мэдээллээ цуглуулдаг. Байгалийн суурь жам ёсыг харгалзан үзэж судалгааныхаа ажилд хэрэгжүүлж байх хэрэгтэй.
-Эпитермаль орд илрүүлэхийн тулд ямар судалгааг түлхүү хийх ёстой байдаг вэ. Эрлийн ажлыг ямар аргачлалаар эхлүүлэх ёстой вэ?
-Эпитермаль ордын хувьд их болон бага сульфидтэй төрлүүдээсээ хамааран аргачлал нь өөр байна. Их сульфидтэй төрөлд литологийн хяналт өндөр, хувирал нь алунит, каолинит, пропиллит, диаспор зэрэг шаврын эрдсүүд байхад хүдрийн эрдэс нь нүх сүвэрхэг хоёрдогч кварцитад агуулагдсан энаргитаас голдуу тогтоно. Харин бага сульфидтай эпитермаль ордын хувирал нь ерөнхийдөө смектит, иллит байдаг. Хүдрийн эрдэс нь үеллэг-үүлэн хээт текстурт бага хэмийн кварцын судалд пираргирит, миаргирит, электрум, аранжин алтны зурвас үүсгэн илэрнэ. Гэхдээ аранжин алт нь ховор боловч аварга том ордуудын хувьд тухайлбал, ОХУ-ын Балей-Тасеево ордын дээжинд ногоовтор туяатай байдаг (шижиршилт бага). Тиймээс Балейн алтыг ногоон алт гэдэг байсан.
Бага ба их сульфидтэй эпитермаль ордын чулуулгийн текстур нь өдөр шөнө шиг ялгаатай. Бага температурын нөхцөлд эрдэс чулуулаг өөрийнхөө бүрэн шинж чанарыг бүрэлдүүлж чаддаггүй учир аморф, нарийн ширхэгт агрегат үүсгэнэ. Тухайлбал, мана, сахар маягийн кварц гэх мэт. Алтны өндөр агуулгатай бага сульфидтэй эпитермаль ордууд үелж хээлсэн, судлууд нь голдуу хоосон орон зайтай, түүнд нь гүзээ маягийн хэлбэршилтэй гадаргуу үүссэн байдаг. Ийм бага хэмийн кварцын үелсэн үүлэн хээт хэлбэршилт судал оллоо гээд Балей шиг орд байна гэсэн үг биш. Харин эпитермаль систем байна гэсэн үг. Геологичид энэ бүхнийг хайгуулын ажил хийхдээ ашигладаг.
Ер нь судалгаа хийхдээ бүх сонгодог аргуудыг ашигладаг. Гэхдээ дээжлэлтэн дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Тухайлбал, мана, адуляр, карбонатын үүлэн хээт үелсэн (“кристиформ-коллоформ” буюу англиар CC гэж товчилдог) судлын хар нарийн зурвас (алт-мөнгөний эрдэс голдуу ийм өнгөтэй байна)-ыг оруулаад дээжилсэн бол алтны өндөр агуулга өгөх магадлалтай. Харин цагаан дан кварцаас дээж авбал алтны агуулга огт өгөхгүй байх магадлал өндөр байдаг. Гадаргуу дээр хүдрийн нарийн зурвас эрдсүүд нь нар салхинд өгөршөөд алга болсон бол энэ шүүслэг судал уу, үгүй юу гэдгийг тогтооход ч хүндрэлтэй болдог.
Балей алтны үндсэн орд нээгдээгүй байхад, эхлээд шороон орд олборлож байсан. Энд алтны их өндөр агуулгатай кварцын хэмхдэсүүд мэр сэр тааралддаг байсан боловч тэр болгон анхаараагүй байдаг. Дараа нь шороон ордоо бараг олборлож дуусах үедээ, түүний улнаас маш өндөр алтны агуулгатай судал олж тогтоосон. Судлаа мөшгөж судлаад, гадаргууд 500м х 500м хэмжээтэй алтны бага агуулгатай штокверк бүс олж тогтоосон байдаг. Судалгаа нарийвчлагдахын хэрээр нөгөө бага агуулгатай бүс нь маш өндөр агуулгатай болох нь тогтоогдсоноор Балейн хүдрийн 1-р биет нээгдсэн байдаг.
Харин Тасеево ордын нээлт арай өөр. Энэ орд нь Балейн нэг ордоос урагш 500-1500км түүнтэй адил хагарлаар хянагдан оршдог. Балей ордын орчимд Оросын геологичид геологийн нарийвчилсан зураглал, геохимийн анхдагч болон хоёрдогч сарнилын хүрээний сорьцлолт, геофизик: соронзон, цахилгаан хайгуул, хүндийн хүчний судалгаа гээд цогцолбор ажил гүйцэтгэсэн байдаг. Ингээд Балейгаас урагш өдөөгдмөл туйлшралын эрчимтэй гажил тогтоож түүнийгээ 1941 онд нэг цооногоор шалгахад алтны өндөр агуулгатай судал огтолсон байдаг. Дараа нь дайны дараа уг ордыг судалж, ашиглажээ. Гэхдээ өдөөгдмөл туйлшралын гажил нь алтны өндөр агуулгатай судалтай холбоогүй. Харин түүнийг хучсан хэдэн процентын пиритийн сарнимал эрдэсжилттэй “цахиурлаг туф”-ын зузаалагтай холбоотой байсан нь дараа дараагийн өрөмдлөгөөр баталгаажсан байдаг. Харин энэ “цахиурлаг туф”-ын зузаалаг нь барууныхны “синтер” гэж нэрлэгддэг чулуулаг байсныг бас онцолмоор байна.
-Алдартай томоохон эпитермаль системийн ордууд дэлхийн аль хэсэгт өргөн тархсан байдаг вэ. Энэ төрлийн алтны ордуудыг хэдэн тн-оос дээшхийг нь том, дунд, жижиг ордод хамааруулдаг вэ?
-Энэ төрлийн алтны ордуудын хэмжээ нь харьцангуй ойлголт хэдий ч 100тн-оос дээш хэмжээтэйг нь том гэж үздэг. Харин 30тн бол дундаж, 10тн орчмыг нь бага гэж үзнэ. Гэхдээ нөөцөөс гадна агуулга их чухал. Энэ төрлийн орд арлан нум, эх газрын зах, халуун булагт үүсдэг.
-Хэрэв эпитермаль төрлийн орд нээж илрүүлбэл манай улсын геологийн шинжлэх ухаанд ямар ахиц гарах вэ?
-Улс орнууд алтныхаа нөөцөөр хэмжигдэж байна. Бидэнд валютын эх үүсвэр болсон алт дутагдаж байна. Манай улсын олборлож буй алтны хэмжээ хэдхэн тн-оор хэмжигддэг. Тиймээс Балей шиг том орд нээх юм бол эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой учир их нөөцтэй асар том орд олох нь стратегийн бодлого байх хэрэгтэй юм.
-Таны бодлоор Монгол Улс геологи хайгуулын салбартаа ямар бодлого барьж ажиллах ёстой гэж боддог вэ?
-Монгол Улсад геологийн салбарт баримталдаг бодлого байхгүй. Зах зээл эхлэхэд геологийн салбар хаягдсан. Эхний хууль гадны хөрөнгө оруулалт татах зорилгоо сайн биелүүлж геологийн салбар хөл дээрээ тогтож бусад салбар болох өрөмдлөг, геофизик, үйлчилгээгээ босгож ирсэн. Гэтэл салбарт баримтлах бодлогогүй, гаргасан хуулиа цаг тухайд нь өөрчлөөгүйн улмаас манай салбарт улстөрч, бизнесийнхэн орж ирж арилжаа наймаа болгож хувиргасан. Геологи, уул уурхайн салбар хөл дээрээ тогтож улс нийгмийн хөгжлийг авч явж Монгол Улс асар богино хугацаанд хөгжиж байсан юм шүү. Гэтэл ажил хийдэггүй хийрхсэн, мэргэжлийн бус зарим хүн, компанийн буруу үйл ажиллагааны улмаас геологийг газар ухаж, байгаль сүйтгэдэг гэсэн ойлголт нийгэмд бий болгосон. Ер нь салбарын бодлого нь тухайн салбарт ажиллаж буй хүмүүст саад болдоггүй байх хэрэгтэй. Түүний дээр хууль нь тодорхой, тогтвортой байх ёстой. Гэтэл өнөөгийн байдлаар хайгуулын лиценз олгохоо зогсоосон нь амьсгалыг нь боочихсонтой адил болсон.
Манай салбарынхан ажилгүй сууж байхад төр ажлын байр бий болгоно гэж ярих юм. Энэ нь хоорондоо зохицохгүй байгаа биз дээ. Мөн хариуцлагын тогтолцоог өндөрсгөж хэн дуртай нь геологийн салбарт ажилладаг байдлыг таслан зогсоох шаардлагатай юм. Ер нь өнөөгийн нийгэм “Олс могойн” үлгэр шиг байна шүү дээ.
-Та гадаадын хөрөнгө оруулалттай олон компанид ажиллаж байсан хүн. Тэдгээр хүмүүс Монголын нийгмийн байдал, геологийн судалгааны түвшин, салбарын бодлогыг хэрхэн дүгнэдэг байсан бэ?
-Эрх баригч намын бодлогоор хууль өөрчлөгддөг, өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж байсан ажлыг үгүйсгэдэг, намууд хоорондоо талцаж ашиг сонирхлын зөрчилтэй байх юм бол бусдын өгөөш л болно шүү дээ. Гадныхан Монголд судалгааны ажил “цагаан” хэвээрээ байна гэж ярьдаг. Оюутолгойг олсон нь үнэхээр гайхамшигтай том нээлт. Өмнө нь гадаргуу дээр ил гарсан байсан гэж ярьдаг нь худал, бага хэмжээний кварцын судал нь систем байна гэдгийг л илтгэн харуулж байсан. Ийм систем түгээмэл байдаг.
Ер нь тухайн салбарт баримтлах бодлого алс хэтийг харж, ойрын төлөвлөгөөгөө тусгасан судалгаанаас түрүүлж явдаг байх ёстой шүү дээ. Геологичдийн ажилд саад болдоггүй, байгаль экологийн асуудлыг давхар хэрэгжүүлдэг байдлыг хуулийн зохицуулалт гэж би хувьдаа ойлгодог.
-Жил ирэх тусам орон нутгийн иргэд, хөдөлгөөнийхөн геологичдийн дундах тэмцэл хурцдах төлөвтэй байна. Энэ асуудлыг төр засаг орон нутгийн иргэд, байгууллагууд өөрсдөө шийддэг болно гэсэн агуулгатай зүйлийг ярьдаг болсон. Энэ байдлаараа үргэлжилбэл удахгүй геологичид ажлаа хийж чадахгүй байдалд хүрээхээр болсон. Энэ талаар таны бодол?
-Нийгмийн ухамсраас шалтгаалж Засгийн газар бодлого явуулдаг. Хэрэв ажил хийдэггүй, хэрүүл тэмцэл хийдэг, хэн нэгний эрх ашигт үйлчилж гудамжинд жагсаал хийдэг бүлэг хүмүүсийн үгээр явбал нийгмийн ухамсар улам л доошилно. Гэтэл ажлаа хийж, гэр бүл, хамаатан саднаа тэжээж яваа хүмүүст тэгэх зав байдаггүй. Ажлаа хийж, баялаг бүтээж, татвараа төлж, гэр бүлээ болон улсыг тэжээж буй хүмүүст дэмжлэг бус дарамт л ирж байна. Тиймээс төр барьж буй хүмүүс нийгмийн ухамсрыг өөрчилж, ажил хийж буй хүмүүсээ дэмжих, тэднийхээ үгийг сонсох тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай байна.
Орон нутагт аливаа зүйлийг зөвөөр ойлгож, дүгнэдэг хүмүүс байгаа. Бусдыг өдөөн хатгадаг хэсэг хүнээр ард түмнийг төлөөлүүлж болохгүй л дээ. Компаниуд тухайн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа. Манай компанийн хувьд орон нутагтай ажилладаг Монгол болон гадаад орон тооны ажилтантай. Үйл ажиллагаа явуулж буй компани байгаль орчин болоод нутгийн хөгжилд анхаарах нь зүйн хэрэг. Мөн орон нутаг ч гэсэн хариуцлага хүлээх ёстой. Улсаас өгсөн зөвшөөрлийн дагуу ажиллаж буй компанитай орон нутгийн удирдлагууд хамтарч ажиллах хэрэгтэй юм. Түүнчлэн орон нутагт олон компани геологи, уул уурхайн ажил эрхэлж тодорхой хэмжээний мөнгөн тусламж үзүүлж байгаа. Гэтэл компаниудаас хандив, тусламж нэрээр авсан мөнгөө орон нутгийнхан ойн баярын бай шагналд зарцуулаад бодит хөгжлийн үр дүн харагдахгүй юм. Өнөөх л халуун усгүй, тог цахилгаангүй хэвээрээ байх юм. Тиймээс орон нутаг хөгжлийн төлөвлөгөө гаргаж, үе шаттай төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Аймагт хэдэн байшин баригдсаныг хөгжил гэхгүй, харин иргэдийнх нь амьдралдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байгаагаар л дүгнэнэ гэж би хувьдаа боддог.
-Цаг зав гаргаж ярилцсан таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
А_Э
GTR78
GTR78
Зочин
Мгл